АНУ-ын насанд хүрсэн хүмүүсийн дөрөвний гурав нь COVID-19 эсрэг вакцины нэг тундаа хамрагдсан учир нэмэлт тунг тарьж эхлэх нөхцөл нь бүрдсэн хэмээн үзэж байна. Тухайлбал, АНУ-ын иргэдийн 55 хувь нь вакцины бүрэн тундаа, 75 хувь нь нэг тунд хамрагджээ.Тиймээс тус улсын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвөөс /CDC/ гурав дахь тун вакцинд Pfizer-ээр иргэдээ дархлаажуулахыг баасан гарагт хүлээн зөвшөөрлөө. Тус улс 6000 цэгт вакцины нэмэлт тунд иргэдээ хамруулж эхэллээ.
Вакцины хоёр дахь тунгаа хийлгээд зургаан сар болсон өндөр эрсдэлтэй гурван бүлгийн иргэдийг дархлаа дэмжих гурав дахь тундаа хамрагдахыг уриалжээ. Эрсдэлт бүлгийн нэгдүгээрт, 65 болон түүнээс дээш насны ахмадууд, хоёрдугаарт, таргалалт, чихрийн шижин, бөөрний дутагдал болон бусад эрүүл мэндийн хүнд асуудалтай хүмүүс, гуравдугаарт, цар тахлын голомтод ажиллаж байгаа эмнэлгийн ажилтан болон халдвар авах эрсдэл өндөртэй багш, худалдагчид болон хоригдлууд багтжээ.Тус улс вакцины нэмэлт тунд зөвхөн Pfizer вакциныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Moderna болон Johnson & Johnson вакцинд зөвшөөрөл олгосонгүй. АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас мэдээлснээр тус хоёр вакциныг гуравдугаар тунд ашиглаж болох эсэх талаар судалгаа хийж байгаа аж.
Гэвч вакциндаа хамрагдаагүй 70 сая насанд хүрсэн хүн байгаа нь халдварын тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхаарууллаа. Эдгээр вакцинд хамрагдаагүй хүмүүс халдвар авах, тараах өндөр эрсдэлтэй юм. Учир нь вакцины явц удаан байгаа мужуудад халдвараар нас барах магадлал дөрөв дахин их байна.АНУ-д наймдугаар сарын нэгнээс энэ сарын 17-ны хооронд 1800 сургуульд халдвар илэрсний улмаас хаалгаа барьжээ. Ингэснээр 60 мянган багш, нэг сая орчим сурагчийн хичээл цахимд шилжээд байна. Эдгээр нь вакцинжуулалт удааширалтай байгаа мужуудын сургууль аж. Тиймээс вакциндаа хамрагдсан ч сургуульдаа маскаа зүүж, зайгаа барихыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Эх сурвалж: www.polit.mn