З.БАТЦЭЦЭГ
Вашингтон, есдүгээр сарын 21. /ТАСС/. Вашингтонд суугаа ОХУ-ын Элчин сайдын яам Думын сонгуулийг “чөлөөтэй, ил тод бус” гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзжээ. Төрийн Думын сонгуулийн үеэр Америкийн нутаг дэвсгэрээс гарсан кибер халдлагын талаар АНУ-ын эрх баригчид дэлгэрэнгүй тайлбар өгөх байх гэж Оросын тал хүлээж байна. Энэ тухай даваа гарагт АНУ-д суугаа ОХУ-ын ЭСЯ-наас facebook хуудаснаа нийтэлжээ. “ОХУ-ын Төрийн Думын сонгууль “чөлөөт бус, ил тод бус” болсон гэж Төрийн департамент үндэслэлгүй буруутгаж байгаа нь бид анхаарлаа хандуулах үндэслэл боллоо. Ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл нь дотоодын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн хэм хэмжээг бүрэн дагаж мөрдсөн хэлбэрээр явагдсан гэдгийг бид онцлон тэмдэглэж байна. Ямар ч эсрэг буруу ойлголтыг хүлээн зөвшөөрөхгүй. Аливаа нэгэн дутагдал нь санал хураалтын ерөнхий явцад нөлөөлөөгүй бөгөөд сонгуулийн кампанит ажлын үр дүнд нөлөөлж чадахгүй” гэж уг бичиг баримтад дурджээ.
“Үүний зэрэгцээ энэ удаагийн сонгуулийн үеэр Сонгуулийн төв хороо өмнө нь байгаагүй олон тооны кибер халдлагад өртсөн. Үүний 50 хувийг яг АНУ-ын нутаг дэвсгэрээс бүртгэсэн болно. Эдгээр хакерын зорилго бол манай сонгуулийн системийг гутаах явдал юм. Үүнтэй холбогдуулан Америкийн талаас дэлгэрэнгүй тайлбар авахыг хүсэж байна” гэж ЭСЯ-наас онцлов. АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс даваа гарагт хэлэхдээ “Төрийн Думын сонгууль “чөлөөт, шударга бус нөхцөлд явагдсан” гэжээ. Түүний хэлснээр Оросын эрх баригчид “хэт даврагчид”, “гадаадын агентууд”, “хүсээгүй байгууллагуудын тухай” хуулийг ашиглах нь улс төрийн олон ургальч үзлийг ихээхэн хязгаарлаж, Оросын ард түмний иргэний болон улс төрийн эрхээ хэрэгжүүлэхэд саад тотгор учруулсан” гэжээ. Холбооны Зөвлөлийн дэд дарга Константин Косачев өмнө нь Төрийн Думын сонгуулийг ажигласан олон улсын ажиглагчидтай хийсэн уулзалтын үеэр хэлэхдээ Орос улс сонгуулийн кампанит ажил, барууны хэд хэдэн орнуудын дайралт, олон тооны халдлагад мэргэжлийн техникийн дүн шинжилгээ хийхэд бэлэн байна. ОХУ-ын сонгуулийн тогтолцооны эсрэг бодит нэхэмжлэл гаргах үндэслэл байхгүй” гэжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.22 ЛХАГВА № 186 (6663)