З.БАТЦЭЦЭГ
АНУ-д коронавирусын улмаас нас барсан хүний тоо 1918 онд дэгдсэн Испанийн томуугийн хохирогчдын тооноос давсан гэж Bloomberg мэдээлэв. Энэ нь 675446 америк COVID-19-ийн хохирогч болсон гэсэн үг юм. Хоёр жилийн турш үргэлжилсэн Испанийн томуугийн тахлаар ойролцоогоор 675 мянган хүн амиа алдсан гэж үздэг. Тэр үед томуугийн үүсгэгч нь H1N1 вирус байсан бөгөөд хагас тэрбум хүнд халдварлаж, дэлхийн хүн амын 3-5 хувийг (50-100 сая хүн) хөнөөжээ. Сүүлийн үед АНУ-д өдөрт дунджаар 1900 хүн коронавирусын улмаас нас барж байна. Энэ нь 2021 оны гуравдугаар сарын эхнээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм. Нийтдээ дэлхий даяар 4.6 сая гаруй хүн COVID-19-ийн золиос болжээ. Өмнө нь АНУ-ын эрдэмтэд бусад хувилбартай харьцуулахад халдвар, нас баралтын түвшин нэмэгдсэн “иота” коронавирусын омгийн талаар мэдээлж байсан. Уг вирус нь зарим бүлгийн хүмүүст нас баралтын түвшин нь 82 хувиас өндөр байгаа юм байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.22 ЛХАГВА № 186 (6663)