Б.ДОЛЖИНЖАВ
Манай хойд хөрш ОХУ-д лхагва гарагт 18842 тохиолдол бүртгэгдэж, 792 хүн нас барав. Ингэснээр тус улсад 7.1 сая хүн халдвар авч, 195 мянган хүн цар тахлаар амиа алдлаа. Тус улсад есдүгээр сард халдварын тархалт нэмэгдэж болзошгүйг эрүүл мэндийн ажилтнууд анхааруулаад байгаа юм. Тиймээс ОХУ-ын халдварын нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг тоймлон хүргэж байна.
Тархалт хоёр дахин нэмэгдэв
ОХУ-д энэ сарын 9-нөөс хойш өдөр болгон 18 мянга гаруй хүнээс халдвар илэрч, 800 орчим хүн нас барж байна. Тус улсад халдвар наймдугаар сарын 28-наас эхлэн эрчимтэй өссөн юм. Тухайлбал, улсын хэмжээнд наймдугаар сарын 28-ны бямба гарагт 13510 хүнээс халдвар илэрсэн нь өмнөх долоо хоногоос 50 хувиар өссөн төдийгүй хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр тоо юм. Тиймээс Оросын эрх баригчид COVID-19 халдварын шинэ давлагааны тархалтыг бууруулахын тулд ажилчдаа амраах тушаалыг бямба гарагт гаргаж, иргэдээ вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалсан юм. Учир нь бямба гарагт Москва хотод 6701 тохиолдол бүртгэгдсэн нь тав хоногийн өмнөөс хоёр дахин нэмэгдсэн, арванхоёдугаар сараас хойших нэг өдөр хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн өдөр байсан юм. Энэ талаар Москва хотын захирагч Сергей Собянин “Нөхцөл байдал өнгөрсөн долоо хоногоос эрс муудлаа. Өвчтөнүүдийг хүлээж авах эмнэлгийн ор хүрэлцэхгүйд хүрсэн, хэд хэдэн эмнэлгийн орыг халдвартай өвчтөнүүдэд зориулж бэлтгэж байгаа. Тархалтын хурдыг яг одоо нэн даруй сааруулахгүй бол вирус асар хурдацтайгаар халдварлах эрсдэлтэй гэж вирус судлаачид мэдэгдсэн. Гэвч бид цар тахлын үед эдийн засгийн тогтвортой бодлого барихыг хичээж байна” гэв. Мөн бар, зоогийн газруудыг 23:00 цагаас хойш үйлчлэхээ зогсоохыг шаардаж, хоолны газар, спортын заал болон бусад олон нийт цуглардаг газрын үйл ажиллагааг хаасан юм. Үүнээс гадна байгууллагуудыг ажилчдаа гэрээсээ цалинтай ажилуулахыг зөвлөөд байна. Москва хотод лхагва гарагт 1838 тохиолдол бүртгэгдэж, 49 хүн нас барлаа. Ингэснээр тус хотод 1.5 сая гаруй хүн халдвар авч, 28 мянга гаруй хүн нас бараад байгаа юм.Мөн тус улсын нийт халдварын 90 орчим хувь нь эдгэрээд байна. Халдварын тархалтаас үл хамааран Испани, Ирак, Кени, Словак улсуудтай энэ сарын 21-нээс нислэгээ сэргээнэ гэдгээ Засгийн газар нь даваа гарагт зарлав.
...ДЭМБ-аас Спутник-V вакцинд өгөх зөвшөөрлийг хэлэлцэхээ зогсоосноо өчигдөр зарлав. Үүний дараа вакцины үйлдвэрлэгчид дээрх асуудлыг шийдвэрлэсэн вакцины үр нөлөө, аюулгүй байдалд эргэлзэхгүй байгаагаа мэдэгджээ.
ДЭМБ Спутник-V вакцинд зөвшөөрөл олгохоос татгалзлаа
ДЭМБ-аас Спутник-V вакцинд өгөх зөвшөөрлийг хэлэлцэхээ зогсоосноо өчигдөр зарлав. ДЭМБ-ын харьяа Пан Америкийн эрүүл мэндийн байгууллагын захирлын туслах Жарбас Барбоса “ДЭМБ-аас тавдугаар сард Орост судалгаа хийх үед вакцины үйлдвэрээс хэд хэдэн зөрчил илэрсэн тул яаралтай ашиглах зөвшөөрөл өгөх үйл явцыг зогсоосон. Үйлдвэрлэгчид бидний зөвлөгөөг хэрэгжүүлж үйл ажиллагаагаа өөрчилж, дараагийн шалгалтад бэлэн байх ёстой” гэж ярьсан тухай “The Moscow Times” мэдээлэв. Үүний дараа вакцины үйлдвэрлэгчид дээрх асуудлыг шийдвэрлэсэн вакцины үр нөлөө, аюулгүй байдалд эргэлзэхгүй байгаагаа мэдэгджээ. Харин бие даасан эрдэмтэд үйлдвэрийн зөрчил нь вакцины чанарыг алдагдуулж болзошгүй гэж “The Moscow Times”-т ярьжээ. ОХУ-аас вакцинд нь зөвшөөрөл олгох хүсэлтийг ДЭМБ болон Европын эмийн агентлаг руу хоёрдугаар сард илгээсэн билээ. Гэвч мэдээлэл дутуу гэсэн шалтгаанаар зөвшөөрөл олгоогүй байсан юм.
Үүнээс өмнө Спутник-V вакцин хурдацтайгаар тархаж байгаа дельта хувилбараас хамгаалдаг нь 14 мянган хүнийг хамруулсан судалгаагаар тогтоогдоод байв. Вакцинтай хүмүүс халдвар авч байгаа нь вакцинууд дельта хувилбараас хамгаалж чадахгүй байгаа, эсвэл дархлаа богино хугацаанд тогтсон гэсэн эргэлзээг дэлхий нийтэд төрүүлээд байгаа юм. Спутник-V вакцины тухайд AstraZeneca болон Johnson & Johnson вакцинуудтай ижил технологиор бүтээгдсэн юм. Тус вакциныг дэлхийн 69 орон хүлээн зөвшөөрч, сард 10-12 сая тунг тарьж байна.
Путин: Вакцин хэрхэн үйлчлэхийг хамтдаа харцгаая
ОХУ-ын Ерөнхийлөгч Путин ойрын хавьтал болсон учир өөрийгөө тусгаарлаж байгаагаа мягмар гарагт зарлав. Энэ тухайгаа “Спутник-V вакцины хоёр тунг хийлгэсэн учир өөрийгөө халдвар аваагүй гэж бодож байна. Энэ бол байгалийн туршилт. Вакцин хэрхэн үйлчлэхийг хамтдаа харцгаая. Надад их хэмжээний эсрэг биет тогтсон байгаа. Энэ нь бодит байдал дээр намайг хамгаалж чадах эсэхийг харья. Бүх зүйл сайхан болно гэдэгт би итгэлтэй байна” гэж ярьсан юм. Өдгөө 68 настай Путин ойрын хавьтал болсон учир Афганистаны аюулгүй байдалтай холбоотой асуудлаар Тажикистан руу хийх аяллаа цуцлаад байна. Тусгаарлалтад орохоосоо өмнө тэрбээр даваа гарагт Сирийн Ерөнхийлөгч Башар ал-Ассад болон паралимпийн тамирчидтай уулзаж, Беларусьтай хамтарсан цэргийн сургуулилтыг ажиглахаар Оросын баруун хэсэгт очжээ.Путиныг халдварт өртүүлэхгүйн тулд Кремльд хатуу дэглэм үйлчилж байгаа. Тухайлбал, Кремль рүү орох зочид ариутгасан тусгай хонгилоор орж, тусгаарлагдаж, шинжилгээ өгөх ёстой бөгөөд сэтгүүлчид PCR шинжилгээ өгөх шаардлагатай юм.
Аргентин улсад явуулсан судалгаагаар Спутник V вакцины нэгдүгээр тун халдвараас 79 хувь , нас баралтаас 85 хувь, эмнэлэгт хэвтэх эрсдэлээс 88 хувь хамгаалж байна гэж “The Lancet” анагаах ухааны сэтгүүл мэдээлэв. Тус вакцинаар хүн амынхаа 70-аас дээш хувийг дархлаажуулсан Сан Марино улсад хийсэн судалгаагаар Спутник V халдвараас 95 хувь, эмнэлэгт хэвтэхээс 96 хувь хамгаалдаг гэж Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан энэ сарын 2-нд мэдээлж байв. Тус вакцинд хамрагдсан хүнд зургаан сарын дархлаа тогтдогийг Аргентинд хийсэн судалгаагаар тогтоожээ.
Бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоохгүй
Дэлхийн хамгийн анхны COVID-19 эсрэг вакциныг гарган авснаа өнгөрсөн оны наймдугаар сард зарлаж байсан тус улсын вакцинжуулалт удаан үргэлжилж байгаад тархвар судлаачид санаа зовниж байна. Одоогоор Оросын хүн амын 28 хувь буюу 40 сая орчим хүн бүрэн тун вакциндаа хамрагдаад байна. Тодруулбал, дөрвөн хүн тутмын нэг нь бүрэн тун вакциндаа хамрагджээ.
Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Путин “Бид яг одоо үйлдвэрлэсэн вакцинаараа орос хүн бүрийг вакцинжуулах боломжтой. Гэвч хүмүүс вакцинаас болгоомжлох нь энгийн зүйл юм” гэв. Санал асуулгаар тус улсын хүн амын гуравны хоёр нь вакцин хийлгэхгүй гэсэн дүн гарчээ. Энэ нь хоёр шалтгаантай хэмээн ажиглагчид үзжээ. Нэгдүгээрт, Оросын иргэд эрх баригчдадаа итгэдэггүй. Хоёрдугаарт, коронавирус тийм ч аюултай биш эсвэл коронавирусыг вакцин ч дийлэхгүй гэсэн бодолтой холбоотой гэж төрийн телевиз нь мэдээлэв. Тус улс өнгөрсөн зунаас хойш бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоогүй. Гэвч одоо вирусын шинэ давлагаанд өртөөд байна. Энэ үед вакцинжуулалтын хурдаа нэмэхгүй бол цар тахал хэзээ ч алга болохгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Москва хотын захирагч Сергей Собянин “Хүн амаа бүхэлд нь вакцинжуулах хүртэл бид халдвар авсаар өвдсөөр байх болно” гэжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.17 БААСАН № 183 (6660)