
МАН-аас “Ерөнхийлөгч 2021” сонгуульд нэр дэвшиж VI.9-ний өдрийн санал хураалтаар үнэмлэхүй ялалт байгуулсан У.Хүрэлсүх Аргын тооллын Зургаадугаар сарын 25-ны 11.40 цаг буюу Билгийн тооллын Зуны дунд хөх Морь сарын 16-ны Морь цагт Ерөнхийлөгчийн тангараг өргөнө.
Тангарагийг цээжээр унших тухай УИХ-аас зургаадугаар сарын 17-нд баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасан бол харин үгийг нь Үндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт суулгасан байдаг. Үүнд: “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Улсын Их Хуралд Тангараг өргөнө гэж буй.
Үндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ёсоор Тангараг өргөснөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь эхлэх У.Хүрэлсүх, нийгмийн цахим сүлжээний мэдээллээс харахад баасан гаргийн өглөө МАН-ын Бага хурлын үеэр МАН-ын даргын албаа бусдад шилжүүлэн өгөх ажээ.
Намын дарга орон гарвал хэрхэх талаар МАН-ын дүрэмд ингэж заажээ. Үүнд:
• 16.1. Монгол Ардын Намд удирдах дээд байгууллага нь Намын Их Хурал, төлөөллийн төв байгууллага нь Монгол Ардын Намын Бага хурал байна.
• 20.3.7. намын Их хурлын чөлөөт цагт Намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар Шинэ даргыг сонгох; гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn