Б.ДОЛЖИНЖАВ
“Зууны мэдээ” сонин дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй элэг нэгт монголчуудынхаа үзэл бодлыг хүргэх үүднээс “Миний Монгол” буланг санаачлан эхлүүлж, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-тай хамтран цуврал ярилцлагуудыг хүргэж байгаа билээ.Энэ удаа дэлхийн технологийн салбартаа тэргүүлэгч “Amdocs” компанийн Программ хангамжийн ахлах инженер Ч.Эрдэнэбаяртай ярилцлаа.
-Та одоо АНУ-д ажилладаг. Гэхдээ өмнө нь БНСУ, Германд сурч байсан гэж сонссон. Эдгээр улсуудад хэрхэн суралцах болсон юм бэ?
-Намайг Чинбатын Эрдэнэбаяр гэдэг. Эрдэнэт хотод төрж өссөн. Ахлах ангиа төгсөөд их сургуульд сурахаар анх удаа Улаанбаатар хот руу очиж байлаа. Хүрээ дээд сургуульд програм хангамжийн чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалсан. Дараа нь Герман улсад оюутан солилцооны хөтөлбөрөөр хагас жил орчим суралцаад, 2009 оны аравдугаар сараас Голомт банкны Мэдээлэл Технологийн Хэлтэст (тухайн үеийн нэршил) Программ хангамжийн инженерээр ажиллаж эхэлсэн. Ийн 2013 онд Солонгос улсын Yonsei их сургуульд магистрт суралцахаар БНСУ-г зорьж, сургуулиа төгсөөд “SMInfoTech” гэдэг компанид Программын инженерээр 2017 онд ажиллаж байсан. Одоогоор АНУ-ын “Amdocs” программ хангамжийн компанид Програм хангамжийн ахлах инженерээр ажиллаж байна.
Хоёр дахь магистартаа суралцахаар 2019 оны наймдугаар сард Америкт ирж байлаа. Манай сургууль IT-н чиглэлээр АНУ-д ажиллах зорилготой хүмүүст боломж олгодгоороо бусдаас давуу талтай. Хамт ажиллаж байсан найзуудаасаа сургуулийнхаа тухай сонсоод АНУ-д ажиллах боломж нээлттэй байдаг юм байна гэж бодоод ирж байсан. Жил орчмын хугацаанд хичээлээ үзэж дуусаад, ажлаа хайж эхэлсэн.
-Ажилд орохдоо 1200 гаруй анкет бөглөсөн юм билээ. Энэ тухайгаа сонирхуулвал. Дэлхийд тэргүүлэгч оронд ажилд ороход их хичээл зүтгэл шаардсан уу?
-2020 оны дөрөвдүгээр сараас ажлаа хайж эхлэхэд цар тахлын улмаас олон газар хаалгаа хааж ажилчдаа цомхотгож эхэлсэн үе таарсан. Бүтэн зургаан сарын турш өдөр бүр компаниудад анкетаа өгч байсан. Гэвч яг энэ эгзэгтэй цаг үед ихэнх компани гадаад ажилчид, тэр дундаа оюутны визтэй гадаад иргэдийг ажилд авах нь эрс багассан байсан. Энэ хугацаанд өргөдлөө өгч байсан газруудаа тэмдэглэл хөтөлж байсан минь надад их хэрэг болсон.
Миний хувьд 1240 газар өргөдөл гаргахад тийм ч хэцүү байгаагүй ээ. Нэгэнт зориод ирсэн юм чинь заавал ард нь гарна гэсэн бодол тээн өдөр бүр сууж, ажлын байрны талаар судалгаа хийж компаниудад өргөдөл гаргаж байсан. Олон газраас “Таныг ажилд авах боломжгүй” гэдэг хариу аваад эхэндээ сэтгэлээр унаж байлаа. Гэвч энэ бүхнээс суралцаад ард нь гарахад маш их зүйл сурч ойлгосон. Нэг компанид шалгалт өгөөд унахад тэр уналтаас маш их зүйлийг ойлгож авдаг юм байна лээ. Юун дээр алдсанаа дараа нь заавал хайж судалгаа хийж байсан минь дараа дараагийн газруудад шалгалт өгөхөд их тус нэмэр болж байсан. Амралтын өдөр гэж мэдэхгүйгээр л зургаан сарын хугацааг өнгөрөөсөн дөө.
-Одоогийн компа-нидаа ажилд ороход туршлага ихтэй учир хүндрэл бага байсан уу?
-Анх програмчлалын (Java хэл дээр) болон вэб (Frontend & Backend) хөгжүүлэлтийн шалгалт авсан. Дэлгэцээ share хийж байгаад шууд вэб хуудас хийж шалгалт өгнө гэсэн үг. Миний хувьд энэ вэб хөгжүүлэлт дээр маш сайн бэлдсэн байсан учир ямар нэгэн асуудалгүй даваад гарсан. Мөн дараагийн шатны ярилцлага нь голдуу асуудалд хэрхэн хандах талаар тандалт маягийн ярилцлага байдаг. Үүнийгээ сайн өгсөн гэж бодож байна. Манай компанийн хувьд олон орны ажилчидтай, (multicultural) олон соёлт компани учир та аль улсын иргэн байх нь хамаагүй ажлаа хийж чадвартай бол яг л америк иргэн шиг хангамж, цалинг нь өгөөд бүх боломж бололцоогоор нь ажиллуулдаг. Мөн ажлын цагийн маш уян хатан байдал нь намайг энэ компанид ороход нөлөөлсөн.
-Чадвартай бол мэдээллийн технологийн инженерүүд аль ч улсад ажиллаж болдгоороо онцлогтой бололтой?
-Би Монголд Голомт банкинд, Солонгос улсад агуулахын автоматжуулалтын систем хөгжүүлэлтийн компанид, одоогоор АНУ-д гээд гурван өөр оронд ажиллаж байсан туршлагатай. Программ хангамжийн инженер хүн мэргэжлээрээ аль ч улсад ажиллах боломжтойгоороо маш их давуу талтай байдаг. Мөн орчин үед бүхий л зүйл технологи суурьтай болж байгаа тул энэ талын мэргэжилтнүүд маш их хэрэгтэй. Тиймээс ажлын байр олдохгүй гэсэн айдасгүй, цалин хангамж өндөр үнэлгээтэй байдаг. Хэцүү тал нь удаан хугацаагаар сууж сурах л юм даа.
-Америкт инженерээр ажиллах зорилго тавилаа гэж бодъё. Тэгвэл бэлтгэлээ юунаас эхэлж базаах, ямар чадвар, төлөвшлийг өөртөө бий болгох хэрэгтэй вэ?
-Миний бодлоор хамгийн түрүүнд Англи хэлний мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Зөвхөн англи хэлтэй байхад аль ч улсад энэ мэргэжлээр ажиллах боломж нь нээлттэй. Мөн программчлалын мэдлэгээ дээшлүүлж, хэлсэндээ хүрдэг занг өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй. Гадаадад сурч, ажиллахдаа олон зүйлийг ойлгож авсан.
Нэгдүгээрт, би гэдгээ таньж мэдсэн нь маш том ололт юм болов уу. Оюутан болоод эсвэл ажилд ороод анхандаа юу ч мэдэхгүй хамгийн муу нь, чадваргүй гэдгээ мэдэх шиг гайхамшиг байхгүй дээ. Үүний дараах жинхэнэ өөрчлөлт, дэвшилт таны хичээл зүтгэлээс л шалтгаална. Аливаа юм бүхний эхлэл хэцүү байдаг. Миний хувьд comfortzone (тав тухтай орчин)-оосоо гарах нь илүү том амжилтын үндэс гэж боддог. Хэцүү зүйлүүд мэдээж тулгардаг ч сайхан зүйл нь түүнээсээ их. Сайн хүмүүсээр хүрээлүүлж, олон мундаг багш нараар хичээл заалгаж байсан минь надад маш их урам зориг өгч байсан. Залуучууддаа зорилгодоо үнэнч, тууштай байгаарай гэж зөвлье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.2.17 ЛХАГВА № 30, 31 (6507, 6508)