З.БАТЦЭЦЭГ
“Склифосовский” сериалын үргэлжлэл “Россия 1” сувгаар гарч байгаа билээ. Түргэн тусламжийн үндсэн институт 8 дахь сезондаа хүний амийг аварсаар л байна. Тэднийг арга заль, дайчин чанар, хайр, үхлийн аюул хүлээж байгаа. Гол дүр Олег Барин сүүлийн 7 дахь сезонд хүнд өвчин туссанаа мэдээд төгссөн. Энэ удаа тэрээр уг өвчинтэйгөө тэмцэх юм. Гэхдээ Максим Аверины тоглосон дүр нь золгүй явдалд илүү хурцлагддаг нэгэн. Энэ тухай болон өөр бусад зүйлсийн талаар гол дүрд тоглосон театр, киноны жүжигчин Максим Аверин “Утро Россия”-д ярьлаа.
-Түрүүчийн сезонд таны баатар хүнд өвдсөнөө мэдээд дууссан. Шинэ ангиудад тэрээр хавдартай тэмцэх үү?
-Өвдөх сэдвийг би өөрөө санал болгосон. Яагаад гэдгээ тайлбарлая. Бид харамсалтай нь өвчнөөс айдаг, айх ёсгүй, тэмцэх ёстой. Үүний тулд чиний хажууд хэн байгааг ойлгох хэрэгтэй. Энэ үед чамайг хаяад явахгүй байх нь их чухал. Яг энэ сэдвийг бид хөндөж байгаа юм. Мөн шинэ ангиудад олон янзын газар очиж зураг авалт хийсэн. Москва ямар олон нууцтай, сонирхолтойг та төсөөлөхгүй? Гаднаас нь харахад жижигхээн байшин, ороод доошоо буухаар 10 давхар.
-Энэ бүгдийг харуулж болох юм уу? Тэр дор олон нууц газрын хонгилууд байдаг гэсэн?
-Ил болсон нь бий. Бид орж болох газар нь л орсон.
-Үзэгчид шинэ ангид хууль бус зүйл их байна гэж бичээд байна. Тэд эмч нар ажлын болон хүний ёс зүйн алдаа гаргаж байгаа талаар хэлж байна л даа. Та юу гэж бодож байна?
-Бид хамгийн түрүүнд хүний ёс зүйг алдаагүй байх гэж найдъя. Эмчийн ёс зүйн хувьд би эмч хүн биш болохоор хэлэхэд хэцүү байна. Хэрвээ сэтгэлээсээ ярих юм бол хүний амь авар гэж байхад бүх л аргыг хэрэглэх хэрэгтэй гэж бодож байна.
-Эмч нар өөрсдөө юу гэж байх юм? Та нарт мэргэжлийн зөвлөх бий юу?
-Зураг авалтын талбай дээр мэс засалч ажилладаг. Тийм нөхцөлтэй байсан. Би өөртэй итгэлтэй биш юм уу эсвэл эмнэлгийн үг хэл, багажийг буруу барьж хэрэглэж байвал мотор команд өгдөггүй.
-Та олон шинэ газар зураг авалт хийсэн талаар ярилаа. Үзэгчдийг өөр шинэ юм юу хүлээж байгаа вэ?
-Шинэ ангиудын хамгийн том ололт бол гайхалтай жүжигчин Нина Николаевна Усатова бидэнтэй нэгдсэн явдал. Би их баяртай байгаа. Би түүнтэй урьд нь хамт кинонд тоглох аз тохиож байсан. Тэрээр хийж байгаа зүйлдээ их итгэдэг, зүгээр бэлтгэлийн үеэр хүртэл сэтгэлээсээ уйлж чаддаг. Бүх юмыг их амархан хийдэг. Их дулаахан хүн.
-Гэхдээ олон жүжигчин эмнэлгийн кинонд тоглохоосоо айдаг?
-Би нэг удаа Людмила Чурсинатай хамт тоглож байсан юм. Би түүнд хэлсэн, миний нэг шүтэн бишрэгч та дандаа тайзан дээр үхэж тоглох юм, айхгүй байна уу? гэж асуугаад байх юм гэтэл Людмила Алексеевна “Юу ч биш, би өчнөөн удаа үхэж тоглосон, амьд л байна” гэж хариулж байсан.
-Үзэгчид бид та нарт маш их итгэдэг. Та олон хүнд тус хүргэж байгаа тул сериал үргэлжилж л байг.
-“Тайны следствие” сериал 20 жил гарч байна, тэгэхээр бидэнд ирээдүй байна.
Эх сурвалж: www.vesti.ru