Өнгөрсөн намрын орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Орхон аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаанаар 2020 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 72 дугаар захирамжаар Орхон аймгийн 13 дахь Засаг даргаар Сэмжидийн Батжаргал томилогдсон билээ. Тэрээр үүрэгт ажлаа аваад 100 хонож байна. Энэ хугацаанд ирэх дөрвөн жилд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө гаргаж бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын олон ажлыг эхлүүллээ. COVID-19 цар тахлын энэ үед аймгийн Засаг даргын Тамгын газраас нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн салбарт тодорхой ажлуудыг төлөвлөн хийж гүйцэтгэлээ.
2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрт найман бүлэг, 18 дэд бүлэг бүхий 124 зорилго, зорилт 253 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаад байгаа юм.
ГЭР ХОРООЛОЛД ОРОН СУУЦ БАРИНА
Орхон аймагт гэр хорооллын 16 мянга гаруй өрх амьдардаг. Агаарын бохирдлыг бууруулах, алслагдсан гэр хорооллолд амьдардаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүл гэсэн зорилтот бүлэгт чиглэж, тэдгээрийг дэмжих зорилгоор гэр хорооллын багуудыг орон сууцжуулах ажлыг эхлүүлээд байна.
Энэ жил Их Залуу, Эрдэнэ, Уртын гол багт орон сууц барих ажлыг эхлүүлэхээр байршил, зураг төсвийг гарган төлөвлөлтийг хийж эхэллээ.
ЭРДЭНЭТ ХОТЫН ДЭД БҮТЦИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ
Засаг даргын ирэх дөрвөн жилийн төлөвлөгөөний томоохон хэсэг нь Эрдэнэт хотын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байгаа юм. Хот өргөжин тэлж, иргэдийн хэрэглээ нэмэгдэж байгаатай холбогдуулан 2021 онд хотын дулаан цэвэр усны шугамын гидравлик тооцоо хийхээр төлөвлөн хөрөнгийг батлууллаа. Түүнчлэн дулааны алдагдалтай орон сууцны байрыг хөөсөнцрөөр дулаалах зураг төслийг боловсруулж, Европын сэргээн босголт хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэхээр төсөл танилцуулагдсан. Европын Сэргээн босголт, Хөгжлийн банкны 354 ам.долларын тусламжаар “Эрдэнэт ус” ОНӨХК-ийн үйл ажиллагааны чадавхийг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.
ИРЭХ ДӨРВӨН ЖИЛД УХААЛАГ ХОТ БОЛНО
Эрдэнэт хотын хөгжлийг орчин үеийн хотын хөгжил, технологийн дэвшилд хөтлөн оруулах ажлыг эхлүүлэх “Ухаалаг хот” төслийг улсын төсвийн дэмжлэгтэйгээр НҮБ, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. “Ухаалаг хот” төслийн хүрээнд Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах Автобусны парк шинэчлэлтийг хийх чиглэлээр “Автобус” төсөл боловсруулан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хоттой хамтран ажиллах талаар санал солилцлоо.
ЭЛЭГНИЙ ХАВДРЫН ХАГАЛГААГ ОРОН НУТАГТ ХИЙХ БЭЛТГЭЛИЙГ ХАНГАЛАА
УИХ-ын гишүүн, хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн, УИХ-н гишүүн Д.Батлут, Орхон аймгийн Засаг дарга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр гуравдагч шатлалын шилдэг эмч нар орон нутагт 3-6 сараар байрлан ажиллах бүх нөхцлөөр ханган хамтран ажиллахаар болсон юм. Түүнчлэн ажлын байрны онол, дадлагын сургалтад орон нутгийн эмч нар бүрэн хамрагдаж, элэг тайрах, элэгний хавдрын судас боох, элэгний хавдар түлэх эмчилгээ, дурангийн аргаар элэгнээс үүсгэвэр авах хагалгааг орон нутагтаа хийх боломжтой болох юм.
НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАР ИРЖ АЖИЛЛАЛАА
Орхон аймагт хавдрын оношилгоо, эмчилгээний тусламжийн чанарыг дээшлүүлэх зорилгоор Хавдар судлалын үндэсний төвөөс (ХСҮТ) нарийн мэргэжлийн 12 эмч ирж БОЭТ-ийн хамт олонтой 10 хоног хамтран ажиллалаа. Үүний үр дүнд 118 иргэн орон нутагтаа хавдрын тусламж үйлчилгээний эмчилгээ, оношилгоог авч чадлаа. Нийт 1886 иргэнд үзлэг үйлчилгээг хийснээр үзлэгийн төлөвлөгөө 134 хувьтай биелсэн байна. Хорт хавдрын 17 шинэ тохиолдлыг илрүүлж амь насны заалттай хоёр иргэний амь насыг аварлаа. Түүнчлэн аймгийн Засаг даргын захирамжаар “Монголын мэс засалч эмч нарын ХIII чуулга” уулзалт Орхон аймагт болж нийслэл, орон нутгийн төлөөлөл болсон 280 гаруй мэс засалч эмч оролцлоо.
ОРХОН АЙМАГ COVID-19 ТАРХАЛТАА ХУМЬЖ ЧАДЛАА
Засаг дарга үүрэгт ажилдаа томилогдоод удаагүй байхад Монгол Улсад короновирусын халдварын тохиолдол бүртгэгдэж бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.Энэ цаг үед Орхон аймгийн Онцгой комисс шуурхай ажиллаж цар тахлыг хумив.
Орхон аймагт халдварын эхний тохиолдол арваннэгдүгээр сарын 17-нд бүртгэгдэж халдвартай иргэдийн ойрын болон дам хавьтлыг илрүүлэх, бүх нийтийн хорио цээрийн дэглэмийг чангатгаж хатуу хөл хорио тогтоож улмаар халдвар авсан иргэдийг шуурхай тусгаарлаж чадсаны үр дүнд дотооддоо халдварыг тархаалгүй барьж чадсан юм. Улмаар арванхоёрдугаар сарын 5-нд Орхон аймаг халдваргүй аймаг болсныг Улсын онцгой комиссоос зарласан билээ. 2020 онд Орхон аймагт коронавируст халдвар цар тахал илэрч хөл хорионы дэглэмтэй байсан хэдий ч орон нутгийн төсөвт 66.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 72.8 тэрбум төгрөг төвлөрүүлж, 6.1 тэрбум төгрөгөөр давж, 109 хувийн биелэлттэй байлаа.
ВИРУСЛОГИЙН ЛАБОРТОРИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭВ
СОVID-19 халдварыг илрүүлэх PCR шинжилгээг орон нутагтаа хийж эхэллээ. Вируслогийн лабораторийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, СОVID-19-ийн халдвар илрүүлэх шинжилгээг орон нутагт хийх боломжоор хангахын тулд орон нутгийн төсвийн санхүүжилтээр лабораторийн байрыг засварлаж үйл ажиллагааг нь жигдрүүллээ. Ингэснээр нэг удаа 280 иргэний шинжилгээг авч 24 цагийн дотор хариуг гаргах боломжтой боллоо.
ХҮНД ЦАГ ҮЕД АЖИЛЛАСАН АЛБАН ХААГЧИД БОЛОН ИРГЭДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
Халдварт цар тахалтай тэмцэх амаргүй ажлын тэргүүн фронтод ажилласан эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, шуурхай штаб гэсэн 20-оод байгууллага салбарын 520 гаруй албан хаагчийг аймгийн ИТХ, Засаг даргын шагналаар шагнаж улмаар зарим алба хаагчид мөнгөн дэмжлэг үзүүлэв. Коронавирус Орхон аймагт батлагдаж хөл хорио тогтоосны улмаас иргэдээс болон засаг захиргааны хүсэлт их ирснийг үндэслэн нийт 3116 өрх айлд хүнсний дэмжлэг үзүүлээд байна.Мөн цар тахлын энэ үед аймгийн Онцгой комисс Эрдэмтдийн зөвлөлтэй хамтран ажиллаж тэдний судалгаа шинжилгээнд суурилсан зөвлөгөөг ажилдаа хэрэгжүүлэв. Үүний үр дүнд аж ахуйн нэгж байгууллагуудад эрсдэлийн үнэлгээ хийж, тусгай дугаарын есөн операторыг 24 цагаар ажиллуулж иргэдэд шуурхай мэдээлэл өгч ажиллалаа. Мөн “нэг өрх, нэг шинжилгээ”- г хэрэгжүүлж одоогийн байдлаар 64505 хүнийг шинжилгээнд бүрэн хамруулж халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг чанд баримтлан ажиллаж байна.
ГАДААД ХАРИЛЦАА ХАМТЫН АЖИЛЛАГАА САЙЖРАВ
Орхон аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын 26 орны Элчин сайдын яам болон 17 олон улсын байгууллагад Засаг даргын зүгээс Орхон аймгийн "Ногоон тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2025" баримт бичиг, Дэлхийн тогтвортой хөгжлийн 17 зорилты̆г хэрэгжүүлэхэд хамтран ажиллах нот бичгийг хүргүүлэн ажиллалаа. Үүний үр дүнд Чех, Франц, Казахстан, АНУ-ын Элчин сайд болон Японы “Өвсний үндэс төсөл”, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн хөгжлийн банк санал санаачилгуудыг гаргаж хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
ЭРСДЭЛИЙГ МЭДЭЭЛЭХ АППЛИКЕЙШН ТУРШИЖ ЭХЭЛЛЭЭ
Аюул эрсдэлийг мэдээлэх гар утасны аппликейшн боловсруулан туршиж эхэллээ. Энэ аппликейшн нь Эрдэнэт хотын хэмжээнд иргэд ашиглах боломжтой. Ингэснээр иргэдэд тулгарч буй аюул, эрсдэлийн мэдээллийг богино хугацаанд гар утсаар авч шийдвэрлэх, мэдээллийг хадгалах, ангилах, судалгаа хийх өгөгдлийн баазтай болох юм. Түүнчлэн иргэд болон төрийн байгууллагуудын хоорондын мэдээллийн урсгал сайжирч, “Ухаалаг хот” болоход нэг алхам урагшлаад байна.
БАГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА
Өнгөрсөн дөрвөн жилд 18 дэд хөтөлбөр амжилттай хэрэгжсэний нэг нь Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр. Энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Дэд хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн төвийн цогцолборыг ашиглалтад хүлээн авлаа.
Мөн багийн ажлын албаны ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өндөр, Жаргалант сумын 25 багт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө.
БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭЭ ДЭМЖИН АЖИЛЛАНА
Өрхийн болон бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах, сурталчилах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой Эрдэнэтийн үйлдвэрлэгчид контент боловсруулан түгээх, хөгжүүлэх, ШУТП-ын дэргэдэх Эрдэнэт бизнес хөгжлийн төвөөр дамжуулан Орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулах зорилготой цахим дэлгүүрийг нээн ажиллуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Ажлын эхлэл болгож бичил бизнес эрхлэгчдэд зориулсан цахим сургалтыг зохион байгуулав.
ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХҮҮХДИЙН 93 ХУВЬ НЬ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Алслагдсан багуудад сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийн ачаалал хэтэрсэн цэцэрлэгүүдийг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлэн ажиллаж байна.
Аймгийн Засаг дарга С.Батжаргалыг томилогдсоноос хойш Орхон аймагт төрийн өмчит дөрвөн цэцэрлэгийн өргөтгөл нээлтээ хийж 1000 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах нөхцөл бүрдлээ. Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн нийт сургуулийн өмнөх боловсрол эзэмших насны 11300 хүүхдийн 93 хувь буюу 9300 гаруй хүүхэд цэцэрлэгт хүмүүжих боломжтой болсон байна. Цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор шинээр 70 гаруй иргэн байнгын ажлын байраар хангагдахаар боллоо.
ЗАЛУУЧУУД ОРДОНТОЙ БОЛЛОО
Улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт Залуучуудын ордон байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ. Залуучуудын ордон ашиглалтад орсноор шинээр 13 ажлын байрыг бий болгож, залуучуудад чиглэсэн олон талт арга хэмжээ, нөлөөллийн үйл ажиллагаа, соёлын үйлчилгээ явуулах болон хувь хүний хөгжил, хөдөлмөр эрхлэлт, гэр бүл төлөвлөлтийн талаар төрөл бүрийн сургалт зохион байгуулах боломж бүрдэж байна. Уг барилга нь 400 хүний багтаамжтай, 1056 м.кв талбайтай, хоёр давхар, 280 хүний хурлын танхим, кофе шоп, номын сан, сургалтын танхимтай орчин үеийн жишигт нийцсэн цогцолбор юм. Түүнчлэн өнгөрсөн саруудад томоохон бүтээн байгуулалтуудыг ашиглалтад орууллаа.
Тухайлбал, алслагдсан багуудад соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд, Даваат багт 250 хүний суудалтай орчин үеийн шийдэл бүхий Соёлын төв нээлтээ хийлээ. Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр дэх “Үйлс Бадрах” Өрхийн эрүүл мэндийн төвд “Яаралтай тусламжийн нэгж”-ийг шинээр байгууллаа. “Мөнхийн гэгээ” өрхийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.9 МЯГМАР № 28 (6505)