Х.МОНГОЛХАТАН
Монголын хэвлэл мэдээллийн салбарт тэр дундаа өдөр тутмын сонинуудын анхдагч болж 30 дахь жилийнхээ түүхийг бичиж яваа үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонины хамт олонд баяртай сайхан үйл явдал тохиолоо. Манай сонины сэтгүүлч, тоймч, фото сурвалжлагч Дуламын Цэрэннадмид эрхэм ах маань сэтгүүлзүйн салбарт 43 жил ажилласан хөдөлмөрөө төр, засагтаа үнэлүүлж Төрийн дээд шагнал Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаалаа. “Зууны мэдээ” сонинд 28 дахь жилдээ ажиллаж буй тэрээр өдөр тутмын сонины гал тогоонд ажиллаж буй үе үеийн сэтгүүлчдэд өөрийн биеэр үлгэрлэн, зааж зөвлөж, түшиж тулсаар ирсэн авьяаслаг, хөдөлмөрч, ясны сэтгүүлч, жинхэнэ уран бүтээлч билээ. Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Цэрэннадмидтай ярилцсанаа хүргэе.
2021.02.08
БИ ОЛОН АЛДАРТАН ТӨРСӨН ДУНДГОВИЙН ДЭРЭН СУМЫН ИХ ЖАСЫН ХОНХОРЫН ХҮН
-Миний бие Дундговь аймгийн Дэрэн сумын II багийн Ихийн жасын хонхор гэдэг газраас гаралтай хүн юм. Манай нутгаас алдартай хүмүүс олон төрсөн. Тухайлбал, Монголын алдарт уртын дууч Н.Норовбанзад, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ц.Чимэддорж гэх мэт.
Аав минь тайж гаралтай тухайн цаг үедээ бичгийн эрдэмд боловсорсон, нутаг орондоо гайхагдсан хүн байлаа. Их жасад хурлын лам хүртэл байсан. Бариа тавианы хүнд жилүүдээс өмнө хар болж Хошуу тамгын газарт бичээч хийсэн. Монголтой, түвдтэй, дээр нь өөрөө бие даан дөрвөн аргын тоо сурсан гэдэг. Манай удмынхан бичгийн хүмүүс байсан учраас манайхан Боржигоны бичээч овогтой.
Би эхээс гурвуулаа. Ах маань судрын монгол бичигтэй хүн байсан. Эгч минь одоо 90 гарсан настай хүн бий. Аав маань намайг сургуульд орохын өмнөх жил нас барсан. Ээж минь намайг тавдугаар ангид байхад бурхан болсон учраас би эгчийнхээ гар дээр хүн болсон. Ээжийн оронд ээж, эгчийн оронд эгч болж дүү намайгаа үүрч дүүрч өсгөсөн буянтай сайхан бууралтайгаа одоо хамт өтөлж явна даа.
Би Дундговь аймгийн төв Мандалговь хотын арван жилийн сургуулийг төгссөн. Багадаа их саваагүй нөхөр байлаа. Хөгжим тоглоно гээд баяан хөгжим чирээд хөгжмийн дугуйланд сурч байлаа. Зураг зурна гэж бийр цаас бариад дүрслэх урлагийн дугуйланд орчихсон, урчуудтай лоозон бичиж явлаа. Зохиолч С.Дашдооров гуайн хариуцсан аймгийн утга зохиолын дугуйланд явдаг, хэрдээ л сүрхий шүлэг бичдэг, аймгийн сонинд мэдээ нийтлүүлдэг идэвхтэн байсан. Наймдугаар ангид байхдаа ахыгаа дагаж фото зураг авч эхэлсэн. Аравдугаар ангиа төгсөөд Дундговь аймгийнхаа сонинд сурвалжлагч, утга зохиолын ажилтнаар орсон нь сэтгүүлч болох анхны алхам байв. Одоогоос 50 жилийн өмнөх түүхийг өгүүлэхэд ийм.
1970-1973 оны хооронд цэргийн алба хаагаад, эргэж аймагтаа очиж 1978 он хүртэл Дундговийн сонинд ажиллахдаа Хариуцлагатай нарийн бичгийн дарга хүртэл дэвшиж явлаа. Тэгээд л Монгол Улсын Их сургуулийн сэтгүүлчийн ангид элсэн суралцсан түүхтэй. Их сургуульд сурч байхдаа сүүлийн хоёр жил нь онц сурлагатан гээд Д.Сүхбаатарын нэрэмжит цалин 450 төгрөг авдаг баян оюутан байв.
Дундговийн сонинд Санжийн Батмөнх гэж мундаг эрхлэгч байлаа. Одоо Монцамэд ажиллаж байгаа сэтгүүлч Б.Болдын аав шүү дээ. Сайхан ярьж, зааж зөвлөж өгдөг мундаг сэтгүүлч тэр хүн л миний сэтгүүлзүйн анхны багш юм. Тухайн үед С.Батмөнх гуай дөрвөн залууг сэтгүүлч болгоно гэж сонгож авсан байдаг. Нэг нь би, хоёр дахь нь яруу найрагч Цэндийн Чимэддорж, гурав дахь нь Сандагдоржийн Пүрэвсүрэн, дөрөв дэх нь Цогсүрэнгийн Ганболд.
Сандагдоржийн Пүрэвсүрэн Намын дээдийн сэтгүүлчийн ангийг төгсөөд Хэнтийн сонины эрхлэгч, “Үнэн” сонины сурвалжлагчаар Хэнтий, Дундговь аймагт ажиллаж байлаа. Өнгөрсөн жил гавьяат болсон.
Цогсүрэнгийн Ганболд маань “Үнэн” сонины эрхлэгч байсан, мөн дипломат албанд удаан ажилласан, Хонконгт консул байсан, Оросын Элчин сайдын яаманд ажиллаж байгаа.
Харин би насаараа сэтгүүлч мэргэжлээрээ сонин хэвлэлийн салбарт ажилласаар явна. С.Батмөнх багш маань бид дөрвийг сэтгүүлч болгох гэж удирдан чиглүүлж, олон зүйлийг зааж зөвлөж сургасан хүн дээ.
Парламентын сурвалжлагчаар 20 гаруй жил ажилллаж байна.
ХЭВЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ МАШ БУРАНГУЙ, СОНИНЫ ҮГИЙГ ГАНЦ, ГАНЦ ҮСГЭЭР ӨРДӨГ БАЙЛАА
-Сургуулиа төгсөөд Булган аймгийн сонинд Хариуцлагатай нарийн бичгийн даргын албанд гурван жил ажиллачихаад зугтах шахуу Улаанбаатар хотод шилжин ирж байлаа. МҮЭ-ийн Төв зөвлөлийн дэргэдэх “Хөдөлмөр” сонинд сурвалжлагчаар ажилд орсон юм. Гэтэл хөдөөний паспорттой хүнийг хотод байлгахгүй гээд байсхийгээд Хотын захиргаан дээр дуудна. Булган руу буцаах юм уу, эсвэл нутаг руу чинь Дундговь явуулна гээд болдоггүй. Сүүлдээ “Хөдөлмөр” сонины эрхлэгч Н.Мягмар гуайг торгоно, арга хэмжээ авна гэсэн учраас аргагүйн эрхэнд ажлаасаа гарлаа. Хотын паспортгүй хүн чинь ямар ч ажилд орж болдоггүй, сар гаран ажилгүй явсан. Тэгээд хөөцөлдөж явсаар хотод суух бичиг даруулж аваад Монголын сэтгүүлчдийн холбооны Д.Үржинбадам гуай дээр очлоо. “Чи хөдөө сонины эрхлэгчээр ажиллахгүй юм бол манай холбоонд орон нутаг хариуцсан референтээр ажилла” гэв. Ингээд хоёр жил гаруй ажилласны дараа “Улаанбаатарын мэдээ” сонинд сурвалжлагчаар орсон юм. Тухайн үед “Улаанбаатарын мэдээ”, “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн”, “Утга зохиол урлаг”, “Нам Үнэн” гэсэн төрийн таван хэвлэлтэй, ганц телевизтэй байлаа.
30-аад жилийн өмнө гэхэд л манайд хэвлэлийн технологи маш бурангуй байлаа. Сонины үгийг ганц, ганц үсгээр нь өрнө. Бүгд л өдөржин материалдаа явж ирээд бичиж өгчихөөд орой нь хэвлэлийнхэнтэйгээ хамт үсэг өрөлцөөд зогсоно. Шөнөжин сонингоо өрж, хэвлээд өглөө 06:00 цагт радио дуугарахад дуусч эхний хэдэн сонинг Намын Төв хорооны наад хаалган дээр аваачиж өгнө.
Ингэсээр 1990-ээд оны эхээр үсгээр нь бус үеэр нь өрдөг машин гарч ажил арай хөнгөрсөн дөө. Тэр үед сонинууд идэвхтэн бичигч нарын материалд их түшиглэдэг байв. Идэвхтэн бичигч нараас хавтас дүүрэн материал ирнэ, тэдгээр материалыг нийтлэх эсэх тухай тодорхой хугацаанд эзэнд нь хариу өгөх ёстой. Тиймээс сэтгүүлчид идэвхтэн бичигчдээс ирсэн материалд цаг заваа их зориулдаг сан. Бас шууд хэвлэхгүй, шүүмжлэлтэй материал ирсэн байвал баримтыг газар дээр нь очиж үзэж баталгаажуулж байж сонинд тавина. Бүх материал “Главлет” гэж хянагчийн гараар ордог, хэвлэлийн цензуртай. Нам төрийг шүүмжилсэн үг, үсэг орж болохгүй, утга найруулгыг маш сайн хянадаг цаг үе байлаа.
Ер нь тухайн үед сонинуудад шүүмжилсэн материал нийтэлдэггүй байхад Булганы сонинд очоод төрөл жанр нэмж, өөрчилж сайжруулах гэж нэлээд оролдож байлаа. “Ай хө Сүнжидмаа минь” гэж шог найруулал бичиж нийтлэхэд уншигчдад хүрч, тэр дугаар олдохгүй эрэл сурал болж билээ.
Сэтгүүлчдийн уран бүтээл олон төрөл жанртай байсан. Замын тэмдэглэл, сурвалжлага, сурвалжилсан тэмдэглэл, өгүүлэл гэх мэт. 1980-аад оны эхээр “Залуучуудын үнэн” сонин “Хөөрөлдөх танхим” гэж булан гаргаж анх сонинд ярилцлага нийтэлж эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш ярилцлагын төрөл жанр их түгээмэл болжээ.
1993 онд “Засгийн газрын мэдээ”, “Ардын эрх” гэсэн хоёр хэвлэл шинээр гарч эхэлсэн үед би Х.Цэвэлээ гуай дээр очиж уулзаад “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагчаар орж, түүний залгамж халаа болсон “Зууны мэдээ” сониндоо өнөөдрийг хүртэл 28 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна.
Японы Ерөнхий сайд Монголд айлчлах үеэр гадаадын сэтгүүлчдтэй. 2014 он.
СЭТГҮҮЛЧИД БОЛ ТҮҮХ БИЧИЛЦДЭГ ХҮМҮҮС
-Мэргэжил бүхэн сайхан. Тэр дотроос сэтгүүлчийн мэргэжил хамгийн сайхан. Сэтгүүлчид бол түүх бичилцдэг хүмүүс. Өнөөдрийг хүртэлх олон жилийн хугацаанд маш олон үйл явдлын гэрч болж иржээ. Социалист нийгмээс шилжиж Ардчилсан хувьсгал өрнөх торгон мөчид аппаратаа үүрчихээд талбай дээрх цуглаан бүрийг алгасахгүй очиж, өлсгөлөн дээрээс зураг авч, тухайн үеийн жагсагчидтай уулзаж ярилцаж явлаа. “Найм арвантав” гэдэг баримтат кинонд би саарал кракулаа тавьцан, саарал пальтотой хүзүүндээ аппарат зүүчихсэн явж байгаагаар бичигдэн үлдсэн байдаг.
400 гаруй депутаттай анхны парламент 70 гаруй хоног хуралдан Анхдугаар үндсэн хууль батлахад сурвалжилж явлаа. Сүүлд Дорнодын Тамсагт газрын тос оргилоход анхны Ерөнхийлөгчтэй нисдэг тэргээр очоод П.Очирбат Ерөнхийлөгчийг дээлээ газрын тосоор мялааж байхад зургийг нь аваад зогсч байлаа. Халх голын Хамар даваанд Мянганы замын шав тавих ёслолд ч оролцож байв. Энэ мэтээр Монголын түүхэн үйл явдалд биечлэн оролцож явсан маань олон ажээ.
Нийгмийн шилжилтийн том үйл явцыг тухайн үед хүн бүр өөрийн түвшинд мэдэрсэн байх. Сэтгүүлч хүний хувьд халуун цэг дээр нь байж гол үйл явдлуудад оролцож явахад надад манай улс шууд л хөл нүцгэн зах зээлийн нийгэмд орчих шиг болсон. Зах зээл гэж ерөөсөө мэдэхгүй л яваад орчихсон. Тэр үед би “Улаанбаатарын мэдээ” сонинд ажиллаж байсан юм. Гэртээ хариад эхнэр хүүхдүүдээ хөл нүцгэн алхуулж байгаад хөлнийх нь зургийг дараад “Монголчууд хөл нүцгэн зах зээлд орлоо” гээд нийтэлж байлаа. Хэдийгээр зарим нь баяжиж, зарим нь ядуурч байсан ч хөдөлмөрлөсөн хүнд боломж олгосон нийгэм гэдгийг мэдэхгүй бид эхлээд их барьц алдсан санагддаг.
Социализмын үед хүн бүр ажилтай цалин орлоготой байсан. Сэтгүүлчид 420-450 төгрөгийн цалинтай байлаа. Тухайн үеийн дундаж цалин юм. Миний хувьд Монголын сэтгүүлчдийн холбоонд референтээр ажиллаж байхдаа 650 төгрөгийн цалин авч байсан нь хамгийн өндөр юм уу даа. “Улаанбаатарын мэдээ” сонинд хоёр жил ажиллаад өөрийн гэсэн орон байртай болж байлаа. Тухайн нийгэмд сэтгүүлчдийн нэр хүнд өндөр, хүн бүр хүндэлж харилцана, байр оронд санаа зовдоггүй байж. Ажил мэргэжлийнхээ буянаар олон сайхан хүмүүстэй уулзаж явсандаа баярладаг.
Харин 1990 оноос хойш хэдий цалин хөлс бага ч өөр салбарт орж, өөр ажил хийж урваж шарваж явсангүй, авсан цалингаа амьдралдаа хүргээд болгоод иржээ.
Би үзэг, аппарат гэсэн хоёр зэвсэгтэй, хос морьтой ажилладаг байсан маань давуу тал байсан даа. Монголын төр, засгийн бүх л удирдлагуудтай томилолтод явж байлаа.
Социализмын үед сонин хэвлэлийн сурвалжлах гол баатар нь ажилчин, малчин байв. Улс төрийн мэдээлэл бол Төв хорооноос өгсөн зааврын дагуу л гарна. Харин сүүлийн 20-иод жил улстөрчдийг л тойрон эргэлдэж, тэднээс ярилцлага авч сурвалжилдаг болж.
Уг нь сэтгүүлч хүн бүр шинэ соргог мэдээллийг уншигчдад хүргэчих юмсан гэсэн эрмэлзэлтэй байх ёстой. Гол үйл явдалд очиж түрүүлж мэдээлэх гэж гүйх нь аргагүй. Бидний үед мэдээ, сурвалжлага, сурвалжилсан тэмдэглэл, шог өгүүлэл ийм байх ёстой гээд заана, тэр номын дагуу бичдэг байлаа.
Бүгд найрамдах Энэтхэг улс. 2015 он.
ӨДӨР ТУТМЫН АЖЛААС ГАДНА ЗААВАЛ СЭТГҮҮЛЧид УР ЧАДВАРаа ХАРУУЛСАН БҮТЭЭЛ ХИЙДЭГ БАЙХ ХЭРЭГТЭЙ
-Гэр бүлийн тухайд ханьтайгаа цэрэгт байхдаа танилцаж, цэргээс халагдахдаа эхнэр хүүхэдтэй харьж байлаа. Түүнээс хойш бид таван хүүхдийн аав, ээж болон 47 жил сайхан амьдарчээ. Гурван жилийн өмнө ханиа аюулт өвчнөөр алдсан. Хань минь тэнгэрээс хараад баярлаж байгаа байх гэж бодож сууна. Таван хүүхдээс нэг охин маань сэтгүүлч мэргэжлээр ажилладаг. Одоо зээ охин маань бас сэтгүүлчээр сурч байна.
Өнгөрсөн хугацаанд олон л шагнал урамшуулал авч байлаа. Тэр дундаа “Мантуушийн маапаан”, “Хөсөр хаяж, алдаж асгасан газрын тос” зэрэг материалуудыг сэтгүүлч Ч.Үл-Олдохтой хамтран бичиж "Балдорж" шагналыг авсан. Сониныхоо шилдэг бичлэгийн шагналыг 15-16 жил авчээ. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүний ажилтан, шилдэг бүтээлийн “Ган үзэг” шагналуудаас эхлээд төр, засагтаа хөдөлмөрөө үнэлүүлж “Алтангадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгүүдээр шагнагдаж байгаад өнөөдөр ийнхүү Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн болж байна.
Гэхдээ хүн гоц авьяас чадал чансаатайдаа ингэж сайн ажиллаад, шагнал урамшуулал аваад яваа юм биш. Сайхан хамт олон дунд үе үеийн залуусаас харилцан суралцаад ажиллаж амьдарч явсны үр дүн юм.
“Монголын шилдэг 99 боть”-ийн нэг болох 90 дэх ботид өнгөрсөн 40-өөд жил ажилласан сэтгүүлзүйн бүтээлээсээ түүвэрлэн оруулсан. Мөн “Зууны мэдээ” сониндоо хөтлөн явуулж байсан “Хүмүүн судар” буландаа уригдсан зочдын хөргөөр хоёр дахь номоо гаргасан.
Сэтгүүлч мэргэжил бол сонирхолтой, улс орон даяар болж буй үйл явдалд оролцож гэрч болж явдаг сайхан ажил. Хэрэв энэ мэргэжлийг сонгосон бол өөрийгөө боловсруулж, улс төр, эдийн засаг, нийгэм, философийн мэдлэгтэй байж, төрөл бүрийн ном уншдаг маш сайн уншигч байх хэрэгтэй. Зогсолтгүй, шантрахгүй бичиж байгаарай гэж залуу сэтгүүлчдэд захимаар байдаг. Өдөр тутмын ажлаас гадна заавал сэтгүүлчийн ур чадвараа гайхуулсан сэтгүүлзүйн бүтээл хийдэг байх хэрэгтэй. Энэ ажил мэргэжилд нас, хүйс хамаагүй. Бусад мэргэжил шиг тэтгэвэртээ гарах цаг хугацаанд баригдахгүй өөрөө л хүсч, хичээж, хөдөлмөрлөж чадвал хэдэн ч нас хүртлээ ажиллах боломжтой гэдгийг би өөрийн биеэр харуулж явна.
"Монголын шилдэг 99 боть"-д сэтгүүлч Д.Цэрэннадмидын бүтээлүүд багтсан. 2017 он.
"Зууны мэдээ" сонины хамт олон. 2019.12 сар.
Эх сурвалж: 2021.2.9 МЯГМАР № 28 (6505)