Ч.ҮЛ-ОЛДОХ
П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасгийн эмч нар 2020 онд “Бенталл Де Боно”-гийн мэс засал хоёр өвчтөнд, “Девидийн мэс заслыг хоёр өвчтөнд, зүрхний хөндийд нэвчиж ургасан хорт хавдрыг авч, зүрхний ханыг хиймэл эдээр орлуулах мэс заслыг хоёр өвчтөнд амжилттай хийлээ. Тус тасгийн зөвлөх, Монгол Улсын гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор Ц.Даваацэрэнтэй ярилцлаа.
-Танай эмч нар зүрхний өндөр төвшний нэлээд хэдэн шинэ хагалгааг 2020 онд амжилттай хийсэн гэж сонслоо. Ямар төрлийн хагалгаа байв, өвчтөнүүдийн биеийн байдлыг асууж болох уу?
-Манай Зүрх судасны мэс заслын тасаг 50 жилийн түүхтэй. Энэ хугацаанд огт хийгдэж байгаагүй зүрхний маш хүнд хэд хэдэн хагалгааг манай эмч нар амжилттай хийлээ. “Бенталл Де Боно”-гийн шинэ хэлбэрийг Монголын эмч нар өөрсдөө бие даан хийж нутагшууллаа. Оны өмнө дэлхийн хөгжилтэй орнуудын өндөр түвшний зүрхний мэс лын төвүүдэд хийгддэг “Дэвид”-ийн мэс заслыг бид анх удаа бие даан амжилттай хийж, өвчтөн маань өчигдөр эмнэлгээс гарлаа. Энэ хагалгааг бид шинэ модификаци буюу “Бенталл Де Боно”-гийн шинэ арга барилаар хийсэн учраас Монголд анх удаа хийсэн гэж байгаа юм. Орчин нөхцлөөс өгсүүлээд энэ хагалгаа тийм ч амархан байгаагүй. Эмч нар нь тодорхой түвшний мэдлэг чадвар хуримтлуулж байж хийх ёстой хагалгаа байгаа юм. Энэ хагалгааг бид 37 настай эрэгтэйд хийсэн. Тухайн өвчтөний зүрхний гол судасны өгсөх хэсэг цүлхэнтэж өргөссөн, гол судасны хавхлагын дутагдалтай байсан. Иймд гол судасны уг, өгсөх хэсгийг хиймэл судсаар орлуулж, гол судасны хавхлагыг хиймлээр сольж, хоёр талын титэм судсыг хиймэл судсан дээр суулгах мэс заслыг хийсэн. Энэ хагалгааг 2020 онд хоёр өвчтөнд амжилттай хийсэн. Хоёр өвчтөний биеийн байдал сайн, бидэнд тогтмол үзүүлж хянуулаад явж байгаа. “Дэвид”-ийн мэс засал гэж нэрлэдэг гол судасны хавхлагыг солихгүйгээр өөрийнх нь хавхлагыг үлдээж, гол судасны уг болон өгсөх хэсгийн цүлхэнг хиймэл судсаар орлуулах мэс заслыг мөн хийсэн.
-Хорт хавдартай өвчтөнд мэс засал хийсэн гэсэн. Хагалгаа амжилттай болсон уу?
-Хорт хавдар зүрхний зүүн тосгуурын арын хананд нэвчиж ургасан хоёр өвчтөнд мэс засал хийсэн. Мэс заслын үед үсэрхийлсэн хорт хавдар болох нь нотлогдсон. Мэс засал хийхэд зүрхний зүүн тосгуур 70 хувь нь авагдсан. Иймд нийлэг эдээр орлуулж нөхөх хагалгааг хийсэн. Ингэснээр өвчтөний зовиур арилж, ХСҮТ-д хими эмчилгээ хийлгэж байгаа. Мөн он гарсаар зүрхний төрөлхийн гажиг буюу зүүн тосгуур нь огт байхгүй, урд талдаа хоёр, ар талдаа гурван хавхлага нь ил ийм өвчтөнд хиймэл таславч оёх мэс засал хийсэн. Маш олон хүндрэл гарах энэ хагалгааг манай эмч нар амжилттай хийсэн. Өвчтөн эмнэлгээс гарсан, биеийн байдал нь сайн байгаа. Энэ онд бид нийтдээ дөрвөн төрлийн шинэ хагалгааг хийгээд байна. Нэг мэс заслыг нэг эмч хийчихгүй, эмч сувилагч нараас бүрдсэн 12-15 хүнтэй бүхэл бүтэн мэргэшсэн баг ажилладаг.
-Зүрхний мэс заслыг нэг эмч хийчихгүй, мэргэшсэн баг ажилладаг гэлээ. Гэтэл нэг эмч хөдөө эсвэл хувийн эмнэлэгт зүрхний маш хүнд хагалгааг үнэгүй хийж тусласан гэх мэдээ сүүлийн үед гарах боллоо. Ийм боломж өргөн дэлгэр болсон гэсэн үг үү?
-Би Улсын III төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасагт 30 гаруй жил ажилласан зүрхний мэс заслын зөвлөх эмчийн хувьд, мөн ахмад эмчийн хувьд нэг зүйлийг анхааруулж хэлмээр байна. Зарим хувийн эмнэлгийн олон нийтийн сүлжээнд олны танил болсон зүрхний мэс засалч эмч нар “Монголд би л ганцхан зүрхний хүнд төрлийн мэс заслыг хийгээд байна” гэсэн утгатай зүйл бичиж, П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасгийн хамт олныг юу ч хийдэггүй мэтээр ярьж, хэлж байгаад үнэхээр харамсч байна. Олны хүндлэл хүлээсэн алдар цол зүүсэн эмч нар ийм хариуцлагагүй зүйл ярьж, эмч нарын маань хөдөлмөр зүтгэлийг үгүйсгэж байгаад ганц би биш мэргэжил нэгт хамт олон маань ихээхэн гайхаж байгаа. Олон нийтийн сүлжээгээр “би ингэлээ”, “Монголд би л анх удаа ийм хагалгаа хийлээ” гэж ярьж, бичээд байгаа тэр эмчийн хийсэн хагалгааг би нарийвчилж үзээгүй, гэхдээ хавсарсан, хүнд хэлбэрийн хагалгааг аль ч хувийн эмнэлэгт хийх боломжгүй. Сэтгүүлч та бүхэн яваад харьцуулан судалж сурвалжилж, зөв мэдээлэл хүргэх нь зүйд нийцнэ байх. Ер нь бол мэс заслын эмч нар маань зүрхний олдмол болон төрөлхийн хавсарсан гажгийг засах хагалгааг хийлгүй яахав, тэрийг би буруутгахгүй. Гэхдээ зөв мэдээлэл өгч, хариуцлагатай ажиллах явдал хамгаас чухал. Эмч хүний ёс зүй гэж бий. Би л ингэж чаддаг, би л энэ мэс заслыг хийж чаддаг гэх нь утгагүй шүү дээ. Зүрхний хүнд төрлийн хагалгааг ямар ч эмч “би”-гээр, “бие”-ээр хийчихдэггүй юм, тэр бол мэс заслын багийн, хамт олны хөдөлмөр байдаг. Үүнийг энд зориуд тэмдэглэж хэлье.
-Цаашид хийхээр төлөвлөж байгаа шинэ хагалгаанууд байгаа юу?
- Бид зүрхний титэм судасны шинэ төрлийн хагалгаануудыг мөн хийж байгаа. Гурван залгалтыг нэг дор хийх, өөрөөр хэлбэл боломжтой хэсэгт нь стенд тавьж, боломжгүй бөглөрсөн хэсэгт титэм судсыг сэргээх мэс заслыг хийж байна. Мөн хавхлагуудын гажгийг засах мэс заслын эмчилгээ манайд нутагшсан гэж бид үзэж байгаа. Энэ бол гол судасны, хоёр болон гурван хавтаст хавхлагыг нэгэн зэрэг засч өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байгаа. Сүүлийн үед энэ төрлийн мэс засалд ямар нэгэн хүндрэл гарахгүй байгаа. Энэ онд өмнө хийсэн хүнд төрлийн мэс заслуудыг нутагшуулснаар ахиц гарна. Шинээр хийсэн эдгээр хагалгаануудыг өмнө нь манай иргэд их төлөв гадаадын улс орнуудад очиж хийлгэдэг байсан байх. Эсвэл гаднаас эмч нарын баг ирж хагалгаа хийдэг байсан. Тэгвэл бид өөрсдөө бие даан хагалгаа хийх боломж бүрдлээ. Хамгийн гол нь энэ бүхэн манай эмч нарын хамтын хөдөлмөрийн үр шим, амжилт болохоос ганц хоёр хүний хийсэн бүтээсэн зүйл биш юм.
-Шинэ төрлийн хагалгааны зардал гадаадын улс орнуудад ямар байдаг юм бол?
-Гадаадын улс орнуудын тарифыг үзэхэд, ХБНГУ-д 80-100 мянган еврогийн өртөгтэй хийдэг. АНУ-д 210 мянган ам.доллар, БНСУ-д 50-70 мянган ам.долларын үнэтэй ийм хагалгааг бид Монголдоо хийж чадлаа. Тэгэхээр энэ хэмжээний валютыг гадагшаа урсгалгүйгээр дотооддоо хийх боломжтой болсон нь дэвшил юм. Цаашид маш хүнд оноштой өвчтөнүүд хагалгаанд орохоор хүлээгдэж байна. Манай эмч нарын зүгээс бүгдийг нь өөрсдийн нөөц бололцоог дайчлан хийхээр зорилт тавиад ажиллаж байна. Эдгээр хагалгааг хийсний дараа хэдэн хувийн үр дүнтэй ямар арга барил ашиглан хэрхэн хийсэн талаар мэдээлнэ.
-Танай тасагт жилд хэчнээн мэс засал хийгддэг вэ, өртөг зардал нь өндөр байдаг уу, эсвэл?
-Жилд зүрхний болон судасны мэс засал 1000 гаруйг хийдэг. Одоо зүрхний мэс засал хийлгэх шаардлагатай 3200 хүүхэд байгаа. Үүнд зүрхний хавсарсан хүнд төрлийн гажигтай хүүхэд олон бий. Зүрхний гажиг дотроо олон янз, энгийн, хавсарсан, хүнд гээд. Энгийн гажигтай хүүхдэд мэс засал хийх нь манай эмч нарт асуудал биш, өдөр тутмын хийдэг ажил, нэг өдөрт хэчнээнийг хийдэг. Түүнийгээ зарлаж, сурталчлаад байдаггүй. Энгийн гажгийг засах мэс засал зардал хямд. Хавсарсан хүнд гажгийг засах хагалгааны зардал 4-5 орчим сая төгрөг болдог. Үүний 75 хувь нь төрөөс буюу даатгалаас, 25 хувийг хувь хүн гаргадаг. Өмнө нь өндөр өртөгт хагалгаа гэж байсан журам нь өөрчлөгдсөн, оношийн кодоор ямар мэс засал хийхийг баталж, санхжүүжилтийг гаргадаг болсон. Хүүхдийн хагалгаанд иргэнээс төлөх хувь хэмжээ нь 600 мянгаас 1.2 сая төгрөг байгаа. 3-4 сая төгрөг нь даатгалаас төлөгддөг. Батлагдсан төсөв нь тийм байдаг. Өнөөдөр хүүхдийн зүрхний олдмол болон төрөлхийн гажгийг засах хүнд хэлбэрийн хагалгаа хамгийн тулгамдсан асуудал болж байна. Үүн дээр III төв эмнэлэг, ЭНЭМҮТ хамтран ажиллах хэрэгтэй. Энэ жил covid-19 цар тахал, хөл хорионоос шалтгаалж, хэн нь хэн бэ гэдгийг харуулсан, сорьсон жил болж байна. Алийн болгон гадаадын эмч нарын гарыг харж суух вэ. Монголын эмч нар нэгдэж, хамтарч ажиллаад яаралтай мэс заслуудыг шийдэх шаардлагатай. Энд төгс заслыг хийж болно, хөнгөчлөх буюу түр зуурын зовиур багасгах судасны залгалтуудыг хийж болно. Энэ чиглэлээр 2021 онд шийдэх асуудал олон байна. Үнэхээр буян хийе, хүүхдүүдэд үнэ төлбөргүй зүрхний хавсарсан хүнд гажгийг хагалгааг хийлцээд өгье гэсэн мэс заслын эмч нар байвал манай эмнэлэгт хүрч ирээд бидэнтэй хамтарч ажиллахад нээлттэй. Бид гар нийлж хамтраад ажиллахад бэлэн байна. Саяхан “Хүүхдийн төлөө” фондод мөнгө босгосон, түүнээс багахан хувийг ч гэсэн хүүхдийн зүрхний мэс засал хийхэд дутагдалтай байгаа тоног, төхөөрөмжийг авахад зарцуулаасай. Нэн ядуу иргэдийн төлөх хагалгааны зардлын 25 хувийг ч гэсэн төлөөд өгвөл том буян болохсон. Эмч нар маань нэгдэж хамтраад Монголынхоо ард түмний нэгдмэл эрх ашиг, ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө ажиллавал сайнсан. Бид хамтарч чадвал амжилт олно, түүнээс “би”-гээ, “бие”-э гайхуулаад үр дүнд хүрэхгүй.
-Хувиасаа төлөх мөнгөө гаргах боломжгүй иргэд, тэдний хүүхдүүд яах вэ?
- Ийм иргэд зөндөө бий. Эдгээр иргэддээ туслах байгууллага, хувь хүмүүстэй бид энэ онд хамтарч ажиллая гэж бодож байгаа. Мэдээж өндөр хандив мөнгө цуглуулахгүй. Боломжгүй иргэддээ туслая гэж байгаа байгууллага, хувь хүн байвал бид хагалгааг хийж өгч хамтрахад бэлэн. Гол нь хүмүүс үүнийг зөв ойлгох хэрэгтэй. Жишээ нь, Хөвсгөл аймгаас ирсэн хүүхдэд төгс хагалгаа хийж өгье гэж байхад хувийн эмнэлэг рүү очоод нөгөө хагалгаа хийлгэсэн байгаа юм. Тэр нь төгс биш хөнгөвчлөх хагалгаа. Гэтэл түүнийгээ том хагалгаа хийсэн мэтээр олон нийтийн сүлжээнд цацах жишээтэй. Ингэж ард түмнээ хуурч мэхэлж болохгүй шүү дээ.
-Эмнэлгийн тоног тө-хөөрөмжийн тухайд нөөц, боломж хэр байгаа вэ?
-Бид өөрсдийн боломжинд тулгуурлаж хагалгаа хийж байгаа болохоос дутуу зүйл зөндөө бий. Тухайлбал, хагалгаа хийж байхад цусыг шүүх, эсийг цэвэрлэдэг төхөөрөмж манайд байдаггүй. Нөгөөтэйгүүр, хавхлагатай кондрайт буюу хиймэл судсанд суулгадаг багаж төхөөрөмж байхгүй. Иймээс манай эмч нар хавлагаа хиймэл судсанд залгаж оёод монголчилсон хувилбараар хагалгаагаа хийсэн. Энэ мэтчилэн тоног төхөөрөмж бүрдчихвэл энэ төрлийн хагалгааг хийх боломж байгааг саяын хагалгаагаар харууллаа. Үүнээс гадна бидний өмнө шийдэх ёстой, хүлээгдэж байгаа маш олон хагалгаа байна. Жишээ нь зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээс өмнө зүрхний зүүн болон баруун талд нь нэмэлт төхөөрөмж суулгах бэлтгэл ажил хангагдаж байгаа. Төхөөрөмжийг нь оруулаад ирвэл хийх боломжтой.
-Зүрх судасны өвчлөл тэргүүлж байна, нас баралт их байна гэдэг. Урьдчилан сэргийлэхийн тулд бид юуг анхаарах ёстой вэ?
-Зүрх судасны өвчлөлөөс сэргийлж болно. Энэ нь олон талтай. Төрөлхийнх үү, олдмол уу, гэмтлийн улмаас үүсэв үү. Эсвэл хөдөлмөрийн хүнд нөхцлөөс шалтгаалсан уу гэдгийг тооцож үзэж тогтоох ёстой юм. Хамгийн түрүүнд анхаарах зүйл, ялангуяа олдмол гажгийн тухайд бага наснаас эхлэн шүд хорхойтох, хоолойны ангинатай байх зэргийг анхаарч бүрэн дүүрэн эмчлүүлэх хэрэгтэй. Энэ бол зүрхний олдмол гажгаас сэргийлэх чухал арга юм шүү дээ. Нөгөө талаас нэгэнт өвчтэй болсон, зүрхний хавхлага гэмтсэн бол аль болох хүндрэл багатай үед нь хяналтанд орж, эмчилгээ хийлгэвэл өвчтөнд ч, мэс заслын эмчилгээ хийж байгаа эмч нарт ч дөхөмтэй байна.
-Хүмүүс элэг, бөөр шилжүүлэн суулгаж байгаа эмч нарын ур чадвар, мэдлэг чадварыг шагшдаг хэрнээ зүрхний эмч нарыг, тэдний амжилттай хийсэн хүндхэн хагалгааны талаар тэр бүр ярьж, мэдээлээд байдаггүй. Ямар учир байна?
-Уг нь тэдэнтэй зүйрлэхийн аргагүй тийм хагалгаануудыг манай зүрх судасны мэс засалчид хийдэг. Би түрүүнд хэлсэн, нэг хагалгаанд л гэхэд бүхэл бүтэн баг, олон талын мэргэжилтнүүд нэгдэж ордог. Би элэг, бөөр шилжүүлэн суулгаж байгаа бусад эмч нарын хийснийг үгүйсгэхгүй ч бид тэрнээс илүүг хийж чадаж байгаа. Харин бидний дутагдалтай тал нь хийснээ ярьдаггүй, гадагш нь мэдээлж, олон нийтэд сурталчилдаггүй юм болов уу даа. Өөрөөр хэлбэл, бидний арчаа муутайнх байх. Ер нь бол зүрхний хагалгаа дотроо олон янз. Амархан нь ч байна, дунд зэргийнх нь ч бий. Маш хүнд мэс засал ч гэж бас байна. Техник, арга барилын талаас нарийн төвөгтэй тооцогддог, зүрх шилжүүлэн суулгахаас ч хэцүү, маш хүнд мэс заслыг Монголдоо хийх боломжтой гэдгийг 2020 онд манай эмч нар харууллаа. Зарим эмч хөнгөн мэс засал хийчихээд түүнийгээ би гайхалтай том хагалгаа хийлээ гээд сошиалаар шагшраад байдаг. Тэдний хийж байгаа зүйл манай эмнэлгийн эмч нарын өдөр тутам байнга хийдэг ажил, тэрийгээ тэглээ, ингэлээ гэж ярьж гадагш нь цацаад байдаггүй. Ер нь энэ олон нийтийн сүлжээ сүүлийн үед замбараагаа алдаж байна. Өдөр тумынхаа ажлыг заавал ч үгүй олон нийтэд тайлагнах ёстой юм уу, хүний эрүүл мэнд, хагалгаа, зовлон жаргалыг олон нийтэд дэлгэж жиргэж тараах ёстой юм уу. Ёс зүйн хэм хэмжээ гэж байх ёстой. Харин энэ удаа дэлхийн том төвүүдэд, өндөр зэрэглэлийн мэс заслын эмч нарын хийдэг хагалгааг хийсэн учраас бид зайлшгүй ард түмэндээ хэлэх ёстой, зарлах ёстой. Үүнийгээ танай сониноор дамжуулан олон нийтэд хэлье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.1.7 ПҮРЭВ № 4 (6481)