Б.ДОЛЖИН
Орхон аймагт COVID-19 халдварын анхны тохиолдол арваннэгдүгээр сарын 17-нд бүртгэгдэж байсан. Харин хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 7-нд бүртгэгдсэнээс хойш 29 хоногт шинээр халдвар бүртгэгдээгүй байна.
Тодруулбал, тус аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт арваннэгдүгээр сарын 17-26-ны хооронд батлагдсан 22 тохиолдол нь төмөр замын ажилчдын дунд гарсан кластер голомттой холбоотой хоёр ажилтан болон түүний ойрын хавьтлуудын дунд бүртгэгдсэн юм. Үүнтэй холбоотой голомтод тандалт судалгаа хийх, хавьтлыг илрүүлэх, голомтын хүрээг тогтоох, голомтыг цомхотгох, тусгаарлах, эмнэлгийн тусламжийг зохион байгуулах зэрэг хариу арга хэмжээг Аймгийн онцгой комисс, Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулсан байна.
Шуурхай арга хэмжээний багийг 12 болгон өргөжүүлж, тусгаарлан ажиглах байрыг хоёр дахин нэмэгдүүлж, түүнд ажиллах хүний нөөцийн судалгааг шинэчлэн тодотгож, сургалтад хамруулснаар голомтыг хумьж чаджээ. Өнөөдрийн байдлаар тус аймагт COVID-19-ийн 25 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn