Боловсролын салбарын үхмэл сайтууд

2020-12-02
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Б.ТУУЛ

 

COVID-19 цар тахал дэлхий нийтийн боловсролын системд олон өөрчлөлтийг авчирч байна. Дэлхийн ихэнх улс орон цар тахал, вирусын тархалтыг бууруулах зорилгоор боловсролын байгууллагуудыг түр хугацаагаар хаах шийдвэр гаргаад байна. Энэ оны есдүгээр  сарын 30-ны байдлаар цар тахлын улмаас сургууль хаагдсанаас ойролцоогоор 1.077 тэрбум суралцагч хичээл сургуульдаа явах боломжгүй болсон гэсэн судалгаа мэдээлэл байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн мониторингийн дүнгээс үзэхэд өнөөдрийн байдлаар 53 оронд боловсролын байгууллагууд түр хугацаагаар хаалгаа барьж, 27 улс дунд, ахлах, их, дээд сургууль, коллежиудыг хэсэгчилсэн байдлаар нээж, 72 улсын сургууль одоогоор нээлттэй үйл ажиллагаа явуулж байна. Хэдийгээр боловсролын байгууллагууд түр хугацаанд хаалгаа барьсан ч ЮНЕСКО-гоос боловсролын үйл ажиллагаа, хичээл сургалтын тасалдлыг арилгахын тулд сургууль болон багш нарыг зайны сургалтын хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлж хэвшүүлэх, нээлттэй боловсролын программ, платформыг өргөн ашиглахыг зөвлөж байна.

 

Боловсролын салбарын цахим шилжилт яст мэлхийн хурдтай урагшилж байна

 

Хөгжиж буй улс орнуудад зайн сургалтыг үр дүнтэй явуулахад тоног төхөөрөмж болоод багш нарын ур чадвараас эхлээд учир дутагдалтай зүйл олон байгаа ч Засгийн газар, боловсролын байгууллагууд, багш нар энэ бүх саад бэрхшээлийг даван туулахын төлөө хичээн ажиллаж байна. Зарим улс орны мэдээллийг харахад зайн сургалт олон давуу талтай ч цахим хичээлийг олон цаг сунжруулан заах,  багш, сурагчид, эцэг эхчүүд гар утас, компьютерийн дэлгэцийн өмнө олон цаг суух нь хэн хэнийгээ залхаах талтай. Эрүүл мэндийн хувьд ч сөрөг нөлөөтэй гэж үзэж байна. Тиймээс цахим хичээлийг богино хугацаанд 20-30 минутад багтаан яаж сонирхолтой бэлтгэх вэ. Олон хичээлийн агуулгыг яаж 2-3 цагт багтаан үзэх вэ гэсэн олон шинэлэг санаа, зөвлөгөө зөвлөмж, гарын авлагуудыг багш нартаа тасралтгүй хүргэсээр байна.

Хятад улсад өнгөрсөн дөрөвдүгээр сард бүх оюутан сурагчийн онлайн орчинд ажиллаж сурах, боловсролын байгууллагын цахим шилжилтийг бүх салбартаа эрчимтэйгээр хийсэн. Энэ бүхнээс харахад COVID-19 цар тахал нь боловсролын салбарт зайн сургалтыг богино хугацаанд нэвтрүүлэх, дижитал орчин, мэдээллийн технологийг сургалтад бүрэн дүүрэн ашиглах, дан ганцхан багш, сурагч төдийгүй хүүхдийнхээ хичээл сургалтад анхаарал хандуулж байгаа эцэг эхчүүд,  гэр бүлийнхэн хүртэл технологийн мэдлэгээ дээшлүүлж,  онлайн сургалтын давуу талуудыг ашиглаж сурах гэсэн олон өөрчлөлтөд  суралцах, дасан зохицох хэрэгтэй болж байна. Тиймээс дэлхийн ихэнх улс орны Засгийн газар, боловсролын байгууллагууд нь энэ талаарх судалгаа шинжилгээнүүдийг тасралтгүй хийж, заавар зөвлөмжийг багш, эцэг эхчүүдэд шуурхай өгч ажиллахад анхаарч байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн боловсролын байгууллагууд  энэ өдрүүдэд COVID-19 ба боловсрол”, “Боловсролын салбарт үзүүлж буй цар тахлын нөлөө, хэтийн төлөв”, “Боловсролын салбарын менежмент, аюулгүй байдлын зөвлөмж”, “Цар тахал болон боловсролын салбарт гарч буй чиг хандлагууд, сайн,муу талууд” гэсэн олон асуудлыг өргөн хүрээтэй хэлэлцэж, олон төрлийн хэлэлцүүлгийг өрнүүлж, судалгаа шинжилгээ, сургалт зөвлөгөөнийг цахимаар тасралтгүй хийсээр  байна. Харин манай улсад энэ ажил харьцангуй удаашралтай, намжмал байдалтай байна. Шуудхан хэлэхэд боловсролын салбарын хамгийн чухал гэгдэх байгууллагуудын бодлого шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлууд, цахим мэдээллийн сайт бүгд унтаа байдалтай байна. Нөгөө “Хэлдэг гурав, хийдэг ганц” гэдэг шиг БШУЯ-ны харьяа боловсролын салбарын гол байгууллагууд болох Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Боловсролын хүрээлэн, Боловсролын зээлийн сан, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Насан туршийн боловсролын үндэсний төв, Нийслэлийн боловсролын газар гэсэн байгууллагын үйл ажиллагааг тольдвол, ихэнх байгууллагын мэдээллийн сайтууд нь үхмэл. Зарим  нь амьтай амьгүй мэт гэлдэрч ажлын тайлан мэдээлэл, төлөвлөгөө, хийж хэрэгжүүлсэн ажлууд нь сард нэг удаа эсвэл 14 хоногт нэг удаа солигддог байх жишээтэй. Үүнээс л манай улсын боловсролын салбарын цахим шилжилт дэндүү удаан, яст мэлхийн хурдаар урагшилж байна уу гэдэг нь тодорхой харагдана.

 

Теле хичээл байршуулахаас өөр мэдээлэлгүй унтаа сайтууд

 

Боловсролын салбарын бүх шатны ажил цахимд шилжиж буй энэ өдрүүдэд харин ч илүү хурдтай, шахуу ажиллаж, багш сурагчдаа богино хугацаанд зайны сургалтад бэлтгэж,  сургаж дадлагжуулах ажилд илүү түлхүү анхаарч, зөвлөгөө мэдээллээр тасралтгүй “бөмбөгдөж” баймаар. Гэтэл сарын өмнөх мэдээлэлтэйгээ, хоёр жилийн өмнөх зарим цэс нь хоосон, бүхэл бүтэн байгууллагын нэрийн хуудас болсон цахим сайт нь одоо болтол цэгцрээгүй, түүхий байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Жишээ нь, Нийслэлийн боловсролын газрын www.edub.edu.mn цахимын хувьд дутуу дулимаг зүйл олон харагдана. Сургалт, семинар цаг үеийн мэдээлэл нь 10-20 хоногтоо нэг шинэчлэгддэг. Цар тахал дэгдсэн, цахим сургалт эрчээ авсан  энэ өдрүүдэд багш нарт, боловсролын байгууллагынханд зориулсан цахим мэдээлэл, цахим сургалтын зар мэдээлэл нь ор тас сураггүй. Мөн хамгийн чухал гэгддэг багшийн хөгжил, сурагчийн хөгжил, мэргэжил сонголт гэсэн цэсэнд одоог хүртэл огт мэдээлэл байршуулаагүй. Ил тод мэдээлэл дээр нь байгууллагын төлөвлөгөө тайлан болон хамтран ажиллаж буй байгууллагуудын талаарх мэдээлэл огт байхгүй. Өргөдөл гомдлын шийдвэрлэлтээ хэрхэн тайлагнасан нь бас тодорхойгүй байх жишээтэй. Харин авууштай зүйл нь тус байгууллагынхан алба хаагчдынхаа мэдээллийг хичээлийн шинэ жил эхлэх үеэр буюу өнгөрсөн есдүгээр сард шинэчилсэн, иргэдийг хүлээж авах хуваарь гаргасан байгаа юм.  Дээрээс нь мэдээж Нийслэлийн боловсролын газар учраас теле хичээлийн хуваарийг цаг тухайд нь байршуулсан байв.

Боловсролын хүрээлэнгийн www.mier.mn цахимыг харахад,  мөн ес, аравдугаар сарын мэдээлэл нь идэвхтэй, арваннэгдүгээр сарын 1-2 мэдээлэлтэй. Сүүлийн 20 хоногт мэдээлэл  нь огт шинэчлэгдээгүй зогсонги байдалтай байна. Үйл ажиллагаа, фото мэдээлэл гэсэн цэс нь 2017 оны мэдээлэлтэй, хэвлэлийн тойм цэсээс нь хүн үзэх зүйлгүй, 2018, 2020 оны давтаж тавьсан унтаа мэдээлэлтэй. Авууштай зүйл нь СӨБ, ЕБС-ийн сурагчдад зориулсан теле хичээлийг анги тус бүрээр  нь www.econtent.edu.mn цахимд байршуулсан байв. Мөн шилэн данс, тушаал шийдвэрийн цэс нь идэвхтэй, ил тод мэдээлэлтэй байна. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн  www.accmon.mn цахим мөн хэт албаны, томоотой, хуучирсан мэдээлэлтэй байна. Энэ нь аз болоход сайтын бүтцийг нь боломжийн харагдуулдаг. Үйл явдлын мэдээ нь бусдыгаа бодвол долоо хоногт нэг удаа шинэчлэгддэг. Гадаад, дотоод дахь магадлан итгэмжлэл, боловсролын салбарын чанар гэсэн сэдэвт ярилцлагууд нь 2013-2016 оны хуучирсан мэдээлэлтэй. Видео мэдээлэл, форум гэсэн бусад мэдээлэл нь мөн адил хуучирсан байх жишээтэй. 

Оюутан, сурагчдын хамгийн их сонирхдог Боловсролын зээлийн сангийн мэдээлэл бүр таг. Сайт нь ч нээгдэхгүй. Фэйж хуудас нь 2018 оны Ц.Цогзолмаа сайдын ганц нэг бичлэгтэй,  өнгөрсөн дөрөв, тавдугаар сарын болхи мэдээлэлтэй харагдаж байна.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт www.itpd.mn бусад сайттай харьцуулахад арай амьтай сайтуудын нэг. Танилцуулгаасаа эхлээд тухайн албан байгууллагын мэдээллүүд нь эмх цэгцтэй. Шүүмжлэлтэй хандах зүйлс нь багш нарыг тасралтгүй хөгжүүлэх гэсэн чиглэлд сургалтын хөтөлбөр нь дэндүү цөөн. Хоёр сарын дунд нэг сургалт зохион байгуулах нь олонтаа. Нэг, хоёр сарын өмнөх мэдээлэлтэй. Хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл, цаг үеийн мэдээлэл нь идэвхтэй. Ядаж л долоо хоног бүр мэдээлэл нь шинэчлэгдээд, өдөрт хоёр мэдээ оруулаад  явсан байна. “Аргазүйчийн цаг”-т хичээл тус бүрээр ахмад багш нарын туршлага, мэдлэгийг хуваалцсан подкасттай. Зар мэдээллийн хувьд сард нэг арга хэмжээ зохион байгуулах хуваарьтай. Багшийн хөгжлийн цэс нь хуучирсан боловч 2020 оны сар бүрийн мэдээлэлтэй. Багш нарт зориулсан гарын авлага, хамтран ажилладаг улс орнуудын талаарх мэдээллийг боломжийн түвшинд байршуулсан нь сайшаалтай санагдав. Мөн COVID-19 цар тахлын дэгдэлтээс шалтгаалан дэлхийн улс орнууд тэр дундаа Ази Номхон далайн улс орнууд танхимаар хичээллэх боломжгүй болсон энэ цаг үед теле хичээлийг хэрхэн зохион байгуулж байгаа талаарх товч мэдээллийг ЮНЕСКО-гийн тайлангаас орчуулан хүргэсэн нь бусдыгаа бодвол магтах зүйлтэй байв. 

Цахим орчинд мэдээлэл түгээх гол хэрэгслүүдийн нэг бол албан байгууллагын вэб сайт. Тэр тусмаа боловсролын салбарын вэб сайт бол цар тахал дэгдсэн, бүх сургалт цахимжсан энэ өдрүүдэд илүү идэвхтэй, хурдтай, олон шинэ мэдээлэлтэй ажиллаж байх ёстой. Гэтэл боловсролын байгууллагын эдгээр сайт нь  боловсролын салбарын мэдээллийг хурдан шуурхай, цаг алдалгүй авахыг хүссэн багш, сурагчид, эцэг эхчүүд, оюутан залуусын хэрэгцээ шаардлагыг яагаад ч хангаж чадахгүй байна. Ийм байхад орчин цагийн хүмүүсийн сонирхдог бусад мэдээлэл, график дизайн шийдлүүд, программын хөгжил, хүмүүсийн анхаарлыг татах сонирхолтой, эмх цэгцтэй зөвлөгөө мэдээллүүдийн талаар ярих ч хэрэггүй юм. Тиймээс боловсролын салбарын шинэчлэл, реформ, Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дээр дооргүй хэлэлцэж буй энэ өдрүүдэд боловсролын салбарынхан энэ мэт ажилдаа анхаарч, амь ормоор санагдав. Сошиал медиа орчин гэрлийн хурдаар хөгжиж буй энэ үед улс нийгэмдээ цахим мэдээлэл, сурталчилгааг төлөвшүүлэхээс илүү салбартаа ядаж технологийн шийдлийг ашиглаж, дижитал шилжилт хэмээх зүйлийг боловсролын салбартаа түрүүлж,  тогтворжуулж, нутагшуулахсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.2 ЛХАГВА № 230 (6455)

 

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин