Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /6/

2020-11-18
Нийтэлсэн: Админ
 14 мин унших

Бодлогын саналд зориулсан суурь судалгааны өгүүлэл

 

Урадын Э.Булаг

(Их Британийн Кэмбрижийн их сургууль)

 

Англи хэлнээс орчуулсан:

Э.Туулайхүү (МУИС, Хууль зүйн сургууль)

Ш.Туяа (МУИС, Шинжлэх ухааны сургууль)

 

Түрүүч нь Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /1/

Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /2/

Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /3/

Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /4/

Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /5/

 

6. Социалист Монгол улсад үндэстний асуудал, үндэстний цөөнхийг бий болгосон нь

Харамсалтай нь 1911 оноос хойш бараг бүх хошууны Монгол ван гүнгүүдийг Богд хаант Монгол Улсын засгийн газрыг дагахаа илэрхийлэхэд хүргэсэн Монголчуудын эв нэгдэл нь 1921 оны коммунист хувьсгалын дараа Гадаад Монголын ардын хувьсгалт нам (ГМАХН) улсын эрх мэдлийг гартаа аван Ардын засгийг байгуулснаар нуран унасан билээ. Хувьсгалаар шинэ ангич үндэстэн (class-nation) гэх парадигмийг бий болгож, Монголын хувьсгалчид Монголчуудыг гадаадын империалистууд болон дотоодын ноёлогч ангиудын дарлал, мөлжлөгөөс чөлөөлөгдөх зорилго бүхий бага буурай улс үндэстэн хэмээн тодорхойлж байсан. Тухайн үед үндэс, үндэстэн гэх нэр томъёо бий болсон байна. Зөвхөн Монгол гэдэг үгтэй хоршин хэрэглэгддэг байсан хэлтэн, тоотон, угсаатан, язгууртан, туургатан гэх үгс нь Монгол гэх хамтын тусгай ижилслийг илэрхийлэх утгатай болсон байхад үндэс, үндэстэн гэх нийтлэг нэр томъёо нь Монголчуудыг дэлхийн үндэстнүүдийн ойн нэг гишүүн болгожээ.

Бага буурай улс үндэстэн нь угтаа Дэлхийн I дүгээр дайны дараа өргөн хэрэглэгдэж байсан хэллэг гэдгийг энд дурдууштай. Энэ нь шинээр тусгаар тогтносон Латин Америкийн орнуудад Европоос нөлөөллөх явдлыг АНУ эсэргүүцэн 1823 оноос хэрэглэх болсон гол бодлого гэгддэг Монрогийн номлолоос гаралтай. Латин Америкийн эдгээр улсыг “жижиг улсууд” хэмээн нэрлэдэг байжээ. Дэлхийн I дүгээр дайн төгсгөл болоход олон тооны улс, ард түмэн өөрсдийгөө империалист “их үндэстэн” (great nations), “их улсууд” (great states)-д дарлагдсан “жижиг улс”, “бага үндэстэн”, “бага буурай улс үндэстэн” хэмээн нэрлэх болжээ. АНУ болон Большевикуудын аль аль нь энэхүү үзлийг империализмын эсрэг бага бөгөөд буурай улсууд, ард түмнийг хөдөлгөөнд оруулахад ашигласнаар бие биенээ эсэргүүцэгч хоёр томоохон блок үүсэхэд хүргэсэн. Дэлхийн I дүгээр дайны дараа Дундад Иргэн Улс санаатайгаар өөрийгөө “бага буурай улс” хэмээн томъёолсон[1] бол харин Монголчууд аль 1911 онд өөрсдийгөө аль хэдийн бага буурай улс хэмээн нэрлэж үүнийгээ Оросын тусламжийг эрэлхийлэн Чин гүрнээс тусгаар байдлаа олж авах, улмаар Дундад Иргэн Улсын зүгээс тусгаар Монгол улсыг өөрийн бүрэлдэхүүн болгох гэсэн оролдлогыг эсэргүүцэхэд ашигласан байна.[2]

ГМАХН-ын Зөвлөлтийн Улаан армийн тусламжтайгаар 1921 онд олж авсан Монголын тусгаар тогтнол нь социалист төрийн эцсийн зорилго байгаагүй бөгөөд энэ нь ангийн дарангуйлагчид, мөлжигчид гэгдэх дотоодын дайснуудыг устгах үйл ажиллагааны эхлэл байлаа. Үндсэн хуулиар эрх олгосон улсын хэмжээт эрхэт хаан Жавзандамба хутагт 1924 онд таалал төгсөхөд Монгол Улсын нэрийг Бүгд Найрамдах Монгол Ард Улс болгон өөрчилж Гадаад гэх хятад-төвтэй тодотголыг[3] хэрэглэхээ больсон. Тухайн үеээс Монгол ардын хувьсгалт нам (МАХН) язгууртан, Буддын сүм хийд гэсэн хоёр институцийг гол байгаа болгож эхэлсэн байна. Эдгээр институцийг үгүй хиймэгц хошуудын аймгийн бүтэц тодрон гарч ирсэн билээ. Бүр дордсон зүйл нь ангич-үндэстэн (class-nation)-ий зарчмыг “аймаг” (tribes) хоорондын харилцаанд хэрэглэсэн явдал юм. Мөн энэ үед хошууд доторх нөлөө бүхий ван гүнгүүдтэй болон Богд Жавзандамба хутагттай холбоотойгоор тодорхой бүлгүүдийн хооронд хөгжиж ирсэн хамжлага (patron-client)-ын харилцааг үндэсний дарангуйлал, мөлжлөгийн нэг хэлбэр хэмээн үзэх болжээ. Хувьсгалын шинэ шударга нөхцөлийн үүднээс Монголын бүтцийг эзэрхэг дээрэнгүй Халх ба “бусад үндэстний бага буурай аймгууд” хэмээн өөрчлөн тодорхойлж “бусад үндэстний бага буурай аймгууд”-ыг Халхын дарангуйллаас чөлөөлөх шаардлагатай хэмээн үзсэн байна. Үүнийг 1925 оны МАХН-ын хөтөлбөрөөс ажиглаж болох юм. Үүнд:

“БНМАУ-ын Халх болон бусад үндэстний бага буурай аймгууд хоорондын ялгаварлан гадуурхах байдлыг бүрмөсөн арилгах. Үүнд ялангуяа Халхуудын бусад үндэстний бага буурай аймгуудад дээрэнгүй байдлаар хандах байдлыг үгүй хийх; бусад үндэстний бага буурай аймгуудын ардын жинхэнэ эрх чөлөө, эрхийг аливаа ялгаварлалгүйгээр хүндэтгэх.”[4]

Ийм маягаар 1920-оод онд МАХН нь Монгол улс дахь “үндэстний асуудал”-ыг “бүтээсэн” байна. Монголын анхны мэргэжлийн угсаатан зүйч С.Бадамхатан тухайн үед үндэстний асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

“Хувьсгалын эхний хэдэн жилд хэд хэдэн удаа намын хурал хуралдаж, төр [төрөл бүрийн ард иргэдийг] анхааралдаа аван хилийн бүс нутгийн Урианхайчуудын амьдрал, соёл болон боловсролыг дэмжих талаар тодорхой заавар, тогтоолуудыг гаргаж; Хотон, Дархад, Урианхайг Дөрвөдийн Зоригт Вангийн болон Жэбзундамба хутагтын хамжлага байхаас чөлөөлсөн. Энэ нь ястнуудад улс төрийн тэгш эрх олгосон томоохон алхам байлаа.”[5]

МАХН-ын хөтөлбөрт дурдсан “бусад үндэстний бага буурай аймгууд” гэх ухагдахуун нь Монголчуудыг “бага, буурай улс үндэстэн” хэмээн танилцуулах гэсэн логикийг дагасныг энд тэмдэглүүштэй. Хоёул эрх чөлөөг эрхэмлэгч, мөн хоёул түрэмгийлэгч үндэстнүүдийн [эхнийх нь Халхын, удаах нь Хятадын] дарангуйллаас чөлөөлөгдсөн. Ийнхүү “бусад үндэстний бага буурай аймгууд” гэх нэршил нь угсаатан бүлэг гэхээс илүүтэйгээр “үндэстний цөөнх” хэмээн тодорхойлогдох болжээ.

1930-1932 оны хооронд Улсын бага хурлын дэргэд “Бага ястны зөвлөл”-ийг байгуулж, БНМАУ-ын хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор МАХН-ын “үндэсний бодлого”-ыг хэрэгжүүлэх үүргийг тус зөвлөлд өгсөн байна. Ийнхүү “бусад үндэстний бага, буурай аймгууд” гэх нэр томьёоны оронд бага ястан хэмээх албан ёсны ангилал бий болж Монгол дахь Халхаас бусад бүлгийг үүнд багтаах болжээ. Зөвлөлийн харъяалалд Дөрвөд, Баяд, Хотон, Мянгад, Өөлд, Захчин, Торгууд, Алтайн Урианхай, Хасаг (Казах), Дарьганга, Буриад, Дархад Урианхай, Алтайн Өөлд, Барга, Хасууд, Үзэмчин, Хуучид, Харчин, Цахар, Чантуу, Ар Ширхтэн, Өвөр Ширхтэн гэх бага ястан хамаарч байв. Эдгээр нь нийлээд Монголын хүн амын 10 хувийг бүрдүүлдэг байжээ. [6]

Бага ястны зөвлөлийн гол зорилго нь ястнуудын хооронд эрх тэгш байдлыг дэмжихийн тулд янз бүрийн түвшинд тэдэнд засаг захиргааны бие даасан байдал олгох явдал байв.[7] Үүнээс гадна Зөвлөл нь язгууртнуудын өмчийг хураах, сүм хийдийг хаах, лам нарыг шашингүй амьдралд хүчээр оруулах, коммунжуулах, тэднийг өөрсдийн хэлний төвшинд нь бичиг үсэгт тайлуулах зэрэг тухайн үед улсыг бүхэлд нь нөмрөөд байсан эрс бодлогуудыг хэрэгжүүлэх үүрэг хүлээж байжээ. 1931 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Зөвлөлөөс хэвлүүлсэн “МАХН-ын бага ястны талаар баримтлах бодлого” хэмээх өгүүлэлд үндэсний дээрэнгүй үзэл болоод ястныг баримтлах үзлийн эсрэг тэмцэж Монгол дахь бүх ястны дунд интернационалын чанартай соёлыг[8] дэмжих хэрэгтэй хэмээн бичжээ. “Интернационалч” хэмээн үгийн сонголт нь МАХН ястан хоорондын харилцааг хэрхэн ойлгодог байсныг харуулна.

Үнэн хэрэгтээ эдгээр бодлого нь үүнээс ч өмнө нь хэрэгжиж эхэлсэн байна. Зөвлөл зөвхөн явцыг хурдасгах гэсний улмаас хөнөөлтэй үр дагавар бий болжээ. Олон тооны хүн тэр дундаа бага ястан гаралтай лам нар Хятад руу дүрвэн гарсан ба бүрэлдэхүүнд нь Халхаас өгсүүлээд Монголын бүх бүлэг орсон томоохон хэмжээний зэвсэгт бослого 1932 онд Баруун Монгол даяар дэгдэж БНМАУ-ийн төрөөс хэрцгийгээр дарах явцыг эхлүүлжээ.[9] Үүний улмаас БНМАУ нь ястнуудын дунд “интернационалч” байдлыг дэмжих байр суурьнаасаа татгалзаж хил хязгаарын бүсийн ястнуудыг урван тэрслэгч хэмээн харах болсноор өмнөх бодлогод бүрэн эргэлт гарчээ. Шинжааны хавьд Баруун Монголд оршин суудаг Урианхай, Казах, Торгууд, Захчин, Өөлд зэрэг бага ястны бүлгүүдийг, Өвөр Монголтой ойр зүүн Монголд болон Япончуудын шинээр байгуулсан тоглоомын улс болох Манжгод байдаг Буриад, Барга, Дарьганга, Цахар, Өвөр Монголчуудыг Хятадуудын хамтаар БНМАУ-ын бүрэн эрхт байдлыг сүйтгэхээр гадаадын дайсны тагнуул хийж, БНМАУ дахь хувьсгалын урван тэрслэгч, дотоодын дайсанд туслалцаа үзүүлж байна гэх гүн хардалтын нүдээр харж байв. Эдгээр бүлгийн цөөнгүй нь 1911 оноос хойш Орос, Хятад дахь үймээн самуунаас дайжин шинээр тусгаар тогтносон Монгол улсад нэгдэхээр ирсэн боловч 1930-аад оны эхэн үеэс түүхэн эх нутагтаа аюулгүй байх боломжгүй болжээ. 1937-1939 оны хооронд болсон Их хэлмэгдүүлэлтийн үеэр зүүн Монголд амьдарч байсан бага ястнууд, үүний дотор Буриад, Баргуудыг Японы тагнуул хэмээн буруутгаж, тус хоёр бүлгийн насанд хүрсэн бүх эрэгтэйчүүдийг хүйс тэмтэрсэн байна.

Улсын хэмжээний засаг захиргааны өөрчлөлт болон МАХН-ын нийгмийн хувьсгалд бага ястнуудыг тодорхойлох явдал голлох үүрэгтэй байсан тул Монголын Судар бичгийн хүрээлэн (Шинжлэх ухааны академи байгуулагдахаас өмнө байсан байгууллага) болон Зөвлөлтийн Шинжлэх ухааны академийн хамтарсан төслийн хүрээнд хийж байсан угсаатны судалгааны обьект нь бага ястнууд болж байв.[10] Монголын тэргүүлэх эрдэмтэд болох Буриад Ц.Жамцарано (Жамсраны Цэвээн), Б.Ринчен нар Орос хэлний этнография гэдэг үгийг орчуулан төслөө “аймаг судлал” хэмээн нэрлэсэн. Тэд “аймаг судлал”-ын ухааныг хүний олон аймаг, овог болон тэдгээрийн соёл, иргэншил, ахуй амьдрал, зан заншил, хууль цаазыг судалдаг салбар”[11] хэмээн тодорхойлжээ. Тэгээд “аймаг судлалд” зохих сэдвүүдэд нь хууль эрх зүй, зан заншил, шашин шүтлэг, мухар сүсэг, овог үндэсний ялгаа, ардын уран зохиолын хүүрнэл, үлгэр, туульс, дуу болон яруу найргийн”[12] судалгаа гэж үзсэн байна. 1934 онд Ц.Жамцарано Дархад, Хөвсгөл нуурын Урианхай, Дөрвөд, Хотон, Баяд, Өөлд, Мянгад, Захчин, Торгууд, Хошууд, Дарьганга, Алтайн Урианхай, Хасаг, Хамниган нарын гарал үндэс байдлын өгүүлэл номыг хэвлүүлсэн байна. Тус бүтээлд шинжлэх ухааны үүднээс арван дөрвөн ястны онцлогийг тодорхойлж, баталсан нь Монгол улс дахь энэ чиглэлийн төслийн гол үр дүн болжээ.[13]

Буриад, Баргуудтай харьцуулахад Казакууд илүү дээр түүхийг туулжээ. Казакууд нь XIX дүгээр зууны сүүл үед Шинжаанаас нүүн ирсэн бөгөөд 1917 онд хорин нэгэн мянган (21,000) Казак хүнд Монголын иргэншил олгосон байна. Казакуудын хилээр орж, гарах асуудлыг хянан шалгадаг байсан ч Оспан батыраар толгойлуулсан Шинжаан дахь Хятадын ноёрхлын эсрэг Казак босогчдыг дэмжих Зөвлөлтийн болон Коминтерний шинэ бодлогын нөлөөгөөр 1930-аад оноос БНМАУ тэдэнд арай элгэмсэг хандаж эхэлжээ.[14] 1940 онд Казах дүрвэгсдэд зориулан Ховд аймгийн нутгаас тодорхой газар таслан Монгол хэлээр ярьдаг бага ястан болох Алтайн Урианхайчуудын оршин сууж ирсэн нутагт Баян-Өлгий аймгийг байгуулжээ. Казакуудыг үндэстний цөөнх хэмээн 1940 онд хүлээн зөвшөөрсөн. 1942 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Казакуудад зориулан шинэ казак үсэг бий болгож, соёл болон хэлний эрх чөлөөг олгосон байна.[15]

Энэ бүлгийн төгсгөлд 1920-оод оноос хойш БНМАУ нь өөрийгөө “бага буурай улс үндэстэн”-ээс Монголчуудгүй олон үндэстний (олон үндэстнээс бүрдсэн) улс болгон өөрчилсөн нь тодорхой байна хэмээн дүгнэж болохоор байна. Тодруулбал БНМАУ-д “бага буурай улс үндэстэн” буюу “бага ястан”, шинээр хүлээн зөвшөөрсөн Казак үндэстний цөөнх ба үндэсний дээрэнгүй үзэлтэй гэх Халхууд байсан. Харин БНМАУ-д байгаагүй зүйл нь Монгол үндэстэн юм! Өвөр Монгол, Шинжаан, Буриадаас олон бүлэг Монголд өөрсдийгөө Монголчууд хэмээн бодож ирэхэд тэднийг өчүүхэн жижиг аймаг, гадаадын дайсны туршуул хэмээн үзсэний үр дүнд цөөнгүй нь Монголд амьдарч чадаагүй. Нөгөө талаас Халхуудад ч илүү хувь тавилан оногдоогүй бөгөөд бага ястан хэмээн нэрлэгдэж байсан бүлгүүдээс ч багагүй хохирсон билээ.

 

[1] Хятадууд “бага буурай улс үндэстэн” гэх ойлголтыг хэрэглэж байсан талаар Robert J. Culp 2007. “‘Weak and small peoples’ in a ‘Europeanizing world’: world history textbooks and Chinese intellectuals' perspectives on global modernity.” In Tze-ki Hon and R.J. Culp (eds.) The Politics of Historical Production in Late Qing and Republican China. Leiden: Brill, pp. 211-245 -аас үзнэ үү.

[2] Uradyn E. Bulag 2012. “Independence as Restoration: Chinese and Mongolian Declarations of Independence and the 1911 Revolutions.” The Asia-Pacific Journal, Vol. 10, Issue 52, No. 3, December 31, 2012. https://apjjf.org/2012/10/52/Uradyn-E.-Bulag/3872/article.html

Эдүгээ Монгол улс өөрийгөө “жижиг улс” хэмээн тодорхойлохыг идэвхтэй эрэлхийлж байна. Энэ талаар G.Tumurchuluun 1999. “Security of Small States in the Eve (sic.) of 21st Century.” The Mongolian Journal of International Affairs, No.6, pp. 9-13-аас үзнэ үү.

[3] “Гадаад Монгол” (Англиар “Outer Mongolia”; Хятадаар Wai Menggu) гэх улс төр-захиргааны шинжтэй нэр томъёог 1915 онд гурван (3) улсын гэрээгээр Монголын тусгаар тогтнолыг цуцлан Бүгд найрамдах Хятад улсын сюзернитет байдлаар хүлээн зөвшөөрснөөс хойш албан ёсоор хэрэглэх болсон. Нөгөө талаас “Дотоод Монгол” (Англиар “Inner Mongolia”; Хятадаар Nei Menggu) гэх нэршил төр улсын нэр байдлаар [Монголчуудын дунд] хэрэглэгдэж байгаагүй. Бүгд найрамдах Хятад ард улс байгуулагдсаны дараа одоогийн 1947 оны 5 дугаар сарын 1-нд байгуулагдсан Өвөр Монголын өөртөө засах орныг Хятадаар Nei Menggu буюу орчуулбал Дотоод Монгол хэмээн нэрлэдэг боловч Монголоор ийнхүү нэрлэж байсан удаагүй. Монгол Улсын нэрийг өөрчилсөн явдал нь “өөртөө засан тохинох (тусгаар тогтнох) нь өөрийгөө тодорхойлохоос эхэлдэг”-ийн нийтлэг нэг жишээ юм.

[4] Uradyn E. Bulag 1998. Nationalism and Hybridity in Mongolia. Oxford: Clarendon, p.39 бүтээлд иш татсан. (Монгол дахь үндэсний үзэл ба эрлийзжил, МУИС Прэсс, 2016)

[5] Бадамхатан 1980: 17, Uradyn E. Bulag 1998: 38-39.

[6] Г. Мягмарсамбуу 2009. Нам засгаас баримталсан үндэсний бодлого ба Бага ястны зөвлөлийн тухайд (1930-32). Acta Historica, Tommus X, 262.

[7] Мөн бага ястнуудад захиргааны бие даасан байдал олгох нь Монгол улсад өрнөсөн захиргааны шинэчлэлийн нэг хэсэг байсан юм. Энэ нь Монгол улсыг 13 аймагт хувааснаар 1931 оны үед биелэлээ олжээ. Үүн дотроос Увс аймгийн түүх сонирхол татна. 1925 онд Дөрвөдийн хоёр аймгийг Чандмань-Уул аймгийг байгуулах үүднээс нэгтгэсэн боловч 1931 онд тус аймгийг Дөрвөд аймаг хэмээн дахин өөрчлөн нэрлэжээ. Уг нэрийн өөрчлөлт нь 1932 оны үеэр Баруун Монголд шинээр байгуулсан аймгуудад томоохон хэмжээний зэвсэгт бослогод хүргэсэн язгууртнууд болон баячуудын хөрөнгийг коммунжуулах, хураах гэсэн зүүний бодлоготой холбоотой болох нь эргэлзээгүй.

[8] Мягмарсамбуу 2009, т. 265

[9] С.Л.Кузмин & Ж.Oюунчимэг 2014. Социализмын эсрэг 1932 оны Mонгол дахь бослого. Улаанбаатар.

[10] Ж.Цэвээн 1930 [1997]. “Монгол Улсын эрдэм шинжилгээний ажлын ач холбогдол” (Ж.Цэвээн. Түүвэр зохиолууд, Улаанбаатар: Монголын үндэсний түүхийн музей)

[11] Ж.Цэвээн, Б.Ринчен нар [1997]. “Монгол газар орны байдал: Монгол газах орны шинжилгээний ерөнхий байдал” (Ж.Цэвээн. Түүвэр зохиолууд, Улаанбаатар: Монголын үндэсний түүхийн музей т. 68)

[12] Мөн тэнд. p. 69

[13] 1950-аад оны эхэн үеэс Хятадад үндэсний онцлогийн талаарх төсөл хэрэгжих болсон талаарх судалгааг Thomas Mullaney 2010. Coming to Terms with the Nation: Ethnic Classification in Modern China. Berkeley, CA. University of California Press-аас үзнэ үү.

[14] Монгол Улсын оролцооны талаар Sergey Radchenko 2009. “Choibalsan's Great Mongolia Dream.” Inner Asia. Vol. 20, No. 4, pp. 489-490-аас үзнэ үү.

[15] George Ginsburgs 1961. “Local Government in the Mongolian People's Republic 1940-1960.” The Journal of Asian Studies, Vol. 20, No. 4, pp. 489-490.

 

Үргэлжлэл бий...

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2020.11.5 ПҮРЭВ № 214 (6439)

Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

1 цаг 41 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

2 цаг 16 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин