Бодлогын саналд зориулсан суурь судалгааны өгүүлэл
Урадын Э.Булаг
(Их Британийн Кэмбрижийн их сургууль)
Англи хэлнээс орчуулсан:
Э.Туулайхүү (МУИС, Хууль зүйн сургууль)
Ш.Туяа (МУИС, Шинжлэх ухааны сургууль)
Түрүүч нь Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /1/
Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /2/
Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /3/
Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /4/
5. Монгол Улс дахь угсаатны асуудал, түүний ангиллыг өөрчилсөн түүх
Бид одоо нэгэнт ангилал болон түүнийг илэрхийлэх нэр томьёо нь ердөө тодорхой бүлэг хүмүүсийг нэрлэх арга зам төдий зүйл биш гэдгийг ойлголоо. Ангиллын нэрийг өөрчлөх нь ихэнх тохиолдолд бодит байдлыг дахин бүрэн өөрчлөн томъёолоход хүргэдэг. Ялангуяа өөр өөр нэр бүхий ангилалд хамаарах болсон хүмүүсийн зүгээс өөр өөр хүлээлтийг үүсгэдэг. Монгол Улсад угсаатан, үндэстний ангиллын нэр томъёог хэрэглэх тухайд өргөн хүрээний төөрөгдөл буйг өгүүллийн өмнөх хэсгүүдэд хийсэн дүн шинжилгээний үр дүнд олж мэдсэн бол энэ хэсэгт уг асуудлыг өнгөрсөн хугацаанд хэрхэн авч үзэж ирснийг судлах нь ихээхэн ач холбогдолтой болно. Тэр тусмаа Монголын угсаатны асууудал нь Монголын түүхийн ялгаатай цаг үеүүдэд хэрхэн ойлголтжиж, хэрэглэгдэж байсныг шинжлэн тогтоох шаардлагатай.
Сүүлийн жилүүдэд Монгол судлал болон антропологийн судалгаа нь хоёр асуудалд голлон чиглэх болсон. Эхнийх нь үндэстэн, угсаатны талаарх Монгол хэлний үгсийн сангийн тухай бол удаах нь Монголын нийгмийн зохион байгуулалт түгээмэл ойлгож ярьдагчлан овог (“clan” хэмээн орчуулагддаг), аймaг (“tribe” хэмээн орчуулагддаг)-ийн тогтолцоонд тулгуурласан балар эртний шинжтэй байсан эсэх талаар юм.[1] Нэгдэх чиглэлийн хувьд 1206 онд Чингис хааны үндэслэн байгуулсан Монгол улус болон дараагаар нь өргөжин тэлсэн Монголын эзэнт гүрэн (Ихэ Монгол Улус) нь өнөөдрийг хүртэл оршин буй Монгол гэх ижилслийг тэтгэн буй талаар эрдэмтдийн дунд зөвшилцөл (нэгдмэл байдал) бий болж байна. Монгол Улус гэхэд ордог “Улус” хэмээх үг нь эдүгээ төр болон Монгол гэгдэх ард түмний аль алиныг нь төлөөлөх бол Монголын эзэнт гүрний үед зөвхөн Монголчуудыг нэрлэхэд хэрэглэгддэг байжээ. Мөн тухайн үед Монголчуудыг иргэн хэмээдэг байсан ба Монголын эзэнт гүрэнд харьяалагдах олон тооны бусад ард түмнийг мөн ийнхүү нэрлэдэг байв. Харь хэмээх нэмэлт нэр томьёог улс эсвэл харьяа газар нутгийн хэмжээнд ашигладаг байжээ. Ийнхүү бид Монгол Улус нь иргэн болон харь хэмээх хоёр ангилалд хуваагдах төрөл бүрийн ард түмнээр хүн амаа бүрдүүлсэн төрийн байгуулалтай байсан талаар тодорхой дүр зургийг олж авлаа. Эдгээр ангилал нь аймгийн (tribal) бус засаг захиргааны, улс төрийн шинжтэй байсан.
Энэ өгүүлэлд илүү хамааралтай нэг асуудал нь хоорондоо мөнхөд дайтсаар ирсэн хоёр ялгаатай бүлэг өөрсдийгөө хэрхэн “Монгол” хэмээх болсон тухай юм. Үүнд судлаач Кристофер Этвүүд (Christopher Atwood) нь Хэрэйд (Кэрэйд), Татар, Мэргэд (Мэркид), Найман болон бусад бүлгийг нийтлэг өвөг дээдэс бүхий эцгийн талын гарал үүсэлтэй гэдэг утгаараа аймаг (tribe) байгаагүй бөгөөд харин язгууртнууд, тэдгээрийн төрөл садан, язгууртнуудад үйлчилдэг харьяатууд гэх гурван төрлийн ард түмнээс бүрдэх харъяат бүлгүүд (appanage groups) байсан хэмээн хариулт өгсөн байдаг. Эдгээр нь овог (clan), аймаг (tribe) биш бөгөөд доторх овог нь тодорхой газар нутгийг эзлэн орших нэгдмэл овгийн шинжтэй нэгж гэхээсээ илүү харъяалагдах нэр байжээ.[2] Энэ үзэл санаа нь антропологич Дэвид Снийт (David Sneath)-ийн дэвшүүлсэн “тэргүүнгүй төр” (the headless state)-ийн тухай таамаглалыг дэмждэг. Өвөр Ази дахь бүлгүүдийн шинж хэмээн эдүгээ бидний үзэж буй уг “Appanage” бүтэц нь аймаг (tribe)-ийн зохион байгуулалтад нийтлэг байдаг хэмээн ойлгодог хуваагдмал, эсрэгцсэн бүтэц (segmentary and oppositional structure)-ээс сууриараа ялгаатай. Өвөр Азийн язгууртнууд төртэйгээ доороос дээш чиглэсэн байдлаар ижилсдэг байсан бөгөөд тэдний хүсэл сонирхол нь захирч буй ард иргэдтэйгээ дээрээс доош ижилсэхэд бус гүрнийхээ төвөөс цол хэргэм олж авах зарчмаар хүлээн зөвшөөрлийг эрэлхийлэхэд оршиж байжээ. Тиймээс Чингис хаан Монгол Улусын хаан ширээнд өргөмжлөгдсөний дараа хийсэн анхны зүйл нь харьяат хүн амаа аравт, хорьт, тавьт, зуут, мянгат, түмтийн өрхийн зохион байгуулалт бүхий аравтын тогтолцоонд оруулан шинээр зохион байгуулсан явдал бөгөөд эдгээрийг өөрийн гэр бүлийн гишүүд, Монгол Улусыг байгуулахад хувь нэмэр оруулсан үнэнч дагагсаддаа хуваарилжээ. Харьяат (subjects) болон шинээр олзлогдсон хүмүүсийг шинэ аравтын бүлгүүдэд хуваарилж, Монгол иргэн хэмээх ойлголтыг бий болгосон байна.
Ийм маягаар Монгол гэх хамтач ижилслийг Чингис хаан болон түүний залгамжлагчдад үнэнч язгууртнуудаас бүрдэх төрөөс бий болгосон ба шинээр аравтын зарчмаар зохион байгуулсан харъяат бүлгүүд (appanage groups) нь овог, аймгийн тогтолцооноос ялгаатай нь өөр хоорондоо дайсагнадаггүй байв. Зохион байгуулалтын энэ суурь бүтэц нь Чин гүрний төгсгөл хүртэл оршжээ. Ингэхдээ Чин гүрний ноёрхлын үед Монголчуудыг Монголын эзэнт гүрний үеийн мянган, түмэн, Даян хааны хаанчлалын дунд үе болох 16-р зууны эхэн үеэс 17-р зууны дунд үе хүртэл хошуу, түмэнтэй төстэй хошуу, чуулганы хэлбэрээр тус тус зохион байгуулж байжээ. Энэ нь Монголын нийгмийн зохион байгуулалтад орчин үеийн эхлэл хүртэл тэмдэглүүштэйгээр өвлөгдөн үргэлжилсэн байна.[3]
Энэ нь ихээхэн ойлгомжтой асуудал ч гэлээ судлаачийн зүгээс үүн дээр хамтач Монгол ижилсэл нь Монголын Юань гүрний болон түүний дараагийн Чин гүрний хагас-угсаатны бодлогын бүтээгдэхүүн гэдгийг нэмж дурдах нь зүйтэй хэмээн үзэж байна. Аливаа эзэнт гүрний тогтолцоонд тухайн эзэнт гүрний гол захирагч бүлэг байлдан дагууллын үйл явцаар дамжуулан өөртөө нэгтгэсэн бусад бүлэгтэй хэрхэн харилцах нь чухал асуудал байж ирсэн. Захирагч бүлэг хэрхэн өөрийн онцлогоо алдахгүй байх нь ялангуяа тооны хувьд цөөн (Юан гүрний үеийн Монголчууд, Чин гүрний үеийн Манжууд шиг) эзэнт улсын захирагч элитүүдэд нэн тулгамдсан асуудал байжээ[4]. Тиймээс Монголын Юань гүрэн өрхийн бүртгэлийн зорилгоор ч болов хүн амаа Монгол, Сэмү, Ханрэн (Монголоор Хятад) болон Нанрэн (Нангиад) гэх шатлал бүхий дөрвөн том ангилалд хуваасан нь гайхах зүйл биш юм.
Ийм арга хэмжээ нь ердөө хуваан захирах (divide-and-rule) шинжтэй бус, харин [Монголоос бусад] шинээр бодож олсон “угсаатны” ангиллаар “тодорхойлон захирах” (define and rule)[5] гэсний нэг жишээ юм. “Хан” хэмээх ангилал нь бүхэлдээ зохиомол бөгөөд үүнд Хятад хэлээр ярьдаг Жин, Ляо, умард Сүн улсын хүн амыг багтааж байжээ. Хан буюу Хятад хэмээх зохиомол нэршил нь Өмнөд Сүн улсын харъяатуудыг нэрлэж байсан Нанрэний хамтаар эдүгээ Хятадад угсаатны нэршил болон хүлээн зөвшөөрөгдөн хэрэглэгдсээр байгаа билээ.[6]
Юань гүрний монголчууд нь хятад хэлээр ярьдаггүй Шишиагийн Тангуудууд, Төвдүүд, Түрэгүүд болон Ойрх Дорнодоос ирэгчдийг “Сэмү” хэмээх ангилалд оруулжээ. Монголчууд угсаатны тухайд ерөнхий нэршлийг бий болгоогүй бөгөөд харин өөрсдийгөө Хятадаар Guozu, Guoren (Монголоор улсын хүн), хэлээ Хятадаар Guoyu (Монголоор улсын хэл) хэмээн тодорхойлж байв. Эдгээр хоёр нэр томьёо нь уламжлагдан Чин гүрний үед Манжууд өөрсдийгөө болон Манж хэлээ ийнхүү нэрлэж байжээ. Харин өнөөдөр Хятад үндэстэн гэхэд Zhonghua minzu-ийн оронд Zhonghua guozu, Хятад хэл гэхэд Hanyu-ийн оронд Guoyu хэмээн алтернатив байдлаар түгээмэл хэрэглэгдэж байна.
Монгол ижилслийг төрөөс хадгалах явдал нь монголчуудыг хятадуудаас Цагаан хэрмээр, Манжуудаас Уд модны шивээ (Willow Palisade)-ээр тусгаарласан Чин гүрний үед илүү илэрхий байжээ.[7] 1689 онд Нерчинскийн гэрээнд гарын үсэг зурсны дараа, ялангуяа 1727 онд Хиагтын гэрээгээр Чин гүрэн ба Орос улсын хооронд тогтоосон хилийг манах үүрэг Монголчуудад оногдсон юм. Үүнээс гадна Ойрад, Халх зэрэг өөр хоорондоо таарамжгүй харилцаатай бүх бүлгийг “Монгол” хэмээн тодорхойлж Чин гүрний Гадаад бүсийн засаг захиргааг хариуцах газраас удирдах болжээ. Энэ газрыг анх Монгол Яамэн хэмээн нэрлэдэг байсан ба 1636 онд Гадаад Монголын төрийг засах явдлын яам болгон өөрчилжээ. Умард Юаны үед Ойрадыг Монгол гэдэгтэй эсрэгцүүлэн хэрэглэж байсан практикыг Чин гүрний үед дагаагүйг энд дурдууштай.
17 дугаар зуунд Чин гүрэнд эзлэгдсэний дараа Монголын түүх бичлэгт тэсрэлт гарсан нь Монгол ижилслээ хүчтэйгээр ухамсарлах болсныг илтгэнэ. Чин гүрний үед бичигдсэн бүх түүхэн сударт Монгол Улусын тухай ялангуяа дөрвөн өөр өнгийн “Улус”-аар хүрээлэгдсэн “Хөх Монгол Улус”-ыг тодорхойлох “Таван өнгө Дөрвөн харь”-ийн тухай гол төлөв дурдаж байв. Үүнийг Чингис хааны үед хэрэглэж байсан бөгөөд утоп ертөнцийг төлөөлөх Буддын мандлын дүрслэл юм. Бусад бүлгийн байршил, өнгөний дүрслэл судруудад ялгаатай байсан ч Хөх Монгол Улус төвд нь байршиж Улаан Хятадаар өмнө зүгт, Хар Төвдүүд (Тангадууд)-ээр баруун зүгт, Шар Сартуулуудаар хойд зүгт, Цагаан Солонгосуудаар зүүн зүгт хүрээлүүлсэн байдлаар дүрсэлсэн нь хамгийн түгээмэл ажиглагдана. Уг дүрслэлийг Чин гүрний үед оруулж эдгээр бүх улус нь Чин гүрэнд харьяалагдана гэх санааг илэрхийлж байжээ.[8] Ийнхүү “Угсаатан” хэмээх ойлголтыг Монголчууд улус хэмээх нэр томьёогоор илэрхийлж байсан ба улус нь газар нутаг, хэл, ёс суртахуун, түүх, засаг захиргаа, бусад улусаас тусдаа өөрийн тодорхой хил бүхий нэгж байжээ.
Монголчуудын “улус” хэмээх уг ижилсэл нь Чин гүрний үед язгууртны байгууллаар илэрхийлэгддэг байсан бөгөөд Монголыг олон хошуу, чуулганд[9] хувааж, тэдгээрийг гол төлөв Чингис хааны болон түүний ах дүүсийн угсаа, ялангуяа Хасар, түүний хадмын талынхнаас гаралтай хунтайж нар захирдаг байжээ. Чин гүрний засаглалын тогтолцоо нь язгууртнуудын угийн бичгийг нягт нямбай хөтлөх шаардлага тавьж, үүнийг зохих зэрэг, дэв, томилгоог хийхэд ашигладаг байжээ. Ийнхүү албан ёсоор “угийн бичиг” хөтлөх үүрэгтэй болгосноор угсаа, язгуур, овог гэх мэт гарал үүсэлтэй холбоотой Монгол нэр томьёог нэмэгдүүлэхэд хүргэсэн гэж үзэж болох юм.
Үүний нөлөөгөөр XX дугаар зууны эхэн гэхэд Монголчууд нь бүгд ижил утгатай, хамтач нэг Монгол ижилслийг илэрхийлэх Монгол хэлтэн, Монгол овогтон (овогтан), Монгол тоотон (тоотан), Монгол язгууртан, Монгол угсаатан, Монгол туургатан гэх нэр томъёог хэрэглэж байжээ. Энэ талаар 1911 онд тусгаар Монгол Улсад нэгдэхийг хүссэн Монгол тайж нарын захидалд Монгол, Өвөр Монгол, Шинжаан, Хөх Нуурын Монгол ван гүнгүүд бүгд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан Монгол улс дахь Монгол ван гүнгүүдтэй угсаа гарвал, хэлээрээ нэг ижилсэлтэй хэмээн тодотгосоныг судлаач Л. Мөнх-Эрдэнэ бүтээлдээ оновчтой тайлбарласан байна.[10]
Чин гүрний үед тохиолдсон нэр томьёоны өөр нэгэн шилжилт нь аймаг хэмээх нэр томьёотой холбогддог. Уг нэр томьёо нь Чин гүрний үеэс өмнө “tribe” гэх утга илэрхийлж байгаагүй хэмээн Кристофер Этвүүд үзсэн байна.[11] Судлаачийн ойлгож байгаагаар Монгол улс байгуулагдахаас өмнө болон байгуулагдсаны дараа Монгол бүлгийг улус, иргэн, харь хэмээн нэрлэж байснаас аймаг хэмээн нэрлэсэн удаагүй. Харин тухайн үед Буддын сүм хийд, цэргийн нэгжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг сургууль, дэд хэсгийг аймаг хэмээж байжээ. Харин Хятадууд бүдүүлэг балмад хэмээн үздэг аймгуудаа buzu, buluo хэмээх доромж утгатай үгээр нэрлэдэг байсан. Эдгээр нэр томъёог Монголын Юан гүрний үед хориглосон. Бүлэг хүмүүсийг нэрлэхийн тулд аймаг гэх Монгол нэр томъёог ашиглаж эхэлсэн бөгөөд Хятад хэлнээ орчуулалгүйгээр “айма” хэмээн галиглан хэрэглэж байжээ. Хааяа үүнийг bu хэмээн Хятад хэлнээ буулгаж байсан ч хэзээ ч buzu, buluo гэдэггүй байж. Монголчуудын ноёрхол Хятадад эцэс болсны дараа Хятадын Мин гүрний бичвэрүүдэд Монголчуудыг нэрлэхдээ buluo хэмээх нэр томьёог сэргээн хэрэглэх болжээ. Манж Чин гүрнийн үед аймаг гэх нэр томьёог Хорчин, Ордос, Баарин зэрэг бүлгийг нэрлэхэд өргөн хэрэглэж байсан байна. Энэ тухайд Кристофер Этвүүд аймаг гэх нэр томъёоны гэнэт дэлгэрсэн нь Юанши (Юан улсын судар) зэрэг Хятадын түүхэн сурвалжийн Манж орчуулгыг Монголчлохдоо ийнхүү “tribe” гэх утгаар буулгасантай холбоотой хэмээн бичжээ. Үүнд:
“Манжууд Хятад хэлнээс бу 部 (bu) болон булуо 部落 (buluo) хэмээх үгсийг орчуулахдаа аймаг гэх Монгол үгийг айман болгон зээлдэн хэрэглэжээ. Манжууд Хятад хэл дээрх сурвалжуудаас ихээр орчуулах тусам уг сурвалжуудад Хятадын зах хязгаараар оршин буй хүмүүсийг байгалиасаа өвөрмөц ‘аймгийн’ (tribal) зохион байгуулалттай хэмээн үзэж ирсэн дадалтай ижилсэх болжээ. Манж хэл дээрх сурвалжуудыг хууль цааз, түүхэн зохиол эсэхээс үл хамааран Монголчлохдоо айман гэдгийг аймаг хэмээн буулгажээ. Тиймээс Монголчууд Хятадуудын зүгээс тэднийг байгалиасаа ‘аймгийн’ (tribal) бүтэцтэй,“зэрлэгүүд”-д л тохирох өвөрмөц нэгжийн зохион байгуулалттай гэх үзлийг [дам байдлаар] хүлээн авсан байна.”[12]
Монгол бүлгүүдийг аймаг хэмээн нэрлэх болсон явдал Чин гүрний үед нутаг дэвсгэрийг харъяат газар нутаг болгон хуваах үед эхэлсэн гэж үзэж болно. Хэдийгээр тухайн үед Монголчуудыг хошуу, чуулган болгон захирч байсан боловч хошуудын нэрийг аймгийн нэрээс авсан байна. Тухайлбал, Жирмийн чуулганыг Хорчин арван хошуунд хуваасан бол Их Зуугийн чуулган нь Ордос зургаан хошуунаас бүрдэж байв. Өөрөөр хэлбэл аймагжилт (tribalisation) нь Чин гүрний ноёрхлын үед нутаг дэвсгэрийн засаг захиргаанд суужээ.
1911 онд тусгаар тогтнолоо сэргээн тунхаглах үедээ Монгол нь Чин гүрэн, түүний засаг захиргааны тогтолцооны бүтээгдэхүүн болох эрт үеийн (primordial) хоёр бүлгийг хэвээр хадгалж, хөгжүүлсэн гэдгийг судлаачийн зүгээс энд онцлон тэмдэглэхийг хүсч байна. Эхнийх нь Чин гүрний үеийн нутаг дэвсгэрийн зааглалт (тусгаарлалт)-аар тэтгэгдэж ирсэн аймагжилт (tribalisation) юм. Аймаг нь овгийн шинжтэй болохын хувьд бие биенээсээ ялгарах асуудлыг илүү онцолдог байснаас гадна Чин гүрний үед хошуу хоорондын заагийг хатуу барьдаг байсан учраас өөр өөр аймагт хамаарагсад хоорондоо харилцах боломж хомс байсан билээ.
Хоёр дахь бүлэг нь Чингис хаан, түүний дүү Хасараас сурвалжаа хайн өөрсдийн байр сууриа тодорхойлох замаар бие биентэйгээ ижилсдэг угсаа гарлаа ухамсарласан язгууртнууд (descent-conscious nobilities) байжээ. Эрт цагийн гэх эдгээр хоёр бүлгийн хооронд буй нэг гол ялгаа нь аймгууд төвөөс зугтаагчид (centrifugalist) буюу өөрсдийн ялгаатай байдал, хил хязгаарыг эрхэмлэгчид байсан бол язгууртнууд нь төвд тэмүүлэгчид (centripetalist) буюу Чингис хаан, Хасартай холбоотой гэдгээ онцлогчид байжээ. Орон нутгийн түвшин дэх Монгол бүлгүүдийн аймагжилт (tribalisation)-ыг [Монгол аймаг, хошуудыг язгууртнууд голлон захирдаг байсан учраас] язгууртнуудаар дамжуулан тогтоон барьсан хамтач Монгол ижилсэл (collective Mongol identity)-ээр бууруулж байжээ.
[1] Эхний асуудлыг Кристофер Этвүүд (Christopher Atwood) анх өөрийн “National Questions and National Answers in the Chinese Revolution; Or, How Do You Say Minzu in Mongolian” (Indiana East Asian Working Paper Series on Language and Politics in Modern China 1994) бүтээлдээ авч үзжээ. Хоёр дахь асуудлыг Дэвид Снийт (David Sneath) 2007 онд хэвлүүлсэн The Headless State: Aristocratic Orders, Kinship Society, and Misrepresentations of Nomadic Inner Asia (New York: Columbia University Press) бүтээлдээ нотолсон.
[2] Christopher Atwood 2012. “Banner, Otog, Thousand: Appanage Communities as the Basic Unit of Traditional Mongolian Society.” Mongolian Studies 34, pp. 1-76.
[3] Мөн тэнд.
[4] Манжийн эзэн хаад туг баригчийг онцлог (bannermen identity)-оо алдаж буйд санаа зовниж байсан талаар Mark C. Elliott 2002. The Manchu Way: The Eight Banners and Ethnic Identity in Late Imperial China. Stanford: Stanford University Press-аас үзнэ үү.
[5] Cf. Mahmood Mamdani 2012. Define and Rule: Native as Political Identity. Cambridge: Harvard University Press.
[6] Эдүгээ Монгол улсад China гэх үгийг Хятад улс буюу үгчилбэл Хан улс (Han Country) хэмээн орчуулж хэрэглэдэг. Харин Хятад дахь Монголчууд Хятадыг Монголчууд хэмээх цөөнх бүлэг оршин буй улс гэх бага ч атугай зай олгодог гэх Дундад улс хэмээх нэршлийг хэрэглэдэг.
[7] Uradyn E. Bulag 2012. “Rethinking Borders in Empire and Nation at the Foot of the Willow Palisade.” In Franck Billé, Caroline Humphrey & Grégory Delaplace (eds.) Frontier Encounters: Knowledge and Practice at the Russian, Chinese and Mongolian Border. Cambridge: Open Book Publishers, pp. 33-53.
[8] Borjigidai Oyunbilig and Kong Lingwei 2016. “The Origins and Meanings of ‘Five Colors and Four Vassals’ in Mongolian Historiography.” Minzu Yanjiu, No.2, pp. 85-97. (in Chinese)
[9] Uradyn E. Bulag 2017. “Clashes of Administrative Nationalisms: Banners and Leagues vs. Counties and Provinces in Inner Mongolia.” In Dittmar Schorkowitz and Chia Ning (eds.) Managing Frontiers in Qing China: The Lifanyuan and Libu Revisited. Leiden: Brill, pp. 349-388.
[10]L.Munkherdene 2006. “The Mongolian Nationality Lexicon: From the Chinggisid Lineage to Mongolian Nationality (From the Seventeenth to Early Twentieth Century).” Inner Asia 8: 51-98.
[11] Christopher C. Atwood 2015. “The Administrative Origins of Mongolia’s ‘Tribal’ Vocabulary.” Eurasia: Statum et Legem (Ulan-Ude), 1 (4), pp. 7-45.
[12] Мөн тэнд. p. 35.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2020.11.4 ЛХАГВА № 213 (6438)