Бодлогын саналд зориулсан суурь судалгааны өгүүлэл
Урадын Э.Булаг
(Их Британийн Кэмбрижийн их сургууль)
Англи хэлнээс орчуулсан:
Э.Туулайхүү (МУИС, Хууль зүйн сургууль)
Ш.Туяа (МУИС, Шинжлэх ухааны сургууль)
Түрүүч нь Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /1/
Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /2/
Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /3/
4. Ангиллын алдааны улс төр
4.1 Ангилал, ангиллын алдаа, нийгмийн дэг журам (social order)
Монгол Улсад угсаатан, үндэстний ангиллын талаар нэр томъёоны ихээхэн төөрөгдөл байгаа нь одоо бүрэн тодорхой харагдаж байна. Монгол Улсад хэрэглэгдэж буй ястан, үндэстэн, угсаатан гэх нэр томъёонууд нь тус бүртээ өөр өөр агуулга бүхий ялгаатай ангилалд хамаарна. Тодруулбал ястан, үндэстэн гэх ойлголтууд нь шатлал бүхий харилцаанд орших бөгөөд уг шатлалын үүднээс ястан нь үндэстэнд захирагдана. Ангиллын шатлалыг үгүй хийж, ялгаатай ангиллуудыг нэгэн ижил утгатай болгохыг хэл шинжлэлийн философич Гилберт Райли (Gilbert Ryle) ангиллын алдаа хэмээн тодорхойлжээ. Угсаатан хэмээх нэр томъёо нь анхандаа бүхэлдээ ондоо ангиллыг илэрхийлэх “гарал үүсэл” (stock) хэмээх утгатай байсан талаар өмнө дурдсан билээ. Харин сүүлд “ethnos”, “ethnic group” хэмээх утгатай болж, ястан хэмээх нэр томъёоны оронд хэрэглэгдэж эхэлсэн байна.
Райлигийн үзсэнээр ангиллын алдаа нь нэг үгийн утгыг нөгөө үгийн утгаар ойлгодог хэлзүйн алдаа юм. Тэрээр үүнийг дараах жишээгээр тайлбарлажээ. Үүнд:
“Оксфорд, Кембрижийн их сургуулийг анх үзэхээр ирсэн гадаадын хүнд их сургуулийн коллежүүд, номын сан, спортын талбай, музей, шинжлэх ухааны төвүүд, захиргааны байруудыг үзүүлжээ. Үүний дараа тэрээр ‘Их сургууль чинь хаана байна?’ хэмээн асуув. ‘Би коллежийн гишүүд хаана амьдардаг, их сургуулийн бүртгэл хаана явагддаг, шинжлэх ухааны туршилтыг хаана хийдэг зэргийг харлаа. Харин танай багш нар амьдарч, ажлаа хийдэг их сургуулийг би олж харсангүй’ гэжээ. Түүний энэ асуултад ‘Их сургууль нь таны үзсэн коллеж, лаборатори, албан газраас ангид тусдаг байгууллага биш бөгөөд таны үзсэн бүх газрыг зохион байгуулалтанд оруулсан хэлбэр нь их сургууль юм. Эдгээр байгууллагыг өөр хоорондоо уялдаа холбоотойг нь ойлгосон нөхцөлд их сургуулийг олж харах болно.’ хэмээн хариулжээ.”[1]
Угсаатан, үндэстний талбарт ангиллын алдаа гаргах нь үл тоомсорлох зүйл биш бөгөөд улс төрийн үр дагавартай байж болзошгүй. Ангилал нь бодит байдлыг ойлголтжуулсан (conceptualisation) байдаг учраас харилцан ялгаатай ангиллууд нь мөн тийм бодит байдлыг илэрхийлж, улмаар ангиллын алдаа нь бодит байдлыг буруу ойлгоход хүргэж болно. Эртний Хятадын төрийн үзэл баримтлал (ideology) болох Күнзийн сургаал нь ухагдахууны нэр томъёо, улс төрийг өөр хоорондоо шууд холбоотой хэмээн үздэг хамгийн эртний сургаалиудын нэг юм. Күнз нь төрийн үүргийг хуулийг тунхаглан зарлах, шийтгэл цээрлэл хүлээлгэхэд бус zheng ming буюу “нэрийг засч залруулах” явдал хэмээжээ. Үүнд:
“Нэрийг зөв хэрэглэхгүй бол хэл яриа зөв биш болно. Хэл яриа зөв биш бол үйл хэрэг амжилт эс олно. Үйл хэрэг амжилт эс олбол ёслол, хөгжим бадрангуй биш болно. Ёслол, хөгжим бадрангуй биш бол ял, шийтгэл шударгаар оноогдохгүй. Ял, шийтгэл шударгаар оноогдохгүй бол эгэл ард түмэн хаана толгой, хөлөө тавихаа (хэрхэн амьдрахаа) эс мэднэ. Иймээс төрийн хүн аливаа зүйлийг нэрлэсэн нөхцөлд уг нэршил хэл ярианд нь тусгагдаж, үйлдэл болдог. Төрийн хүн үг хэлэхдээ дур зоргоороо авирласан байж болохгүй.”[2]
Ийнхүү Күнз нь нэрлэх, ангилах үйл явцаар дамжуулан нийгмийн дэг журам, төрт ёсыг тогтоон, сахидаг хэмээн хэлсэн байна. Түүний үзсэнээр ялгаатай нэр, цол хэргэмийг үндэслэн хүмүүсийг нэрлэж, ангилалд оруулахад нийгмийн ялгаа бий болох ба нэршлийг засан сайжруулах байдлаар нийгмийн зүй ёсны ялгааг гаргах нь нийгмийн дэг журмыг бүтээх, сахин хадгалах нэг арга юм. Нэр томьёог зөв хэрэглэх тухай Күнзийн онол нь Кеннет Бурк (Kenneth Burke )-ийн “Нэр томьёоны шүүлтүүр” (terministic screens)[3] -ийн онолтой олон талаараа төстэй юм. Хүмүүс “нэр томьёоны нүд”-ээр хардаг зуршилтай тул дэлхий ертөнц нь хүмүүсийн бодит байдлын тухай төсөөллөөс бүрддэг. Үгс нь “зарим төсөөллийг ‘нэвтрүүлэн оруулж’, ‘шүүн гаргах’ гэрэл зургийн ‘шүүлтүүр’ болдог.”[4]
Нэр томьёо нь мөн бодит байдлыг хазайлгаж, ертөнцийн зарим элементээс анхаарлыг сарниулж, зарим зүйл элементэд анхаарлыг татаж төвлөрүүлдэг байна. Бурк энэ талаар ийнхүү бичжээ. Үүнд:
“Нэр томьёо нь нэг зүйлээс нөгөө зүйл рүү бидний анхаарлыг татдаг гэдэг утгаараа түүний мөн чанар нь бидний ажиглалтын мөн чанарт нөлөөлдөг төдийгүй олон тооны “ажиглалт” нь тухайн нэр томьёоны тусгал байдаг. Товчхондоо бидний сонгосон нэр томьёо шууд бус замаар бодит байдлын тухай ажиглалтуудыг бий болгож нөлөөлдөг.”[5]
Тухайн зүйлийг нэрлэх (нэртэй болгох) нь нэн чухал ач холбогдолтой. Учир нь нэр оноох нь тухайн нэрийн обьект, хүнд бидний зүгээс хэрхэн харах өнцгийг хэлбэржүүлдэг бөгөөд тухайн зүйл, хүнд бидний хандах хандлагыг тодорхойлдог. Тухайлбал нас гүйцсэн эрэгтэй хүнд хандах таны хандлага түүнийг “жаал”, “эр хүн”, “жентельмен” хэмээн нэрлэж дуудахаас шалтгаалан яаж өөрчлөгдөж байгааг анзаараарай. Энэ нь тухайн эрэгтэйг харж буй бидний үзэл бодлын “нэр томьёоны шүүлтүүр” юм. Нэр томьёо болгон нь тухайн хүний нэр, хэргэм цолоос шалтгаалан тухайн хүнээс тодорхой зан төлөвийн хэв маягийг хүлээж байдаг. “Хүн бол үгсийн сан (нэр томъёо). Түүний нэр томъёогоор тоглох нь түүнийг удирдана гэсэн үг”[6] хэмээн Бурк хэлсэн нь их алдартай. Бурк энд ойлголтын нэрийн бодит байдлыг бий болгох хүч чадлын талаар Күнзтэй санал нийлсэн байна.
Улс төр, философийн эдгээр онолыг сүүлийн үед танин мэдэхүйн хэл шинжлэлийн эрдэмтэд дэмжих болсон. Жорж Лэйкофф (George Lakoff), Марк Жонсон (Mark Johnson) нарын “Бидний амьдралыг бүрдүүлэгч метафорууд” (Metaphors we Live By) номонд метафор (зүйрлэл) нь бидний ухамсар, танин мэдэхүйн бүтцийг бий болгодог гэж үзжээ:
“Бид хэрхэн зүйрлэн сэтгэж байгаа нь чухал. Энэ нь дайн ба энх тайван, эдийн засгийн бодлого, хуулийн шийдвэр болон өдөр тутмын амьдралын олон сонголтыг тодорхойлдог. Цэргийн халдлагыг ‘хүчирхийлэл гэх үү’, ‘бидний аюулгүй байдалд заналхийлсэн зүйл гэх үү’ эсвэл ‘терроризмийн эсрэг ард иргэдээ хамгаалах хэрэгсэл гэх үү?’ Яг нэг төрлийн цэргийн халдлагыг дээр дурдсан утгуудын алинаар нь ч зүйрлэн тайлбарлаж болох ба тус бүр нь харилцан адилгүй цэрэг дайны үр дагаврыг авчирч болно.”[7]
4.2 Угсаатны улс төр (ethnopolitics) ба ангиллын төлөөх тэмцэл
Дээрх онолуудыг ястан, үндэстний ангилалтай холбоотой цөөн тооны жишээн дээр авч үзье. Британи нь Африк, Өмнөд Азийг колончлож байх үед эзэлсэн, хяналтаа тогтоосон бүлгүүдийг “аймаг” (tribe) хэмээн нэрлэж байжээ. Аймгийн гишүүн өөр аймгийн гишүүн болох боломжгүй хатуу чанга зохион байгуулалттай байсан бөгөөд аймаг хоорондын зааг гүн байв. Колонийн захирагчид, антропологичдын хувьд аймгийн гишүүдтэй хөдөө орон нутагт тааралдахад уг байдал ойлгомжтой байсан боловч тэд хот суурин газар шилжин суухдаа өөрсдийн аймгийн шинж чанараа хадгалсаар байсныг олж тогтоожээ. Аймгийн гишүүд хот суурин дахь шинэ гэртэйгээ өөрсдийгөө ижилсүүлэхийг үл хүсэн хөдөө нутагт өөрийн харъяалагдаж байсан аймгийнхантайгаа хотод илүү дотно харилцаатай байсан гэдэг. Ийнхүү “аймгархах эрмэлзэл/үзэл” (tribalism) гэх нэр томьёо нь аймгийн эрчимжүүлсэн ижилсэл (intensified tribal identities)-ийг тодорхойлох зорилгоор хэрэглэгдэх болсон. Гэхдээ уг нэр томъёо сөрөг агуулгатай.
“Тribe” (аймаг), “tribalism” (аймгархах эрмэлзэл/үзэл) гэх нэр томъёог эрт үеийн антропологичид хэрэглэж байсан бол 1960 оноос хойших хожуу үеийн антропологичид эдгээр нэр томъёоноос татгалзаж, үүний оронд “ethnic group”(угсаатны бүлэг), “ethnicity” (угсаатан) гэх нэр томъёог хэрэглэх болсон. Фредрик Барт (Fredrik Barth)-ын 1969 онд хянан тохиолдуулж хэвлүүлсэн “Ethnic Groups and Boundaries: the Social Organisation of Culture Difference” бүтээлд[8] дээрх засан сайжруулсан нэр томъёог хэрэглэсэн нь дараа дараагийн судалгаануудад гол баримжаа болсон билээ. Антропологичид “ethnic group”, “ethnicity” гэх ойлголтуудыг нийгэм суурьтай буюу нийгмийн обьектив ангилал хэмээн үзэж, “tribe”, “tribalism”-ыг би төвтэй буюу субьектив шинжтэй хэмээн ач холбогдол өгөх нь буурсан. “Ethnic group”, “ethnicity” гэх нэр томъёог танилцуулснаар колончлогчидоос гаралтай “tribe”, “tribalism” нь орон нутгийн чанартай ойлголт (emic – views held by the natives) болжээ.[9] Ингэснээр “tribalism” нь соёлын болон нийгмийн ялгаа, заагийг онцлох шинжтэй болж, харин “ethnicity” нь субьект хоорондын харилцан үйлчлэлийн үр дүнд оршдог хэмээн ойлгогдох болсон байна.
Хар, цагаан арьстнуудын хооронд “арьс өнгөний” зөрчлийн асуудалтайн дээр цагаачдыг уусгах бодлогод ихээхэн ач холбогдол өгдөг АНУ-д “ethnicity” гэх нэр томьёо эерэг утгыг авчирсан байна. 1960-аад онд өрнөсөн иргэний эрхийн төлөөх хөдөлгөөний үр дүнд уусгах хүчийг сааруулан, олон төрлийн ижилсэл хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн. Угсаатны бүлгүүд (ethnic group) өөрсдийн соёлын ялгаа, онцлогоо Америкийн үндэсний ижилсэлд харшлахгүйгээр тээх эрхтэйд тооцогдож, улмаар түүний салшгүй нэг хэсэг хэмээн үзэх болжээ.
Гэвч угсаатны ижилсэл (ethnic identities), олон соёлт үзлийг хэт чухалчлах нь “Цагаан арьст Англо-Саксоны Протестант” ангилалд тулгуурласан АНУ-ын гол онцлог, үнэт зүйлст заналхийлж байна гэж тус улсын цөөнгүй иргэн үзэх болжээ. Улмаар Дональд Трамп 2016 онд Америкийн эрх ашгийг онцлон, цагаачдыг шахах замаар “Америкийг дахин агуу болгоно” (make America great again) хэмээн амласны хүчинд ерөнхийлөгчөөр сонгогдсон нь үүний хариуд тус улсын зарим цагаан арьстны авсан арга хэмжээ болсон гэлтэй. Фрэнсис Фукуяама (Francis Fukuyama) нь Identity: The Demand for Dignity and the Politics of Resentment[10] хэмээх сүүлд гаргасан бүтээлдээ Зүүний хүчнийхэн (the Left)-ий дэмждэг ижилслийн улс төр либерал ардчилсан тогтолцоотой Барууны хүчнийхэн (the Right)-д үндэсний онцлогийг алдагдуулж буй мэтээр ойлгогдох болсон талаар сануулсан байна. АНУ-ын цагаан арьст ажилчин ангийн ихэнх хувь, Европын олон орон дахь үндэсний зонхилох бүлгүүд нь угсаатны цөөнх, цагаач нар тэдний ажлын байрыг эзэлсний дүнд нийгмийн байр сууриа алдаж, хохирч буй мэдрэмжийг авах болжээ. Ижилслийн улс төрийн мандалт, үүнийг дагасан олон соёлт байдлыг эсэргүүцэж буй хэт үндсэрхэг үзэл (ultra-nationalism) нь Британийг Европын холбооноос гарах суурийг тавьсан юм. “Ethnicity” нь өнөөдөр Европ даяар улс орнууд өөрсдийн соёл, үнэт зүйлийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэхийг цагаачлан ирсэн угсаатны бүлгүүдээс шаардах агуулгыг илэрхийлэх сөрөг утгатай болж байна. Антропологийн хоёр нэрт эрдэмтний бичсэн Ethnicity Inc номын удиртгал хэсэгт дараах зүйлийг бичсэн нь антропологийн ухаанд гарч буй дээрх их өөрчлөлтийн шинж тэмдгийг харуулна. Үүнд:
“Бидний ‘ethnicity’ хэмээн нэрлэдэг зүйлд ижилсэл болон соёлын уулзвар дээр орших хамтын субьектив чанартай хачирхалтай асуудал тохиолдоод байна. Бидний мэддэг ethno-episteme буюу угсаатны ухамсар (ethno-consciousness), угсаатны улс төр (ethno-politics), угсаатны практик (ethno-practice) гэх мэт нэр томъёонууд нь ортодокс нийгмийн шинжлэх ухаанаар бидэнд итгүүлэн зааж байснаас яг эсрэг асуудал руу орж буй мэт харагдаж байна. ... Ethnicity нь оршихуйн хүсэл эрмэлзлэл, утга учиртай бөгөөд ёс зүйтэй хувь хүний онцлог чанараар нөхцөлдсөн өөрийгөө ухамсарлах хэв маягийг улам бүр эрхэмлэж буйн зэрэгцээ өдөр тутмын эдийн засгийн амьдралд урьд хожид байснаасаа илүү нэгдмэл, эрэлттэй, далд нарийн агуулгатай болж байна. Үүн дээр угсаатны (ethnic) гэх ойлголтод сэтгэл хөдлөл, ашиг сонирхол, хэрэгцээ шаардлагын хүрээний томъёолол нэмэгдэж байна. Өнөөдөр соёлын ижилсэл нь өөрөө нэгэн зэрэг хоёр зүйлийг илэрхийлж байна: тэдгээр нь нэг талаас хэрэглээний үүднээс сонголт хийх ба өөрийгөө бүтээн бий болгох тухай бол нөгөө талаас биологи, генетик, хүний мөн чанарын бүтээгдэхүүн болох талаар юм.”[11]
Дээрх үзэгдэл нь зөвхөн барууны орнуудад буй асуудал биш юм. Энэ асуудал нь дэлхий дээр 1912 онд анх удаа Үндсэн хуулиараа (Хан [Хятад], Манж, Монгол, Төвд, Хуй [Хотон] хэмээх таван үндэстнээс бүрдсэн) олон үндэстний бүгд найрамдах улс[12] хэмээн өөрийгөө тунхагласан Хятад улсад илүү урт удаан түүхтэй. Албан ёсоор “таван үндэстний бүгд найрамдах улс” буюу хятадаар wuzu gonghe (五族共和) хэмээн тодорхойлжээ. Хятад нэрэнд буй wuzu гэхэд ордог zu үе нь ард түмэн, улс үндэстэн, арьс өнгө зэрэг янз янзаар орчуулагдаж ирсэн Япон-Хятад ханз 民族 (minzoku)-аас зээлдэн шинээр үүсгэсэн үг болох minzu (民族) юм. Уг таван minzu-аас бүрдсэн бүгд найрамдах улсыг Монгол хэлнээ Таван их аймгийг эвсүүлэн нийлүүлсэн улс, Таван төрлийг нэгтгэн бүгд найрамдах улс[13] хэмээн хоёр янзаар орчуулсан нь бий. Энд буй аймаг гэдэг нь Монголчуудын доторх дэд бүлгийг илэрхийлсэн эртний ангиллыг хэлж байна.
Орчин цагийн Хятад улс нь ийнхүү үндэстэнгүй улс (nationless state)-ын тухай ойлголтыг эхлүүлсэн. Энэ нь Чин гүрний захиргаанд байсан Хан бус үндэстнүүдийг шинэ Бүгд найрамдах улсын бүрэлдэхүүнд байлгахын тулд тухайн үеийн удирдагчдын хийсэн зөвшилцөл байсан.[14] Үүний дараа үндэстнийг олж тогтоох явдал Хятадын гоминдан намын гол зорилго болжээ. Энэ нь Сунь Ятсений “Ардын гурван зарчим” хэмээх үзэлд тод тусгалаа олсон билээ. Түүний гаргасан гурван зарчмын эхний зарчим нь таван minzu (одоо үндэстэн гэж орчуулагдаж байна)-г Zhonghua minzu (нэг Хятад үндэстэн) хэмээх нэг ангилалд нэгтгэж, улмаар Хятадыг хүн амын хувьд нэг үндэстнээс бүрдсэн үндэстэн-улс болгох зорилготой байв. Хятадын гоминдан нам 1928 онд засгийн эрхийг авсны дараа 1929 онд Намын дүрэмдээ дараах зүйлийг дурджээ. Үүнд:
“Бид манай Хятад дахь бүх үндэстнийг нэг Хятад үндэстэн [zhonghua minzu] -д уусган нэгтгэх нь зүйтэй (тухайлбал АНУ анх үүсэхдээ Европын олон үндэстэн [minzu]-ээс бүрдэж байсан бол одоо ердөө нэг Америк үндэстэн [minzu] болж, дэлхий дээрх хамгийн хөгжин цэцэглэж буй үндэстэн болсон байна); Бид Хятад үндэстнийг маш их иргэншсэн үндэстэн болгож үндэсний үзлийг гүйцэлдүүлэх хэрэгтэй.”[15]
Энэ хүсэл эрмэлзэл 1931 онд Япон Манжуурыг, ялангуяа 1937 онд Хятадыг эзэлсний дараа эрчимжсэн байна. Хятадын нөлөө бүхий сэхээтнүүд, тэдгээрийн дотор Гу Жиган (Gu Jiegang) Хятад бус дөрвөн том үндэстэн Хятадаас тусгаарлаж болзошгүй хэмээн сэрэмжилж Хятад бол нэг үндэстэн гэх байр суурийг хамгаалж байв.[16] Ийм үзэл бүхий сэхээтнүүд, ялангуяа таван том бүлгийг тодорхойлохдоо minzu гэх ангиллыг хэрэглэх нь Хятад бус дөрвөн үндэстэн (minzu) Хятад үндэстэн (minzu)-д захирагдана гэхээс илүүтэй түүнтэй зэрэгцэн оршиж байна гэх утга санааг илэрхийлж байна хэмээн шүүмжлэлттэй хандаж байлаа. 1943 онд Хятадын удирдагч Чан Кайши (Chiang Kai-shek) “Хятадын хувь заяа” (Zhongguo zhi mingyun) номондоо энэ ангиллын асуудалд дээрх таван бүлгийг 民族 (minzu) гэхийн оронд язгуур гарал, овог аймаг гэсэн утгатай 宗族 (zongzu) хэмээн нэрлэх замаар нийтлэг өвөг дээдэстэй нэг Хятад үндэстэнд хамааруулж болох шийдэл олжээ. Мөн тухайн үед Хятадын коммунист нам нь Хятад үндэстэн гэх ойлголтыг өөрийн суртал ухуулгадаа ашиглаж байв. Гэвч Чан Кайшигийн бүтээл гарсны дараа Хятадын коммунист нам нэгдсэн фронтын бодлогынхоо хүрээнд цөөнхийг өөрийн талд татахын тулд Чан Кайшигийн дэвшүүлсэн zongzu гэх нэр томьёог Хятадын дээрэнгүй үзэл (Chinese chauvinism), цөөнхийг уусгах оролдлогын нэг илрэл хэмээн шүүмжилж эхэлсэн.
Чан Кайшигийн дээрх оролдлогоос үл хамааран Zhonghua minzu, zongzu хэмээх нэр томьёонууд нь 1947 онд батлагдсан Бүгд найрамдах Хятад улс (the Republic of China)-ын Үндсэн хуульд тусгалаа олоогүй. Тус Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт: “Дундад (Хятад) Иргэн Улсын бүх үндэстэн (minzu) тэгш эрхтэй” гэж заажээ. Ийнхүү Дундад Иргэн Улс 1949 онд Хятадын эх газарт унах хүртлээ олон үндэстнээс бүрдсэн улс (multi-national state) байсан.
1949 онд Хятадын коммунист нам засгийн эрхийг авсны дараа шинээр байгууллагдсан Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ) нь “Хятадын ард түмний улс төрийн зөвлөлдөх бага хурлын нийтлэг хөтөлбөр” гэх баримт бичгээр цөөн тоот үндэстэнд бүс нутгийн автономит эрх олгож буйгаа зарласан. Уг баримт бичиг нь 1954 он хүртэл түр Үндсэн хуулийн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд БНХАУ нь олон үндэстнээс бүрдсэн улс хэмээн өөрийгөө тодорхойлж байгаагийн хувьд түүнд дурдсан үзэл санааг цааш үргэлжлүүлсэн. БНХАУ-ын одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуульд “Бүгд найрамдах Дундад ард улс бол бүх улс үндэстний хамтаараа цогцлоон байгуулсан олон үндэстэн бүхий нэгдсэн улс болно”[17] хэмээн заасан байдаг. Ийнхүү Үндсэн хуулиар цөөн тоот үндэстэн (minority nationalities) нь төвлөрөн суугаа бүс нутагтаа өөртөө засах эрх эдлэн өөртөө засах байгууллага байгуулах эрхийг олгожээ. Үүнээс гадна Бүх улсын төлөөлөгчдийн хурал (National People’s Congress)-д цөөн тоот үндэстэн бүр зохих тооны төлөөлөгчтэй байхыг зөвшөөрчээ.
Уг үндэстний бодлого (nationality policy) нь нэгдсэн фронтын бодлогын нэг хэсэг болохын хувьд БНХАУ-ын цөөнх тоот үндэстнийг амжилттайгаар өөртөө татаж, Хятадын коммунист намд засгийн эрх авахад тусалсан гурван “шидэт зэвсэг”-ийн нэг байсан хэмээн сурталчилагдаж ирсэн. Орны өөртөө засах тогтолцоо (Regional Autonomy system) нь эдүгээ Хятадын төрийн үндсэн гурван тогтолцооны нэг юм.
Гэвч үндэстний бодлого, орны өөртөө засах тогтолцоо нь сүүлийн 20 жилд урьдчилан тооцоолоогүй сорилтуудтай тулгарч байна. Хятадын коммунист намын доторх цөөнгүй гишүүн, ялангуяа үндсэрхэг үзэлтэй эрдэмтэн судлаачдын зүгээс үндэстний бодлогоо өөрчлөхгүй бол Хятад улс ЗХУ, Югослав шиг задрах эрсдэлтэй хэмээн сануулж, нам болон улсаа аврахын тулд цөөн тоот үндэстний үндэсний үзлийг өөгшүүлж буй тэрхүү бодлого, тогтолцоог халахыг шамдуулах болсон. Тэдний санал болгосон нэг арга зам нь ангиллын нэрийг minzu (үндэстэн) байсныг zuqun (угсаатны бүлэг) болгон өөрчлөх явдал юм. Zuqun нь субьектүүдын хоорондын харилцааг илэрхийлнэ гэж үзэж, хэрвээ цөөнхүүдийг ийнхүү нэрлэвэл тус тусдаа үндэстэн гэхээсээ угсаатны бүлэг гэх нэр зүүн улмаар өөртөө засах эрх, тусгаар тогнолын төлөө тэмцэхийн оронд өөр хоорондын харилцан хамаарлаа чухалчилна хэмээн тооцоолжээ. Энэ өөрчлөлт нь Хятадын үндэстний асуудлаар өмнөө барьдаг сэтгүүл болох Minzu Tuanjie-г англиар “Үндэстнүүдийн нэгдэл” (Nationalities Unity) хэмээн орчуулдаг байснаа больж “Угсаатны нэгдэл” (Ethnic Unity) гэж орчуулдаг болсон аль 1995 оноос эхлэлтэй. Өнөөдөр Хятадын minzu гэх нэр томьёо нь тус улс дахь ангиллын албан ёсны нэр хэвээр байгаа боловч эрдэм шинжилгээний олон бүтээлд minzu гэх нэр томьёоноос ихээхэн хэмжээгээр татгалзаж, англиар “ethnic group” хэмээн шууд буулгадаг zuqun гэдэг үгийг түлхүү хэрэглэж байна. Ийнхүү minzu-г zuqun-ээр солин ангиллын нэрийг зассан нь Zhonghua minzu (Хятад үндэстэн) гэх ойлголтын дахин сэргэлттэй давхцсан. Энэ нь Хятадыг үндэстнүүдийн нэгдэл гэхээсээ 56 угсаатны бүлгээс бүрдсэн нэг Хятад үндэстэн (Zhonghua minzu)-ий улс болгох Хятадын улс төрийн биет цогцолбор (body politic of China)-ын өөрчлөлтөд хүргэж байна. Энэ нь ямар нэг урьдчилан тооцоолоогүй явдал биш бололтой. Тодруулбал, хэдийгээр БНХАУ-ын Үндсэн хуульд “Хятад үндэстэн” гэх ойлголт байхгүй ч Хятадын коммунист намын дүрэм нь “Хятадын коммунист нам нь Хятадын ажилчин анги, Хятадын ард түмэн болон Хятад үндэстэн (Zhonghua minzu)-ий хошуучлагч юм”[18] гэх өгүүлбэрээр эхэлдэг. Эндээс харвал намын дүрэм нь Үндсэн хуулийн “Бүгд найрамдах Дундад ард улс бол бүх улс үндэстний хамтаараа цогцлоон байгуулсан олон үндэстэн бүхий нэгдсэн улс болно” гэсэн заалттай зөрчилдөж байна.
Энэ нэр томъёоны зөрчилд хоёр асуудал агуулагдаж байна.
Нэгдүгээрт, “Хятад үндэстэн” болон “цөөн тоот үндэстнүүд”-ийн хооронд minzu гэх нэр томьёоны төлөөх өрсөлдөөн байна. Удаан хугацааны турш коммунист нийгмийн хувьслын онолын загвар (the Communist evolutionary paradigm)-ын үүднээс minzu хэмээх нэр томьёо нь цөөн тоот үндэстний хоцрогдол, эцэстээ уусч үгүй болох утгыг агуулах болсон. Харин Zhonghua minzu хэмээх ойлголт сэргэж буй нь цөөн тоот minzu-г үндэсний хэмжээний нэг minzu-д захирагддаг буюу түүний нэг хэсэг болгон ангиллын эрэмбэ дараалал (шатлал)-ыг бий болгох зорилготой. Хятад үндэстэн, цөөнх үндэстний аль алиныг minzu гэх нэг нэр томъёогоор нэрлэснээс үүдэлтэй төөрөгдөл нь Хятадын сэхээтнүүдийн зүгээс цөөнх үндэстнийг zuqun буюу угсаатны бүлэг (ethnic group) хэмээн өөрчлөн нэрлэх оролдлого хийхэд хүргэжээ.
Хоёрдугаарт, ангиллын шатлалаас гадна zuqun (ethnic group) болон minzu (nationality) гэх нэр томьёонууд нь бүхэлдээ өөр агуулгатай болохыг ойлгох нь зүйтэй. Хятадад хэрэглэгддэг minzu нь “Үндэстэн (nation) гэдэг нь нийтлэг хэл, нутаг дэвсгэр, эдийн засгийн байдал, соёлоор илэрхийлэгддэг сэтгэл зүйн тогтоц дээр суурилж, түүхийн туршид бүрэлдэн бий болсон хүмүүсийн тогтвортой нэгдэл” гэх Сталины тодорхойлолтонд суурилдаг. Энэ нь цөөн тоот үндэстнүүдэд нутаг дэвсгэрийн өөртөө засах эрх олгох үзэл санааны суурь болдог. Үндэстнээс ялгаатай нь Хятадад “угсаатны бүлэг” нь харилцан хамаарал дээр суурилан бүрэлдсэн соёлын болон угсаатны ижилсэл хэмээн ойлгогддог бөгөөд энэ нь үндэстэн шиг нутаг дэвсгэр дээр суурилдаггүй. Иймийн учир эдгээр хоёр нэр томьёо нь нийгмийн практикын хоёр өөр баримжааг гаргаж ирнэ. Үндэстэн гэж нэрлэвэл энэ ангиллын дагуу ард түмнийг өөрсдийн хэл, нутаг дэвсгэр, эдийн засаг, соёлын онцлог, эв нэгдэл бүр цаашлаад бүрэн эрхт байдал (тусгаар тогтнол)-ынхаа төлөө тэмцэж, бусад улс үндэстнээс тусдаа хил хязгаартай, түүнийгээ хамгаалах эрхтэй байж болох санааг илэрхийлэх бол угсаатны бүлэг нь олон талт соёл, харилцан үйлчлэл, магадгүй бүр өрсөлдөөнт орчинд дасан зохицож амьдарч хөгжинө гэсэн агуулгатай. Ийнхүү ангиллын нэрэнд гарч буй өөрчлөлт нь Хятадуудтай илүү дотно, үл зөрчилдөгч цөөнхийг бий болгохын төлөөх зүйл хэмээн ойлгогдож байна.
Гэхдээ энэ нь Хятадын цөөнх бүлгийн түүхийг бүхэлдээ алдаатай ойлгож буй асуудал юм. Тэдний ихэнх нь тэр дундаа Монголчууд, Төвдүүд, Уйгарууд нь өөрийн гэх эх нутаг, төрт ёс, улс төрийн бүтэцтэй байсан ард түмэн юм. Тэдний үүднээс Хятад улсын доторх minzu болох нь аль хэдийн том буулт болсон. Тиймээс minzu-г zuqun болгон солих нь тэднийг хятад угсаатай хэмээн minzu-г zongzu болгон засах гэсэн Хятадын гоминдан намынхны өмнөх үеийн оролдлогыг санагдуулна.
[1] Gilbert Ryle 1949. The Concept of Mind. Chicago: University of Chicago Press, pp.17-18.
[2] Confucius (trans. Burton Watson) 2007. The Analects of Confucius. New York: Columbia University Press, pp. 88-89.
[3] Kenneth Burke 1966. Language as Symbolic Action. Cambridge, UK: Cambridge University Press.
[4] Burke 1966, p.105.
[5] Burke 1966, p.46.
[6] Kenneth Burke 1931, “Counterblasts on ‘Counter-Statement’”. New Republic (69) (9 December 1931), p. 101.
[7] George Lakoff, Mark Johnson 2003. Metaphors We Live By. Chicago: University of Chicago Press, p. 244.
[8] Fredrik Barth (ed.) 1969. Ethnic groups and boundaries: the social organisation of culture difference, Bergen/London: Universitets Forlaget/George Allen and Unwin.
[9] “Ethnicity”-ын тухай ойлголт нь “tribalism”-ыг хэрхэн халсан тухай сонирхолтой судалгааг Marcus Banks 1996. Ethnicity: Anthropological Constructions. London: Routledge, chapter 2 -аас үзнэ үү.
[10] Francis Fukuyama 2018. Identity: The Demand for Dignity and the Politics of Resentment. New York: Farrar, Straus and Giroux.
[11] John L. Comaroff, Jean Comaroff 2009. Ethnicity, Inc. Chicago: University of Chicago Press, p.1.
[12] Prasenjit Duara 2011. “The multi-national state in modern world history: The Chinese experiment”. Frontiers of History in China. Vol.6 (2): 285-295
[13] Monggul Yeru Uge yin Sedhul 1913, No.1. & Sine Toli Hemehu Bichig 1913, No.1.
[14] John Fitzgerald 1995. “The Nationless State: The Search for a Nation in Modern Chinese Nationalism.” The Australian Journal of Chinese Affairs. No. 33, pp. 75-104.
[16] Leigh K. Jenco 2019. “Can the Chinese Nation Be One? Gu Jiegang, Chinese Muslims, and the Reworking of Culturalism.” Modern China, No.1, pp. 1–34.
[17] Хашилтад буй Монгол эх нь Хятадын Үндсэн хуулийн албан ёсны Монгол орчуулга болно.
[18] Constitution of the Chinese Communist Party (revised and adopted on 24 October 2017).
http://www.xinhuanet.com//english/download/Constitution_of_the_Communist_Party_of_China.pdf
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2020.11.3 МЯГМАР № 212 (6437)