С.УЯНГА
Наран М клиникийн их эмч, анагаах ухааны ахлах зэрэгтэй эмч Ш.Ариунжаргалтай ярилцлаа.
-Коронавирусын нууц үе улам уртасч байх шиг. Вирус мутацид орж байна гэж ойлгож болох уу. Ханиад хүрсэн, халдварын вирус авсан гэдгээ хэрхэн ялгах вэ?
-Эхлээд вирус гэж юу вэ гэдэг талаар энгийн ойлголт өгье. Вирус нь нуклейн хүчил липид агуулсан өвөрмөц бүтэцтэй зөвхөн амьд эсийн дотор өсөж үржих чадвартай бичил бүтэц бүхий биологийн тогтоц юм. Вирусын халдвар халдварт өвчний 80 орчим хувийг эзэлдэг. Эсийг молекулын түвшинд туйлбартай эмгэгшүүлдэг.Тэр дундаа томуугийн вирус нь асар их халдвартай. Халдварт өвчтэй хүнээс эрүүл хүнд агаар дуслын замаар дамждаг. Шинж тэмдэг нь тодорхойгүй юм уу, хөнгөн явцтай өвчилсөн хүн 6-10 хоногт халдвар тараагч болдог. Томуу өвчин нь толгой бүх бие өвдөх халуурч чичрэх шинж тэмдгээр илэрдэг цочмог халдварт өвчин юм. “COVID-19”- өөс ялгах гол арга бол лабораторийн шинжилгээ. Энгийн томуугийн халдварын үед ч гэдэс базлах нус нулимс ялгарах цээжээр хөндүүрлэм амьсгаадах хуучин архаг өвчин сэдрэх амтлах үнэрлэх мэдрэхүй буурах шинж тэмдэг гардаг. “COVID-19”халдварын гол шинж тэмдэг бол маш хурдан хугацаанд уушгины артерийн судасны дотор хана гэмтэж фиброз буюу хатуурал үүсдэг. Мөн артерийн судасны эндотел эсүүд гэмтсэнтэй холбоотой амьсгал зүрх судас бөөр элэгний хавсарсан дутагдлууд богино хугацаанд үүсдэг. Өөрөөр хэлбэл, цус маш их өтгөрдөг гэсэн үг. Коронавирус нь хуучин дөрвөн төрөл 10 гаруй зүйлтэй байсан бол одоо улам нэмэгдээд судлагдаж байгаа. 1889,1968 онуудад гарсан Гонконг ханиад H3N2-ын 1918 оны Испани 1977 онд ЗХУ-д бүртгэгдсэн цар тахал N1N1-ийн халдварууд байлаа.
-Коронавирусыг яаж устгах вэ. Бусад улс орны үр дүнтэй туршлагуудыг харвал?
-Халдвараас сэргийлэхийн тулд хамгийн эхлээд өвчтөнийг илрүүлж тусгаарлах нь хамгийн чухал. Мөн хавьтлыг тогтоож хяналтанд авах ёстой. Хөл хорио тогтоох аргууд нь халдварыг таслан зогсоох үр дүнтэй арга хэмжээ боловч цаг хугацаа, ажиллах хүчин, өртөг зардал өндөртэй нь нийгэмд бухимдал үүсгэдэг сөрөг үр дагавартай. “COVID-19”-ыг устгахад гурван нөхцөл бүрдүүлэх ёстой. Нэгдүгээрт, нас харгалзахгүй бүх хүн хэрэглэж болох дархлаа тогтоох найдвартай вакцинтай болох. Вакцины ачаар салхин цэцэг, улаан бурхан, галзуу, саа гэх мэт маш олон халдварт өвчнийг устгасан шүү дээ. Хоёрдугаарт, сэжигтэй тохиолдол бүрийг бүрэн илрүүлэн шинжлэх хүрэлцээтэй оношлууртай болох. Гуравдугаарт, халдвараас сэргийлэх энгийн найдвартай аргыг хүн бүр эзэмшиж хэрэглэж сурсан байх юм.
Анагаах ухаан өндөр хөгжсөн орнууд энэ өвчинд хүчин мөхөсдөж зарим орнууд сул тавьсан байна. Манай орны хувьд хөл хорио тогтоож, цар тахлын үед авах арга хэмжээг зөв шуурхай авлаа.
-Вирусын гаралтай ханиаднаас сэргийлэхийн тулд яах вэ. Ялангуяа, уушги цэвэрлэж, цус шингэлэх энгийн аргуудыг хэлж өгөөч?
-Монголчуудын цусны эргэлтийн 70 хувь нь дотор эрхтэнд эргэлддэг эрс тэс уур амьсгалдаа зохицсон биологийн дархлаа сайтай ард түмэн. Гэхдээ сүүлийн үед хотжиж суурин иргэншилтэй болсноор дархлаа суларч аливаа халдвар, хавдар, харшилд өртөмтгий болж байгаа нь байгалиасаа холдож хөдөлгөөн хумигдаж идэж уух эдэлж хэрэглэж байгаа өөрчлөгдсөнтэй холбоотой.
Монгол анагаах ухааны ойлголтоор хүний биеийг идээ ундаа, явдал, мөр, байгалийн нарийн тогтолцоо шүтэн барилдлагаар эмчилнэ гэж үздэг. Орчин үед аливаа зүйлд хандлага чухал байр суурь эзэлнэ гэж үздэг болсон тул эмч мэргэжилтнүүдийн заавар зөвөлгөөг сайтар дагаж өөрөөс шалтгаалах бүхнийг хийх хэрэгтэй. Тэр тусмаа хөл хорио нь хүүхэд, өндөр настай хүмүүст эмзэг тусдаг тул анхаарч асрах шаардлагатай. Бусад орны туршлагаас харахад БНХАУ уламжлалт тан болон зүү, хий, сэтгэл засал эмчилгээгээр амжилттай эмчилж байгаа. Хойд хөршийн манай оронтой хил залгаа Буриадад халдварын үед Сороол4, Норов7, Мана4 зэрэг тангуудыг эмчилгээнд сайн үр дүнтэй байгааг эмч нар зөвлөж байна.
Дархлаа сайжруулж ханиад эмчлэх хамгийн энгийн арга нь цэгэн бариа. Нүүр биеийн тодорхой цэгүүдэд дарснаар дархлааны шүүрлүүд идэвхжиж өвчин эдгэрэлтийг түргэсгэдэг. Мөн бумба засал нь цусны эргэлтийг сайжруулж лимфийн судсыг цэвэрлэдэг. Зөв амьсгалснаар цусны эргэлт сайжирч өвдөлтийг 40 хувь хүртэл бууруулдаг. Сүүлийн үеийн эмчилгээний хамгийн найдвартай арга нь йог, фитнес, алхалт, аэробик болсон. Идээ ундаа ч хүний амьдралын хэв маяг, эрүүл мэндэд чухал үүрэгтэй. Цус шингэлэх гол арга нь өдөрт биеийн жиндээ зохицуулан ус уух. Бүлээн буцалсан усыг кг жинд 30 граммаар бодож уухад бие цэвэрлэнэ. Гэхдээ хэт их болон бага уух нь өвчин болдог. Хүйтэн ус уушги гэмтээдэг гэж үздэг. Бусад жүүс төрөл бүрийн цайг биеийн онцлогт тохируулан хэрэглэх ёстой. Сахар харшилтай хүмүүст жүрж лимоны жүүс таарахгүй бол цөсний үрэвсэл ходоодны шархтай хүмүүс сармис халуун ногоог болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Хэрх тулай өвчтэй бол хонь адууны мах халуун чанартай хоол унд хэрэглэхээс татгалзах гээд хоолны маш нарийн зохицолдлогоотой.
Хүрээлэн буй орчинд байгаа маш олон тооны нян вирус мөөгөнцөр шимэгч зэрэг эмгэг төрөгчид хүний биед нэвтрэн орж үржээд тодорхой нөхцөлд өвчин үүсгэдэг.
Бие махбод өөрийн төрөлхийн болон олдмол дархлаагаа ашиглаж биеэс гадагшлуулснаар биеийн дотоод тэнцвэрт байдлыг хангаж байдаг. Бид хэрэгцээт витамин эрдэс уургийн дутагдлаас шалтгаалан эрт хөгширч өвчлөлд өртөж дундаж наслалт дэлхийн түвшнээс доогуур байгаа. Уламжлалт эмийн үйлдвэрүүд ургамал амьтан эрдэсээс гарган авсан биологийн идэвхт бодис агуулсан тангуудыг үйлдвэрлэн эмчилгээнд өргөн хэрэглэж байгаа. Вируст үйлчилдэг эм ховор, үнэтэй байдаг. Судлаачдын үзэж байгаагаар уламжлалт тангууд вирусын өсөлтийг зогсоож дархлааг сайжруулах замаар нян хижгийн халууныг дардаг. Уламжлалт зүү, бариа, хануур, бумба, жин заслыг хавсран коронавирусын халдвар төдийгүй эмчилгээгүй гэгдэх олон өвчнийг эмчлэх боломжтой.
-Эсрэг бие үүссэн хүн нян тээгч мөн үү. Халдвар тараах уу?
-Антител буюу эсрэг бие нь халдварт өвчнөөр өвчлөөд эдгэсэн үед үүсдэг. Халдвар тараахгүй. Энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Зарим оронд эсрэг бие үүссэн хүний цусыг эмчилгээнд ашиглаж байгаа. Харин үр дүн сайтай боловч олдоц муутай өртөг өндөр гэж мэдээлж байна. Коронавирусын антиген богино хугацаанд хувирч өөрчлөгдөх шинжтэй. Эсрэг бие үүсэх нь дархлаа тогтсон гэсэн үг. Дархлаа насан туршийн болон түр зуурын гэсэн хоёр янз байдаг. Томуугийнх ихэвчлэн богино хугацаатай. Эсрэг бие үүсээд насан туршдаа дархлаа тогтдог өвчнүүд бий. Салхин цэцэг, корь, гахайн хавдар гэх мэт. Коронавирусын тухайд сайн судлагдаагүй болохоор хамаагүй хэлж болохгүй. Эсрэг бие тогтсоноор эдгэсэн гэсэн үг. Хариу нь сөрөг гарсан ч шинж тэмдэг арилахгүй удаж байгаа тохиолдол бий.
Антигений энэ хувьсалт нь цэгчилсэн мутаци болон эсрэгтөрөгчийн нуклеотид бүрэн хувирч өөрчлөгдөхтэй холбоотой байдаг. Нууц хугацаа уртасч анх настай болон суурь өвчтэй хүмүүс өвдөж байсан бол одоо залуучууд хүүхдүүд илүү халдвар авч байна. Ихэвчлэн хөнгөн явцтай боловч уушги зүрх судасны тогтолцоо гэмтсэн тохиолдолд нас бардаг. 1918 онд бүртгэгдсэн Испанийн цар тахлаар 20 сая хүн нас барсан.
Тиймээс ахмад настнууд болон системийн өвчтэй хүмүүс онцгойлон анхаарах шаардлагатай. Тохирсон эм тангаа тогтмол ууж дасгал хөдөлгөөн хийж сэтгэл санаагаа өөдрөг байлгаж биенээ хайрлан эерэг байх хэрэгтэй. Ер нь бүхий л төрлийн өвчин сэтгэлзүйтэй хамааралтай байдаг.
-Дархлааг эм тариагаар дэмжих, сэргээх нь зөв үү. Хүмүүс төрөл бүрийн витамин уухыг чухалчилдаг?
-Дархлаа унах хэд хэдэн шалтгаан бий. Архаг суурь өвчнүүд тухайлбал сүрьеэ, сульдаа, сахар, хавдар, үе мөчний системийн өвчнууд болон төрөлхийн дархлааны эмгэгтэй холбоотой. Шим тэжээлийн хангалтгүй байдал хатуу дэглэм барьдаг буруу хооллодог хүмүүст илүү тохиолдоно. Хэт их иддэг эм тариа их хэрэглэдэг хүмүүс ч дархлаа султай байдаг. Иймд шалтгаанаа зөв тогтоож эмчлэх хэрэгтэй. Ямар нэгэн дархлаа сайжруулах нэмэлт бүтээгдэхүүн эм тариа хэрэглэхээс илүү лабораторийн шинжилгээн дээр үндэслэн эмчийн зааврыг дагах хэрэгтэй. Дархлаа дэмжих хамгийн найдвартай арга нь нар ус агаар элс рашаан сувилал гэх мэт байгалийн эмчилгээ. Үүн дээр шаардлагатай эрдэс амин дэмээ эмчийн заавраар хэрэглэх нь чухал. Дархлаа суларсан үед хүн өвчлөмтгий болно.Үс хумс хугарахаас гадна арьсан дээр тууралт гарч, ядарч нойр хоолонд муудна. Шарх эдгэхгүй. Арьс хуурайших юм уу, хөлрөмтгий хүйтэн болж өнгө муудна.
-Мэргэжлийн хүний хувьд коронавирусын халдвартай тэмцэж байгаа бусад улс орны туршлагыг харж байгаа байх. Манай улс онцлог нөхцөлд хүн амын дунд тархвал хэрхэн сэрэмжлэх ёстой вэ?
-Польш, Чех улсад ажиллаж байгаа эмч нартай холбогдоход эмчлүүлээд эдгэрсэн хэдий ч шинж тэмдэг арилахгүй байгаа тохиолдолд тан, зүү, бумба сайхан таарч байгаа гэсэн. Мөн тан уудаг хүмүүс коронавирус хөнгөн тусаж байна гэсэн. Халдвар их тархаад байгаа орнуудад залуус хүүхдүүд их өвдөж байгаа нь бөөгнөрөл үүссэнтэй холбоотой байгаа. Ийм учраас сургууль, цэцэрлэг карантилах, хамгийн зөв. Үүний ачаар өнгөрсөн жил томуугийн халдвар ч эрс буурсан.Эмчилгээг шинжилгээ негатив буюу сөрөг тохиолдолд хийж байгаа юм билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.11.17 МЯГМАР № 220 (6445)