Б.ДОЛЖИНЖАВ
Жил бүрийн аравдугаар сарын 15-ныг “Дэлхийн цагаан таягтны өдөр” буюу Хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг угтан хоёр нүдний хараагаа алдсан ч сурах, өөрийгөө хөгжүүлэх ирмүүн хүслээр дүүрэн Н.Мандахтай ярилцлаа.
-Хүмүүс тэтгэвэртээ гарсан бол ихэнх нь гэртээ суухыг эрмэлздэг. Харин таны хувьд өөрийгөө хөгжүүлж, шинэ зүйл сурахыг хүсч байгаа тань сайхан санагдлаа. Сурч, хөгжих энэ их хүсэл хаанаас эхлэлтэй талаар ярилцлагаа эхлэх үү?
-Сайн байцгаана уу. Намайг Н.Мандах гэдэг. Улаанбаатар хотын унаган хүүхэд. Энэ жил тэтгэвэрт гарсан, 56 настай. Хэдий тэтгэвэрт гарсан ч ажил хөдөлмөр хийж, өөрийгөө хөгжүүлэх сургалт, дугуйланд явж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээдэг эгэл жирийн эмэгтэй. Харанхуй ертөнцөд амьдардаг хүмүүс үргэлж ямар нэгэн шинэ зүйл сурахыг боддог. Гар хөл маань эрүүл бол би 70 нас хүртлээ сурч, өөрийгөө хөгжүүлмээр байна. Гэрт, дөрвөн хананы дунд юу ч хийхгүй суух үнэхээр хэцүү. Цаг өнгөрөхгүй, сэтгэл санааны дарамтад ордог. Хамт олны дунд байхаар зовлонгоо түр ч гэсэн мартдаг нь сайхан санагддаг. Тиймээс Хараагүйчүүдийн үндэсний холбооны бариачийн нэг жилийн ангид элссэн. Гэвч бариачийн хувцас авахаас эхлээд зарлага их гарах гээд байсан. Мөн өглөө 08:30-15:00 цаг хүртэл юу ч идэхгүй суудаг байлаа. Гэрээс сургалт руу хүргэж өгөх хүн олдохгүй. Гэрээсээ хүйтэн хоол авчрахаар ходоод өвдөнө. Энэ мэт шалтгаанаас бариачийн ангидаа сурах боломжгүй болсон.
-Таныг төгөлдөр хуураар хичээллэдэг гэж сонссон?
-Бариач болж чаддаггүй юмаа гэхэд төгөлдөр хуур дээр 2-3 ая тоглоод сурчихвал өвчнөө мартаж, бухимдал минь багасна гэж бодсон. Хараатай байхад мэргэжилгүй байсан ч аль нэг газар цэвэрлэгч эсвэл наймаа эрхлээд явахад амьдарч болдог. Харин хоёр нүд нь хараагүй болчихсон хүний хувьд ажил эрхлэх боломж Монголд байдаггүй. Миний нүдийг Монголд байтугай дэлхийд эмчлэхгүй гэсэн. Тиймээс бариа засал хийх, хөгжим тоглохоос өөр хийх ажил надад олдохгүй байна. Гэтэл хөгжмийн сургалтынхаа сонсдог төхөөрөмжийг авах мөнгөгүйгээс энэ сургалтдаа дахин сурч чадахгүй болчихсон. Одоо хаана хандахаа мэдэхгүй гацчихлаа. Хөгжмийн сургалт, дугуйлан олон байгаа ч намайг дэмжээд үнэгүй сургаад өгөх газар олдсонгүй. . Намайг сургаад өгөөч гээд БСШУЯ, ХНХЯ-нд хандсан. Хариу өгөөгүй.
-МСҮТ-д суралцагч-дад олгодог тэтгэлгийг та авдаггүй юмуу?
- МСҮТ-ийн суралцагч-дад өгдөг 200 мянган төгрөгийн тэтгэлгийг авбал хоол хүнс, бусад хэрэгцээндээ зарцуулъя гэж бодсон. Гэтэл энэ тэтгэлгийг 18-35 насны хүмүүст олгодог учир надад олдоогүй. Тухайн хүн сурах хүсэлтэй бол түүнийг хааж болохгүй биз дээ. Манай улс хараагүй хүмүүст ээлгүй хууль гаргадгийн жишээ нь энэ. “МСҮТ-ийн тэтгэлгийг нь олгодоггүй юмаа гэхэд сонсдог төхөөрөмжийг нь үнэгүй өгчихөж болдоггүй юм уу” гэсэн чинь “Үгүй” гэсэн. Уг нь хөгжмийн ангидаа тэтгэвэрт гарсан ганц хүн нь би. Нэг ёсондоо сурч боловсрох эрхээ хасуулчихлаа.Хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх МСҮТ-ийн дотуур байранд суувал хоол, цайг нь үнэгүй өгдөг юм билээ. Харин би чинь тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө түрээсийн байранд хүүтэйгээ амьдардаг. Цөөн хэдэн төгрөг нь хаана ч хүрдэггүй.
-Та дуу зохиодог, хөгжим тоглодог байх аа?
-Тийм ээ. Олон дууны клип хийж, дуугаа телевиз, радиогоор цацсан. Мөн CD гаргасан. Гэтэл Хараагүйчүүдийн үндэсний холбооны 50 жилийн ой өнгөрсөн жил болоход концертдоо намайг оруулаагүй, хөгжим тоглуулаагүй.
-Ингэхэд та яагаад хараагаа алдсан талаар ярьж болох уу?
-Би олдмол харааны бэрхшээлтэй. Хараагүй болоод удаагүй. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн бараа судлалын ангийг төгсөөд олон төрлийн ажил хийдэг байлаа. 1990-ээд оноос хойш хараа муудаад олон удаа хагалгаанд орсон. Гэтэл хамгийн сүүлийн хагалгаагаа хийлгээд 2012 онд бүрэн хараагүй болсон. Нэг нүд нь хараагүй болчихоор нөгөө нь бас хараагүй болчихдог юм байна. Хэдий хараагаа алдсан ч сурах, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй намайг дэмжээд үнэгүй сургаад өгөх албан байгууллага, сургалт, дугуйлан олох юмсан гэж хүсч байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.10.14 ЛХАГВА № 199 (6424)