Ч.ҮЛ-ОЛДОХ
Ю.Цэдэнбалын намтар судлаач, түүхч Ц.Жамбалсүрэнтэй ярилцлаа.
-Ю.Цэдэнбалыг өнөө цагт судлахын ач холбогдол нь юу вэ?
-Түүнийг судлах болсон шалтгаанаа тодруулбал, 1980-аад оноос хойш бүгд түүнийг харлуулан доромжилж, гүтгэлэг, доромжлол, хэлмэгдүүлэлт, хохироох явдал гарах болсон. Иймд 1993 оноос түүний түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, удирдагч хэдий ч бодит байдалд ямар хүн байв гэдгийг судалж эхэлсэн. Одоо ч судалж байна.
-Ю.Цэдэнбал хэрхэн яаж хэлмэгдсэн бэ. Өнөөг хүртэл цагаатгаагүй гэж үү. Яагаад түүнийг цагаатгах ёстой вэ?
-Зарим хүн Н.Багабанди, П.Очирбат нарын үед зарлиг гаргаж түүнийг цагаатгасан гэдэг. Цагаатгах гэдгийг зарим нь буруу зүйл хийсэн хүн дээр ярьдаг. Тэгэхээр Ю.Цэдэнбал ямар ч буруу зүйл хийгээгүй гэлцдэг. Бас түүнийг олон хүнийг хохироосон учраас муулаад явж байя гэх нь ч байдаг. Нийгэм ийм олон янзын үзэл бодолтой болчихжээ. Үүнээс аль нь монголчуудын хувь заяанд зөв бэ, яавал Монгол төрийн тэргүүн, жирийн иргэн хэн ч хохирч хэлмэгдэж болохгүй гэсэн хүний эрх, дэлхий нийтийн зарчмыг биелүүлэх вэ. Эсвэл чимээгүй, тоохгүй байгаад байх уу. Энэ мэт олон асуулт манай нийгэмд байна. Эндээс дүгнэхэд Монголын өнөөгийн нийгэмд нэгдмэл үзэл бодол байхгүй болчихжээ. Олон ургальч үзэл байх ёстой ч тэр нь хэтрэхээр юу болох билээ. Үнэнийг худал гэж харлуулдаг, харыг цагаан, цагааныг хар гэж ярьдаг, шударгыг шударга бус гэж ойлгуулдаг. Юм хийсэн хүнийг хийгээгүй гэж сурталчилдаг, хийгээгүйг хийсэн болгож тулгадаг сонин нийгэм болчихож. Тэгэхээр яагаад Ю.Цэдэнбалыг цагаатгах ёстой вэ гэдэг асуулт олон асуудлын зангилаа юм. Үүнийг хүмүүс мэдэх ёстой.
-Түүний эрхийг ноцтой зөрчсөн, хүмүүсийг заавал мэдээсэй гэх ямар зүйл байна?
-Тэр Монгол төрийг 44 жил удирдсан. Ажлаа хийж байх явцад алдсан, оносон зүйлүүд бий байх. Гэвч орчин цагийн Монгол Улсыг 1940-1984 он хүртэл байгуулан бэхжүүлсэн гавьяатай. Түүний хажуугаар нийгэмд янз бүрийн үйл явдал болсон байх. Доод шатанд, хүмүүсийн хооронд өрнөсөн бурууг Төрийн тэргүүнд тохсон маргаантай зүйл ч олон. Жишээ нь, 1984 оноос өөрчлөлт, шинэчлэлт өрнөж, өөрчлөн байгуулалтын замаар явсан гэж олон хүн үздэг. Нарийн судалбал, тэр үед манайд жижигхэн төрийн эргэлт болсон. Үүнийг нотлох бичгийн сурвалж, архивын баримт, Зөвлөлтийн судлаачдын хүлээн зөвшөөрсөн албан ёсны дүгнэлтүүд бий. Тухайн үед Коммунист нам Москвад шийдвэр гаргадаг байсан. Тэгвэл Монголд “хаан ширээ”-нд гарах гэсэн нөхдүүд бас байсан. Тэд ЗХУ-ын С.Горбачев нартай холбоо тогтоож хуйвалдаан зохион байгуулсан. Түүнд нь Оросын тагнуулын байгууллага /КГБ/ оролцсон. КГБ-ын Монголд байсан төлөөлөгч өөрийн номд түүнийгээ дэлгэрэнгүй бичсэн. Монголчууд тусгаар улс байсаар атал гадаадын хүмүүстэй дотоодын хуйвалдагчид нь нийлээд улсынхаа удирдагчийг буулгаж гадаадад хашчихдаг хууль зөрчсөн бусармаг явдал байж таарахгүй.
Хүний хамгийн дээд эрхийг Олон улсын хүний эрхийн тунхагт “Хүн эх орондоо амьдрах эрхтэй” гэж заасан атал Ю.Цэдэнбалыг албан тушаалаас нь буулгаж, ЗХУ-д аваачин гэрийн хорионд оруулсан. Тэр хүн үхэн үхтлээ өдөр бүр “Би эх орондоо очмоор байна” гэж гуйж, уйлж зүтгэж байсан.
Ю.Цэдэнбал насан туршдаа улсынхаа төлөө хөдөлмөрлөсөн хоёр дайны ахмад зүтгэлтэн. Түүний хань орос эмэгтэй эр нөхрөө хайрлах сэтгэлийн үүднээс Монголын хүүхэд, залуусын төлөө ихийг хийж бүтээсэн. Том хүү нь СЕВ-ийн орнуудтай харилцдаг, тусламж дэмжлэгийг нь Монголд оруулж ирдэг, улс орныг хөгжүүлэх бүх зохицуулалтад ажилласан. Гэтэл Ю.Цэдэнбалыг Үндсэн хуулийн бус аргаар ажил албанаас нь холдуулаад зогсохгүй, эхнэрийг нь ажилгүй болгож, хүүг нь намаас хөөж ажлыг нь авсан. Бага хүүгийнх нь паспортыг хурааж хааш нь ч явуулахгүй хорьсон. Нэг ёсондоо гэр бүлээр нь хэлмэгдүүлсэн. Тэтгэвэр тэтгэмжийг нь ч ном ёсоор нь олгож байгаагүй.Эмнэлгийн бичгүүд нь хэнийх нь мэдэгдэхгүй зураг хөрөгтэй байсан. Хүн шударгаар хөдөлмөрлөж олсон өмч хөрөнгөө эзэмших эрхтэй гэж Хүний эрхийн тунхаглалд бий. Гэтэл зургаан өрөө байр, тэнд байсан бүх хөрөнгө, 10 мянган номтой гэрийн номын сан, сольж өмсөх дотуур хувцаснаас нь өгсүүлээд хувийн зургийн цомог нь хүртэл алга болсон. Ямар ч шүүхийн шийдвэр, бүртгэл судалгаагүй хамаад явчихсан. Европын улсуудад айлчлах үеэр нь бэлгэнд ирсэн 20-30-аад буу, сэлэм нь алга болсон. Мөнгөн аяганууд байсан гэлцдэг, бас л байхгүй. Өнөө хүртэл өмч хөрөнгө нь хаана байгаа нь тодорхойгүй.
- Гэхдээ одоо нэр төрийг нь сэргээлээ гээд ямар ач холбогдолтой вэ?
-Өөд болсон хүн бурханы орноос харж байдаг гэж буддистууд хэлдэг. Тэр тэнгэрээс харж байгаа. Музейг нь байгуулъя, номын санг нь сэргээе, хөшөө дурсгалыг нь мөнхжүүлье гээд санаж сэдэж буй зүйл олон байна. Үүнийг өнөөдөр сөхөж яриад байгаа нь хэлмэгдүүлэлт, доромжлол, дээрэм, тонуулыг дахиж битгий гаргаасай гэхдээ сануулж, сэрэмжлүүлж байгаа юм. Хүнийг хилсээр хэлмэгдүүлдэг явдлыг бүрмөсөн арилгах, дахин тийм хар зүйл гаргахгүй байх нийгэм, улс төрийн баталгааг бий болгох зорилготой юм. Цагаатгалын хууль гаргаад 1930-аад онд хэлмэгдсэн хүмүүсийг хамруулж байгаа нь буяны том үйл. Тэр хүмүүс аль эрт нөгөө ертөнцөд оччихсон, цагаатгалаа гээд буцаж ирэхгүй ч хэлмэгдүүлэлтийг дахин гаргуулахгүй байхын төлөө хийж буй том алхам.
1940 онд МАХН хэлмэгдэж, бүх удирдлагыг авч үзвэл 11 хүнээс 10 нь хэлмэгдсэн байдаг. Намаа хөл дээр нь босгож, бараг шинээр байгуулсан хүнээ намын гишүүнээс хөөсөн. Ямар шалтгаантайг нь тодруулаагүй, үндэслэл муутай. Иргэн хүн үзэл бодлоороо намд эвлэлдэн нэгдэх эрхтэй байтал түүнийг нь үгүй болгосон нь хүний улс төрийн эрх чөлөөг хорьж цагдсан явдал. Намын шийдвэрээр Ю.Цэдэнбалыг хөөсөн нь үнэн. Гэхдээ тэр үед нам нь өөр болчихоод, удирдагчаа хөөсөн юм биш. 1990-ээд онд намын толгойд өөдгүй хүмүүс гарч ирж Бал даргын эсрэг юм хийсэн. Тэр бол улс төрийн хэлмэгдүүлэлт.
-Нам нь бас шийдвэр гаргаж Хөдөлмөрийн баатар, маршал цолыг нь хураасан байдаг?
-Үүнийг 1-2 хүний санаагаар хийсэн. Нийгмийн бужигнаанд бусад нь дагасан байх. Намаас гарсан шийдвэрийг баримтлан АИХ-ын тэргүүлэгчдийн дарга П.Очирбат зарлиг гаргасан байдаг. Шүүхийн шийдвэр огт байгаагүй. Өнөөдөр манайд юу хийсэн нь мэдэгдэхгүй баатрууд байгаа. Зарим нь шүүхээр шалгуулаад явж байна. Тэр хүн буу үүрч хил манаж, эх орноо хамгаалж, улсаа удирдаж, бүтээн байгуулалтыг гардан хийлгэж, хөгжлийг авчирсан. Гэтэл тэр их хөдөлмөр зүтгэлийнх нь үнэлгээг оргүй хийсгэж болох уу. Тэгэхээр энэ бол дээд зэргийн хүнлэг бус, хүний эрх, Үндсэн хуулийг зөрчсөн бусармаг үйлдэл. Бусад улс орны жишгийг харахад Сталинг жигшлээ гээд цолыг нь хэн ч хураагаагүй. Брежневийг жигшиж шүүмжилсэн ч ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар цолыг нь хурааж аваагүй. Дайнд оролцсон, хийж бүтээсэн гавьяа зүтгэлийг нь хэн ч биш, улс төрийн нэг хэнээтэн өс хонзон авах аргаа болгож үгүйсгэсэн нь харамсалтай. Өнөөдөр тэр хүн босоод ирэхгүй ч ийм зүйл давтагдаж болохгүй. Таг дуугүй байгаад байвал дахин хэн нэгэн хэлмэгдүүлэлтийг давтаж, хэн нэгэн түүнд нь золиос болно.
-Та амьд сэрүүнд нь уулзаж байв уу. Хүнийхээ хувьд тэр хэн байв?
-Ю.Цэдэнбал дарга их уншдаг, судалдаг, өөрийгөө боловсруулдаг хүн байсан. Үүнийг олон хүн гэрчилдэг. Маш хөдөлмөрч, мэдлэгээ дээшлүүлэхийн төлөө амрахыг мартдаг. Төрөлхийн оюун ухаан, хүмүүстэй ажиллах, улс орноо удирдах увдистай байж. Хамгийн харамсалтай нь энэ бүхний эцэст гэр орноо дээрэмдүүлж, үр хүүхэдтэйгээ гадаадад цөлөгдөж, эх орондоо ирэх эрхгүй харьд нас барсан. Би Москвад байхад нь 3-4 удаа, Монголд нэг уулзсан. Зөөлөн тогтуун, хүний аяар, бусдыг их сонсдог, найрсаг, хууч хөөрч инээж суудаг хүн байсан. Албаны ажил ярьсан ч чанга дуугардаггүй. Төрийг хатуу цагт удирдаж байсан гэхэд тийм зөөлөн байсныг би их гайхсан. Одоо ч тэр гайхширлаа тайлж чадаагүй явна. Түүний тухай 400-500-гаад хүний дурсамж, ярианы тэмдэглэл надад бий. Аливааг сайнаар ярьж, эвээр зохицуулж, ухаанаар шийддэг, хүнд сэтгэлээрээ ханддаг байсан гэж дурсдаг юм билээ, хамтран зүтгэгчид нь.
-Дарангуйлагч, хэлмэгдүүлэгч байсан гэж буй хүмүүст та юу хэлэх вэ?
-Дарангуйлагчтай улс орнуудад улс төрийн хоригдлыг цаазалдаг, шийтгэдэг байсан. Орост болсон 1930-аад оны үйл явдал, Хятадын Тянь Ань Миний талбайд болсон цуст яргалал, АНУ-д япончуудыг дэглэсэн явдал, Япончуудын хийсэн аймшигт зүйлүүд, Гитлерийн дайн гээд дурдаж болно. Үүнтэй харьцуулахад огт өөр дүр зураг байдаг даа. Тухайн үед Бал даргын эсрэг бүлэглэл, сөрөг үзэлтэй эвслүүд байсан уу гэвэл байсан. Улс төрийн шүүмжлэгчид байсан уу, байсан. Тэдэнтэй болж бүтэхээрээ яваад болохгүйг нь ажлаас нь өөрчилсөн тохиолдлууд бий. Тэгэхдээ өөрийг нь гадаад орон руу, гэрийн хорионд цөлсөн шиг явдал гаргаж байгаагүй. Тэд нутаг заагдсан ч эх орондоо, малаа маллаж, хажуугаар нь уран дархаа хийж, ах дүү, ард түмнийхээ дунд л байсан.
-Ю.Цэдэнбал хэлмэгдүүлэгч үү эсвэл хэлмэгдсэн хүн үү?
-Хамгийн том хэлмэгдүүлэгч гэж ярьдаг, бичдэг хүн мэр сэр байдаг. Гэтэл хамгийн том хэлмэгдүүлэгч гээд байгаа тэр хүн Монголын хүн амыг дөрөв дахин өсгөсөн. Ард түмнээ асарч өсгөж байгаа хүн хэлмэгдүүлэгч байх уу. “Бүхнийг хүүхдийн төлөө”, бүх хүүхдэд боловсрол олго, эрүүл байлга гэж зорьж зүтгэсэн хүн дарангуйлагч гэж үү. Тэр үед хүүхдийн эрхийн зөрчил өнөөгийнх шиг байгаагүй, хүүхэд хаан байсан. Америкийн нэртэй зохиолч ирээд хэлэхдээ “Монголын эзэн хаад нь хүүхдүүд нь юм байна” гэсэн байдаг. Ийм хүн хэлмэгдүүлэгч биш. Ажил унагаасан, хуйвалдаан хийж байгаа хүмүүст хариуцлага тооцсонд нь хонзон санаж өс авч болохгүй шүү дээ. Гэтэл өнөөдөр манайд сайд, дарга болонгуутаа тойрон хүрээлэгчдээ цуглуулдаг, намаараа ялж гарч ирээд баахан хүнийг ажилгүй болгож, сонгуульд ажилласан хүмүүсээ чихдэг. Бид түүхээ судлах ёстой. Түүхээс хог шаарыг нь түүх биш, тэр түүхээс хожмын өдөр ард түмэнд хэрэг болох сайн сайхныг гаргаж тавих нь зөв. Тэгэхээр сайныг нь гарга, мууг нь нуу гэсэн үг бас биш. Бид сайн судлах ёстой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.10.8 ПҮРЭВ № 195 (6420)