Э.Мөнх-Очир: Биндэр сум бол Монгол төрийн голомт болсон түүхэн газар

2020-09-24
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

С.УЯНГА

 

Хэнтий аймгийн Биндэр сумын ИТХ-ын дарга Э.Мөнх-Очиртой ярилцлаа.

 

-Аялал жуулчлалаар Биндэр сумыг зорих хүмүүс цөөнгүй болсон байна. Нутгийн онцлогийн талаар яриагаа эхэлье?

-Их Монгол Улс, Монгол төрийг байгуулсан түүхэн газар болсон Биндэр сум 1923 онд байгуулагдсан. Халх, Буриад үндэстэн зонхилдог. Нутгийн иргэдийн бараг тал нь буриад зон олон байдаг. Газар нутгийн хэмжээгээр 536 мянган га газар, 4000 гаруй хүн амтай. Мал сүргийн тоо 260 мянга давж байна.

Биндэр сум түүхэн газар нутгаас гадна алдарт саальчдын өлгий гэдгээрээ улсад алдартай. 1970-1980-аад оны социализмын үед сүүн далай орон гэж ярьдаг байсан юм билээ. Мөн буриад үндэстэн олон амьдардаг учраас ахуй соёл, зан заншлын хувьд өвөрмөц онцлогтой. Монголд хамгийн олон буюу 40 гаруй цанын спортын мастер Биндэр сумаас төрөн гарсан байдаг. Ийм л агуу түүх соёл, өв уламжлалын түүчээг хадгалж, цаашид улам илүү хөгжүүлэхийг зорьж байна.

-Түүхэн онцлогоо давуу талаа болгож аялал жуулчлалын бүс нутаг болж хөгжих чиглэлд хэрхэн анхаарч байна вэ?

-2015 онд сум хөгжүүлэх 15 жилийн мастер төлөвлөгөөгөө гаргасан. Үндсэндээ хөгжлийн гол чиглэлээ аялал жуулчлал гэж тодорхойлсон. Аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ аль болох байгаль дэлхийдээ ээлтэй, эко байх чиглэлд анхаарч байна. Түүхээ, байгалийн унаган төрхөө түшиглэж өрхийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Энэ жилийн хувьд манай сумыг үзэхээр өдөрт 220 машин буюу ойролцоогоор 1000 гаруй хүн зорьж ирж байна. Сумаа сурталчлахын тулд олон талын арга хэмжээ зохион байгуулж байна. Биндэр сум тогорууны нутаг гэдэг утгаараа жил бүр тогорууны баяр хийдэг нь сүүлийн жилүүдэд олон улсын наадам болж өргөжсөн. Дэлхийн хэмжээнд 3000 байдаг цэн тогорууны 1800 орчим нь Хурхын голын хөндийн цагаан нуурт нутагладаг. Тиймээс цэн тогорууг хамгаалахад олон улсын байгууллагатай хамтарч өндөглөх үед нь нохойгоо уях, адуу малаа хурхын хөндийгөөс хол байлгахыг анхааруулах зэргээр иргэдэд сургалт, сурталчилгаа явуулдаг.

Халимаг, Тува, Өвөрмонгол, Буриадаас 300 гаруй хүн оролцсон Монгол туургатны миссийн тэмцээний шилдэг 15 нь Биндэр суманд ирж шалгаруулалтад орсон. Өнгөрсөн жил хүүхдийн үндэсний наадмыг санаачиллаа. Монгол ахуй, түүх, өв соёлоо энэ голомт нутгаас хөгжүүлэх үүднээс 5-6 настнуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Цаашид жил бүрийн зургадугаар сарын 1-нд хийхээр төлөвлөсөн. Биндэр сум шагайн харваа, буриад сураараа алдартай. Өнгөрсөн жил манай сумаас шагайн харвааны улсын мэргэн тав төрсөн. Буриад сурыг хөгжүүлэх гэж “Хасар мэргэн” клуб байгуулж улсын аварга шалгаруулах тэмцээнийг сумандаа зохион байгуулах зэргээр нутаг орноо сурталчлах улсын болон олон улсын чанартай тэмцээнийг зохион байгуулж байна.

-Жуулчид Биндэр суманд ирээд ямар маршрутаар аялах вэ. Дэлүүн болдог Дадал танай хоёрын аль нутагт байдаг нь маргаантай явж ирсэн? 

-Сумын төвийн зүүн урд талд байрлах Дэлүүн болдогийг хамгийн түрүүнд үздэг. Дэлүүн болдогийг Дадал, Биндэрт байна гэж маргалдахаас илүү Монголын нууц товчоо, олон судар бичигт Ононы Дэлүүн болдог гэж бичсэнийг үндэслэх хэрэгтэй. Судар бичигт Дадалыг Балжийн гэдэг бол Ононы Дэлүүн болдог гэж тодотгодог. Энэ үүднээс авч үзвэл Дэлүүн болдог Биндэр суманд байгаа гэж хэлж болно. Мөн жуулчид Чингис хааны хүй дарсан чулууг хүүхдийн овоо гэдгээр нь сүсэглэж  билэгшээдэг. 1206 онд Монгол Улсыг байгуулахад Чингис хаан их хуралдай хийсэн газарт цогцолбор барьж байна. Түүхэн талаасаа хамгийн ач холбогдолтой гурван газар Биндэр суманд байна.

Байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд Монголын Улаан номны нүүрэнд гарсан Яргуйн хавцлыг үзүүлэхээс гадна Нарсан ойн хүрээлэнг тохижуулсан. Төсөв харахаас илүү хувийн хэвшил өөрсдийнхөө хүчээр Нарсан ойн хүрээлэнг тохижууллаа. Цаашлаад буриад ахуй соёл, Сибирийн хөлгүй их тайгын зүүн урд талын үзүүр Биндэр сумын хойд хэсэгт бий. Тэнд үзэсгэлэнт байгаль, олон төрлийн ан амьтнаас эхлээд байхгүй зүйлгүй өвөрмөц, баян нутаг даа.

-Мэдэхгүй хүнд бол үзэж харах газрын талаар нэгдсэн мэдээлэл хэрэгтэй. Мөн нутгийн брэнд бүтээгдэхүүн, үзвэр үйлчилгээ, ариун цэврийн байгууламж, хогийн савны асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Аливаа зүйл нэг өдөр бүтэхгүй. Эхний удаа Биндэр сумаа олон нийтэд таниулахыг зорьж байна. Ирэх жилээс Онон гол дээрээ жуулчдад аяллын маршрутын талаар нэгдсэн мэдээлэл өгөх төв байгуулах, хөтөч бэлтгэхээр төлөвлөсөн.

Нутгийн брэнд гэвэл мойлтой тос, буриад талх, нэрмэл, цөцгийг худалдаж авч болно. Одоо жуулчид шууд бус орлого оруулж байна. Нэг хүн өдөрт 15 мянган төгрөгийн худалдан авалт хийлээ гэж үзвэл 1200 хүнээр тооцоход 15 сая төгрөг шууд бусаар орж байна. Барагцаагаар сард 450 гаруй сая төгрөг болж байгаа юм.

Гадаадын жуулчид тогорууны баяр үзэхээр их ирдэг. Энэ жилийн хувьд дотоодын аялагчид их байлаа. Хогийн савыг нэлээдгүй суурилуулсан. Гэхдээ хогийн сав тавихаас илүү хогоо өөрсдөө авч яваад хаях нь илүү амар, үр дүнтэй юм болов уу гэж боддог. Худалдаа үйлчилгээний хувьд цөөн хүн үйлчлүүлэх хоолны газар, нутгийн брэнд бүтээгдэхүүнтэй дэлгүүр бий.

-Бусад сумтай харьцуулахад тодорхой хэмжээний орлого олж байна. Хөгжлийн хувьд аль хавьд явна?

- Өнгөрсөн дөрвөн жил төлөвлөсөн ажлаа биелүүлж чадсан. Харин ирэх дөрвөн жилд сумандаа томоохон үйлдвэр барихсан гэсэн бодол бий. Тухайлбал, үнэгүй хаягдаж байгаа арьс ширийг боловсруулж түрийвч, түлхүүрийн оосор гэсэн эдлэл хэрэглэл хийх боломжтой. Монгол төрийн голомт нутгийн хувьд Чингис хааны өмсдөг байсан гутлыг орчин үетэй хослуулж хийх үйлдвэрлэлийг улсын цаашлаад Монгол туургатны хэмжээнд хөгжүүлэхийг зорьдог.

Иргэдийн амьжиргааны түвшин бусад сумаас харьцангуй сайн. Хүмүүсийн боловсрол, хандлага ч илүү гэж хардаг. Бүтээн байгуулалт хөгжлийн хувьд чамлахааргүй амжилттай ажиллалаа. Энэ дөрвөн жил заавал биелүүлэх гурван том зорилго тавьсан. Хамгийн түрүүнд Биндэр суманд аялал жуулчлалыг хөгжүүлэх эхлэлийг тавьсан. Хоёрдугаарт, Амар мөрний эх Онон голд гүүр тавиулахаар зорьсон нь биеллээ олж бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Өмнө нь Онон гол дээгүүр бирвааз, урал машинаар ачдаг нь эрсдэлтэй байсан бол удахгүй гүүртэй болох гэж байна.

Онон голын эхэнд байдаг Гутайн давааны уурхайг цуцлуулахын тулд нутгийн иргэдтэй нийлж багагүй хугацаанд тэмцлээ. Иргэдээ төлөөлж байгаагийн хувьд иргэний нийгмийн байгууллага байгуулалцаж олон удаагийн хөдөлгөөн, жагсаал цуглаан хийсний үр дүнд уул уурхайн зөвшөөрлийг цуцлуулж Онон голын эхээ хамгаалж үлдсэн. Аялал жуулчлалтай холбоотой УИХ-ын гишүүний багцаас төсвийг гаргаж буй Их Монгол Орд өргөөг бүтээж байна.

2012-2016 онд Монгол Улсын хэмжээнд 15 сумыг жишиг сумаар шалгаруулахад Биндэр шалгарч төвийн халаалт, засмал тавьж эхэлснийг энэ дөрвөн жилд дуусгалаа. Суманд шинэ сургууль баригдсан. Ирэх жил цэцэрлэг нэмж барихаар зураг төслийг нь гаргаж улсын төсөвт суулгуулсан байгаа.

-Танай нутагт зуншлага хэр болов. Отор нүүдэл, хадлан тэжээлээс эхлээд өвлийн бэлтгэл ажил ямар шатандаа явна?

-Дөрөвдүгээр сараас хойш бороо хур тасарсангүй. Зуншлага сайхан боллоо. Ер нь жилийн жилд өвс ургамлын гарц сайн байдаг. Малчид өвөлдөө бэлтгээд хадландаа гарчихсан байна. Наймдугаар сарын 20-ноос эхлээд сарын хугацаанд хадлан тэжээлээ хангалттай базаачихдаг учраас зүдрээд байх нь бага.  Өвс, тэжээлийн үнэ харьцангуй хямд ч үйлдвэрлэлийн биш өрхийн хэмжээнд бэлтгэж нөөцөлж байна.

Биндэр суманд билчээрийн даац айхтар хэтэрсэн зүйл байхгүй. Цөөн хэдэн малчин өрх сум дотроо оторлоно. Хүндрэлтэй нь өөр газраас хүмүүс их ирдэг. Увс, Булганаас хүртэл малчид отроор ирж байна.

-Эрх баригч намын сөрөг хүчин болж ажиллахад ажил гацаах, намчирхаж талцах зүйл хэр гардаг вэ?

-Сум орон нутагт улс төрийн нам байх нь нэг их ач холбогдолгүй юм шиг санагддаг. Өнгөрсөн жил сумынхаа АН-ын даргын хувьд сумандаа намаар талцахгүй байя. Заавал хоёр нам байлгах гэж зүтгэхээ болъё гэж нөгөө намынхнаа уриалж уулзалт хийх санал тавьсан ч харамсалтай нь суманд МАН удирдаж байгаа хүмүүс дэмжээгүй.

-Анхан шатан дээр нь нам удирдаж байгаа хүний хувьд орон нутагт УИХ-ын сонгууль ямар болж өнгөрөв. Сонгуулийн дараа олон зүйл яригдлаа?

-Дэндүү хүч түрсэн сонгууль боллоо. МАН-ын сонгуулийн штабт төрийн байгууллагын олон дарга ирж ажилласан. Ялангуяа, цагдаа, хүчний байгууллагаар хүч түрж сонгууль хийлээ гэж бодож байна. Мөн мөнгө, бэлэг тараасныг гэрчлэх, нотлох баримт олон байгаа. Орон нутгийн сонгуулийн хувьд нэгнээ таньж мэдэх болохоор харьцангуй шударга болох байх гэж найдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.24 ПҮРЭВ № 185 (6410)

 

Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

11 цаг 10 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

12 цаг 34 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

13 цаг 6 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

13 цаг 30 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

14 цаг 44 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

17 цаг 13 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

22 цаг 0 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

22 цаг 0 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

22 цаг 0 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

Уржигдар 18 цаг 15 мин