Ц.МЯГМАРБАЯР
1072 хувьцааны ногдол ашгаараа хөрөнгийн зах зээлд үргэлжлүүлэн оролцох ямар боломж байгаа талаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяртай ярилцлаа.
- Иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг тараасан нь хөрөнгийн зах зээл болон брокерийн компаниудын үйл ажиллагааг идэвхжүүллээ. Мэргэжлийн байгууллагын зүгээс хэрхэн харж байгаа вэ?
-“Эрдэнэс Тавантолгой”-н1072 хувьцааны ногдол ашгийг 2.5 сая иргэнд тараах шийдвэрийг 2011 онд гаргаж, энэ жил анх удаагаа ногдол ашиг хуваарилж байна. Энэ үйл явдлыг хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагын хувьд таатай хүлээн авч байгаа. Иргэд хувьцааны өгөөжийг өнгөрсөн хугацаанд хүртээгүй учраас итгэл үнэмшил бий болохгүй байсан. Арилжаа нь нээгдээгүй, шилжүүлэг, өв залгамжлал, худалдах, худалдан авах эрх нь түр зууртаа хаагдсан идэвхгүй байсан.
Харин өнөөдөр бодитоор ногдол ашиг хүртсэн нь тэдэнд төрийн өмчийн том компанид хувьцаа эзэмшдэг гэдгийг нь мэдрүүлсэн үйл явдал боллоо. Цаашид компани ашигтай ажиллах тусам хувьцааны өгөөж нэмэгдэж тэр хэрээр бодит хөрөнгөтэй болно гэдгээ ч ойлгож байх шиг байна.
Харин одоо хувьцаагаа хөрөнгө мэт харах хэрэгтэй. Учир нь цэнхэр, ягаан тасалбарын түүх дахин давтагдахгүй байхыг хүсч байгаа юм. 1990 оны өмч хувьчлалаар 7000 төгрөгийн үнэтэй хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг бүх иргэнд тараасан. Харамсалтай нь 1000 хүнд нөгөө хувьцаа буюу эрхийн бичиг нь төвлөрсөн. Мөн зарим брокер диллерийн компаниудын үйл ажиллагаа доголдож, татан буугдсанаар иргэд үр өгөөж, ногдол ашиг хүртэж чадаагүйгээс итгэл алдарсан. Тиймээс анхны өмч хувьчлал шиг зүйл болохгүй юм байна гэсэн итгэл төрүүлэхүйц түүхэн үйл явдал болсон гэж харж байна.
- Иргэдийн ихэнх нь хувьцааны ногдол ашгаа аваад яах ёстойгоо мэдэхгүй байна. Ихэнх нь ойр зуурын хэрэглээндээ хэрэглэж байна. Ногдол ашгаа хөрөнгийн зах зээлд өгөөжтэйгөөр өсгөх боломж байгааг брокер диллерийн компаниуд нь зөвлөх ёстой байх?
- Мэдээж мөнгөн хэлбэрээр тараагдаж байгаа учир ойр зуурын хоол, хүнс, өр зээлэндээ зарцуулж байх шиг байна. Мэргэжлийн байгууллагын зүгээс хувьцааны ногдол ашгийг цаашид үргэлжлэх хөрөнгө оруулалт гэж харах хэрэгтэй хэмээн уриалж, зөвлөдөг. Тухайбал, “АПУ” компани хувьчлагдсанаас хойш хувьцааны нэгж үнэ нь 5000 дахин өссөн. Орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийн нэгж хувьцааны үнэ 100 төгрөг байсан бол өнөөдөр 6000 дахин өсөөд байна. Тэгэхээр хувьцаа урт хугацаандаа өгөөжөө өгдөг хөрөнгө оруулалт гэж ойлгох хэрэгтэй.
Иргэд өөрсдийнхөө ногдол ашгийг хэрэглээндээ зарцуулдаг юм гэхэд хүүхдүүдийнхээ ашгийг ирээдүйд нь хөрөнгө оруулалт болгож хийгээсэй. Өөрөөр хэлбэл, ирээдүйд өсөлттэй байх бонд, хувьцаанд хөрөнгө оруулалт хийгээрэй хэмээн уриалж байна. Энэ нь хөрөнгийн зах зээлийг цаашид хөгжүүлэх том боломж. Энэ чиглэлээр манайх төрийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.
- Хөрөнгө оруулалт хийж, арилжаанд оролцоход их мөнгө хэрэгтэй гэсэн нийтлэг хандлага байдаг шүү дээ?
- Тийм ээ. Гэхдээ энэ бол өрөөсгөл ойлголт. Өнөөдөр Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 200 гаруй компани бий. Хувьцааны үнэ нь янз бүр байна. 5000 төгрөгтэй байсан ч хөрөнгийн биржийн арилжаанд оролцож багц бүрдүүлж болно. Тухайлбал, “Түмэн шувуут” компанийн нэгж хувьцааны үнэ 162 төгрөг бол “Мандал” даатгалынх 40-42 төгрөгт арилжаалагдаж байна. Хиймэл оюун ухааны технологид суурилсан, барьцаагүй зээл олгодог “Лэнд.мн” компанийнх хоёр жилийн дотор нэгж хувьцааны үнэ нь 32 төгрөг болсон.
Тэгэхээр таван мянган төгрөгтэй ч гэсэн эдгээр компанийн хувьцааг аваад жижиг сагс бүрдүүлж болохоор байна. Мөнгөний хэмжээндээ биш гол нь хөрөнгө оруулснаараа нэг талдаа ашиг хүртэх зорилго байгаа ч нөгөө талдаа тухайн хүн өөрөө хөгждөг. Учир нь хувьцааны үнэ ханш мэдээллээс шалтгаалж дээш доош хэлбэлздэг. Тэгвэл мэдээлэл хүлээж аваад боловсруулж, анализ хийж шийдвэр гаргадаг чадвар сайжирдаг. Ингэснээр санхүүгийн мэдлэг тэлж, хөрөнгө оруулалт хийж санхүүгээ тэтгэдэг.
Жишээлбэл, Төвбанк бодлогын хүүгээ өнөөдөр найман хувьд хүргэж нэг нэгжээр буулгалаа. Хувьцаанд хөрөнгө оруулалт хийдэг хүн энэ мэдээллийг авснаар хамгийн түрүүнд зээлийн хүү бага зэрэг буурна түүнийгээ дагаад хадгаламжийн хүү буурна. Тиймээс 12 хувийн хүүтэй банкинд хадгалуулсан хадгаламжийн хүү 10-11 хувь болж буурах юм байна. Тэгвэл зах зээлд хамгийн өндөр хүүтэй байгаа хувьцааг авах ёстой юм байна. Энэ нь илүү өгөөжтэй юм байна. Тиймээс банкинд байгаа хадгаламжаа хувьцааны хөрөнгө оруулалт байдлаар шилжүүлэх хэрэгтэй гэх зэргээр анализ хийж шийдвэр гаргана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, мэдээллийг боловсруулж өөрт ашигтайгаар эргүүлэх чадварт суралцана.
- Хувьцааны ногдол ашгийг “И-баримт”-аар тараачих байсан юм бол брокерын компанид төлбөр төлж данс нээлгэх шаардлага байсан уу гэж иргэд асууж байна. Нөгөөтэйгүүр анх удаа 2.5 сая хүнд ногдол ашиг тараахад үнэт цаасны компаниуд бэлтгэлгүй байсан гэсэн гомдол гарлаа?
- Дэлхий дээр ямар ч хувьцаат компани ногдол ашгаа “И-баримт” ашиглан тараадаггүй. Зах зээлийнхээ оролцогч байгууллагуудаар дамжуулж тараадаг. Өнөөдөр анх удаа 2.5 сая хүнд сонгуулиас өмнө яаралтай тараах улс төрийн сонирхол байсан учраас аппликэйшн ашигласан. Үүнийгээ шийдвэр гаргагчид нэг удаа л хэрэглэсэн хэмээн тайлбарладаг. Брокерын компаниудад данс нээлгэсэн хүн үүнд харамсах шаардлагагүй. Цаашдаа “Эрдэнэс-Тавантолгой” компанийн арилжаа нэг л өдөр эхэлнэ. Тиймээс арилжаанд оролцож хувьцаагаа нэмж авах, зарах бол тухайн компанид нээлгэсэн дансаа ашиглах учиртай. Нэг удаа нээлгэсэн данс тань хэвээр хадгалагдана.
Хувьцааны дансаар “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашгийг аваад зогсохгүй Хөрөнгийн биржид бүртгэлтэй 200 гаруй компанийн хувьцаа, бондыг авч арилжаанд оролцож болно. Ер нь 2.5 сая хүнд хувьцааны ногдол ашиг тараах нь нарийн боловсруулсан төлөвлөгөөний дагуу урьдчилан бэлтгэл ажлаа хангаж хийх ёстой ажил байсан. Гэвч мэргэжлийн болон хувийн байгууллагуудтай төрийн байгууллага мэдээлэл солилцоход алдаа гарсан. Гэнэт нэг өдөр ногдол ашиг тарааж эхэлсэн гэсэн мэдээллийг хэвлэлийн сайтаас бид олж харсан. Уг нь мэргэжлийн байгууллагууд нь эхэлж мэдээд бэлтгэлээ хангах ёстой байсан. Ажлын зохион байгуулалт дутагдалтай байсан. Нөгөөтэйгүүр “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани учраас улс төрийн нөлөө их орсон.
-Иргэн банкийг сонгож үйлчлүүлдэг шиг брокер диллерийн компаниудыг сонгож үйлчлүүлнэ. Тэгвэл эдгээрийн үйл ажиллагаа хэр тогтворжсон бол. Итгэл найдвар төрүүлэх хэмжээнд хүрсэн үү?
- Хөрөнгийн зах зээлийг иргэдэд хамгийн дөтөөр ойлгуулах арга нь бонд буюу банкинд мөнгөн хадгаламж хийж хүүгийн өгөөж хүртдэгтэй ижил зүйл юм. Манай улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш банкны системийг түлхүү хөгжүүлсэн. Хадгаламжийн хүүг татвараас чөлөөлөх зэргээр дэмжсэн. Хадгаламж тодорхой өгөөжтэй бүтээгдэхүүн учраас иргэд хэрэглэж сурсан. Үүнтэй ижил хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн нь бонд. Хадгаламжийн хүү 12 бол бондын хүү 17 хувьтай. Хадгаламжийн хүүгийн орлогын татвар 10 хувь, хөрөнгийн зах зээлийн нээлттэй бондын хүү таван хувь. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бонд нь ашигтай хөрөнгө оруулалт болно. Хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулахдаа аль болох эрсдэл багатай бүтээгдэхүүнээс нь эхэлдэг. Хувьцаа бол эрсдэлтэй бүтээгдэхүүн учраас тэр. Манайх анх хөрөнгийн зах зээлийн сууриа хувьцаа тарааж тавьсан нь нэг хүнд маш олон хувьцаа төвлөрөх боломжийг өгсөн нь алдаа байсан. Цаашдаа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхдээ бондын зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай.
Ингэснээр иргэдийг хөрөнгө оруулж сургана. Түүнчлэн Засгийн газар бонд гаргана гэж байна. Бонд авах иргэн мэдээж брокер диллерийн компаниараа л дамжуулж авах болно. Брокер диллерийн компаниуд нэг үеэ бодвол чадавхжиж байна. Иргэд хамгийн гол нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, мэдээллээр цаг ямагт хангаж байна уу, байршил нь хаана байна, хэдэн хүн ажиллаж байна, хэдэн жил үйл ажиллагаа явуулсан зэргийг нь харгалзаж үйлчлүүлэх хэрэгтэй. Таны хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох зуучлалыг эдгээр компаниуд өмнөөс тань гүйцэтгэнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.9.16 ЛХАГВА № 179 (6404)