С.УЯНГА
“Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргалтай сонгууль тойрсон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-ШИНЭН бол Монголын отгон намуудын нэг. Танай нам өнгөрсөн УИХ-ын сонгуульд хэрхэн оролцож, ямар дүгнэлт хийв?
-ШИНЭН байгуулагдсан нэг жилийнхээ хугацаанд улс төрийн амьдралын олон зүйлийг үзэж туулж байна. Бид нийгмийг шинэчлэх сэрээх чиглэлд үзэл баримтлал, мөрийн хөтөлбөртэйгөөр богино хугацаанд улс орны хэмжээнд ажилласан. УИХ-ын сонгуульд төлөөлөлтэй болж чадаагүй нь нэг талдаа сургамж боллоо.
Харин дөнгөж байгуулагдсан намын хувьд иргэдийн итгэлийг хүлээж, сонгогчдоос авсан саналаараа улс төрийн намуудаас эхний 3-4 дүгээр байрт байгаа нь чамлахааргүй амжилт. Улс төрийн намын үйл ажиллагаа нэг удаагийн ялалт, ялагдлаар дуусахгүй. Урдаа тавьсан зорилго, зорилт, мөрийн хөтөлбөрийнхөө төлөө явж байгаа учраас улс төрийнхөө үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.
Өнгөрсөн УИХ-ын сонгуульд улс төрийн намууд дүгнэлт хийх учиртай. Хуульчдын баг ч судалгаа шинжилгээ багагүй хийсний үндсэн дээр хоёр дүгнэлтэд хүрсэн. Нэгдүгээрт, улс төрийн намууд саналаа хуваасан нь бодитой. Монголд 30 гаруй нам байгаа нь хэт олуулаа байна. Нэг тойрог дээр дунджаар 40 нэр дэвшигч өрсөлдөж байх жишээтэй. Мөн томсгосон мажоратор тогтолцоо хатуу гишүүнчлэлтэй намуудад илүү боломж олгох сул талтай. Хоёрдугаарт, сонгууль шударга явагдсан гэж хэлэх хэцүү. Сонгуулийн ерөнхий хорооны дэлгэцээс эхлээд сонгуулийн будилааныг харуулсан маш олон баримт материал гарч ирлээ. Зарим дүүргээс нэр дэвшигчдийн тоо доошоо тоологдсон, бие даагчдын нэрэн дээр гэнэт таслал орж ирсэн. Манай намын зарим нэр дэвшигчдийн санал анх авснаасаа буурсан. Зөвхөн тооллого дээр маш олон маргаан будилаан гарсан. Эрх баригч намаас бусдынх нь санал шууд гацсан. Энэ бол ямар ч логикгүй үзүүлэлт. Саналын хуудас ямар ч лац, нууцлалгүй. Зүгээр л бичгийн цаас шиг ямар ч замбараагүй. Сонгуульд булхай луйвар оруулна гэдэг төрийн эсрэг гэмт хэрэг төдийгүй монголчуудын сонгох, сонгогдох эрхэнд ноцтой халдаж буй үйлдэл гэж намууд үзсэн.
-Сонгуулиас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Та бүхний цуглуулсан сонгуулийг будилаантуулсан гэх баримт нотолгоог хууль шүүхийн байгууллагаас шалгасан уу.Ямар үр дүн гарав?
-Намууд нэгдэж сонгуулийн булхай луйвартай холбоотой асуудлыг судлах хуулийн баг гаргасан. Нас барсан, гадаадад байгаа хүнийг санал өгүүлсэн, нэг хүний саналыг олон удаа өгүүлсэн зэргээр дурдах юм бол маш олон ноцтой баримт бий. Бид материал бүрдүүлээд хууль шүүхэд өгсөн. Нэгэнт эрх баригч нам олонх болсон учраас аль болох хэрэг үүсгэхгүйгээр хойшлуулах, хариу өгөхгүй удааж, эрх баригч намын эсрэг ямар ч нэмэргүй гэсэн байдлаар хууль хяналтын байгууллага хандаж байна. Сонгуулийн ерөнхий хороо маш олон булхай луйвраа хүлээн зөвшөөрсөн. Гэтэл төрийн сонгуулийг будилаантуулсан хүмүүст хариуцлага тооцох нь битгий хэл эсрэгээрээ шагнаж, тушаал дэвшүүлж хамгааллаа. Монгол Улсад ардчилсан, шударга сонгууль явах нь хамгийн чухал. Энэ үндсэн дээр улс төрийн намууд нэгдэж Ерөнхийлөгчид хандсан. УИХ-ын сонгуулийг зохион байгуулсан дөрвөн байгууллагын дарга бүгд солигдлоо. Сонгуулийг будилаантуулахын тулд түр томилоод, хэргээ бүтээсэн гэж үзэж буцаагаад солив уу гэж хардаж байна. Төрийн сонгуулийг зохион байгуулсан Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо, Тагнуул, ЦЕГ-ын удирдлагуудыг яагаад гэнэт өөрчлөв. Уг нь эрх барьж байсан нам олонх болсон учраас хэвээрээ байж болно шүү дээ.
-Парламентын сонгуулийн маргаанаа эцэслэж чадалгүй дараагийнхтайгаа золгож байна. Зарим бие даагч, эвслүүд луйврын сонгуульд оролцохгүй гэдгээ илэрхийллээ. ШИНЭН яагаад АН, МАХН-тай “нэг завинд” суухаар болов?
- Орон нутгийн сонгуулийн хувьд зөв зүйтэй зорилгуудаа нэгтгэж, нийтлэг эрх ашиг, үнэт зүйлийн төлөө эвлэлдэн нэгдэж шударга сонгууль бий болгох чиглэлээр хамтран ажиллахын тулд нэгдсэн. Энэ үндсэн дээр ардчиллын төлөөх намууд нэр дэвшигчдээ тодрууллаа.
Эвсэл байгуулах хуулийн хугацаа нэгэнт өнгөрсөн учраас хамтын ажиллагааны хэлбэрээ нэг намын тойрог дээр нөгөө намууд нэр дэвшүүлэхгүйгээр дэмжиж ажиллахаар НИТХ-д нэр дэвших 45 хүнээ зарлалаа.
Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн луйвар булхайг ярихаа больё гэхэд эрх баригч нам 76 гишүүний 80 хувьд ялалт байгуулсан. Гэтэл нийт авсан иргэдийн саналын 44 хувийг МАН, нөгөө талд байгаа 56 хувь нь төлөөлөлгүй шахуу байна. Тиймээс энэ нийтлэг эрх ашгийн төлөө орон нутгийн сонгуульд хэт намчирхал талцлыг хойш нь тавьж намууд нэгдэх, нягтрах чиглэлд олон удаагийн уулзалт хэлэлцээ хийсний үр дүнд сонгуульд хамтарч оролцож, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилгын үндсэн дээр эвлэж нэгдээд явж байна.
-Нэр дэвшиж байгаа боловсон хүчний хувьд ард түмэнд ямар хүмүүсийг илгээж байна вэ?
-АН, МАХН, ШИНЭН-аас нэг баг болж НИТХ-д нэр дэвшиж байгаа 45 хүний статистик мэдээллээр нь ангилбал 25-30 насны 13 хувь, 35-45 насны нэр дэвшигч 26 буюу 60 хувийг, 45-аас дээш насных 28 хувийг эзэлж байна. Нэр дэвшигчид харьцангуй залуу буюу дундаж нас 40 байгаа. Энэ дунд эрэгтэй 76, эмэгтэй 24 хувь. Боловсролын зэргийг харвал 100 хувь дээд боловсролтой. Үүнээс 60 хувь нь магистр, долоон хувь нь доктор буюу түүнээс дээш зэрэг цолтой. Мэргэжлийн хувьд хуульч эрхзүйч мэргэжилтэй 14, багш нийгмийн чиглэлийн тав, инженер 11, бизнес эдийн засгийн 20 хүн байна. 45 хүний 12 нь гадаадын их, дээд сургуульд сурч төгссөн. Үлдсэн 33 нь дотоодын их дээд сургуулийг төгссөн нь боломжийн гэж үзэж байгаа. Нэр дэвшигчдийн ихэнх нь нийслэл, дүүргийн ИТХ, төрийн захиргааны байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Харин 27 нь шинэ боловсон хүчин байгаа нь зөв, эрүүл байгаагийн шинж юм.
-Энэ дунд ШИНЭН-аас хэдэн хүн нэр дэвшиж байна вэ?
- ШИНЭН-ын хувьд сонгуульд оролцохоо эрхээ авсан. Нэр дэвших хүмүүстэйгээ ярилцсаны үндсэн дээр АН-тай том нэгдэл болж байгаа учраас хуучин АН-д байсан хүмүүс гишүүнчлэлээ сэргээхээр боллоо. Нэгэнт эвсэл байгуулж чадаагүй учраас хэтэрхий олон нам иргэд сонгогчдыг төөрөлдүүлэхгүйн тулд ШИНЭН-ын гишүүд АН-аас нэр дэвшиж байна.
-Их хурлын сонгуулийн үеэр Ерөнхий сайд хэн байх вэ гэдэгт акцент өгч байсан бол орон нутгийн сонгуулиар Хотын дарга хэн болох вэ гэдэг асуудал яригдаж эхэллээ. Энэ өнцгөөс нь та хэрхэн харж байна вэ?
-Орон нутгийн сонгууль МАН ба бусад ардчиллын төлөөх намуудын нэгдэл гэсэн хоёр туйлын хүрээнд явагдах байх. УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн бие даагчид, нам, эвслүүд санал хуваахгүйгээр ардчилсан хүчний нэгдлийг дэмжиж нэр дэвшихээс татгалзлаа. Шударга бус сонгуулийг эсэргүүцэж улс төрийн соёл гаргаж байгаа нь талархууштай.
Нам болгон дотоод бодлого, үйл ажиллагаагаараа нэр дэвшигчдээ тодруулсан.Ямар нэг албан тушаал яриагүй. Энэ удаагийн МАХН, АН, ШИНЭН-ын нэгдлийн ард ямар нэг эрх ашиг байхгүй. Ардчилсан нам илүү манлайлж орж байгаа гэж хэлж болно. Өнөөдөр Монголд бий болсон хэмжээгүй, хязгааргүй эрх мэдэлтэй эрх баригчдад хяналт тавих ёстой. Төрд хариуцлага, хяналт байх ёстой. Тэгэхгүй бол Монгол Улс эдийн засгийн чөлөөт уналт хийж байна. Хэзээ чанга унах вэ гэдгээ хүлээж жингүйдэж байна. Мөчрөөс ч болтугай зуурч үлдэх гарц, боломжийг бий болгох чиглэлд бид ажиллана.
-Сонгуулийн хороо шинэ бүрэлдэхүүнтэй боллоо. Орон нутгийн сонгууль шударга явагдана гэдэг итгэл үнэмшил төрж байна уу?
-Өнгөрсөн сонгуульд гаргасан алдаа дутагдлуудаа орон нутгийн сонгуулиар засахгүй бол улс төрийн намууд хатуу байр сууринаас хандана. Ямартаа ч сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд солигдлоо. Бага ч болов өөрчлөлт гарах болов уу, сонгуулийн булхай луйврыг арилгах нь гэж харж, хүлээж байна. Улс төрийн намууд ч алдаагаа засах хэрэгтэй.
Сонгуулийн ерөнхий хорооны шинэ удирдлагууд арай ч ичгүүр сонжуургүйгээр луйвар хийхгүй байх гэж горьдож байна. Гэхдээ орон нутгийн сонгуулийн хороонууд хэвээрээ. Нийслэл, аймгийн сонгуулийн хороо өмнөхтэй адил бахь байдгаараа л байна. Тухайлбал, Дундговь аймгийн сонгуулийн хороо ШИНЭН-ын нэр дэвшигчдийн бүх материал бүрэн байтал сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Учрыг нь асуухаар танай намын тамга хүчингүй гэдэг. Улс орны хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрхээ авчихаад байхад аймгийн намын даргыг сумын сонгуулийн хороо хүчингүй гэх жишээтэй. Орон нутагт нэгнээ хавчин гадуурхдаг, талцсан байдал газар авсан. ШИНЭН дангаараа сонгуульд оролцож байхад Завхан аймгийн сонгуулийн хороо бусад намуудын бичиг баримт дутуу байна гээд бүртгэдэггүй. Энэ бол сонгуулийн хуулиа мэддэггүйг харуулж байгаа хэрэг. Эсвэл хуулиа мэдсэн хэрнээ нэг намд үйлчилдэг, мушгиж завхруулдаг. Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчдөг байдал өөрчлөгдөөгүй. Дорнод аймгийн Дашбалбар суманд АН-ын нэр дэвшигчдийг бүртгэдэггүй. Энэ мэтээр механикаар ялж байна. Монголд ардчилсан, шударга сонгууль байх уу үгүй юу гэдэг зааг дээр ирсэн.
Нийслэлийн сонгуулийн хороо хэрхэн ажиллахаас шалтгаалж нэг намд үйлчилж байгаа нөхдийг солих эсэх асуудлыг тавина. Шат шатандаа шинэчлэхгүй бол булхай луйвар хийдэг байдал өөрчлөгдөхгүй. Төрийн сонгууль биш нэг намд үйлчилж байна. Төрийн албан тушаалтнууд эрх баригч намд санал өгөхгүй бол ажил албан тушаал, “хоол”-ноос нь салгана гэж дарамталдаг. Орон нутгийн сонгууль ирц хамаарахгүй учраас иргэд идэвхтэй оролцож үүргээ биелүүлж, эрхээ эдлэх хэрэгтэй. Орон нутгийнх бол иргэнд хамгийн ойрхон сонгууль.
-Таны хувьд АНУ-д Элчин сайдын яаманд консулын хэлтсийн даргаар ажиллаж, эх орондоо ирээд шударга ёсны төлөө багагүй тэмцсэн. Залуу хүний хувьд Монголын хөгжлийн гарцыг хэрхэн хардаг вэ?
-Миний хувьд эийслэл дүүрэгт төлөөлөгчөөс гадна Элчин сайдын яаманд ажиллаж гадаад дахь монголчуудын эрх ашгийн төлөө тууштай дуугарч аюулгүй байдал, гадаад бодлогын чиглэлээр ажиллаж ирсэн. Улс төрд гадаад бодлого, аюулгүй байдал давхар багтаж явдаг. Эх орондоо ирээд улс төрийн нөхцөл байдлыг харахад намуудыг өөрчлөхгүйгээр Монголын нийгэм хөгжих боломжгүй байсан. Тухайн үед АН-ыг шинэчлэх хороо байгуулж, МАНАН дэглэмийг арилгах жагсаал цуглаан зохион байгуулж оройлж явсан. Монголд нам харгалзахгүйгээр нэгдэж биендээ хяналт тавьдаг хариуцлагатай улс төрийн хүчин болох тэмцэл, байр суурин дээрээ одоо ч хэвээрээ байгаа. УИХ-ын сонгуульд ялагдсан ч зорилгоосоо ухраагүй. Энэ бүхний үр дүнд МАНАН их, бага хэмжээгээр сарниж, АН-д л гэхэд үе солигдож байна. Урьд нь нам шинэчлэх гэдэг эрх мэдлийн төлөө лоозон төдий байсан бол энэ удаа АН-аас эхлээд шинэчлэгдэхээс өөр аргагүй боллоо. Нөгөө талд хэмжээгүй эрх мэдэлд дулдуйдсан МАН-д МАНАН-д илүү хүчтэй хуримтлагдах процесс харагдаж байна. Тогтолцоо системээрээ Монголд болохгүй байгаа зүйлийг МАНАН гэж томьёолж байгаа. Хоорондоо наймаалцаж хамтрах биш жинхэнэ ёсоороо төрийн хяналт хэрэгтэй. Эрх баригч намын хувьд нэгдсэн бодлогогүй. Олон фракци, лобби бүлэглэлтэй хэцүүхэн байгаа нь харагдаж байна. МАН дээд, дунд, доод түвшиндээ эрх мэдэл, албан тушаалын төлөө л өрсөлдөж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.9.11 БААСАН № 176 (6401)