Н.Доржмаа: Нуугдаж ирээд амьдралаа асуудаг эмэгтэйчүүдийг өрөвдөх юм

2020-09-11
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Ч.ОЛДОХ 

 

“Хөзрийн хатан” нэрээр олон нийтэд танил болсон үзмэрч  Н.Доржмаатай ярилцлаа.

 

-Хөзрөөр төлөг тавихыг монголчууд 1990-ээд онд үзэгчдийг шуугиулсан “Халтар царайт” киноны Кандлера ахайтны дүрээс  мэддэг болсон. 2000-аад онд Гандангийн хашааг тойрч суудаг байсан үзмэрч дотор ганц хоёр  хөзрөөр мэргэлдэг хүн байсан. Та хөзрийн мэргийг хэнээс сурав?

-Надад багш байхгүй. Би 12 настайгаасаа хөзөр барьсан. Эхэндээ зоос, эрхи, чулуугаар мэргэлэхийг судалсан. Тэгж яваад хөзрийг барьж авсан. Юуг нь олж харав гэвэл, хөзөр хэн нэгэнд харьяалагддаггүй. Эргэлт болгон нь өөр, тэр нь  эзэндээ харагддаг. Зоос, эрхи бол тэгж буувал тэгнэ, ингэж буувал ингэнэ гэж заасан судартай. Сударт баригдаж үздэг. Зоос гэхэд л есөн нүхтэй, төд буувал тэр жилээ тийм хүнд ийм байдаг гэсэн нэг ёсны оноштой. Тэр нь бүх хүнд адилхан гэсэн үг. Тэрийг тайлбарлаж байгаа хүний үгийн нэмэр орно уу гэхээс өөрчлөгдөхгүй,  судар хараад тогтсон зүйлийг л хэлдэг. Тэр дотор зурхайн арга гээч зүйл орчихоод  яваад байгаа юм. Эрхи бас л адил. Тэр болгоныг би судалсан. Төвд хэл сонирхон үзэж байлаа. Өөрийнхөөрөө байж өөрийгөө хөгжүүлье гэж шийдсэн. Хүн, хөзөр хоёрыг яаж нийлүүлж болох ухааныг нээж, тайлахыг зорьсон. Дээр нь хүн өөрөө зовлон үзээд ирэхээр бусдын зовлонг ойлгож эхэлдэг юм байна лээ. Энэ л мэдрэмжээр би хүний дотоод ертөнц, цаана нь байгаа амьдралыг харж хөзрөөр тайлж хэлэх болсон. Түүнээс хэн нэгэн надад заагаагүй.  Заах байсан бол хөзрөөр оролдохгүй байх байлаа. Та түрүүнд асуулаа,  би залуу хүн боловч Гандан дээр сууж байсан үе бий.

-Хэдэн онд?

-2014  оны үед. Гэхдээ тэнд суухдаа би бусдаас илүү үзэж байсан гэж  бардам хэлнэ. Тэнд би уламжлалт зурхайн аргыг барьж суугаагүй. Бас  гэнэт  тодроод мэргэлдэг болчихоогүй. Бүр дороос, сууриас нь эхлэн олон жил судалж байж  “Хөзрийн хатан” гэж нэрлэгдэх хүртэл  явж  энэ зэрэгт хүрсэн. Эзэнтэй зүйлийг хүн өөрийн болгож чадахгүй. Хөзөр харъяалагдах эзэнгүй.  Түүгээр анх хүмүүсийг үзэж эхлэхээс өгсүүлээд өөрөө бас давхар суралцаж, өөрийгөө сорьж ирсэн. Нэг үгээр бол янз бүрийн ааш араншинтай хүмүүсийг үзсээр, тэднийг ойлгож эхэлдэг юм билээ.

-Хөзөр уг нь тоглоом шүү дээ. Та тоглодог уу?

-Хөзөр тоглоом, харин миний хувьд зэмсэг. Тиймээс  би түүгээр тоглож байгаагүй. Тоглохыг ч хүсдэггүй. Миний хувьд хориотой.

-Хөзөрт бас  тоо бий. Мэргэлэхэд тооны ухаан хэрэг болдог уу?

-Яг тооны ухаан биш ч ерөнхийдөө холбоотой. Би 32 ширхэг хөзрөөр мэргэлдэг. Тамганаас долоо хүртэлх үелзэл нь  дэс дараатай үргэлжлэл, тоо, хоног, бүх байдлыг илэрхийлдэг. Тэр нь янз бүр, хэд хуваагдаж илэрхийлэгдэж ч  болно. Түүнээс судар дээр бичигдсэн шиг биш. Тийм автомат зүйл хөзрийн мэргэнд байдаггүй.

-Хөзөрт ноён, хатан, боол гээд хүний зэрэг зиндаа, бундан, цэцэг, гил гээд дүрс, тэднийг ялгасан өнгө  бий. Тэр нь юуг илэрхийлдэг вэ?

-Хүний царайны өнгө, өндөр нам, нас, төрсөн он, цаг хугацаа гээд бүгдийг  илэрхийлж болно. Хөзөр дээр тавилаа гэхэд хүний амьдралыг буруу унших юм бол тухайн хүний амьдрал буруу эргэх магадлал бас өндөр. Яагаад гэвэл тэр хүнд буруу замыг заагаад өгчихдөг.

-Бундан дүрсээр хүмүүс хайр сэтгэлийг   илэрхийлдэг. Хөзөрт  энэ дүрс юу илэрхийлдэг юм бэ? 

-Өвчин шаналал  талаас зүрхийг  илэрхийлнэ. Мөн зүрх, тархи гэхчлэн аливаа зүйлийн  толгой талыг илэрхийлнэ. Бунданг зөвхөн энгийнээр харж болохгүй. Миний хөзөрт бундан нь  хартай хамт гарч болно, бундан  бундантайгаа гарч болно. Тэрийг янз бүрээр харж болох ч зөвхөн хайр сэтгэл, энэрлийг илэрхийлнэ үү гэхээс бусад ямар нэгэн зүйлд харъяалагддаггүй. Өөрөөр хэлбэл, бундан  муу зүйлийг илэрхийлдэггүй. Цэцэг талыг харвал явж байгаа зам хаалттай байна уу, үгүй юу. Элбэг дэлбэг заяа төөрөг ямар байна гэдгийг анзаарч болно. Дөрвөлжингөөс  буруу замаар явж байна уу, тэр нь сайн зам  уу, тухайн хүний урд ямар саад байна гэдгийг харж болно. Гил талыг харвал, миний хөзөрт тавигддагаар бол жатганы зүйл байдаг. Хар муу зүйл, саад бэрхшээл, хэл ам, муу муухай нь хараар  илэрхийлэгддэг. Гэхдээ үүнд цэцэг хөзрүүд  оролцохгүй. Гэхдээ гил, цэцэг хоёр нийлээд ороод ирвэл амьдралд мөнгөн дээр тогтсон хэл ам байна гэдгийг харуулж байдаг. Бундан,  цэцэг хоёр  байвал мөнгөн дээр тогтсон сэтгэл байна гэдэг нь харагдана. Энэ бүхэн эргэлдсээр  1000 гаруй онолыг гаргана. Түүнийг зөвхөн үзэж байгаа хүн, үзүүлж байгаа хүнтэйгээ холбож үзээд ямар байдалд байгааг нь хөзрөөс  уншиж өгч болно.

-Танд олон хүн ханддаг  байх. Асууж, үзүүлж байгаа нийтлэг  сэдэв, асуулга нь юу байх юм бэ?

-90 хувь нь гэр бүлийн  амьдрал,  салалт, хайр сэтгэлийн асуудлаар ханддаг. Зөвхөн гэр бүлийн амьдралын тогоон доторхыг л асууж ирдэг. Үзмэрчийн хувьд ч гэсэн гэр бүлийн доторх асуудлыг л хардаг. Эд баялаг нь байгаад хайр сэтгэл байхгүй ганцаардал нүүрлэсэн бол амьдрал яаж байх вэ. Мөнгөөр хэзээ ч амьдралыг бий болгож чаддаггүй нь хөзрийн мэргэнд   ил гардаг. Яг ийм асуудал хандаж ирсэн хүмүүсийн 90 хувьд нь байна. Тэр дотроо гэрийн эзэн, эрчүүдээс шалтгаалсан эмэгтэйчүүдийн зовлон Монголыг нөмөрчихөөд байна. Тэр тусмаа монгол эрчүүд маш харгис болжээ. Гэр бүлийн дарамт, хүчирхийлэлд байгаа олон эмэгтэй байна. Тэгсэн атлаа амьдралаа аврах гээд, гэр бүлээ  бүтэн байлгах гэж  өөрөө эмтрээд бөртийтөл зүтгэж яваа эмэгтэйчүүдийг  хараад маш их өрөвдөх юм. Дээр нь гэр бүлийн гадуурх харилцаа, араар тавилт гэр бүлийн харилцаанд том асуудал болж байна. Түүний дараа мөнгө төгрөгтэй болохсон,  элбэг дэлбэг амьдрахсан  гэсэн ахуйн хэрэглээгээ гүйцэхгүй яваа эмэгтэйчүүдийн хүсэл орж байна. Эрчүүдийн  зүгээс дандаа уналт ярьдаг. Хичээгээд явж байтал замд нь саад гарч ирээд уначихдаг. Тэгээд босох гэж тэмцэж байгаа дундаж амьдралтай хүмүүсийн зовлон  зузаарч байна, манай нийгэмд. Энэ түвшнээс доош би үзэж хараахан чадаагүй байна. Талхны мөнгөгүй  байгаа тэр хүмүүс тавиландаа санаа зовж үзүүлэхээр ирэхгүй л дээ.

-Үзмэрчид  нөгөө талаар  сэтгэлзүйчийн үүрэг гүйцэтгэдэг. Юу нь таны санааг  хамгийн их зовоодог вэ?

-Ямар ч хүнийг үзэхэд сэтгэлзүйн гажиг, нөгөө талаас хэтэрхий их шунал, эсвэл хэт задгайрал явагдаад байгаа нь анзаарагддаг. Тэр дотроо амьдралын хүнд ачаа үүрч яваа  эмэгтэйчүүд сэтгэцийн өөрчлөлтөд их орж байна. Нийгэмд  сайн сэтгэлзүйчид  үгүйлэгдэж байна. Сайн сэтгэлзүйчид гарч ирвэл нийгэм маань өөрчлөгдөнө. Сэтгэлзүйчийн орон зай дутмаг байгаа учраас хүмүүс үзмэрч, зурхайч нарт хандах нь их байна. Миний хувьд зовлон туулсан амьдралын сэтгэлзүйч. Тэрийг цааш нь гүн гүнзгий оношилж, тухайн эмэгтэйг сэтгэл санаа, амьдралыг өргөөд явчих заслыг хэн хийж чадах вэ гэвэл сэтгэлзүйч л чадна. Энэ асуудалд төр бодлогоор анхаарах хэрэгтэй юм. Ингэж чадвал нийгэм маань өөр болно шүү дээ. Өнөөдөр 20-50 насны эмэгтэйчүүдийн амьдралд зовлон их байна. Би түрүүнд хэлсэн, надад хандаж үзүүлж байгаа хүмүүсийн 90 хувь нь эмэгтэйчүүд, асууж буй нь  тэр чигээрээ гэр бүлийн асуудал,  салалт, араар тавилтын тухай. Энэ бол эхнэрээ хайрлаж чадахгүй дорд үзэж байгаа эрчүүдийн гачлан. Хүн хүнээ хайрлахаа больж эд материалыг шүтэх болсон. Хүүхдүүд нь хүртэл тийм  юм авмаар байна, ийм ч үнэтэй гар утас баримаар байна гэдэг. Дээр нь архидалт их байна. 40-50 хувь нь  ямар нэгэн хэмжээгээр архины хамааралтай. Уудаггүй хүн алга. Нийгэм маань  сайн сайхан болж байгаа ч нөгөө талаар бохироор дүүрч байна.

-Нэг талаас та хүмүүсийн дотоод сэтгэл рүү орж, нийгмээ  хамгийн сайн анзаарч байдаг юм байна. Төр, засагт дуулгах үг,  санал байна уу? 

-Аливаа улсын нэгж нь өрх гэр бүл байдаг.  Өрх, гэр бүлийг  бодлогоор  дэмжсэн  сайн хуулиуд хэрэгтэй байна. Нийгэмд маань 3-4 хүүхэдтэй гэр бүл салах явдал ердийн үзэгдэл болчихлоо. Эцэг, эхийн бүтэн хайранд өсөөгүй хагас өнчин хүүхдүүдийг яагаад бий болгоод байна вэ. Тэд ирээдүйд хэн болж өсөх вэ гэвэл яг л тийм амьдралыг давтаад  байна. Төрөөс гаргаж байгаа бодлого шийдвэрүүд  нь  архидалтыг, дандаа эрчүүдийг дэмжээд байхаар юу болох вэ. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль гаргалаа, хамгаалах байртай боллоо гэлцдэг. Харин ч гэр бүлийг салгаж, эмэгтэйчүүдийг улам хохироож байна гэж  зарим үйлчлүүлэгч маань хэлдэг. 100 мянган төгрөгийн торгуулийг нөгөө эмэгтэйчүүд нь төлж байгаа болохоос эрчүүд нь төлдөггүй юм байна. Тэр мөнгийг олж өгөх гэж  амьдралаа авч явах гэж ядаж байгаа эмэгтэй зүдэрдэг. Хуулиар давамгайллаа гээд гэр бүлийн хүчирхийллийг зогсоохгүй. Харин архийг хязгаарлаж, гэр бүлийн хүчирхийлэгчдээр ажил хийлгэж торгуулийг нь төлүүлдэг болох ёстой байх. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж баригдаж хоригдсон нөхрүүд гарч ирээд улам дарамталдаг, өс хонзонгоор улам харгис хэрцгийгээр зоддог. Эмэгтэйчүүд айгаад, дээр нь торгуулийн мөнгийг нь өөрөө олж өгөх гэж зүдэрдэг учраас хуулийн байгууллагад хандахаа болиод  зодуулаад суудаг болж байна. Ихэвчлэн нуугдаж ирж амьдралаа асуугаад явж байгаа эмэгтэйчүүд маань  үнэхээр өрөвдмөөр. Хүүхдээ эцэггүй өсгөхгүй юмсан гэж бүгд  хэлэх юм. Тэгэхээр төр эрчүүдийг  өөгшүүлж, даврааж, улам харгис болгож байгаа хуулиа эргэж харах хэрэгтэй. Бас хүүхдээ өсгөхдөө хувиа хичээсэн, харгис болгож байгаа эцэг эхчүүд ч бий, тэд анхаарах хэрэгтэй. Гэхдээ бүх эрчүүд муу биш,  тэдний  10-20 хувь нь зөв, сайн хүн бий.  Бас хүүхнүүд маань амьдралын ханиа зөв сонгох, шинжих  нь чухал юм даа.

-Хөзрөөр мэргэлдэг хүмүүсийн клуб, нэгдэл байдаг уу?

-Байхгүй.

-Та” Зөн билгийн тулаан”-д орж байсан. Ямар мэдрэмж төрж байв?

-Тэр бол шоу. Нэрнээсээ аваад тийм л зүйл. Хамт оролцогчдын энерги таалагдаагүй учраас би асуултыг зориуд буруу хариулаад замын дундаас гарсан. Түүнээс авьяас чадвараар хасагдсан юм биш. Зургаа дахь мэдрэхүйтэй хүн олон бий. Гэхдээ нэгэнт шийдвэрээ гаргаад явсан бол олонд тустай байх ёстой. Гэтэл өнөөдөр дуучин  байснаа гэнэт бөө болчихдог, онгод тэнгэрээ  буулгана гээд явдаг хүмүүс байх юм. Онгод тэнгэр, өвгөд дээдсээ буулгах гэж байгаа бол өөрийн амьдралыг засах гэж байна уу, бусдын явдал үйлийг засч зовлонг нь нимгэлэх  гэж байгаа юм уу, тэр нь тодорхой байх ёстой.  Тэр дээр тайван амгалан байх гэж ядаж буй сүнсийг хар газарт буулгаж ирж архи дарсаар ундаалах юу нь сайхан гэж. Архи дарсыг нь онгод шүтээн нь аваад явчихдаг гэлцэх  юм билээ, би хэзээ  тэрийг үнэн гэж боддоггүй. Тэгээд ч бид хайртай дотны нэгнээ таалал төгсөхөд  нь үдэхдээ онгод шүтээн болоод буугаад ирээрэй гэдэг бил үү, тайван нойрсоорой гэдэг бил үү. Өвгөд, дээдэстээ залбираад, сүүгээ өргөөд амьдарч яагаад болохгүй гэж. Бид зовлонгоо эдлээд нэг л үхэхээс биш тэнгэрт очоод зовохгүй. Лам нар ч  адил. Хийд дотроо ном уншаад, гарч ирээд шоудаж архидаад байдаг. Ийм хүмүүст яаж итгэж номонд нь суух вэ. Энэ бодох л зүйл. Бид хүмүүсийг төөрөлдүүлж болохгүй.

-Танд гарын шавь байна уу?

Байхгүй.

-Яагаад?

-Сонирхоод, суръя гээд ирдэг. Гэвч цааш цаашдаа  тэвчээртэй суралцах хүн  алга. Энэ нэг өдөр сурчих юм биш. Би өглөөний 11:00 цагаас үдэш 23:00 цаг хүртэл хүн үзээд суудаг. Энэ хооронд хүний зовлонг биедээ битүү авдаг. Бод доо, тан дээр нэг найз чинь ирээд зовлонгоо удаан яривал та  стресстэж бухимдана даа. Гэтэл хүний зовлонг өдөржин сонсоод үз, хэцүү шүү. Тэр бүү хэл, гадуур явахад ч ядраад байдаг тал бий. Гудамжаар зөрөөд өнгөрч байгаа хүмүүсийн нүдийг хараад ямар их зовлонтой хүн бэ, яаж дааж яваа юм бэ дээ гээд сэтгэл  зовдог. 

-Сайн сайхныг яаж бий болгох вэ?

-Жаргал, зовлон хоёр зэрэгцэж оршдог ч яаж амар амгалан байх вэ  гэдэг хүнээс  өөрөөс  нь шалтгаална. Амар амгалан байх нь сайн сайхны үндэс. Хүний харьяат бус өөрийнхөөрөө  амьдрах  нь аз жаргал. Өөрийн орон зайтай амьдарч чадвал аз жаргал тогтоно. Гадныхны   юу ч болсон  үл тоо гэдэг зарчим их чухал юм байна лээ. Буруу зүйлийг бүү тоо, битгий дэврэг. Энэ нь амар амгаланг бий болгоно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.11 БААСАН № 176 (6401)

 

sara
zondoo zalgasan.utsaa avdaggui yum bn le.uulzah gheer hol bdag.mongold ochood haij olj baigaad uulzanaa.
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

10 цаг 54 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

12 цаг 19 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

12 цаг 51 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

13 цаг 14 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

14 цаг 28 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

16 цаг 58 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

21 цаг 44 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

21 цаг 44 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

21 цаг 44 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

Уржигдар 18 цаг 15 мин