Б.ДОЛЖИНЖАВ
Манай улс хичээл сургалтын үйл ажиллагаагаа есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор цэцэрлэгийн насны хүүхдүүдийг томуу, томуу төст өвчин болон коронавирусын халдвараас хэрхэн сэргийлэх талаар Боловсрол, Шинжлэх ухааны яамны, Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар мэдээлэл хийлээ. Тэрээр “Өнөөдрийн байдлаар дэлхийн 26 орон хичээл сургалтын үйл ажиллагаагаа хэсэгчилсэн байдлаар эхлүүлсэн. Манай улсын хувьд сургууль, цэцэрлэгээ хаагаад 7-8 сар боллоо. Тиймээс ирэх сарын нэгнээс сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Цэцэрлэг бол бага насны хүүхдүүдийн хувьд их онцгой байгууллага. Тиймээс сайдын тушаалаар баталсан түр журамд зохицуулалт оруулсан. Тодруулбал, цэцэрлэгүүд өмнө нь мөрдөж байсан цагийн хуваарийн дагуу ажлын тав хоног ажиллана. Гэхдээ нэг бүлэгт байх хүүхдийн тоог 20-25 болгож бууруулсан. Хүүхдүүдийг анги руу ороход нь халууныг нь хэмжээд, гарыг нь ариутгана. Сурагчид анги, танхимдаа амны хаалт зүүхгүй. Орж, гарахдаа амны хаалттай байх ёстой. Цэцэрлэгт хүүхдээ өгөхгүй, гэртээ хүүхдийнхээ хөгжлийг дэмжих хүсэлтэй эцэг эхчүүдийн хувьд теле хичээлийг үзүүлэх бэлтгэл ажил хангагдсан" гэлээ. Мөн цэцэрлэгийн хүүхдийн ариун цэврийн болон хичээлийн хэрэглэгдэхүүнийг эхний гурван сараар бэлдэх жагсаалтыг бүх цэцэрлэгүүдэд хүргэжээ.
Эх сурвалж:www.polit.mn