Б.ОЮУНЗУЛ
Бид энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа Зооноз өвчин судлалын үндэсний төвийн дарга, анагаах ухааны дэд профессор Н.Цогбадрахыг онцолсон юм. Цар тахлын улмаас онцгой нөхцөлд шилжсэн өнгөрсөн хагас жил гаруй хугацааг энэ байгууллагын хамт олон завгүй, хүндхэн өдрүүдтэй нүүр тулан өнгөрүүлсэн. Цаашид ч хэчнээн хугацаанд энэ байдал үргэлжлэхийг дэлхий даяар таамаглаж мэдэхгүй энэ цаг үед фронтын нэгдүгээр эгнээнд зүтгэж байгаа хамт олноо зөв удирдан чиглүүлэх томоохон үүргийг тэр хүлээж байгаа юм. Цаг наргүй их ажлынхаа дундуур бидэнтэй ярилцах цаг гаргасанд талархан уулзаж тэмдэглэсэн нийтлэлийг түүний бага наснаас эхлүүлж байна.
Н.Цогбадрах 1962 онд Өвөрхангай аймгийн Уянга суманд төржээ. Түүний аав ээж нь тус нутгийн уугуул иргэд. Хүүхэд насны хөгжилтэй хөгтэй хөгжөөнтэй бүх л дурсамж нь төрж өссөн нутагт нь өнгөрсөн. 1970 онд тэрээр нэгдүгээр ангид элсэн орж Уянга сумын найман жилийг төгсөөд Өвөрхангай аймгийн нэгдүгээр арван жилд суралцсан байна. Түүний аавыг Д.Нямдорж харин ээжийг нь Н.Содномцэрэн гэдэг. Д.Нямдорж гуайнх их өнөр өтгөн гэр бүл, арван хүүхэдтэй. Н.Цогбадрах энэ айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ. Түүний бага нас Онгийн голын хөвөөн дээр зуны улиралд сахилдага түүж ташуур сүлжин морь болж уралдан, усанд нь сэлж бага насаа өнгөрүүлсэн. Айлын том хүүхдийн хувьд гэр орны бүх ажилд тусалж дүү нараа асарч хамгаалах цэцэрлэг сургуульд нь явуулах гээд түүнд ажил их. Арван жилдээ тэрээр онц сурдаг сурлага сайтай нэгэн байжээ. Таван онцын эзэн, Нацагдоржийн тэмдэгтэн, Номын сайн нөхөр гэх мэт тухайн үеийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн авдаг бүх шагналыг хүртэж байсан гэв. Аравдугаар ангиа онц дүнтэй төгсөж анагаах ухааны дээд сургуульд элсэн орсон байна. Тэрээр Онгийн голд тэшүүрээр гулган тоглож өсжээ. Мөн шатар тоглож ном унших дуртай хүүхэд байсан гэв. Орондоо гар чийдэн авч орчихоод шөнөжин ном уншдаг хүүхэд байжээ. Н.Цогбадрах эхнэртэйгээ 1988 онд танилцаж байжээ. Түүний гэргийг Л.Алтанцэцэг гэдэг, клиникийн профессор. Мөн адил эмч мэргэжилтэй. МУИС хүн эмнэлгийн салбарын эрхлэгчийн эмчээр саяхныг хүртэл ажиллаж байгаад одоо хувийн эмнэлэг байгуулан ажиллаж байгаа аж. Тэд хоёр хүүхэдтэй. Хүү нь аав ээжийнхээ мэргэжлийг өвлөн авсан. Харин охин нь эдийн засагч мэргэжилтэй одоо хоёулаа Австралид мэргэж дээшлүүлэн суралцаж байгаа гэнэ.
ЭМЧ МЭРГЭЖЛИЙГ СОНГОХ БОЛСОН НЬ
Тэрээр багадаа техник талдаа сайн сэтгэлгээтэй хүүхэд байжээ. Тоглоомон машинуудаа дандаа задалж угсардаг байж. Багадаа авто инженер болно гэж боддог байсан тухайгаа дурссан юм. Аравдугаар ангиа төгсөх жилдээ мэргэжлээ сонгох болж эмч, багш хоёрыг хамгийн их сонирхож амьдрал дээр энэ хоёр мэргэжил хүнд тус хүргэх мэргэжил байна гэж бодсон байна. Түүнийг долдугаар ангид байхад нь түүний буурал ээж нь бурхан болж тэрээр хажууд нь байсан ч тусламж үзүүлж чадалгүй алдсандаа харамсаж эмч байсан бол эмээгээ эмчлэх байсан гэж хүсэж байсан тухайгаа ярьсан юм. Тэр үйл явдал түүнийг эмч болоход эргэлт буцалтгүй нөлөөлсөн байна. Хүүхэд байхдаа өвөөгийнхөө хажууд өссөн түүнийг өвөө нь лам болгоно гэж ярьдаг байж. Өвөө нь түүнд багаас нь төвд бичиг үсэг заан шашны дээд сургуульд оруулна гэж түүнд зориулан дээл хүртэл бэлдсэн байна. Яагаад гэдгээ Н.Цогбадрах өөрөө ч мэдэхгүй лам болохоос татгалзах эмч гэх эрхэм алдраа хүртсэн байна. Түүнийг мэргэжлээ сонгосны дараа өвөө нь “ За яахав хүнд тус хүргэдэг мэргэжил сонгосон байна. Эмч ч гэсэн муу мэргэжил биш харин муу эмч байж болохгүй . Сургуульд байсан шигээ онц сурч байж л сайн эмч болно. Сайн эмч болвол буян хийнэ. Муу эмч болвол тус болж чадахгүй бол ус бололгүй байгаарай. Сайн сураарай” гэж хэлж байжээ. Тэр цагаас хойш Н.Цогбадрах анагаахын сургуульд ороод өвөөгийнхөө захиасыг сайн биелүүлж анагаах ухааны их сургуулийг онц дүнтэй төгссөн байна. Тэрээр хоёр дугаар курсэд байхдаа эрүүл мэндийн байдал нь муудаж хоёр жил дараалан чөлөө авсан байна. Түүний өвөө Монгол уламжлалт эм тан найруулдаг хүн байсан. Түүнийг өвдөж байхад өвөө нь уламжлалт аргаар түүнийг өвчинг эмчилж байжээ. Эргээд бодоход миний өвөө эгэлгүй нэгэн буянтай хүн байсан байжээ гэж хэлсэн юм. Ингэснээр тэрээр мөн уламжлалт анагаах ухааныг сонирхож ургамал, түүний дотор эм найруулах чиглэлийг сонирхдог болжээ. Бие нь өвдөж байж өвдөж шаналахын зовлонг мэдэрч, эзэмшсэн мэргэжилдээ илүү их дурлаж шамдан суралцах болсон гэж байлаа.
СУРАЛЦАНГАА ХӨГЖСӨН ҮЕ
Суралцаж байх хугацааныхаа сүүлийн жил Өвөрхангай аймгийн Дөлгөөн багт их эмчийн дадлага хийсэн. Сургуулиа төгсөөд тус сумандаа арван жил ажилласан байна. Энэ хугацаанд эх барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжлийг давхар эзэмшжээ. Түүнийг ажиллахаар очиход эмч нь хот руу шилжээд явчихсан ирсэн эмч нь ирээд нэг юм уу хоёр сар ажиллаад буцдаг байжээ. Н.Цогбадрах ажиллах явцдаа сумынхаа эмч нарын тоог нэмэх тал дээр анхаарсан бөгөөд ирж буцсан эмч нарынхаа ажиллах ажлын байрын нөхцөлийг сайжруулж сумаасаа явахдаа тухайн сумаа найман эмчтэй болгон үлдээсэн байна. Суманд ажиллахаар очиход эх хүүхдийн эндэгдэл нэлээн гардаг байсан гэв. Жилдээ 280-300 гаруй эх амарждаг их том сум байсан. Ажиллаж байх хугацаандаа эхийн эндэгдлийг бууруулж жирэмсэн ээжүүдэд тавих хяналтыг сайжруулах мөн нярайн эндэгдлийг бууруулах чиглэлд нэлээн ач холбогдол өгөн ажилласан гэв. Сайн ажилласны үр дүн маш сайн гарч тэр даруйдаа эндэгдэл болон бусад өвчлөлийн тоо ч буурсан гэв. 1999 онд тус сумын эмчийн ажлыг хүлээлгэж өгөхөд мэс заслын тасаг байгуулсан. Аймаг руу заавал явах шаардлагагүйгээр тэндээ түргэн тусламж үзүүлдэг. Мөн эх барих эмэгтэйчүүдийн тасаг байгуулж хийсвэр болон умай тайрах, хавдрын хагалгаа, ивэрхий, олгойн хагалгааг хийдэг болсон байв. Суманд мэс заслын тасгийг 1994 онд байгуулсан. Тус тасгийг байгуулснаар цаг хугацаа алдахгүй өвчин хүндрэх асуудал багассан байна. Түүгээр ч барахгүй био химийн шинжилгээ хүртэл сумандаа хийдэг болжээ. Тухайн үед засаг захиргаа болон санхүүгийн байдал хүнд байжээ. Тийм үед ажиллаж байсан гэхэд сайн эмнэлэг, эмч мэргэжилтнээр хангагдсан газар байж. Тухайн үед удирдлагын менежментийн хувьчлал гэж болдог байсан. Тэр удирдлагын хувьчлалыг авч эмнэлгээ авч өөрийн гэсэн уурын зуух барин дулаан цахилгаан авахгүй болсноор сумын төсвийн орлого бүрдүүлэлтэд муугаар нөлөөлсөн гэж засаг даргадаа зэмлүүлж байв. Сумын эмнэлэг бол төсөв бүрдүүлэлтэд гол үүргийг гүйцэтгэдэг газар. Гэтэл гол байгууллага нь байхгүй болсноор сумын орлогын бүрдүүлэлтэд алданга гарсан гэхдээ энэ нь сумын эмнэлэгтээ бол маш ашигтай байж эмч нарын болон ажилчдын цалин нэмэгдсэн. Төсвөө хэмнэснээр сумандаа төвийн дуудлагаа өөрсдөө хүлээн авч эмнэлэгтээ шинэ мотоцикл авч байсан. Мөн “Эрэл” компани буцалтгүй тусламжаараа тус сумын эмнэлэгт шинэ машин бэлэглэж байж. Н.Цогбадрах тус суманд арван жил ажиллахдаа эдгээр бүтээн байгуулалтыг хийсэн байна. Арван жилийн хугацаандаа 1500 гаруй хүүхдийг эх барьж авсан байна. Мөн тус суманд хийгддэг бүх төрлийн мэс ажилбарыг хийж байжээ. Сумын эмчийн ажлыг хүлээлгэн өгөөд нийслэлд ирээд эмэгтэйчүүдийн эмчийн зэргээ хамгаалсан байна. 1999 онд түүнд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллах санал иржээ. Сумын эмчийн албанаас Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллав. Ажиллаж байх хугацаандаа эмч мэргэжилтний мэдлэг мэргэжлийг дээшлүүлж иргэдэг үзүүлэх тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй үзүүлэх. Хүлээгдлийг арилгах, хоног болоогүй нас баралтыг бууруулах зэрэгт онцгой анхааран ажилласан байна. Ингэж ажилласны үр дүнд тус дүүргийн нэгдсэн эмнэлгийн үзүүлэлтүүд тухайн ажиллаж байсан хугацаанд нь эрс нэмэгдсэн байна. Дараа нь нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаар ажиллах санал ирж 2008-2014 он хүртэл тус байгууллагад ажиллажээ.
"Эх барих эмэгтэйчүүдийн анхны хичээл орж багш төрөх тасгийг танилцуулж төрөх үйл явцыг бидэнд харуулсан юм. Тухайн үед төрөх гэж байгаа эмэгтэйчүүд их хэцүү өрөвдмөөр харагдаж байсан. Гэтэл нэг орны хажуугаар өнгөртөл нэг эмэгтэй миний гарнаас барьж өвдөөд би гараа тавиулж чадалгүй зогсож байтал манай ангийхан гараад лекцийн танхимдаа орж. Тэр эгчийг төртөл гараа авч чадалгүй байж байгаад төрүүлээд хичээлээсээ хоцроод очтол багш чи одоо хаагуур алга болчихвоо гээд загнахаар нь би болсон үйл явдлыг ярьтал багш чи хүн төрөх юм бол гарыг нь барьсаар байгаад төрсний дараа нь гараа тавиулах юм уу гэж инээж байсан хөгтэй явдал тохиож байсан".
ЗООНОЗ ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВТЭЙ АМЬДРАЛАА ХОЛБОСОН НЬ
Н.Цогбадрах эмч болсноосоо хойш эрүүл мэндийн бүх л салбарт ажиллаж үзсэн. Энэ хугацаандаа өөрийн ажилласан туршлагаа хуримтлуулаад “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдалд” гэсэн сэдвээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Докторын зэрэг хамгаалсныхаа дараа гамшиг эрсдэлийн менежменттэй холбоотой гурван ном гаргаж, дангаараа болон бусад судлаачидтай хамтран мэргэжлийн чиглэлээрээ гадаадад илтгэл өгүүлэл 30 гаруй, дотоодод мөн 30 гаруй илтгэл өгүүлэл хэлэлцүүлж хэвлүүлжээ. Бүх түвшинд эрүүл мэндийн байгууллага ямар нэгэн гамшиг болоход тус байгууллага ямар байх ёстой юм. Одоо байдал нь ямар байгаа юм гэдэг чиглэлээр судалгаа явуулаад эмнэлэг тус бүрт ажиллаж байсан туршлагаа үндэслэн докторын зэрэг хамгаалсан. Судалгааны дүр дүнд зооноз судлалын байгууллага хамгийн эрсдэлтэй нөхцөл байдалтай байгууллага болж таарсан. Мөн түүнийг Өвөрхангай аймгийн Уянга суманд ажиллаж байхад тус сум тарваган тахлын хамгийн идэвхтэй бүсэд багтаж хоёр удаа тахал гарч голомтод нь ажиллаж тахлаар өвчилсөн хүнийг оношилж эмчилж байжээ. Үүнээс үүдэж энэ байгууллагад ажиллаж үзэхийг хүссэн байна. Тэгээд 2014 онд эрүүл мэндийн харьяа тусгай мэргэжлийн төвүүдийн даргын сонгон шалгаруулалт зарлаж. “Зооноз өвчин судлалын үндэсний төвийн даргын сонгон шалгаруулалтад өрсөлдөж нэгээр шалгаран 2015 оны нэгдүгээр сард ажлаа хүлээн авсан байна. Одоогийн байдлаар таван жил ажилласан байна тус төвд. Зооноз өвчин судлалын төвийн нэрийн утга нь “Зооноз” гэдэг нь мал амьтанаас хүнд халдварладаг өвчлөлийг судалдаг байгууллага юм. Амьтанд байдаг өвчинг судалж хүнд халдварлахаас сэргийлдэг гэсэн үг. Үндэсний хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 15 байгууллага байдаг тэдгээрийн үндсэн салбар нь тус төв юм. Анх “Таргаван тахал эсэргүүцсэн төв лаборатори” нэртэйгээр 1931 онд байгуулагджээ. Ирэх жил 90 жилийн ойгоо хийх юм байна. Энэ газар нь түүхэндээ найман удаа нэрээ өөрчилсөн. Тэгээд хамгийн сүүлд нь “Зооноз” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа нь энэ. Дэлхий дээр дэгдээд буй өвчнүүдийн 70 гаруй хувь нь зоонозын буюу мал амьтнаас хүнд халдварладаг өвчин байна. Тэгэхээр энэ чиглэлд нэрээ өгч үйл ажиллагаа явуулах нь олон улсын чиг хандлагад нийцсэн гэсэн үг. Мөн олон улсын ижил түвшний байгууллагатай харьцахад ахиц дэвшил гарч байгаа. Мал амьтнаас хүнд халдварладаг халдвар хэр их байна. Үүнээс ард иргэдээ яаж хамгаалах сэргийлэх хариу арга хэмжээг яаж зохион байгуулах өвчлөл гарсан үед яаж эрт оношилж голомтыг олон хүнд тараахгүйгээр хурдан цомхотгох чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг газар гэж ойлгож болно. Орон нутгийн хувьд 15 төвтэй тухайн төвүүдийнхээ оршин тогтнох тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Тус төвүүдийнхээ бүтэц үйл ажиллагааг анхаарч стандартад нийцсэн ажиллагаа явуулж байгаа юм. Н.Цогбадрах энэ байгууллагад ажиллахдаа байгууллагын удирдлагыг өөрчлөх оношилгооны чадварыг сайжруулах лабораторийн сайн багаж төхөөрөмжөөр хангах ижил мэргэжлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай харьцаж гадаад харилцаагаа сайжруулах чиглэлээр тодорхой зорилт тавин ажиллаж байгаа. Гадаад харилцааг сайжруулснаар оношилгооны чанар сайжирч байгаа юм байна. Мөн тус байгууллага нь хүмүүсээ мэргэшүүлэх тал дээр анхаарч Оросын холбооны улсын засгийн газрын тэтгэлгээр хил хоорондын таргаван тахлын халдвар судлал түүнээс сэргийлэх ийм хөтөлбөрийг хэрэгжүүлж ОХУ-ын хөрөнгөөр дөрөв дэх жилдээ хамтарсан үйл ажиллагаа явуулж байгаа гэв. Энэ хүрээнд жил бүр арван мэргэжилтнийг мэргэжлийн эрчимжүүлсэн сургалтад хамруулж орос руу явуулж байгаа аж. Мөн бүрэн тоноглогдсон явуулын лаборатори бий болгон. Энэ лобартори нь коронавирусын энэ хүнд үед үүргээ сайн гүйцэтгэж байна.
ЗӨСҮТ КОРОНАВИРУСЫН ҮЕД ХАМГИЙН ИХ АЧААЛАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Өнөөдрийн байдлаар Зооноз өвчин судлалын үндэсний төвийнхөн 4500 иргэнээс коронавирус илрүүлэх сорьц авч шинжилгээ хийж ажилласан байна. Тус төвийнхөн халдвар авсан, гаднын орноос эх орондоо ирж байгаа иргэд болон зорчин ирсэн унаа тээвэр ачаа тээш түүгээр дамжуулан халдвар тархах эрсдэлийг таслан зогсоох ажлыг хийж байна. Энэ байгууллагын ажилчид ажилдаа хайнга хандвал Монголд байгаа 293 халдвартай иргэдийн тоо 200-300 мянгаар нэмэгдэж халдвар гадуур тархах эрсдэлтэй. Тэрхүү эрсдэлийг уг байгууллага таслан зогсоож чадаж байна. Тэд Монголдоо ирж байгаа иргэдийг онгоцноос буухаас нь эхлээд маск, бээлий, авч яваа тээш гэх мэт бүх зүйлийг нь халдваргүйжүүлдэг. Тусгай автобусанд туулгаж тусгаарлах байрлуу нь зөөвөрлөдөг. Дараа нь тухайн хүмүүсийн байсан тусгаарлах байрыг халдваргүй болгодог. Энэ бүх үйл ажиллагааны ард “Зооноз судлалын үндэсний төв”-ийн баг хамт олон байдаг. "Дэлхий нийтэд таван халдварт өвчин бүртгэгдэж байна тэдний гурав нь зоонозын гаралтай халдвар байгаа. Бүх улс орнууд өөрсдийн ажиллах чадвараа дээшлүүлэн ажиллахыг зорьж байна. Тэр дундаа коронавирус гарснаас гадаадын улс орнууд зооноз судлалын төвд илүү их анхаарч ажиллаж байна. Тэдний нэгэн жишгээр манай байгууллагыг ч гэсэн төр засаг маань анхаарч ажиллаж байгаа. Манай байгууллага зөвхөн коронавирус биш мал амьнаас хүнд халдварладаг бүх төрлийн өвчинг судалдаг. Иймээс төр засгаас манай байгуулгыг дэмжин ажиллаж хүн хүч хөрөнгө мөнгө санхүүгийн асуудлыг шийдэж хариу арга хэмжээг авах ажилд дэмжин ажиллаж байна. Цаашдаа ч анхаарах байх гэж найдаж байна" гэж тэрээр хэллээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.8.10 № 152 (6377)