Б.ТУУЛ
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдааны шалгаруулалт явагдаж байгаа юм. Энэ талаар ХАБЭМТөвийн мэргэжилтэн Х.Дарьсүрэнтэй ярилцлаа.
-ХНХЯам болон танай байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” шалгаруулах уралдааныг хот, хөдөөд зохион байгуулдаг. Албан байгууллага бүр идэвхтэй оролцдог болсон байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах болзолт уралдаан нь Үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, бусад эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачлагыг урамшуулан дэмжих, нийтийн хүртээл болгох, аюулгүй ажиллагааны зан үйл соёлыг төлөвшүүлэх, тэдний сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой зохион байгуулагддаг.
Уралдааны үндсэн зохион байгуулагчаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран зохион байгуулагчаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ажилладаг.
-Уралдааныг хэзээнээс зохион байгуулж эхэлсэн бэ. Ямар хүрээг хамарч явагддаг вэ?
-2011 оноос хойш уламжлал болгон 8 жил тасралтгүй зохион байгуулж байна. Энэ хугацаанд нийт 66 аж ахуйн нэгж, байгууллага шалгарч шагналын эзэд болсон байдаг.
Уралдаанд Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж байгууллагууд оролцох боломжтой. Ер нь жил ирэх тусам уралдаанд оролцох байгууллагын тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай.
-Өнөө жилийн уралдааны онцлог, аж ахуйн нэгж байгууллагууд хэр идэвхтэй оролцож байна?
-Энэ жилийн хувьд “COVID-19” цар тахлын хөл хорио цээртэй холбоотой уралдааны маань шалгаруулалт хойшилж 4 сарын 15-наас 2 дахь шалгаруулалтын ажилдаа орж байна.
Улсын хэмжээнд зохион байгууллагддаг уг уралдааны шалгаруулалтыг бодитой, нээлттэй явуулах үүднээс ХАБЭА-н салбар хороо, зөвлөлүүдийг шалгаруулалтад энэ жилээс оролцуулах болсон. Шинэчлэсэн журмын дагуу яамдын ХАБЭА-н салбар хороо, Аймаг дүүргийн ХАБЭА-н зөвлөлүүд маш идэвхтэй ажиллаж анхан шатны шалгаруулалтаа хийж манай төвд шалгарсан нийт 50 гаруй аж ахуй нэгжийн материал ирүүлсэн байна.
-Шилдэг байгууллагыг ямар журмаар, яаж шалгаруулдаг вэ. Шинэчлэгдсэн журмын талаар мэдээлэл өгөөч?
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 02 сарын 14-ний өдрийн А/64 дугаар тушаалаар “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах” уралдааны журам шинэчлэгдэн батлагдсан. Энэ жилээс уралдаан 2 үе шаттай зохион байгуулагдаж байна.
Анхан шатны шалгаруулалт:
Харъяалах аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь “Эрүүл-Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” шалгаруулалтад оролцохоор ирүүлсэн материалыг жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны дотор бүртгэн, хүлээн авна.
Аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь бүртгэн хүлээн авсан материалыг 01 дүгээр сарын 30-ны дотор журамд заасан хамаарлаар ХАБЭА-н салбар хороо болон ХАБЭА-н зөвлөлд тус тус хүргүүлнэ.
Эхний шатны шалгаруулалт:
Холбогдох яамдын ХАБЭА-н салбар хороо болон Аймаг, дүүргийн ХАБЭА-н зөвлөл тус тусдаа журамд заасан шалгуурыг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулж, дүгнэсэн дүн, шалгарсан гурав хүртэл байгууллагын материалыг 03 дугаар сарын 01-ний дотор мэргэжлээс шалтгаалсан өвчин, хөдөлмөрийн нөхцлийн асуудал хариуцсан байгууллагад буюу манай төвд ирүүлэх юм.
Хоёр дахь шатны шалгаруулалт:
“Эрүүл-Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” шалгаруулах ажлын хэсгийг байгуулж ирүүлсэн материалыг энэ журмын шалгуурыг үндэслэн 03 дугаар сарын 25-ны дотор сонгон шалгаруулж, дүнгээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны хурлаар хэлэлцүүлж, эцсийн сонгон шалгаруулалтыг хийж шагналын эздийг тодруулах юм.
-Ер нь энэ уралдаант аяны зорилго хэр гарч байна. Мэдээж, жил ирэх тусам аваар осол буурахаас эхлээд ач холбогдол, үр дүн гарч байгаа байх?
-Болзолт уралдаанд оролцсоноор аж ахуйн нэгж байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа олон нийтэд таниулан сурталчилах, сайн туршлага, шинэлэг арга барилаа бусдад түгээн дэлгэрүүлэх боломж нээгддэг.
Уралдааны маань гол ач холбогдол бол ажилтан хүнийг эрүүл аюулгүй ажиллах орчин нөхцөлөөр хангах, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байрны тоог нэмэгдүүлэх тэднийг урамшуулан дэмжих явдал юм.
Эх сурвалж: www.polit.mn