Зэвсэгт хүчний 99 жилийн ой, “Монгол цэргийн өдөр” тохиож байна. Эх орон, ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах хариуцлагатай үүргээ хилчид амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгааг дуулгая. Монголын хилчдийн улсын хил хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлэх, хилийн зөрчлийг таслан зогсоох, Хил хамгаалах байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн өргөжүүлэх, хилчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн олон шинэлэг арга хэмжээг өнгөрсөн 2019 онд авч хэрэгжүүлснийг та бүхэнтэй тоймлон хуваалцья.
Усан хил хамгаалалт
Усан хил хамгаалалт дэд хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлж шинэ техник, технологийг нэвтрүүлэн, боловсронгуй болгох ажлыг үргэлжлүүлэн Буйр нуурын усан хил хамгаалалтын нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Зөвлөлтийн хилчдийн дурсгалд
Халхын голын дайны ялалтад Оросын хилчдийн гүйцэтгэсэн үүрэг их болохыг эрдэмтэн судлаачид хэлдэг. Тэгвэл Монгол Улсын Хил хамгаалах байгууллага, Монголын хилчид Оросын хилчдийн гэгээн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг Дорнод аймгийн Халхгол сумын Хамар даваанд босгосон нь энх цагийг бүтээсэн хоёр орны хилчин хөвгүүдэд өргөсөн мөнхийн зул болов.
Хил хамгаалах байгууллага түүхэндээ гурван одонтой анхны ангиа тосч авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хилийн 0198 дугаар анги “Сүхбаатарын одон”-гоор шагнагдлаа. Ийнхүү Хилийн 0198 дугаар анги Хил хамгаалах байгууллагын анхны гурван одонтой анги болсон түүхэн жил байлаа. Үүний зэрэгцээ Хилийн 0306 дугаар ангийн 0145 дугаар салбарыг “Цэргийн гавьяа”-ны одонгоор шагнаж түүхэнд байгуулсан гавьяаг нь тодотгосон юм.
Түүхэн ой
Байгуулагдсан цагаасаа эхлэн гурван удаагийн дайнд оролцсон Хилийн 0164 дүгээр анги түүхт 80 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн бол Буянт-Ухаа дахь шалган нэвтрүүлэх Хилийн 0218 дугаар ангийн түүхт 70 жилийн ой тохиож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяа”-ны одонгоор шагнагдав.
Энэ онд хилчдийн эгнээнээс төрсөн БНМАУ-ын баатар С.Лхагвадорж, Х.Дамба нарын мэндэлсний 100 жил, БНМАУ-ын баатар С.Төмөрбаатарын мэндэлсний 105 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Хилчдийн цэрэг, спортын наадам
“Хилчдийн цэрэг, спортын наадам” таван бүсэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Таван багц 720 медалийн төлөө 894 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм.
Гадаад харилцаа
Монгол Улсын ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагчийн урилгаар ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны захирлын нэгдүгээр орлогч, Хилийн албаны удирдагч, армийн генерал В.Г.Кулишов тэргүүтэй төлөөлөгчид айлчиллаа. Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын даргын урилгаар Хятадын ардын чөлөөлөх армийн Хойд байлдааны ажиллагааны тойргийн Хуурай замын цэргийн дэд командлагч, хошууч генерал Сун Хун Шяо тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчиллаа.
Сургалт
Хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүнийг 2019 онд сургах, давтан сургах, мэргэшүүлэх төлөвлөгөөний дагуу 1990 алба хаагчийг гадаад, дотоодын цэргийн академи, төрөл мэргэжлийн их, дээд сургуульд урт болон богино хугацааны сургалтад хамрууллаа.
Энхийг дэмжих ажиллагаа
Бүгд Найрамдах Судан улс дахь НҮБ-ын UNMISS ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн VIII ээлжинд 35 хилчин үүрэг гүйцэтгээд ирэв. 2019 оны байдлаар Бүгд Найрамдах Өмнөд Судан улс дахь энхийг дэмжих ажиллагааны Монгол Улсын мотобуудлагын IX ээлжийн цэргийн багт 31 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин