
Д.БОЛОР
УИХ-ын гишүүн Р.Бурмаатай ярилцлаа. Тэрээр Сонгуулийн тухай хуулийн төслийг шинэчлэх ажлын хэсгийг ахалж буй бөгөөд өчигдөр улс төрийн намуудын төлөөлөлд өнөөх төслөө танилцуулсан юм.
-Сонгуулийн тухай хуулийн төслөө хэзээ өргөн барихаар зэхэж байна. Намуудын саналыг аваад дуусч байна уу?
-Хаврын чуулганаар өргөн барина. Улс төрийн намуудаас амаар болон бичгээр байнга санал авч байна. Сонгуулийн хуулийн зорилтоос эхлээд хэд, хэдэн өөрчлөлт орж байгаа. Өмнөх Сонгуулийн хуулийн үндсэн зорилт нь сонгуулийг зохион байгуулахад оршино гэж байлаа. Харин энэ удаа иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах нь үндсэн зорилт гэж оруулж байна. Мэдээж сонгуульд оролцох иргэний үндэс угсаа, арьсны өнгө, албан тушаал, үзэл бодол, боловсролоор ялгахгүй. Дээрээс нь гадаадад байгаа иргэдийнхээ сонгуульд оролцох эрхийг нь хангаж өгч байгаа.
-Маргаан дагуулдаг зүйл бол сонгуулийн сурталчилгааны зардал. Үүнд ямар өөрчлөлт орж байна?
-Сонгуулийн сурталчилгааны зардлыг сонгуульд оролцож байгаа нам, хамтарсан намууд өөрсдийн мөнгөөр болон хандиваар санхүүжүүлнэ. Нэр дэвшигчийн сонгуулийн зардлыг нэр дэвшүүлсэн нам болоод нэр дэвшигч өөрөө хариуцна. Ер нь сонгуулийн сурталчилгааны дээд хэмжээг тогтоож өгөх ёстой. Хуульд орж байгаа хамгийн чухал өөрчлөлт бол сонгуулийн зардлыг багасгая гэсэн санаа. Сүүлийн хоёр сонгуулийн зардлыг үзэхээр өмнөх сонгуулиас арав дахин өссөн байгаа юм. Сонгуулийн зардал их байснаар нэр дэвшигчид болоод нам хандивлагчдаас хараат болдог. Цаашлаад сонгогдсоны дараа хандивлагчдад тааламжтай шийдвэр гаргах нөхцөл үүсдэг учраас ажлын хэсгийн хамгийн анхаарал тавьж байгаа зүйл нь энэ юм. Улс төрийн намуудад ч сонгуулийн зардлын талаар санал, шүүмжлэлээ хэлэх боломж байгаа.
-Намууд болоод нэр дэвшигчийн хандив авах дансыг сонгуулийн жилийн нэгдүгээр сараас эхлэн нээж өгнө гэсэн үү?
-Сонгууль зарласнаас хойш сонгуулийн хандив цуглуулах эрх нээгддэг. Гэтэл 45 хоногийн дотор тэр их мөнгийг босгож чадах уу. Амждаггүй учраас нэр дэвшигчид сурталчилгааныхаа хажуугаар мөнгө босгох ажлаа хийнэ. Мөнгөө босгосны дараа тараах материал бусад зүйлээ хэвлүүлэх гээд бүх ажил нь богино хугацаанд шахагдана. Үүнийг болиулахын тулд сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс эхлээд санал авах өдөр хүртэл сонгуулийн зардлын дансыг цуглуулах эрхийг нээж өгөхөөр хуульчилж байна. Гэхдээ зарцуулахгүй зөвхөн хандив цуглуулах талаар ярьж байна. Мэдээж гадаадын байгууллага, хамтарсан байгууллага болоод олон улсын байгууллага, төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, гадаадын иргэн, харъяалалгүй хүмүүс, 18 нас хүрээгүй хүн, шашны байгууллагаас хандив авахгүй. Өмнө нь улс төрийн намууд төрийн бус байгууллагаар дамжуулан санхүүжилт авдаг байсан. Үүнийг хориглох нь зөв гэж бодож байна.
-УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулахаар болсон гэсэн?
-Орон нутгийн болон УИХ-ын сонгуулийн дүн нэг өдөр болохоор яригдаж байна. Үүнд сум, болон дүүргийн ИТХ-ыг оруулах уу, үгүй юу гэдэг дээр санал зөрүүтэй байгаа. Аймаг, нийслэл болон УИХ-ын сонгуулийн санал хураалт нэг өдөр явагдана. Үүнд улс төрийн намууд санал нэгдсэн.
-Холимог системээр явуулах зарчмыг нэгдсэн хуульд тусгах уу?
-Холимог системийн хэлбэрийг хэвээр үлдээж, 48 тойргийг 28 болгох уу гэдэг нь яригдаж байна. Гэхдээ тойргуудыг нэг мандаттай болгох талаар хуульд тусгахаар ажлын хэсэг санал гаргасан. Сонгуулийн систем дээр 48 тойрогтой байх, 28 тойрогтой байх гэсэн хоёр үндсэн асуудал яригдаж байгаа. Хэрвээ энэ санал дэмжигдвэл 28 нь намын нэрсийн жагсаалтаар, 48 нь нэр дэвшиж сонгогдоно. Ажлын хэсгийнхэн хаврын чуулган эхлэхэд хуулийн төслөө өргөн барина гэж бодож байна. Техникийн ажлын хэсгийнхэн ажиллаж байна.
-Бас 38:38 гэсэн хувилбар байгаа шүү дээ?
-48 нь мажоритар гэвэл тойрог болгож хуваахад илүү хялбар. Харин 38 тойрогтой болно гэвэл тойргийг хуваахад төвөгтэй байдал үүснэ. Гэхдээ аль ч тохиолдолд олон мандаттай тойргоос сонгохоо болино. Ажлын хэсэг дээр тогтсон нэг юм юу гэвэл холимог хувилбараа авч явъя, гэхдээ нэг мандат-нэг тойрог байя гэж байгаа юм. Нөгөөтэйгүүр, нэг намаас нэр дэвшиж буй хүмүүс өөр хоорондоо өрсөлдөж байгаа нь зөрчил бий болгож байна. Ер нь бол 48 гэсэн хувилбар нь тойргоор хуваахад илүү хялбар бөгөөд зохион байгуулахад амар. Хэрэв 38 тойрог болгоно гэвэл зарим аймаг нийлж нэг тойрог болох шаардлага үүсээд байгаа юм. Бидний хувьд аймаг болгон өөр өөрийн төлөөлөлтэй байвал зүгээр гэж үзэж байгаа. Цөөхөн хүн амтай аймгуудыг нийлүүлэх, нэгтгэх шаардлага гарчихаад байгаа юм. Нөгөөтэйгүүр, өргөн уудам нутагтай аймгаас нэг хүн сонгогдоод тэр нь эргээд сонгогчидтойгоо үргэлж холбоотой, хүрч ажиллана гэдэг хүндрэлтэй. Өнөөдрийн хоёр гишүүнтэй аймаг нэг мандаттай болчих юм бол иргэддээ хүрч ажиллахад хүндрэл үүсэх тал бий. Тойрог дахин зурахад хүндрэлтэй юм даа. Тэр талын бэрхшээл бий.
-Сонгуулийн холимог хувилбар нь Үндсэн хууль зөрчөөд байгаа гэж үзэх хүмүүс бий?
-Үндсэн хуулийн Цэцэд сонгуулийн холимог хувилбарын асуудлаар 2012 онд иргэд хандсан. Үндсэн хуулийн Цэц сонгуулийн холимог хувилбарыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн. Тиймээс сонгуулийн холимог хувилбарыг одоогийн Үндсэн хуулийн хүрээнд явуулж байгаа. Харин харьцаа нь 48 байх уу, 28 байх уу гэдэг дээр ярьж байна.
-Бүх тойрог нэг мандаттай байх уу?
-Нэг аймаг хоёр мандаттай, нийслэлд нэг дүүрэг гурван мандаттай байгаа. Үүнийг аймаг, дүүргээр нь бус тойргоор нь явуулна. Нэг намын хүмүүс хоорондоо өрсөлддөгийг болиулна. Нэг тойрог дээр нэг л мандаттай байна гэж ярилцаж байгаа. Энэ асуудал дээр ерөнхийдөө санал нэгдсэн. Өнөөдөр аймаг дүүргийн зохион байгуулалттай байгааг тойргийн зохион байгуулалтад оруулна. Хүн амаасаа шалтгаалаад аймаг, дүүргүүд тойргоор хуваагдана.
-Сонгогчдын саналыг гар аргаар тоолох уу эсвэл автомат машинаа ашиглах уу?
-Саналыг автомат машинаар тоолно. Автомат машины тоолсныг хяналтын гар тооллогоор баталгаажуулдаг хэлбэр Ерөнхийлөгчийн болоод орон нутгийн сонгуулийн хуулинд байдаг. Харин УИХ-ын сонгуулийн хуулинд байдаггүй. Бид бүх сонгуулиудад хяналтын тооллогыг баталгаажуулж өгнө. Өөрөөр хэлбэл, автомат машинаар тоолсны дараа тойргуудаас санамсаргүй байдлаар сонгон авч гар аргаар тоолж, саналыг баталгаажуулна.
-2012 оны сонгуулиар жагсаалтаар орсон гишүүд 2016 оны сонгуулиар яах вэ.Тойрогт өрсөлдөх үү?
-Үүнийг хуульчилж өгөх нь зохимжгүй. Улс төрийн намууд өөрсдөө шийднэ. Б-г дахин жагсаалтаар нэр дэвшүүлэх үү эсвэл тойрогт хуваарилах уу гэдэг нь намын өөрийнх нь эрх мэдлийн асуудал.
-УИХ дах эмэгтэй гишүүдийн квотыг нэмэгдүүлж байгаа гэсэн үү?
-Улс төрийн намуудаас олон санал ирж байгаа. 30 хүртэлх хувиар нэмэх боломж бий.