Н.МӨНХЖИН
Арваннэгдүгээр сараас хойш сөрөг хүчнийхэнд эзлэгдээд байсан Майдан буюу нийслэл Киев хотын төв талбайг өчигдөр цагдаа нар довтолж, тэнд хуарагнаад байсан жагсагчдыг тараах гэж оролджээ. Гэвч цагдаа, жагсагчдын хооронд ширүүн мөргөлдөөн дэгдсэний улмаас 18 хүн амиа алдсаны дотор долоон цагдаа байна хэмээн мэдээлэв. Гэмтэж, бэртсэн хүний тоо хэдэн зууд хүрчээ. Зуу орчим цагдаа жагсагчдад зодуулан гэмтсэн байна. Амиа алдсан хүмүүсийн дунд Украины “Вести” сонины сэтгүүлч Вячеслав Веремий байна. Тэрээр 19-ний шөнө бууны суманд өртөж шархдан, эмнэлэгт хүргэгдээд нас баржээ.
Үүний дараа сөрөг хүчний лидерүүд Ерөнхийлөгч Виктор Януковичтай уулзсан ч хямралыг намжаах тохиролцоонд хүрч чадсангүй. Украины парламентын Эрх зүйн хорооны дарга Вадим Колесниченко эсэргүүцлийн хөдөлгөөн болон эрх баригчдын хариу арга хэмжээний талаар ярьж байна.
-Нөхцөл байдал гэнэт ингэж муудахад юу нөлөөлөв өө?
-Бүх хариуцлагыг Арсений Яценюк, Виталий Кличко нар хүлээх ёстой. Тэд өөрсдийнхээ төлөвлөгөөг хэрэгжүүлэх зөвшөөрлийг Германы канцлер Ангела Меркелээс авсан. Тэд мөргөлдөөнийг хэрхэн зохион байгуулж байгааг бид нэг бус удаа харлаа. Тэд эрх мэдлийг булаахаар улайрч байна.
-Ийм нөхцөлд эрх баригчид яаж хөдлөх ёстой вэ?
-Бүс нутгийн намын байранд хоёр хүнийг алж байхад Засгийн газар яаж хариу барих ёстой вэ. Севастополь хот зэвсэглээд хариу цохилт өгвөл юу болох вэ. Эрх мэдлийг эсэргүүцэгчид өчигдөр хэрээс хэтэрлээ. Тэд галт зэвсгээр цагдаагийн ажилтнуудыг буудаж байна.
-Онц байдал зарлах үндэслэл байна уу?
-Эсэргүүцэгчдийг хүчирхийллээ зогсоо гэж сүүлчийн сануулгыг өгсөн. Эс бөгөөс зохих арга хэмжээг авах болно. Зэрлэгээр зодуулж нүдүүлсэн цагдаагийн ажилтнуудтай би уулзсан. Халдлага, довтолгоонд хариу өгөхийг хориглосон байсанд тэд гомдолтой байна лээ.
-Сөрөг хүчнийхэн Үндсэн хуульд шинэчлэл хийхийг парламентаас шаардаж байгаа. Эрх баригчид үр дагавар нь ноцтой гэдгийг мэдсээр байж яагаад тэдний шаардлагыг биелүүлэхгүй байгаа юм бэ?
-Парламент Үндсэн хуулийн шинэчлэлийг хэлэлцэхгүй байна гэдэг бол зүгээр л шалтаг. Сөрөг хүчнийхэн Европын холбоо болон гадаад орнуудыг Украины эсрэг чиглүүлж, ээлжит дайн өрнүүлэхээр оролдож байна.