Т.БАТСАЙХАН
Энэ удаа НИТХ-ын Тэргүүлэгч, Баянгол дүүргийн Засаг дарга Дэмбэрэлийн Оросоог онцоллоо. Тэрээр хуульч мэргэжилтэй. Хуулийн зөвлөх, өмгөөлөгчөөр 10 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн. Ер нь тэднийх гэр бүлээрээ хуульч хүмүүс юм билээ. Түүний аав Дэмбэрэл эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч хүн байжээ. Мөн төрсөн дүү нар, гэргий нь ч гэсэн хуулийн байгууллагад ажиллаж байна. Тэрээр 2001 оноос Мэдээллийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн чиглэлээр Олон улсын болон Монгол Улсын хэмжээний томоохон төслүүд дээр ажиллаж байсан юм. Тэр өөрийн мэргэжлийн чиглэлээрээ удахгүй докторын зэрэг хамгаалахаар бэлтгэж байгаа гэсэн. 2004-2005 онд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисст Үндэсний зөвлөх, 2006-2007 онд МҮОНРТ-ийн Орон тооны бус зөвлөлийн гишүүн, 2008-2010 онд “Говь” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, ТУЗ-ийн дарга, 2009-2011 онд “Монгол 999” Үндэсний нэгдэл компанийн Хянан шалгах зөвлөлийн дарга, гишүүнээр, мөн үндсэн хуулийн Цэцийн дарга, Академич Ж.Амарсанаагийн удирдлагад Хууль зүйн үндэсний төвд таван жил эрдэм шинжилгээний ажилтан, багшаар ажиллаж байсан юм. 2003-2012 он хүртэл “Эрх зүйн гүүр” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгчөөр ажиллаж, Захиргааны хэрэг, хүний нэр төр, алдар хүнд, гүтгэх доромжлохтой холбоотой хэргээр дагнан мэргэшсэн байна. Түүний үүсгэн байгуулсан хуулийн фирм салбартаа нэр хүндтэй, одоо ч идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж. JCI Монгол ТББ-ын JCI Лидер байгууллагын 2012 оны ерөнхийлөгч зэрэг олон ажил амжуулж ирсэн шинэ залуу улс төрч юм байна. Тэр бүр олны хараанд өртөн “Хэвлэлийн баатар” болоод байдаггүй ч энэ эрхмийн талаар сонирхох хүн олон. “Шударга, хөдөлмөрч нэгэн” хэмээн хүрээнийхэн нь их л ам сайтай байдаг юм билээ. Хуулийн хүрээнд, нямбай, шударга, тууштай ажиллахыг гол зарчмаа болгодог нь түүний мэргэжилтэй холбоотой байх. Баянгол дүүргийн Засаг даргаар сонгогдоод удаагүй ч гэлээ өнгөрсөн онд дүүргээ хөгжүүлэх цогц хөтөлбөрийг иргэдийн оролцоонд тулгуурлан боловсруулж, Агаар цэвэр, Амины сууцтай, Ажилтай орлоготой, Аюулгүй амгалан, Авлигагүй дүүрэг гэсэн таван дэд зорилт, 72 заалт бүхий 230 үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлжээ. Энэ ч дүүргийн иргэдэд хүрч, Баянголчууд Засаг даргадаа ам сайтай байдаг нь харагддаг. Мөн 2013 онд Баянгол дүүрэгт сүүлийн 4-5 жилийн хөрөнгө оруулалттай тэнцэхүйц хэмжээний буюу 103.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж, зам гудамжаа шинэчлэх, сургууль, цэцэрлэг барих, гудамж талбайн гэрэлтүүлэг, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Ер нь Д.Оросоог нэр цэвэр яваа улс төрч гэх нь ч бий. Мөн түүний хийсэн жагсаал цуглаан хийх эрхийн эрх зүйн үндэслэл, судалгааны ажлын үр дүнгээр Сүхбаатарын талбай дээр жагсаал, цуглаан хийх эрх нээлттэй болж, бүртгэх зарчмаар жагсаал цуглаан хийх боломжийг бүрдүүлсэн байна. Тиймээс Д.Оросоог Монголын улс төрийн эрх, эрх чөлөөний хөгжилд хувь нэмэр оруулсан хуульч гэдэг юм билээ.