Н.МӨНХЖИН
Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай “Талибан” хөдөлгөөнтэй нууц хэлэлцээ явуулж байгаад АНУ ихэд сэтгэл дундуур байна. Үүний улмаас Вашингтон-Кабулын хооронд байгуулах энхийн хэлэлцээ болон Афганд тодорхой тооны америк цэргийг үлдээх төлөвлөгөө ч эргэлзээнд орж байгаа аж. АНУ-ын Энх тайван, эрх чөлөөний хүрээлэнгийн захирал, АНУ-ын Конгрессын аюулгүй байдлын хорооны зөвлөх асан Иван Илланд Афганистаны ирээдүй болон Б.Обамагийн гадаад бодлогын алдааны талаар ярьж байна.
-Хамид Карзай яагаад АНУ-тай аюулгүй байдлын гэрээ байгуулахаас татгалзаад байна вэ?
-Тэр ийм аргаар АНУ болон НАТО-гийн зүгээс илүү их буулт хийлгэх санаатай байх шиг байна. Эсвэл Карзай дараагийн Ерөнхийлөгчид энэ гэрээг байгуулах ажлыг үлдээхийг хүсч байгаа байх. Тэрээр эдүгээ ямар ч хамаагүй аргаар талибуудтай гэрээ байгуулахын төлөө явж байна.
-Афганистаны Ерөнхийлөгч АНУ-тай аюулгүй байдлын гэрээ байгуулахгүй бол Вашингтон ямар алхам хийх бол?
-АНУ Карзайн гарын аясаар яваад байж болохгүй. Үүний оронд тус улсаас цэргээ бүрэн татах хэрэгтэй. Мөн америкуудын эсрэг халдлага үйлдвэл зүгээр орхихгүй шүү гэдгийг “Талибан” хөдөлгөөнд сануулах ёстой. Афганистан дахь ямар нэг хүчнээс аюул занал ирвэл Вашингтон талибуудын байрлалд агаараас цохилт өгөх болно. Эдүгээ Афганистанд “Аль-Кайда”-гийн цөөхөн төлөөлөгч үлдсэн. АНУ тэд нарт цохилт өгөх хэрэгтэй болвол Афганы газар нутгаас гаднах хүчний тусламжтайгаар л цохилт өгөх болчихоод байна. Тиймээс тус улсад цэргээ үлдээх шаардлага байхгүй болчихоод байна.
-Холбоотны цэрэг Афганистаныг орхиж гарсны дараа тус улсыг юу хүлээж байна вэ?
-АНУ, НАТО хоёр цэргээ бүрэн татсан ч, эсвэл зарим нэг анги, нэгтгэлээ тэнд үлдээсэн ч Афганистанд иргэний дайн өрнөх магадлал өндөр байгаа.
-Тэгвэл АНУ-ын цэрэг Афганистанд арав гаруй жил байсан нь шал дэмий зүйл болж байна гэсэн үг үү?
-Би яг тэгж хэлмээргүй байна. Барак Обама Афганистан дахь нөхцөл байдлыг хянаж чадахгүй байна. Гэвч “Бид Афганаас бүх цэрэг эрсээ татлаа” гэж мэдэгдээд л хяналтыг гартаа авч болно. Ингэж мэдэгдэнгүүт Карзай тоглоом дууссаныг ойлгох болно. Тэр америкуудын дэмжлэгийг алдаж, талибуудтай ганцаар нүүр тулж буйгаа ойлгоно.
-Обамад алдаагаа засах цаг байна уу?
-Тийм ээ. АНУ Афганистанаас цэргээ татахаас өмнө тэнд байдал эвгүйтчихээд байна. Санхүү, эдийн засгийн талбар дээр ч зохицуулалт хийх хэрэгтэй. Америкийн автомашины үйлдвэр, компанийн гуравны хоёрыг улсын мэдэлд авах тухай ярьж байна. Үүнээс гадна, Муаммар Каддафийг унагах зорилгоор Ливийг довтолсон нь алдаа болсон. Обамагийн эдийн засгийг хөхиүлэн дэмжих арга хэмжээнд нэг их наяд доллар зарцууллаа. Энэ бүгдэд залруулга хэрэгтэй. Obamacareхэмээн нэрлэгдсэн эрүүл мэндийн шинэчлэлийн талаар яриагүй байна л даа. Эрүүл мэндийн зах зээл дээрх зохицуулалтыг нэмэгдүүлэхийн оронд Обама зүгээр л энэ зах зээлд ард түмний зарцуулдаг зардлыг бууруулах ёстой байсан.
-АНУ-ын одоогийн Ерөнхийлөгчийн амжилт, ололт гэвэл юу байна?
-Байна аа. Сирийн асуудлаар Оростой хамтарч ажилласан, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар Тегерантай гэрээ байгуулсан, Иракаас Америкийн цэргийг гаргасан, АНУ дахь шүүх, мөрдөн байцаалтын явцад тамлалтын арга барилаас татгалзсан зэргийг дурдаж болно. Афганы дайныг төгсгөл болгосныг дурдах хэрэгтэй.
-Орос, Америкийн одоогийн хамтын ажиллагааны төвшинг хэрхэн харж байна вэ?
-Харамсалтай нь, хоёр орны хамтын ажиллагаа хүйтэн дайнаас хойшх хамгийн доод түвшиндээ ирээд байна. Харилцаа бүр муудах вий гэсэн хардлага байна. Гэвч ямар ч тохиолдолд Вашингтон, Москва хоёр терроризмийн эсрэг тэмцэл, Сири, Ирантай холбоотой талбар дээр хамтран ажиллах чадвартай байх ёстой. Тэд хамтдаа дэлхий дээрх цөмийн зэвсгийн хөдөлгөөн, хувь заяаг хянах ёстой.