М.ЦЭЦЭГ
Өмнөх Засгийн газраас Шинэчлэлийн Засгийн газарт үлдсэн бас нэгэн агентлагийн дарга бол Г.Алтансүх. Тэрээр Ашигт малтмалын газрын даргаар 2012 оны тавдугаар сараас хойш ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сонгуулийн өмнөхөн томилогдсон дарга гэж хэлж болно. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүх нь ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны дээд сургууль, Удирдлагын академи төгссөн. Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Олон улсын харилцааны магистр зэрэгтэй юм байна.
Ажлын намтраас нь үзвэл тэрээр төрийн албанд тасралтгүй 28 жил, үүнээс 10 гаруй жилд нь удирдах албанд ажиллаж буй туршлагатай нэгэн. Г.Алтансүх Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт судлаач багш, Тагнуулын төв газарт ахлах ажилтан, Тагнуулын ерөнхий газарт газрын орлогч дарга, хэлтсийн дарга, АНУ-д суугаа Элчин сайдын яаманд III нарийн бичгийн дарга, Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан.
Г.Алтансүх Ашигт малтмалын газрын дарга болохдоо Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаад одоогийн албандаа нэр дэвшиж байсан юм.
Тухайн ажлыг хариуцах чадвар, ажлын туршлагыг нь харгалзан Ашигт малтмалын газрын даргаар томилсон гэдэг. Ашигт малтмалын салбар хоёр жилийн өмнө эдийн засгийнх гэхээсээ илүүтэй үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал болж байгаа учир Улсыг аюулаас хамгаалах сургууль төгссөн энэ салбарт олон жил ажилласан туршлагатай хүнийг томилж байгааг тухайн үеийн Засгийн газрын тэргүүн онцолсон удаатай.
Ашигт малтмалын газар нь төрөөс геологи, уул уурхайн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулагчид, хэрэглэгчдэд шуурхай, шударга үйлчилгээ үзүүлэх, төрийн бодлогын удирдамжийг нь хэрэгжүүлэх замаар үндэсний эдийн засгийн хөгжилд эрдэс баялгийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зорилготой ажилладаг байна. Эрдэс баялгийн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 20.2 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 69.6 хувь, экспортын нийт бүтээгдэхүүний 89.2 хувийг үйлдвэрлэж Монгол Улсын эдийн засагт тэргүүлэх байр суурийг эзэлж байгаа.
Ийнхүү эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг зангиддаг байгууллагыг удирддаг Г.Алтансүх даргыг “Хэн нь хэн бэ?” буланд онцлов. Тэрээр төрийн албанд 28 жил тасралтгүй ажиллаж байгаа тул хувийн бизнес, ажил амьдралтай нь холбоотой мэдээлэл төдийлөн байдаггүй. Харин түүний эхнэр Д.Мөнхтуяа нь Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажилладаг юм.