Ц.МЯГМАРБАЯР
Монголбанкнаас хэрэглээний зээлийн өр авлагын харьцааг тогтоосноор өр авлагын харьцаа 69 хувь байдаг байсан бол одоо 58.9 хувь хүртэл буурчээ. Ингэснээр хэрэглээний зээл 200 орчим тэрбум төгрөгөөр буурч эсрэгээрээ жижиг дунд үйлдвэрлэлийн зээл тогтвортой өсч, чанаргүй зээл бага түвшинд байгаа аж. Иргэдийн хэрэглээний зээлийн өр авлагын харилцааг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс ийнхүү хэрэгжүүлснээр иргэдийн зээл тогтвортой хэмжээнд байж үр дүнгээ өгсөн байна. Хэрэглээний зээлийн өр орлогын харьцаа болон хугацаанд дээд хязгаар тавьсан нь мөнгөний бодлогоор эдийн засгийн сэргэлтийг дэмжихийн зэрэгцээ бодлогын хүүгээр нөлөөлөхөд хүндрэлтэй эрсдэлүүд, тухайлбал балансын долларжилт болон валютын зөрүү, хэрэглээний зээлийн хэт хурдтай өсөлт гэх мэт эрсдэлийг хуримтлуулахгүй байлгахад чиглэсэн арга хэмжээ юм. Ингэснээр банкны системийг эрүүл байлгаж, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах зорилготой. Хэрэглээний зээл дээр тавьсан хязгаарлалтууд нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах давхар агуулгатай. Гэхдээ тухайн үед хэрэглээний зээл, тэр дундаа тэтгэврийн зээлийг хязгаарласан нь шүүмжлэл дагуулсаар байсан. Энэ тухай Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл тайлбарлахдаа “ Макро зохистой бодлого нь зарим талаар захиргааны шинж чанартай, зүйрлэвэл “гашуун эм” мэт санагдах ч эдийн засгийн цаашдын тогтвортой байдалд зайлшгүй гэдгээрээ онцлог. Хэрэглээний зээл дээрх хязгаарлалтыг “одоо бүгдэд таалагдах зүйл биш боловч, ирээдүйд эдийн засагт хэрэгтэй арга хэмжээ” гэж байв. Банкны эх үүсвэр зөвхөн хэрэглээ, импортыг л санхүүжүүлээд байх нь тийм ч оновчтой биш. Энэ нь ханшийн сулралтын дарамтыг үүсгэхээс гадна ажлын байр бий болгох бизнесийн хөрөнгө оруулалт хийгдэхгүй байх, цаашлаад урт хугацаанд эдийн засгийг төрөлжүүлэх нь асуудалтай болдог ажээ. Хэдийгээр хэрэглээний зээлийн эргэн төлөлт одоо сайн байгаа ч, цаашид өрхийн өр хэт нэмэгдсэн тохиолдолд зээлийн чанар муудах эрсдэл бий. Энэ нь банкны салбарт эрсдэлтэй гэсэн үг. Мөн зээлээр санхүүжиж буй хэрэглээ хумигдахад бодит эдийн засгийн салбаруудын борлуулалт дагаад хурдтай агших эрсдэлтэй. Тэгэхээр хэрэглээний зээл дээрх хязгаарлалтууд нь банкны салбарын тогтвортой санхүүгийн зуучлал талаасаа ч, өрхийн өрийн дарамт болон эдийн засгийн тогтвортой байдал талаасаа ч эрсдэлийг үүсгэж байсан учраас авсан арга хэмжээ юм. Богино хугацаанд зээл хурдтай өсөөд, эргээд огцом агших нь эдийн засагт сайн биш. Харин аль болох тогтвортой байх нь чухал хэмээн тэрээр тайлбарласан юм.