Н.МӨНХЖИН
Тагнуулын төв газар, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн тэрслүү ажилтан Эдвард Сноудений задруулсан Америкийн тагнуулын нууц мэдээллийн ард ОХУ байж магадгүй хэмээн АНУ-ын Бүгд найрамдах намын төлөөлөгч мэдэгдлээ. Төлөөлөгчдийн танхимийн Тагнуулын хорооны гишүүн Майк Рожэрс “Сноуден бол бусдаас тусламж авсан хулгайч” хэмээн ярьжээ. Бүгд найрамдах намын нөлөө бүхий гүшүүний үзэж буйгаар, Сноуден Үндэсний аюулгүй байдлын агентлагийн нууц баримт материалыг хулгайлж, дараа нь тэдгээрийг Америк, Британийн хэвлэлд нийтлүүлэхэд хэн тусласан бэ гэдэг болон өөр хэд хэдэн асуултын хариултыг олох хэрэгтэй байгаа аж.
“Эдвард Сноуден америкууд гадаадад хэрхэн ажилладаг тухай мэдээллийг хулгайлсан. Тэр америкуудыг хамгаалахын тулд энэ мэдээллийг хулгайлсан гээд байгаа. Ер нь бол тэр ганцаараа ийм их хулгай хийж чадахгүй” хэмээн Рожэрс “NBC” телевизэд ярилцлага өгөхдөө онцолжээ. Сноуден Москвад ирж Оросын аюулгүй албаны ажилтнуудын гарт орсон нь тохиолдлын хэрэг биш хэмээн Бүгд найрамдах намын гишүүн үзэж байна. Америк тагнуулч Москвад ирж Оросын эрх баригчдын далбаан дор орсон нь анхнаасаа сэжигтэй байсан хэмээн үзэж байгаа бололтой.
Төлөөлөгчдийн танхимийн Үндэсний аюулгүй байдлын хорооны тэргүүн Майк Маккол мөн иймэрхүү зүйл ярилаа. Түүний үзэж буйгаар, Сноуден өөр ямар нэг орны тагнуулын албанд элссэн мэдээлэгч байсан аж. “Сноуденд үүнийг бие дааж хийх хангалттай боломж, чадал байхгүй байсан гэж бодож байна. Түүнд өөр хүмүүс тусласан” хэмээн Маккол ABC телевизийн эфирээр мэдэгдсэн юм. Эдвард Сноуден ганцаараа энэ бүх мэдээллийг задлаагүй гэдэгт Үндэсний аюулгүй байдлын хорооны тэргүүн итгэлтэй байна.
Сноудений хулгайлан авч явсан АНУ-ын Төрийн департаментын нууц мэдээлэл өнгөрсөн оны зургадугаар сард хэвлэлд нийтлэгдэж шуугиан тарьж эхэлсэн билээ. Америкийн тусгай албад дэлхий даяарх интернэтийн сүлжээ, технологи ашиглан хэрэглэгчдийг өргөн хүрээтэй тагнаж, чагнадаг гэдгийг тэрээр илчилсэн аж. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг, Тагнуулын төв газар олон сая хэрэглэгчийн утсыг чагнадаг, нийгмийн сүлжээ болон онлайн-тоглоом хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цуглуулдаг, тэр ч бүү хэл Германы канцлер Ангела Меркель, Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссефф нарын гар утсыг чагнадаг байсан нь Сноудений задруулсан мэдээллээс ил болсон юм.
Америкийн Засгийн газар Сноудений энэ алхмыг “Төрөөс урван тэрсэлсэн үйлдэл” хэмээн үзсэн тул тэрээр эх орноо орхин гарахаас өөр аргагүй болжээ. Сноуден Хонконгоор дамжин Орост ирээд нэг жил түр хоргодох эрх олж авсан билээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн тэрээр Оросын нэгэн томоохон компанид ажилд орсон хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Чухам ямар компанид ажилд орсныг хэн ч мэдэж чадахгүй байгаа аж. Үүний зэрэгцээ АНУ Үндэсний аюулгүй байдлын агентлагийн экс ажилтныг өршөөн хэлтрүүлэх бодолгүй байгаа юм. Сноуден эх орондоо буцаж очвол тагнуул хийсэн, төрийн өмчийг хулгайлсан хэргээр дор хаяж 30 жил шоронд хоригдох шийтгэл хүлээж магадгүй байгаа ажээ.