А.Хосбаяр: Би дуучин болоогүй бол алдарт уяач болох байсан

2019-07-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Соёлын тэргүүний ажилтан дуучин А.Хосбаяртай ярилцлаа. -Монголчууд Үндэсний их баяр наадамдаа ихээхэн ач холбогдол өгч, хүндэтгэлтэй ханддаг. Таны хувьд баяр наадмыг хэрхэн тэмдэглэдэг вэ? - Улсын баяр наадам, Сар шинийн баярт ач холбогдол өгч өргөн дэлгэр баярлахыг хичээдэг. Үндэсний хоёр баяраараа монгол хүн гэдгээ мэдэрдэг. Би Төв аймгийн Бүрэн сумынх. Улсын баяр наадмаар ихэнхдээ сумандаа байж таардаг. Өөрөө ч тийм сонирхолтой. Улсын наадамд уяачид эрлийз, монголоороо талцаад, том машинуудын тоосонд дарагдаад морины уралдаан үзэхэд хэцүү санагддаг юм. Малчдын хувьд улсын баяр наадмыг их гоёор ойлгож тэмдэглэдэг нь ховор болчихсон юм уу гэж боддог. Тиймээс наадмын өдрүүдийг сумандаа тэмдэглэдэг. Сумын наадамд барилдаж байгаа бөх, уралдаж байгаа хүлэг болгоныг танина. Тийм ч учраас илүү их сэтгэлийн таашаал өгдөг байх. Манай гэр бүлийн хүн бид хоёр нэг ангийн, нэг нутгийн хоёр. Долдугаар ангиасаа үерхэж байгаад гэр бүл болсон. Манайх дөрвөн охинтой өнөр бүл. Гэр бүлээрээ баяр наадамд хүндэтгэлтэй хандаж монгол дээл хувцсаараа гоёж, өргөн дэлгэр тэмдэглэдэг. -Таныг багаасаа морь уясан гэж сонссон. Улс, бүсэд айраг түрүү их авав уу?  - Анх 1998 онд наймдугаар анги төгссөн жилээ ааваасаа зөвшөөрөл аваад даага уясан нь суманд наймд давхисан. Тухайн үед наашлахын найм гэж билэгдэж байлаа. Ер нь ч өөрөө моринд дуртай болохоор морь уяж эхэлсэн. Морь уяад 12 жил болж байна гэж хэлж болно. Яахав, сум, орон нутгийн наадамд 5-6 удаа айраг, түрүү авсан удаа бий. Хаврын уралдаан, бооцоот уралдаанд олон ч удаа айраг, түрүү авч ирлээ. Уясан морио олон удаа цулбуурт оруулж явлаа. Өөрөө гар бие оролцож морь уяж байж л жинхэнэ жаргалыг мэдэрдэг дээ. Түүнээс өөрийнхөө нэр дээр уяулж, наадам болохоор давхиж очоод зураг авахуулдаг байвал утгагүй юм шиг санагддаг. [embed]https://www.youtube.com/watch?v=s0fZ3xAWk6Y[/embed] Хэд хэдэн азарга адуу, уралдаанд сойчих хэмжээний шандаст хүлгүүд бий. Ер нь баярын өдрүүдэд морио манаад уяан дээр л өнгөрүүлдэг дээ. Заавал айраг түрүү авна гэхээс илүүтэй хүүхэд, морь маань эсэн мэнд давхиад ирэх л хамгийн том жаргал юм. Түүнээс сайн уяач хөлслөөд ч юм уу алдар цолонд горилж явсангүй. Морио өөрөө уяад, гар бие оролцоод явдаг даа. Манай адуу хадмынд байдаг. Хадам ах маань маш сайн уяач бий. Ажлаа амжуулж байгаад морь уяад эхлэнгүүт хөдөө гарчихдаг. -Танай уяан дээр эрлийз адуу бий юу. Малчдын хөдөлмөрийг үнэ цэнэгүй болголоо гэж их л хэл ам дагуулах юм? -Эрлийз адуу хөдөөгийн малчдаас их “хол” шүү дээ. Өсгөж үржүүлэх, хөдөлмөрлөхийн хувьд ч гэсэн бэрхшээлтэй. Миний хувьд монгол адуугаараа уралдахыг эрхэмлэдэг. Гэхдээ надад ганц нэг эрлийз адуу бий. Миний хувьд “Миний энэ монгол адуу” гэж дайрч уралдуулахгүй. Тэгж жудаггүй зан гаргахгүй. Тус тусад нь ялгаж уралдуулаад л явдаг. Энэ жил азарганаас бусад бүх насны морь уяж байна. Ер нь хэл ам, маргаан дагуулахгүйгээр эрлийз монгол морийг нарийн ялгаж салгаж уралдуулах хэрэгтэй. Үнэндээ гандмал дээлтэй сайхан монгол уяач өөрийн угшлын морио хөтөлж очоод Улсын наадамд уралдах боломж алга. Эрлийз адуунд хүч хүрэхгүй замын зардал, явдлын гарз болоод л үлдэж байна. -Таныг бөхийн удамтай гэж сонссон. Яагаад барилдаагүй юм бол гэж гайхдаг хүмүүс бий л байх. Өөрөө барилдахгүй ч захыг нь мушгидаг бөхчүүд хэр их байна вэ?  - Аав, ээжийн талд бөхийн удам бий. Аав маань сумандаа тав түрүүлсэн хүн байдаг. Ээжийн талд Монгол Улсын начин Мөнхийн Загдсүрэн гэж мундаг бөх байлаа. Миний хувьд анхнаасаа бөхөөр хичээллэсэн бол амжилт гаргах байсан байж магадгүй. Гэхдээ урлагийн талаа илүү сонирхож дуу дуулахдаа жаргалтай байдаг учраас монгол бөхийнхөө үнэнч үзэгч гэж хэлж болно. Наймдугаар ангидаа барилдаад үзүүрлэж байсан. Багаасаа дуу хөгжимд дурласан учраас барилдах сонирхол төрөөгүй. Спорт тал руугаа хөгжүүлсэн бол багахан авьяас байсан юм болов уу гэж хааяа боддог. Дуулахынхаа хажуугаар барилдсан бол гэж хүмүүс асуудаг л юм. Гэхдээ нэг зүйлдээ л тууштай байж амжилт гаргана.Магадгүй дуучин болоогүй бол улсын алдарт уяач болох байсан байх. Малчин болж, адуундаа бүрэн дүүрэн анхаарал хандуулсан бол амжилт гаргах байсан биз. Одоо бол хот, хөдөөтэй л байна. Барилдааныг нь хардаг бөхчүүд байлгүй яахав. Хүмүүсийн ихэнх нь нутаг орныхоо бөхийг л нэрлэдэг. Би ч гэсэн Б.Батмөнх заан, Ө.Даваабаатар харцага, Ч.Батчулуун, Г.Ганжад гээд нутгийнхаа бөхчүүдийг дэмжинэ. Мөн Завханы улсын гарьд Б.Гончигдамбыг бөхийн ёс, жудгийг дээдэлж, үлгэрлэж явдаг гэж хүндэлдэг. -Бөхөөс илүү урлагийн талаа дагасан нь бас учиртай байх. Таны ойр, дотныхон их сайхан дуулдаг хүмүүс байдаг уу?  -Манай өвөө Ц.Вандансүрэн гэж найр наадмыг эхлүүлдэг “Түмэн эх” дууг нутаг орондоо олон жил сайхан дуулж ирсэн буянтай хүн байсан. Ээж маань аймгийн урлагийн наадамд олон жил түрүүлсэн. Сайхан ч дуулна. Ер нь ээжийн талд дуулдаггүй хүн байхгүй. Бүгд л өөрийнхөө хэмжээнд эвтэйхэн дуулчихдаг. Миний хувьд цэцэрлэгт байхдаа морины дуу дуулж анхныхаа уралдаанд түрүүлж байлаа. Хойд хойдын унагыг дуулж түрүүлээд сум, нэгдлийнхээ даргаас бор цаастай бэлэг авсандаа их урамшиж түүнээс хойш жил бүр сургуулийнхаа урлагийн үзлэгт орсон. Урлагийн үзлэгээр наймдугаар анги төгстлөө завсаргүй түрүүлсэн байдаг.Түүнийг гэрчлэх баярын бичиг, диплом их бий шүү. -Таны уран бүтээлийн талаас илүү хувь нь адууны тухай дуу байдаг. Тэр дундаа “Адуутай намар”-ыг мэдэхгүй хүн үгүй. Та өөрөө адууны тухай дуу сонгож дуулаад байдаг юм уу? -Манай хоёр талын өвөө хоёулаа сум орон нутагтаа хурдан адуутай байсныг хүмүүс мэднэ. Ээжийн аав хул адуу олонтой. Жил болгон л айраг, түрүү алдахгүй. Аавын аав ч мөн адил олон сайхан айраг түрүү хүртсэн. Тэр удам л надад нөлөөлсөн болов уу гэж боддог. Багадаа чөлөөт цагаараа морь их зурна. Хичээлдээ шамдахгүй байнга морь зурна гэж аав, ээж зэмлэнэ. Энэ бүхэн адууны дуу дуулахад нөлөөлсөн байх. Адуунд дэндүү хайртай. Тэр ч утгаараа надад дандаа морины тухай дуу таардаг. Гэхдээ аав, ээж, нутаг орон, хайр сэтгэлийн сайхан дуунууд бий шүү. -“Гүйгүүл морин” дууг яг л таны хоолойд тааруулаад “урлачихсан” юм шиг. Бас их утга учиртай санагддаг. Түүх нь сонин байх даа? - “Гүйгүүл морин” дуу их философитой, утга учиртай. Гүйж ирж байгаа ганцхан морины тухай биш хүнд нэгийг бодуулж, хоёрыг санагдуулдаг учраас илүү хүрсэн юм болов уу. Морины дуу чамд их илүү зохино гэж үзэгчид хэлдэг юм. /инээв/ “Гүйгүүл морин”-г дуулсан түүх их сонин. Одоо ярихад бас муухай юм даа. Л.Төмөрбат гээд манай нутгийн ая зохиогч ахын нотонд шүлэг нь байсан. Тэгээд шүлгийг нь үндсэндээ  “хулгайлж” авсан.  Ийм үгээр ярихад тиймхэн ч “Гүйгүүл морин” дууг би “хулгайлж” олсон. Тэгээд яруу найрагчаас нь зөвшөөрөл авч Аранзаа ахад аваачиж өгснөөр “Гүйгүүл морин” дуу бүтсэн түүхтэй. “Гүйгүүл морин” анх нутгаадаа гүйж явна гэдэг үгтэй шүлэг байсан. Яагаад  ч юм их таалагдаж, санаанд тод туссан. Газар үнэрлэн ергөж яваа гэдэг үг л миний сэтгэлийг их хөдөлгөж “хулгайлахад” хүргэсэн байх. [embed]https://www.youtube.com/watch?v=FDnZ_BNt_rY[/embed] -Шүлгийг нь “хулгайлсан” ахтайгаа учраа олсон уу? -Шүлгийг нь авсан ахынхаа олон дууг бий дуулсан. Намайг ойлгосон. “Надад байсан бол ийм дуу төрөхгүй байсан биз. Чи авсан нь болсон байна. Зөв үйлдэл хийсэн байна” гэж хэлж байсан. Миний уран бүтээлийн 60-80 хувь нь морины тухай дуу байдаг. Хүмүүс ч дийлэнхдээ морины дуу дуулаад өгөөч гэдэг. Миний нэг сул тал гэвэл хүнд “үгүй” гэж хэлж чаддаггүй. Намайг хүндлээд, тоогоод  ирж байхад би татгалзаж чаддаггүй. Болж л өгвөл чадах, ядахаараа дуулахыг хичээдэг. Морь дундаа монгол ахуйтай холбосон дууны санал их ирдэг. -Дуучид тайзан дээрээс янз бүрийн л мэдрэмж авдаг гэдэг. Таны хувьд “Газар үнэрлэн ергөж яваа” гээд дуулахаараа ямар мэдрэмж авдаг вэ? -Тайзан дээр гараад би бүхнийг мартчихдаг. Зөвхөн дуугаа дуулах гэж л тайзан дээр гардаг.Тухайн үед баяр жаргалтай, зовлон гунигтай байсан ч юу ч боддоггүй. Тэгж байж л дуундаа орж, дуунаасаа, үзэгч олноосоо аз жаргалыг мэдэрдэг. Үзэгчид алга ташаад хамтдаа дуулахыг сонсох бол юугаар ч илэрхийлэмгүй аз жаргал, эрч хүч, урам зоригийг өгдөг дөө. -Сүүлийн үеийн уран бүтээлийн олз, омог хэр байна. Магадгүй таны тоглолтыг хүлээж, адууны дуугаар амьсгалахыг хүссэн хүмүүс их байгаа байх? - Уран бүтээлийн эрэл хайгуул хийж чанартай аятайхан уран бүтээл хийх хүсэл байнга тээж явдаг. Сүүлд “Морин дэл дээр”, “Зандан хүрэн”, “Бөжин бор” гээд сайхан уран бүтээлүүд хийлээ. Тэр дунд залуу дуучин Д.Пэрэнлэйлхагватай хамтраад “Хулан хонгор” дуу дууллаа. Намрын эхэн сардаа багтаад бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байна. “Морин дэл дээр” дууг зорьж дуулсан. Хөдөөгүүр явахад малчид маань малдаа мотоциклиор явж харагддаг. Нэг талаас монгол уламжлал алдагдаж, нөгөө талаас залуучууд эрүүл мэндээрээ хохирч байна. Тиймээс энэ эмзэглэлээ “тайлж” өв уламжлалаа хадгалж монгол мориороо малаа адгуулаасай гэж хүсч уриалж “Морин дэл дээр” дуугаа дуулсан. Нэг ёсондоо энэ уран бүтээлээрээ монгол соёл, монгол адуугаа сурталчлахыг хүссэн. Тоглолтоо ч гэсэн энэ санаагаар хийнэ гэж бодож байгаа. “Гүйгүүл морин” гэхэд эхийнхээ хээлэнд зарагдсан унага ижлээ орхиод нутаг өөдөө гүйж явна гэдэг. Мэдээж уран сайхны хэтрүүлэгтэй. Гэхдээ адгуус амьтан хүртэл унасан газар ус руугаа тэмцэж байхад хүмүүс ямар болчихсон юм бэ. Ер нь хүмүүс эх нутгаа хайрлах, элгэн саднаа энэрэх талаарх утга санаа миний уран бүтээлд нэлээдгүй тусгагдсан байдаг. -Нийтийн дуу гэхээр модны захад морь хөтлөөд дуулдаг гэж хүмүүс шүүмжилдэг? - Нүүдэлчин соёл байгаа цагт ардын болоод, зохиолын дуу дуулагдсаар л байна. Дуу болгоныг хүн зохиодог учраас нийтийн дуу гэж ярих дуртай. Зохиолын дуунд рок, поп, дуурь бүгд багтана. Нийтээрээ дуулах дуртай дууг нийтийн дуу гэж ойлгодог. Ардын дуунаас улбаатай нийтийн дуу дуулах чадвар Монголчуудын цусанд бий. Нугалаа, донж их шаардана. Сонсоход амархан ч дуулахад хэцүү. Тиймээс нийтийн дууг тэр бүр хүмүүс дуулж чадахгүй. Яахав, хөгжих тусам сайнтай муутай. Нийтийн дууны салбарт саар зүйл ч бий. Сошиалаар дуртай бүхэн нь дуулж байна. Гэхдээ үзэгч, сонсогчид ялгаж салгадаг болсон. Нийтийн дууны салбар нэг үеийг бодоход хөгжиж байна л гэж боддогддог. Нийтийн дууг олон хүн дуулдаг. Тэр дунд чанартай нь цагийн эрхээр ялгарна л даа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.9  МЯГМАР  №138  (6105)
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

5 цаг 45 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

5 цаг 45 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

5 цаг 45 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

17 цаг 54 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

20 цаг 1 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

21 цаг 20 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

22 цаг 26 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

Өчигдөр 06 цаг 00 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

Өчигдөр 06 цаг 00 мин