Д.ЭНХЭЭ
Жулиан Ассанжийн сэтгэл санаа тогтворжсон хэмээн WikiLeaks – ийн ерөнхий эрхлэгч Кристинн Храфнссон РИА Новости агентлагтай ярилцахдаа мэдэгджээ.
"Хэдэн долоо хоногийн өмнөхийг бодоход түүний биеийн байдал гарцаагүй сайн байгаа. <...> Гэхдээ л зовж шаналсан хэвээрээ. " – гэж тэр хэлсэн.
WikiLeaks – ийн үндэслэгчийг саяхан Белмарш шоронгийн эмнэлгийн жигүүрт шилжүүлсэн. Храфнссон түүнийг зургадугаар сарын хорин зургаанд эргэж очжээ.
АНУ руу шилжүүлэхээс өөрийгөө хамгаалах боломж олгохгүйн тулд Ассанжийг санаатай баривчилсан гэдэгт хамтран зүтгэгч нь итгэлтэй байна.
Бүрэн тусгаарлагдаж, өөрийнхөө хэргийн талаар мэдээлэл хангалтгүй байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа, гэхдээ 175 жилийн ялаар шийтгүүлэх төлөвийн талаар тэр мэдэж байгаа хэмээн WikiLeaks – ийн ерөнхий эрхлэгч нэмж хэлэв.
Суллагдах боломж Ассанжид бараг байхгүй, Их Британид болох бүх сонсголын дараа тэр Хүний эрхийн Европын шүүхэд гомдол гаргах байх гэдгийг Храфнссон онцлов.
"Мэдээж бид тэмцлээ үргэлжлүүлнэ. <...> Хэрэг явдал зөвхөн Жулиан болон WikiLeaks – т хамаатай төдийгүй сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хэвлэлийн эрх чөлөөнд маш хүчтэй халдаж байгаа асуудал юм” – хэмээн тэрээр яриагаа дуусгав.
Жулиан Ассанж
Афганистан, Иракд АНУ – ын явуулсан үйлдэл, тухайлбал, энгийн номхон иргэдийг хөнөөснийг илчилсэн нийтлэлээрээ Ассанж олон нийтэд танил болсон. Үүнээс гадна Гуантонамо дахь америкийн шоронгийн цагдан хорих нөхцөл байдлын талаар материалыг нийтэд ил болгосон.
2010 онд бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлэл үйлдсэн хэрэгт Шведэд түүнийг буруутгасан. Өшөө авах үүднээс хууль хамгаалах байгууллагын нөлөөн дор тэдгээр эмэгтэйчүүд гомдол гаргасан гэдгийг Ассанж нэг бус удаа мэдэгдсэн.
WikiLeaks-ийг үндэслэгч 2012 оноос Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд хоргодож байсан. 2012 оны шүүхийн зарлан дуудах бичгийг үндэслэж, мөн Швед, АНУ – ын засаг захиргааны шаардлагаар дөрөвдүгээр сард түүнийг баривчилсан.
Тавдугаар сарын нэгэнд барьцаагаар гарах нөхцлийг зөрчсөн хэрэгт түүнийг 11,5 сар шоронд хорих ялаар шийтгэсэн.
АНУ-ын засаг захиргаа тагнуул хийсэн шинэ хэрэгт Ассанжийг буруутгасан нь хожим тодорхой болсон. Одоо түүнд 175 жилийн хорих ял оноох магадлалтай. Хэргийг шилжүүлэх асуудлыг сонсох хурал 2020 оны хоёрдугаар сард товлогдсон.
Удаан хугацаанд сэтгэл санааны хүнд дарамтанд байсан хүний бүхий л шинж тэмдэг ялтанд илэрч байна хэмээн НҮБ-ын тамлан зовоох асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Нильс Мельцер зургадугаар сарын эцсээр РИА Новости агентлагт мэдэгджээ.
Өөрийгөө хамгаалах боломжийг Ассанжид олгохгүй байгаа тухай мэдээллийг ч мөн тэрээр нотолжээ.
Эх сурвалж: www.polit.mn