Т.БАТСАЙХАН
ИЗНН-ын дарга Ц.Ганхуягтай Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар ярилцлаа.
-Эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж эхэллээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэхгүй юу?
- 64 гишүүнтэй намын санаачилсан Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Энэ асуудлаар манай намаас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүдэд шаардлага хүргүүлсэн. Энэ хуулийн төсөл нь бүхэлдээ засаглалын шинжтэй байна. Тухайлбал, хэдэн сайд давхар дээлтэй байх юм. Ерөнхийлөгчийн эрх мэдэл яах юм. Шүүх эрх мэдлийг өөрсдөдөө яаж хамаатуулах уу гэдгийг тойруулан ярьж байна. Уг нь энэ хуулийн төсөлд эдийн засгийн эрх чөлөөний асуудлыг тусгах ёстой байсан. Иргэд нь сэтгэл хангалуун амьдрах тухай нэг ч заалт байдаггүй. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь бүх ард түмний санал, санаачлагын үндсэн дээр хийх ёстой. Иргэний нийгмийн байгууллагуудын зөвшилцлөөр өөрчлөгдөнө. Ард түмний язгуур эрх ашигт хамаарах бичиг баримт учраас энэ асуудалд хариуцлагатай хандмаар байна. Гэтэл одоо явж байгаа хуулийн төсөл нь эрх ямба, албан тушаал эдийн засгийн сонирхолдоо хөтлөгдсөн бүлэглэлийн захиалгаар хийх гэж байна. Түүнээс биш ард түмний сайн сайхан амьдрал, тэдний төлөө чиглэсэнгүй. Гагцхүү баян төртэй байх бодлогоо л Үндсэн хуулиар дархлах гэж байна. Уг нь иргэн баян байж улс нь баян байдаг даа.
-Газрын хэвлийн баялаг төрийн өмч гэсэн заалтыг нэлээд дэлгэрүүлж оруулж ирсэн байна лээ. Үүнийг та юу гэж харж байна вэ?
- Ард түмний төлөөлөл болох УИХ-ын гишүүд нь хүн ардынхаа баялгийн эзэн байх эрхийг баталгаажуулж, тэдэнд эдийн засгийн эрх чөлөөг олгохын төлөө явах ёстой. Гэвч гишүүд нам бүлэглэлийн эрх ашигт улайрч, ард түмний эрх ашгийг хөсөр хаяж байна. Үндсэн хуулийн төслөөр баялгийн эзэн ард түмэнд эрхийг нь олгох ёстой. Гэтэл Үндсэн хуулийн 6.2-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, ой, усны нөөц газар төрийн өмч мөн гэсэн заалттай. Үүн дээр нэмэлтээр Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална гэж оруулж иржээ. Ийм нэмэлтээр Монголын ард түмнийг туйлдуулж луйврын тогтолцоог хэвээр хадгалж үлдэх сонирхолтой гэдгээ л олигархиуд батлан харуулж байна.
-Тэгэхээр байгалийн баялагтай холбоотой заалтыг яаж өөрчилбөл зөв гэж үзэж байгаа юм бэ?
-Байгалийн баялаг ард түмний өмч гэсэн ганц заалтыг оруулахад л иргэдийн амьдрал дэвжээд ирнэ. Өнгөрсөн хугацаанд байгалийн баялаг төрийн өмч нэрэн дор Монгол орон эдийн засгийн алуурчдын хүсэл шуналын бааз суурь боллоо. Монголчуудыг гадныхан алтан дээр суусан гуйлгачин гэж шоолж байна. Ард түмэн энэ заалт дор туйлдан ядуурч байна. Тэгэхээр Үндсэн хуулийн 6.2 дахь хэсгийн төрийн өмч гэдгийг ард түмний өмч гэдгээр солиход дээр дурдсан булхай луйвар арилна. Ард түмэн жинхэнэ утгаараа алтаа мэдэж зарцуулдаг, баялгийн эзэн Монгол болох юм. Төр, засаг ч газрын хэвлийн баялагтай холбоотой шийдвэр гаргахдаа ард түмнээсээ асуудаг шинэ дэг жаяг тогтоно. Үүнийг л манай нам Үндсэн хуульд оруулахыг шаардаж байна.
-Байгалийн баялаг ард түмний өмч болсноор ямар давуу тал харагдаж байгаа вэ?
-Монголчууд эзний ёсоор эрхээ эдлэн үгээ нэгтгэж, үйлээ бадруулах цаг ирсэн байна. “Эрнест Янг”-ийн гэсэн судалгааны байгууллагын нэлээд хэдэн жилийн өмнөх мэдээллээр Монгол Улсын зэсийн нөөц 306 тэрбум ам.доллар, нүүрс 128 тэрбум ам.доллар, алт 62 тэрбум ам.доллар, төмрийн хүдэр 30 тэрбум ам.доллар, фосфор 28 тэрбум ам.доллар, цайр 16 тэрбум.ам доллар, уран 4.1 тэрбум ам.доллар, мөнгө хоёр тэрбум ам.долларын нөөцтэй гэж гарч байсан. Монгол Улсын эрдэс баялгийн нийт нөөц 1.3 их наяд ам.долларт хүрсэн. Үүнийг Монголын нийт хүн амд хуваахад нэг хүнд 4.1 сая ам.доллар буюу 10 гаруй тэрбум төгрөгийн баялаг ногдож байна. Тэгэхээр энэ баялгийн эзэд нь Монголын ард түмэн юм. Үүнийг Монгол Улсынхаа Үндсэн хуульд тодорхой зааж, баталгаажуулах хэрэгтэй.
-Үндсэн хуульд энэ заалт орсноор органик хуультайгаа хэр нийцэх бол?
-Органик хуулиуд дээр бид төрийн өмчит аж ахуйн нэгж болон байгалийн баялагтаа хяналт тавих эрх зүйн орчин бүрдээд эхэлнэ. Өнөөдөр орон нутагт олон газар уул уурхайн компаниудад газраа алдсан асуудал гарч, тэмцэл өрнөж байна. Энэ заалт орсноор байгалийн баялагтаа төр биш иргэд хяналт тавих боломжтой болох юм. Одоо бол Монгол орны байгалийн баялаг ард түмэнд ямар ч хамаагүй. Хэн нэгэн даргын гарт цаасаар дамжаад л явж байна. Бид хяналтаа тавьж чадахгүй байгаатай л холбоотой.
-Ард түмний өмч гээд заачихаар хүн бүр өмчлөхийг хүснэ. Тэгэхээр өмчийн маргаан үүсэх үү. Яаж зохицуулах юм бэ?
-Үндсэн хууль маань Монгол Улсын газар нутагт яаж амьдрах вэ гэдгийг зохицуулах нийгмийн гэрээ юм. Энэ гэрээ ямар байхаас сайхан амьдрах уу, саар явах уу гэдэг шалтгаална. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд бид үнэнийг хэлэхэд саар амьдарлаа шүү дээ. Төрийн өмч гэдэг нэрэн дор ямар их хулгай луйвар, булхай явагдав. Үүнийг хүн бүр мэдэж байгаа. Тэгэхээр энэ гажуудлыг засах цорын ганц арга нь ард түмэн өмчөө мэддэг, түүнийгээ хянаж чаддагт орших юм. Хүмүүс ярихаараа та бүхэн баялгийн эзэн гэх атлаа цаашаа хэн баяжиж, хэдэн гэр бүл хөрөнгөжиж байгаа билээ дээ. Бид баялагтаа эзэн байж чадвал тэр хүмүүс биш бүгд баян байх боломжтой. Юун Саудын Араб. Тэднээс илүү амьдрах боломж монголчуудад байна.
-Одоо бид 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байна. Энэ нь ард түмний өмчийн хэлбэр мөн үү. Энэ зарчмаар явна гэсэн үг юм уу?
-Бидний санаа бол иргэдийн нэр дээр бүх баялаг бүртгэгдэнэ гэсэн үг. 11 тэрбум төгрөгийн баялаг бүртгэлтэй болно. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмэн бүгд хөрөнгөтөн болох юм. Энэ эрхийн бичиг, үнэт цаасыг хэн нэгэн дураараа арилжих юм уу гэвэл бас үгүй юм. Төрийн хамгаалалтад байх юм. Төр бол улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, хил хязгаарын амгалан тайван байдлыг сахин хамгаалахад үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Тэгэхээр иргэдийн баялгийг төр нэрлэсэн үнээр худалдан авч болно. Цаашаа хэрхэн хөрөнгө оруулж, эргэлтэд оруулахыг төр шийддэг. Төрдөө чөлөөтэй арилждаг энэ бололцоог нээж өгөх тухай хуулийн ойлголт юм. “Эрдэнэс Монгол”-ын 1072 ширхэг хувьцаа гэхэд нийт хувьцааны зөвхөн 20 хувь нь юм шүү дээ. Одоо 80 хувийг тараахад нэг хүн 6000 гаруй хувьцаатай болно гэсэн үг.
-Танай намаас энэ асуудлаар Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн байна. Ямар нэгэн хариу ирүүлсэн үү?
-Бид өмнө нь Монгол төрийн тогтолцоо болохгүй байна. Хүндээ биш тогтолцоондоо байна гэдэг асуудлаар саналаа хүргүүлж байсан. Улс төрийн бүх намыг татан буулгая гэсэн. Энэ асуудлаар ямар ч хариу ирүүлээгүй. Шилэн дансны хөтлөлт, эдийн засгийн замбараагүй байдалтай холбоотойтой шаардлага ч өгсөн. Таг чиг байна. Өөрсдөдөө хэрэгтэй санал санаачлагыг маш хурдан шийддэгийг Хэнтий аймагт болох байсан нөхөн сонгуулийн асуудлаас харж болно. Ард түмэн тэнд хоёр жил орчим төлөөлөлгүй байна. Харин өөрсдөдөө ашиггүй бол сохор дүлий болдог. Ийм байдлаар өнөөдрийн төр, засаг оршиж байгаад харамсч байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.6.20 ПҮРЭВ №125 (6092)