П.Галиндэв: С.Эрдэнэ огцрох нь цаг хугацааны л асуудал болчихсон

2019-06-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
З.БАТТӨМӨР АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөнийхөн С.Эрдэнийг намын даргаас огцрохыг шаардаж, 15 үндэслэл бүхий албан шаардлага хүргүүлээд сар гаруй болж байна. Энэ талаар тус хөдөлгөөний тэргүүн П.Галиндэвтэй ярилцлаа. -Та бүхэн энэ талаар шаардлага тавиад удлаа. Ямар нэг хариу өгсөн үү? -Хариугаа өгсөн. Цагдаагийн байгууллагаар дамжуулж өгсөн л дөө. Зургадугаар сарын 7-нд ЦЕГ-ын Хэв журмын хэлтсээс намайг дуудсан. С.Эрдэнэ өргөдөл гаргаж намайг цагдаад өгсөн юм байна. С.Эрдэнэ даргад хандаж хэлэхэд намынхаа гишүүдийг цагдаад өгч айлгаад эсвэл хөөхийг нь хөөгөөд дарамталчихна гэж бодож байгаа бол том эндүүрч байна шүү. Та нар шиг авлигачдаас нэг их айгаад, няцаад байх зүйл байхгүй. Шударга ёс, хууль гэж байдаг бол удахгүй намын гишүүдийн өмнө хариуцлагаа хүлээх цаг ирнэ ээ гэж хэлмээр байна. -АН-ын даргыг огцруулах шалтгаан үндэслэлүүд юу юу байгаа вэ? -Намын гишүүдийн зүгээс С.Эрдэнийг огцруулах талаар олон үндэслэл, шалтгаануудыг хэлж байгаа. Тэдгээрээс намын бодлого, шийдвэртэй холбоотой 15 заалтыг албан шаардлагадаа тусгасан.  Түүнээс биш С.Эрдэнийг огцруулах шалтгаан 15 байтугай бий. Албан шаардлагад бичигдээгүй хууль хяналтын байгууллагаар шалгуулах зүйл ч олон бий. Тухайлбал, манай намын дарга С.Эрдэнэ, бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат нар намын удирдлагад гарснаасаа хойш МАН-ын дарга, УИХ-ын дарга байсан М.Энхболдын эрх ашгийн төлөө үйлчилж эхэлсэн. МАНАН бүлэглэлийнхээ эрх ашгийг улайран хамгаалах явцдаа УИХ-ын хоёр гишүүнээ хөөж, АН-ыг парламентад бүлэггүй болгосон. Тэгээд өнөөдөр ямар байдалд хүрчихэв ээ. Нөгөө хоёр гишүүн маань нийгмийн шударга ёсны хүлээлт, олон түмний итгэл дээр суурилаад бүхэл бүтэн нам байгуулчихлаа. Ингээд парламент дахь бүлгээ тараасан бүлгийн дарга Д.Эрдэнэбат зөвлөл гэж байгуулаад дахиад тэр зөвлөлийн дарга болчихлоо гээд гараад ирж байгаа нь бүр ичмээр. Сүүлдээ О.Баасанхүү гишүүн АН-ын зөвлөл гэгчид нь орох өргөдөл өгсөн болоод нөгөөхийг нь С.Эрдэнэ хүлээж авлаа гээд жүжиг тоглолоо. Л.Болд гишүүнийг хөөж явуулчихаад оронд нь О.Баасанхүүг гуйж авчирна гэдэг эмгэнэл. Мөн хөөгдсөн Ж.Батзандан гишүүний оронд БЗД-ийн Үндэсний бодлогын хорооны 49 дүгээр суудалд Б.Хурц орж байх жишээтэй. ҮБХ-ны гишүүнээр сонгогдоно гэдэг бол АН-аас УИХ-д нэр дэвшиж сонгогдох эрх нээгдэнэ гэсэн үг. -АН яах аргагүй МАНАН бүлэглэлийг хамгаалаад байна гэж та хэлэх гээд байна уу? -Бид гарч ирээд энэ бүх юмыг олж мэдээд, ил гаргаад тавьчихсан юм биш шүү дээ. АН-ын гишүүдийн дундаас гарч ирсэн асуудлууд. Манай намын аймаг, дүүргийн намын жирийн гишүүд хэлж байгаа. 49 хувийн асуудал сөхөгдөөд ирэхээр 51 хувийн асуудлыг яръя гэдэг. ЖДҮ-ийн асуудал яръя гэхээр манай намын УИХ-ын гишүүн хүмүүс бас өөрсдөө холбогдчихсон л байдаг. Тиймээс АН сөрөг хүчнийхээ байр суурь дээр байж, шүүмжилж энэ бүх хууль бус, бусармаг асуудалтай тэмцэх нь зөв өө. Гэхдээ С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат хоёр бол сөрөг хүчний байр суурь дээр зогсож чадахгүй юм байна. Өөрсдөө нөгөө тэмцэх гээд байгаа эрх баригчдаас дутуугүй олон асуудалд хутгалдчихсан, холбогдчихсон. ЖДҮ-гийн асуудал, Эрдэнэтийн асуудал гээд л. Дахиад С.Эрдэнийн хувьд “Найрамдал” зуслангийн газар нь сая яригдаад эхэллээ. Хандгайтын ам тэр чигтээ С.Эрдэнийн ам болсон. АН одоо байрлаж байгаа “Шонхор тауэр”-ийн газрын асуудал хүртэл яригдаж байгаа. Энэ бүхэнд цэг тавьж, хууль зөрчсөн хүмүүс нь хуулийн хариуцлага хүлээдэг хариуцлагатай нийгмийг бий болгох ёстой. -ШХАБ-ын асуудлаар АН-ын удирдлагууд мэдэгдэл хийж, жагсаал цуглаан зохион байгуулсан. Танай намын удирдлагууд яагаад ийм алхам хийх болов гэдэгт та бүхэн өөрсдийн дүгнэлтээ хийсэн үү? -Гадаад бодлогын асуудлаар ялангуяа, эрх барьж байсан нөлөө бүхий улс төрийн намынх нь дарга жагсаал цуглаан зохион байгуулаад ил тод зөв буруу гэж ярина гэдэг бол Монгол Улсыг, АН-ыг хорлож байгаа хэрэг. -Ажиглаад байх нь ээ, АН-ын анхан, дунд шатныхан таны яриад байгаа, танай хөдөлгөөний хийгээд байгааг дэмжиж байх шиг байна. Дээр ярьснаас өөр шалтгаан байна даа?  -Тийм. С.Эрдэнэ АН-ын шинэчлэн боловсруулсан, Дээд шүүхэд бүртгүүлэх гэж байсан дүрмийг аваад олон зүйлийг дур мэдэн зассан. Үндсэн дүрмийн хорооны бие даасан байдлыг алдагдуулж  гишүүдийг өөрөө томилчихсон. Мөн намын дотоод сонгуулийг зохион байгуулдаг Дотоод сонгуулийн хорооны бие даасан байдлыг алдагдуулж өөрийн хүмүүсийг томилсон. Ингээд намын дотоод үйл ажиллагаа алдагдсан. Мөн намын даргад хариуцлага хүлээлгэх заалтыг алга болгож, хулгайч зангаа гаргасан. Дарга болсноосоо хойш дунд шатны намуудын дарга, Хэрэг эрхлэх газрын даргаар Баянгол дүүргийн эсвэл өөрийнхөө хамаатны хэн нэгнийг аваачиж тавиад эхэлсэн. Жишээ нь, Сонгинохайрхан дүүргийн АН-ын гишүүд дотооддоо сонгууль явуулаад даргаар нь М.Чинболд гэж залуу сонгогдон ажиллаж байсан. Гэтэл түүнийг С.Эрдэнэ надад таалагдахгүй байна гээд л өөрчилж хаяад С.Бямбацогтын баз Д.Батцогтыг тавьчихсан. Д.Батцогт гэдэг хүний эхний шийдвэр нь юу байсан гэхээр манай намын лидер, АН-ыг таван удаа ялалтад хүргэж байсан. Намын дарга, ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АН-аас хасах шийдвэр гаргаж байгаа юм. Хоёр дахь үйл ажиллагаа нь намын гишүүдийг мөнгөөр үнэлж жагсаал зохион байгуулсан. Сонгинохайрхан дүүрэг дээр болж байгаатай адил үйл явдлууд бусад олон аймаг, дүүрэг дээр болоод байгаа. Ямар хүмүүс тавигдаж байна гэхээр С.Эрдэнийн жолооч, хүүхэд, хүргэн гээд эргэн тойрных нь хүмүүс л энд тэнд дунд шатны намын удирдлагаар тавигдаж байна. Тэд аливаад зөв буруу гэх ямар ч шүүлтүүргүй. С.Эрдэнийн командыг л биелүүлдэг. Хан-Уул дүүргийн АН-ын дэд даргаар С.Эрдэнийн хүү ажиллаж байгаа. Баянгол дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Эрдэнийн хүргэн ажилладаг. Энэ маягаар найман аймаг, таван дүүргийн АН дээр гишүүдээсээ сонгогдсон албан ёсны даргыг нь өөрчилж, үүрэг гүйцэтгэгч тавьсан байна. Орон нутгийн намын талаас илүү хувийг нь самарчихсан гэсэн үг. -АН-ын дотоод сонгуульд нэр дэвшиж өрсөлдөхөд их мөнгө төлдөг болсон юм уу? -Тэр замбараагаа алдсан. С.Эрдэнэ АН-ын дарга болоод мөнгөний схемийг оруулж ирсэн. Нийслэлийн намын даргад нэрээ дэвшүүлье гэхээр 90 сая, Ардчилсан залуучуудын холбооны даргад нэр дэвшүүлэхэд 125 сая төгрөгийн дэнчин төл, аймаг, дүүргийн намын даргад өрсөлдөхөд 20 сая төгрөг төлнө. Ингээд эрүүл саруулаар өрсөлдөхөд хүнд болсон. Мөнгөтэй л бол та нар намд орно, албан тушаалд хүрнэ. Тэгээд дараа нь төрийн албанд очно гэдэг ийм л юмыг намын гишүүддээ тулгаж эхэлсэн. Тиймээс намыг өөрчлөх, шинэчлэх асуудлыг намын гишүүд нийтээрээ дэмжиж эхэлсэн. С.Эрдэнийг намын даргаас өөрчлөх нь цаг хугацааны л асуудал болсон. -Ардчилсан намын Шинэч­лэлийн хөдөлгөөн орон нутагт өргөжиж байгаа гэлүү? -Аймаг, дүүргийн АН-ын гишүүд тэмцээд эхэлчихсэн. С.Эрдэнэ дарга үзэл баримтлалаа танилцуулж байна гээд аймгуудаар явж байгаа. Түүний очсон аймаг болгонд АН-ын гишүүд “С.Эрдэнэ дарга аа, та огцор” гэж ил тод хэлж байгаа. Сүүлийн жишээ дурдахад Дундговь аймгийн Ардчилсан намын гишүүд С.Эрдэнийг гишүүдтэйгээ уулзалт хийхээр очиход нь огцор гээд хөөгөөд явуулчихсан. АН-ын гишүүд энэ хүнийг ойлгочихсон. Та одоо хариуцлагаа хүлээ, битгий энэ намыг самраад бай. Барьцаанд орчихсон, “төмсөгдүүлсэн” асуудал байдаг бол намаар битгий тоглоод бай. Эндээс холд гэдэг шаардлагыг тавьж эхэлж байгаа. Тэгэхээр С.Эрдэнэ гэдэг хүн огцрох нь цаг  хугацааны асуудал болчихсон. Олонх нь энэ хүнтэй яваад бүтэхгүй юм байна гэдгийг ойлгочихлоо. С.Эрдэнэ нэгдүгээрт, АН-ыг хагалж бутлаад дуусгалаа. Хоёрдугаарт, энэ хүн 2020 оны сонгуульд АН-ыг удирдаж орвол ялагдуулах юм байна гэдгийг санал нэгтэй хэлж байна. Энэ хүн АН-ыг хагалж бутаргаж, бужигнуулчихаад, ирэх жилийн сонгуульд ялагдуулах, харин өөрөө нөгөө нам дамжсан бүлэглэлийн хүмүүстэйгээ хамт УИХ-д орж суух, дахин дөрвөн жил энэ хулгай луйврынхаа хэргээр шорон оронд орчихолгүй үлдэхийг хичээж байгаа ийм л ашиг сонирхол үнэртээд байгаа юм. Тиймээс бид намынхаа гишүүдтэй уулзаж, мэдээлэл солилцож, холбоотой ажиллаж байгаа. Аймгуудаас манай намын гишүүд биднийг ирж ажиллаач гэсэн санал  ирүүлж байгаа. Тиймээс ойрын өдрүүдэд хэд хэдэн аймгаар явна.  -Үндсэн дүрмийнх нь зөрчилтэй асуудлыг ашиглан эрх баригчид шүүхэд нөлөөлж сонгуульд оролцох эрхгүй болгох эрсдэл бий гэж танай хөдөлгөөнийхөн үзсэн байна лээ. Тийм эрсдэл үүссэн юм уу? -Манай намын Үндсэн дүрмийг аваад үзэхээр Улс төрийн намын тухай хуультай зөрчилдсөн заалт олон байгаа. С.Эрдэнэ гэдэг хүн намын Их хурлаас баталсан дүрмийг засахдаа ийм зөрчилтэй юм хийсэн. Аль нэг улс төрийн хүчин манай намын дүрмийг дээд шүүхэд өгвөл дүрэм хүчингүй болох ийм нөхцөл байдал үүссэн. Дээрээс нь сонгууль дөхсөн энэ үед АН муу муухай олон асуудалд хутгалдсан С.Эрдэнэ гэдэг даргатайгаа байх нь бусад намд л ашигтай. Асуудалтай даргаа өөрчилж, Үндсэн дүрмээ шинэчилж байж дараа нь эрх баригч намтай тэмцэх асуудлаа ярихгүй бол ямар ч нэмэр алга. С.Эрдэнэ гараад хэчнээн гоё юм ярилаа гээд ард түмэн итгэхгүй шүү дээ. Өөдөөс нь “Чи өөрөө “Найрамдал”-ынхаа асуудлыг, “Шонхор тауэр”-ынхаа, “Капитал” банкныхаа асуудлыг тайлбарла” л гэнэ. Өөрөө ийм олон асуудалтай байж яаж өөртэйгөө адилхан хүмүүстэй тэмцэх гээд байгаа юм. Үүнд нь хэн ч итгэхгүй, намын гишүүд ч итгэхгүй байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.17  МЯГМАР  №123  (6090)
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

6 цаг 6 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

6 цаг 6 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

6 цаг 6 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

18 цаг 15 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

20 цаг 22 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

21 цаг 42 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

22 цаг 47 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

Өчигдөр 06 цаг 00 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

Өчигдөр 06 цаг 00 мин