Р.ОЮУН
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахмад ажилтан, төр, нийгмийн зүтгэлтэн Б.Жамъянтай ярилцлаа.
-Танд олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100, Хөдөлмөр, цалин хөлсний товчоо байгуулагдсаны 60 жилийн ойн баярын мэндийг хүргэе?
-Баярлалаа. Танай сониноор дамжуулаад хөдөлмөрийн салбарт ажиллаж байгаа нийт ажилтан, албан хаагчид, хамт ажиллаж байсан нөхөддөө баярын мэндийг хүргэе.
-60 жилийн түүхтэй энэ байгууллагад та ямар ажил эрхэлж байсан талаараа манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Энэ байгууллагад орохоос өмнө би Аж үйлдвэрийн яам, Хөнгөн хүнсний үйлдвэрийн яаманд эдийн засгийн асуудал хариуцсан орлогч сайд хийж байлаа. Энэ үеэс ажилчдын хөдөлмөр, цалин хөлс, нормчлолтой холбогдсон. Мөн ажилчдын мэргэжлийг дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох, цалин хөлсийг нь тогтооход гар бие оролцсон. Энэ утгаараа өөрийгөө хөдөлмөрийн ахмад ажилтан гэж боддог.
Энэ утгаараа өөрийгөө хөдөлмөрийн ахмад ажилтан гэж бахархаж, баярлаж явдаг. 1961-1963 онд анх удаа үйлдвэрүүдэд шинээр улсын хэмжээнд тарифт цалин нэвтрүүлсэн. Тарифт цалин ямар байх ёстой, ямар зэргийн ажил хийж байгаа хүн ямар хэмжээний цалин авах вэ гэдгийг уул уурхай, хөнгөн хүнсний бүх салбарт хэрэгжүүлсэн. Үүнийг үргэлжлүүлээд МАХН-ын төв хороо, Сайд нарын Зөвлөлийн тогтоол гарсны дагуу ажилчдын тарифт цалинг дахин өөрчилж улам боловсронгуй болгох ажлыг 1963-1964 онд эрчимтэй хийсэн. Энэ ажилд үйлдвэрийн удирдах хүмүүс, хөдөлмөрийн эдийн засагчид, норм зохиогчид, нягтлан бодогчид гээд бүгд оролцсон.
Түүнээс гадна хөдөлмөр, цалин хөлсний товчоо гэж байсан. Ганц ажилчид биш төв байгууллагууд, яам, тусгай газруудын цалин ямар байх вэ гэдгийг манай товчоо, хороо тогтоож байлаа. Удалгүй товчооны ажил өргөжөөд Хөдөлмөр, нийгэм хангамжийн улсын хороо болж улсын хэмжээний бүх салбарын цалин хөлс, хөдөлмөрийн нормчлол, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын асуудлыг хариуцдаг болсон. Миний ажиллаж байсан Хөнгөн хүнсний үйлдвэрийн яам гэхэд 1967 онд үйлдвэр аж ахуйн бүх салбарт хөдөлмөрийн шинжлэх ухааны үндэстэй хөдөлмөр зохион байгуулалтын товчоог байгуулан үйлдвэрүүдээр явж судалгаа хийх, газар дээр нь туслах ажлыг дэс дараатай хийсэн нь үр дүнгээ өгсөн. Намайг Москвад олон улсын байгууллагад эдийн засгийн харилцан туслах зөвлөлд Засгийн газрын даалгавраар зөвлөхөөр ажиллаж байхад хорооны дарга М.Лхамсүрэн татаж аваад 1979 онд Хөдөлмөрийн хорооны орлогч дарга бөгөөд Улсын нийгэм, халамжийн ерөнхий газрын дарга болгосон. Улсын нийгэм, халамжийн ерөнхий газар нь одоогоор нийгмийн даатгал гэсэн үг. Энэ салбартай миний хувь заяа ингэж холбогдсон.
-Тэр үеийн Улсын нийгэм, халамжийн ерөнхий газар гэхээр нийгмийн даатгал гэж ойлгож болох уу?
-Улсын нийгэм, халамжийн ерөнхий газар нь одоогоор нийгмийн даатгалын аппарат хамт байсан. Ажиллах хугацаандаа нийгмийн даатгал, халамжийн ажлыг сайжруулахтай холбогдсон хууль эрх зүйн акт, тогтоол, заавар, дүрэм журам, аргачлалыг хариуцан боловсруулж удирдах газраар батлуулан мөрдүүлж байлаа. Хөдөлмөр, нийгэм хангамжийн улсын хороо, манай газар иргэдэд өгдөг тэтгэвэр, тэтгэмж, тусламжийг төрөлжүүлж боловсронгуй болгоход их ажил хийсэн. Мөн янз бүрийн хуулийн төсөл боловсруулж Засгийн газраар оруулж батлуулж байсан. Энэ талаар яривал их зүйл бий. Ганцхан жишээ хэлэхэд Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн тэтгэврийн хуулийг 1984 онд батлуулж, мөрдүүлсэн. Тухайн үед Хөдөө аж ахуйн нэгдэл гэж байсан. Нэгдлийн гишүүд хамгийн бага цалин авдаг болохоор тэтгэвэр нь бага тогтоогддог байсан.
[caption id="attachment_63236" align="aligncenter" width="2048"] Эрдэнэт 1980.04.25. Зүүн гар талаас Б.Жамъян, Цэвээн, Рагчаа, Мильчерек, Кобахиус, М.Лхамсүрэн, Мишигдорж[/caption]
-Тухайн үед цалингийн доод хэмжээ хэд байсан бэ?
-Цалингийн доод хэмжээ 150-200, дээшээ 600-700. Харин уурхайчид 1500 гаргаж авна. Цалин шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулагдаж байсан. Тэтгэвэр цалингаа дагаад л бодогддог. Өнөөдөр ч гэсэн малчид, хөдөө аж ахуй эрхэлдэг хүмүүсийн цалин бага байна гээд л яриад байна. Энэ асуудал тэр үед ч байсан.
-Тэр үеийн хөдөлмөр, нийгмийн тогтолцоог одоогийнхтой харьцуулахад ямар байна вэ?
-Манай улсын төсвийн орлого муу, улс ардын аж ахуйн материаллаг салбарын хөгжил тухайн үедээ таарсан байсан. Гадаад харилцаа муу, гадаадын зээл тусламж бага авдаг. Зөвхөн ЗХУ-ын тусламжаар л манай гол салбарууд маань хөгжсөн. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр гэхэд ЗХУ-ын тусламжаар л баригдсан. Ах дүү социалист орнуудын тусламжтайгаар үйлдвэр, аж ахуйн газар баригдаж байлаа. Одоо зах зээлд ороод тогтолцоо сайжирсан. Ер нь хүний цалин, тэтгэвэр хоёр их чухал. 1980-аад оны сүүлчээр тэтгэврийн хуулийг шинэчлэхэд би гар бие оролцсон. Хөдөлмөр, нийгэм хангамжийн улсын хороо, манай газар энэ хуулийг боловсруулаад Улсын бага хурлаар батлуулж байлаа. Энэ нь зах зээлд орох нэг бэлтгэл болсон. Дараа нь Улсын бага хурлаар нийгмийн даатгалын багц хуулийг оруулсан. Тэгэхэд манай хороог татан буулгаад, яам, газрууд ч өөрчлөгдсөн. Мөн бүх төрлийн тэтгэврийн хэмжээг хамрагдах хүмүүсийн амьжиргааны төвшинтэй уялдуулах, иргэдийн авч байсан цалин хөлс, нийгэмд хэр олон жил ажилласан хугацаатай нь шууд хамааралтай болгож ижил цалин хөлснөөс адил хувь хэмжээгээр бодож тэтгэвэр тогтоох шударга зарчмыг тогтоосон. Энэ бүхэн нийгмийн даатгалын шинэ тогтолцоог бий болгох томоохон бэлтгэл ажил болсон.
-Сүүлийн үед эмч, багш нар цалингаа нэмүүлнэ гээд жагссан. Энэ талаар та юу хэлэхсэн бол?
-Багш, эмч нарыг харах хэрэгтэй юу, харах хэрэгтэй. Гэхдээ зүгээр л цалинг нь нэмэх биш. Ямар ажил хийж, хэр ачаалалтай, үр өгөөж нь ямар байна вэ гэдгийг нь нийлүүлэх ёстой. Энэ систем алдагдсан учраас л ингээд байна. Жишээлбэл, Оюутолгой, Эрдэнэтийнхэн өндөр цалин авч байна гэдэг. Үүнийг улсын хэмжээнд барьж зохицуулах ажил нэг хэсэг цалгардсан. Харин сүүлийн үед манай яам, төрөөс ч анхаарч байна. Муу гэж хэлэхгүй сайжрах тийшээ урагшаа ахиж байгаа. Энэ ажлыг нэг өдөр, нэг жилийн дотор хийчихгүй. Нэлээд дор орсон юмыг цэгцлэх хэрэгтэй.
-Таныг ажиллаж байхад ажилгүйдэл хэр байсан бэ?
-Намайг ажиллаж байхад буюу социализмын үед ажилгүй хүн харьцангуй бага байсан. Харин өнөөдөр ажилгүйчүүд их болжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.5.17 баасан №102 (6069)