Ц.МЯГМАРБАЯР
Энэ жил махны үнэ өмнөх оноос даруй нэг дахин үнэтэй байгаа нь хаврын тарчиг цагт иргэдийг бухимдуулаад байна. Мөн үүний зэрэгцээ хямд үнэтэй нөөцийн мах олдоц бага байгаа нь асуудал дагуулсаар байна. Хэдийгээр нөөцийн махыг Нийслэлийн 67 цэгт худалдаалж буй мэдээллийг салбарын яамнаас өгсөн ч ердөө цөөн хэдхэн цэгт өдөрт бага тонноор худалдаалж байгаа аж. Манай сурвалжлах хэсэг 32-ын тойрогт байрлах “Сансар” худалдааны төвд энэ сарын 9-ны өдрийн өглөөний 10:00 цагийн үед очиход мах нь дууссан байв. Өдөрт ирж байгаа мах нь тухайн нутаг дэвсгэрийн худалдан авагчдад хүрэлцэхгүй эхний хэдэн хүмүүс худалдаж аваад дуусдаг гэж худалдагч нар, махгүй хоцорсон иргэд ярьж байлаа. Чингэлтэй дүүргийн иргэн Б.Баасандулам “Нөөцийн мах худалдаанд гарсан гэсэн. Ер тааралдахгүй байна. Хаагуур борлуулагдаж байгааг нь мэдэгдэхгүй байна. Сая энд ирсэн дууссан гэж байна” гэв. Өнгөрсөн онд 12 мянган тонн мах нөөцөлсөн бол энэ жилийн тухайд гурав дахин бага буюу 4000 тонныг бэлтгэсэн нь ийнхүү олдоц бага, нийлүүлэлт муу байна. Бид Баянзүрх дүүрэгт байрлах “Тэнгэр” бөөний худалдааны төвд очиж, нөөцийн махны борлуулалттай танилцсан юм. Эднийд өглөөний 08:00 цагаас оройн 19:00 хүртэл нөөцийн мах зарж байгаа цөөхөн газрын нэг гэнэ. Харин хямд маханд дугаарласан иргэдийн дараалал үүссэн байлаа. 1990 оны үеийн картын бараанд дараалалд зогсож буй дүр зураг харагдсан юм. Иргэд ярихдаа “Энэ жил нөөцийн мах ховор байна. Баянгол, Сүхбаатар, дүүргээс хайж явсаар энд худалдаалж байгаа гэхээр нь ирлээ. Энд дараалалтай ч хоёр уут махыг 26 орчим мянган төгрөгөөр авч байна. Хөргүүр, хөргөчиндөө нэлээн нөөцөлсөн хангалттай байх шиг байна. Гэхдээ хотын нэг захаас нөгөө зах руу ирж авч байгаа нь хүндрэлтэй байна” гэж байв. Энд нөөцийн үхрийн мах кг 7200, хониных 6000, ямааных 5500 төгрөгийн үнэтэй байна. “Тэнгэр” бөөний төв долдугаар сарын 15-ныг хүртэл нөөцийн мах борлуулна гэлээ. Энэ жил Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд “Баатарууд Тэнгэр”, “Дархан меат фүүдс”, “Сүхбаатар мах маркет” компаниуд нийт 4000 тонн мах бэлтгэсэн байна. Эдгээр бэлтгэсэн үхэр, хонь, ямааны ястай махыг хоёр болон гурван кг- аар ангилан савласан байв. Энэ нь бөөнөөр авах боломжийг хаасан аж. Үхрийн ястай махыг 7200, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр зургаан дүүрэгт 50 гаруй хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж эхэлсэн. Цаашид хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулан худалдаалах цэгийн тоог өсгөж 67 цэг болгожээ. Махны борлуулах үнийг зах зээл дэх жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 14-31 хувиар хямд байна. Үхрийн ястай махыг 2442, хонины ястай махыг 2734, ямааны ястай махыг 900 төгрөгөөр тус тус зах зээлийн үнээс хямд борлуулж байгаа аж. Нөөцийн мах хямд болохоор орлого багатай иргэдэд боломжын үнэтэй, амт чанар сайн байна гэв. Гэхдээ махны үнэ буурахад нөөцийн мах нөлөөлөхгүй байгааг иргэд шүүмжилж байв. Харин салбар яамнаас энэ тухай тодруулахад нөөцийн мах хэвийн нийлүүлэгдэж байгаа. Гэхдээ махны нөөц бага байгаа учраас 4,5,6,7 сард хувааж гаргах хуваарьтай байгаа тул нэрлэсэн цэгүүдэд нийлүүлэлт бага байгаа гэсэн юм. Өнөөдөр үрхийн мах бусад газруудад ястай, цулаас хамаарч 9.500-13.500 төгрөгийн үнэтэй байна. Ийнхүү нөөцийн мах зарж буй цэгүүдэд нөөцийн мах бага нийлүүлж өглөөнийн 10:00 цаг гэхэд дуусдаг бол зарим газарт нь хуваарийн дагуу ирэх саруудад нийлүүлэгдэх бол заримд нь 19:00 цаг хүртэл борлуулж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.5.15 лхагва №100 (6067)
Нөөцийн махны эрэлт их, нийлүүлэлт бага байна
2019-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин