Ц.МЯГМАРБАЯР
Ногдол ашиг тараалтаар улсдаа тэргүүлдэг орон нутгийн өмчит “Тавантолгой” компани энэ жил өмнөх жилээс ашиг нь нэг дахин буурсан ч нэг тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ тараах шийдвэрийг өнгөрсөн сарын 29-нд хуралдсан хувьцаа эзэмшигчдийн хурлаас шийдвэрлэсэн юм. Тус компани 2017 онд Монгол Улсын түүхэнд анх удаа өндөр дүнтэй ногдол ашиг хуваарилсан. Өөрөөр хэлбэл, ногдол ашгийн хэмжээ 141 тэрбум төгрөг байсан нь Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилждаг нийт хувьцаат компанийн тараасан ногдол ашгийн 87 хувийг эзэлсэн юм. Тэгвэл өнгөрсөн онд 52 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж үүнийнхээ 85 хувьд нь буюу нэг тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах юм. Энэ нь нэгж хувьцаа 853 төгрөгт тооцогдож буй. Тус компанийн хувьцааг 23 улсын 1000 гаруй иргэн эзэмшдэгийн дийлэнх хэсгийг нь орон нутгийн иргэд, тус үйлдвэрт гурван үеэрээ ажиллаж байсан ахмад, дунд, залуу үеийн уурхайчид эзэмшдэг.
Хурлын үеэр хувьцаа эзэмшигч, ахмад уурхайчин, Монгол Улсын аврага тариаланч Г.Дамчий “Би 1973 онд улсын үйлдвэр байх үеэс дизельчнээс тэсэлгээчин хүртэлх бүх дамжлагад ажиллаж байлаа. Сум орон нутаг, аймагт үр ашгаа өгсөөр байгаа анхны ууган уурхай. 1995 онд олон нийтийн хувьцаат компани болоход манайх есөн хүүхэдтэй байсан. Тэднийхээ бүх хувьцааг нийлүүлж 349 ширхэг хувьцаа авсан юм. Анхны ногдол ашиг гэж нэгж хувьцаанд 20 мөнгөөр тооцож хүн бүрт олгосон. Тэгэхэд манай компанийн удирдлагууд нэгж хувьцааны мөнгө цаашид өснө. Тиймээс арвижуулна гэвэл авахгүй байж болно гэсэн. Гэтэл дараа жил нь огцом өсч төгрөгт шилжсэн. Түүнчлэн 2004 оноос нүүрсээ экспортод гаргаж эхэлснээс хойш ашиг орлого өсч энэ хэмжээгээр хувьцааны ханш өссөөр 1.4 саяд хүрсэн. Энэ жилээс ажилчдын цалин, үр дүнгийн шагналыг нэмэх болсон. Манай уурхайчдын цалин бусад уурхайн ажилчдын цалингаас даруй бага хэдий ч амьдралд нь хүрэлцдэг. Мөн гэр бүлээрээ уурхайд ажилладаг гэр бүл олон бий. Цалин бага гээд тэд өөр уурхай сонгоогүй. Энэ юу хэлээд байна вэ гэхээр уурхайн удирдлагууд бага бүтэцтэй чадварлаг ажилчид компанийн үнэ цэнэ гэдгийг ухаарсан. Нөгөөтэйгүүр энэ нутгийн уугуул иргэд гурван үеийн уурхайчид ажилладаг нь ашиг орлоготой тогтвортой ажиллах үндэс нь болдог. Ямар ч хүндрэл бэрхшээлийг даван гарч чаддаг нь уурхайчдаа, сум орон нутгаа дээдэлсэн нийгмийн хариуцлагын үр дүн юм” гэсэн юм.
Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд Д.Ганбаяр даргатай “Компанийн засаглалын үндэсний зөвлөл”-ийн /КЗҮЗ/ “Сайн засаглал” хөтөлбөрийн багийнхан оролцсон юм. Хуралдаанаас ТУЗ-ийн санаачлагаар компанийн засаглалыг сайжруулах комплаенс нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Шийдвэрийн хүрээнд “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж, КЗҮЗ-ийн дарга Д.Ганбаяр нар хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан юм. Комплаенс гэдэг нь компанийн дотоод хяналтыг олон улсын стандартад хүргэх, засаглалын ил тод байдлыг хангаж хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг дээдлэх, байгаль орчинд сөрөг нөлөөгүй хариуцлагатай уул уурхайн олон улсын шинэ стандартыг нэвтрүүлэх юм. Түүнчлэн олон нийттэй харилцах хөтөлбөр, нийгмийн хариуцлагын олон улсын ISO 26000 стандартын долоон үндсэн зарчмыг хангуулах юм. Ингэснээр тус компани дэлхийн стандартад нийцсэн нийгмийн хариуцлагыг дээдлэгч жишиг компани болно гэж КЗҮЗ-ийн дарга Д.Ганбаяр онцолж байлаа. Хөтөлбөр хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд цаашид орон нутгийн болон төрийн өмчит бусад компанид хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй аж.
“Тавантолгой” ХК тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана
2019-05-06
Нийтэлсэн: Админ
 1 мин