С.УЯНГА
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаартаа хуульч, судлаач Л.Галбаатарыг урьж ярилцлаа.
Мэдээллийн аюулгүй байдлыг эмзэг гэж тодорхойлсон
-Манай улс мэдээллийн аюулгүй байдал маш чухал гэж үзэж 1997 онд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа анх тусгаж өгсөн байдаг. Гэхдээ түүвэрчилснээс биш цогц бодлого болж чадаагүй. 2010 онд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгайлан бүлэг болгосноор манай улсын мэдээллийн аюулгүй байдлын талаарх бодлого үндсэндээ тодорхой болсон гэж үзэж болно. Мэдээллийн аюулгүй байдлын үзэл баримтлалд мэдээлэл хүртээмжтэй, нууцлагдсан, бүрэн бүтэн байх ёстой гэсэн тэгш талт гурвалжингийн онолыг баримталсан. Гэвч зөвхөн бодлого тодорхойлсноор мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангасан, бүх асуудлаа шийдвэрлэлээ гэсэн үг биш. Манай улс руу чиглэсэн халдлагууд түгээмэл гардаг ч Монгол Улс халдлагад өртсөнөө хүлээн зөвшөөрдөггүй эсвэл мэддэггүй. Мэдээллийн аюулгүй байдлын асуудлаарх олон улсын нэр хүндтэй байгууллагуудын тайланд Монгол Улс мэдээллийн аюулгүй байдлаараа эмзэг байна гэдгийг байнга сануулж байгаа. Тухайлбал, 2014 онд Касперскийгийн аюулгүй байдлын сүлжээний тайланд дурдсанаар хамгийн их вирус халдварласан эхний 10 улсын нэгдүгээрт Монгол Улс багтаж байна. Ийм төрлийн халдлага нь төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтны нэрсийн жагсаалт бүхий бичиг хэргийн файлыг өгөөш болгосон байх юм. Мөн ThreatConnect судалгааны багийн тайланд дурдсанаар 2013 онд “Хааны эрэлд-2014” цэргийн хамтарсан сургуулилтыг Монгол Улс өөрийн “гуравдагч хөрш” улсуудтай хамтран хийхтэй холбоотойгоор Хятадын кибер халдлагын мэргэжлийн бүлэг Монголын хуулийн этгээдүүд болон Монголтой эдийн засаг, цэрэг, дипломат харилцаатай бусад этгээд рүү халдсан байна. Үүнээс гадна “Пало Алто” компанийн дэргэдэх кибер халдлагад шинжилгээ хийдэг “Unit 42” судалгааны баг 2015 оны наймдугаар сараас 2016 оны хоёрдугаар сарын хооронд шинжилгээ хийхэд Монгол Улсын Засгийн газар, төрийн байгууллагуудын цахим шуудангаар явагдсан фишин мэйлүүд, олон ноцтой халдлагыг илрүүлсэн байна. Түүнчлэн, FireEye байгууллагын судалгаагаар 2017 онд баримт бичгийн “Microsoft Word” программын цоорхой, хулгайн программын сул талыг ашиглан Монгол Улсын төрийн албан хаагчдыг онилж, кибер халдлага үйлдэж байгааг илрүүлжээ. Тэгэхээр манайх анти-вирусын программ хэрэглэж хэвшээгүй, албан ёсны лицензтэй программ авч хэрэглэхгүй байгаатай холбоотой халдлага их байгаа дүр зураг харагдаж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН 45 ХУВЬТАЙ БАЙНА
-Манай улс 2010-2015 оныг хамарсан Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр баталсан. Үүнд дөрвөн том зорилт дэвшүүлсэн. Харин 45.5 хувьтай биелсэн байна. Тухайлбал, мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрхзүйн орчныг бүрдүүлэх зорилт 62 хувьтай буюу Цахим гарын үсгийн тухай хууль, Эрүүгийн хуулийн хэдэн заалтаас өөр зохицуулалт байхгүй. Өгөгдөл хамгаалах тухай хууль батлагдаагүй. Мэдээллийн аюулгүй байдлын эмзэг байдлыг бууруулах, хариу үйлдэл хийх тогтолцоог бүрдүүлэх зорилт 51 хувьтай. Мэдээллийн аюулгүй байдлыг хангахад хэрэглээний соёл төлөвшүүлэх, иргэдийн мэдлэг боловсролыг дээшлүүлж, хүний нөөцийг хөгжүүлж, төр, хувийн хэвшлийн таатай орчин бүрдүүлэх зорилт 21 орчим хувьтай байна. Төрийн мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлэх асуудал 48 хувьтай гэвэл ерөнхийдөө хангалтгүй үзүүлэлттэй. Одоо Мэдээллийн аюулгүй байдлыг хангах хоёр дахь үндэсний хөтөлбөрөө гаргахаар ажиллаж байгаа гэж ойлгож байна. 2017 онд төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн зөвлөгөөнөөс зөвлөмж гаргасан. Үүнийг хэрэгжүүлбэл мэдээллийн аюулгүй байдлын эмзэг байдал буурч, таатай орчин бүрдэнэ гэдгийг холбогдох бүх байгууллага хэлээд байгаа юм. Нэгдүгээрт, Мэдээллийн аюулгүй байдлын тухай олон улсын жишигт нийцсэн маш сайн хуультай болох хэрэгтэй. 2013 онд хуулийн төслийн анхны хувилбар гарсан ч нэр нөлөө бүхий хүмүүс хуулийн зохицуулалтын үндсэн агуулгыг өөрчлөхөөр санаархах, ач холбогдлыг төдийлөн ойлгохгүйгээс зургаан жил хойшлуулж ирсэн. Энэ удаагийн хаврын чуулганаар батлах байх.Блиц
Мэргэжил: -Хуульч, судлаач Боловсрол: -2011 он: МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч -2014 он: Сингапур улсын Оюуны өмчийн академид оюуны өмчийн эрх зүй -2017 он: ОХУ-ын Үндэсний судалгааны их сургуулийн (NRU HSE) Мэдээллийн технологи, оюуны өмчийн олон улсын лабораторид цахим эрх зүй Ажил эрхлэлт: -Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны гишүүн -Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүхийн хууль тогтоомж хариуцсан ахлах референт -Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнд судлаач -МУИС-ийн хуулийн зөвлөх -Нээлттэй мэдлэг, боловсролын сангийн хуулийн зөвлөх -Монголын төмөр зам ТӨХК-ийн хуульч -2017 оноос ОХУ-ын “Вестник ННГУ” эрдэм шинжилгээний сэтгүүлийн Редакцийн зөвлөлийн гишүүн -Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч