Ж.ЦОГЗОЛМАА
Ирэх сард болох “Ulaanbaatar book fair-2019” олон улсын номын баярыг угтан Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлч, ном бүтээгчдийн сургалт, семинар боллоо. Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Хүүхдийн төв номын сан, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран энэ үйл ажиллагааг зохиосон юм. Энэ үеэр хүүхдийн зохиолч, яруу найрагч Ц.Энхтүвшинтэй ярилцсанаа хүргэе.
-Дэлхийн номын өдрийг тохиолдуулан зохиолч, уншигч, түншлэгчдийг холбосон уулзалт болж өнгөрлөө. Энэ үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?
-Үр дүнтэй, мэдээлэл өгсөн уулзалт болсон. Хоёр ч номоо түншлэгчиддээ хүргэлээ. Ирэх сарын 20 гэхэд ном маань хэвлэгдэн гарна. Үүнээс гадна өөр дөрвөн номын хэвлэлтийн ажил ч яригдлаа. Ерөнхийдөө энэ үйл ажиллагааг жилдээ ганц биш хэд хэдэн удаа зохиовол маш үр дүнтэй байх нь гэсэн хүлээлт бий болоод байна.
-Таны хувьд хүүхдийн хэчнээн зохиол бүтээл туурвиад байна?
-Хүүхдийн байгууллагад ажиллаж байсны хувьд сэдэв ч хангалттай байна. Хүүхдийн сэдэвтэй, хэвлэгдээд гарсан нь 14 ном байна. Үүнээс гадна үргэлжилсэн үгийн болон яруу найргийн хэд хэдэн ном хэвлүүлсэн.
-Номын дэлгүүрүүдийн лангуун дээр ихэвчлэн гадны зохиолчдын орчуулгын, сайхан өнгө загвартай, том зурагтай хүүхдийн номууд харагдаад байдаг. Харин монгол зохиолчдын хувьд тэдэнтэй өрсөлдөх чадвар хэр байна вэ. Үүн дээр шүүмжлэлтэй хандах ч хүмүүс байна?
-Ингэж шүүмжилж байгаатай санал нийлэхгүй байхын аргагүй. Гэхдээ өнгөтэй, тод зурагтай, бүр алтан үсэгтэй байгаад ч тэр сайн ном биш байж болно шүү дээ. Манайхны хувьд орчуулгын тал дээр ч анхаарууштай. Харахад, сайхан ном. Гэтэл уншихад учир дутагдалтай, найруулгын алдаатай, ёс зүйгүй үг хэллэг, үг үсгийн алдаа ихтэй байх нь ажиглагддаг. Гэлээ гээд сайн ном байгааг ч бас үгүйсгэх аргагүй. Монгол зохиолчдын хувьд гадаадын орчуулгын номууд шиг хатуу хавтастай, өнгөтэй мундаг зурагтай том ном хийе гэхээр эдийн засагтаа баригдчихаад байна. Мэдээж цагийн аясаар энэ байдал өөрчлөгдөнө гэж найдаж байна.
-Хүүхдийн зохиол бичдэг залуу уран бүтээлчид ховордоод байна уу гэсэн бодол байдаг. Энэ нь эдийн засагтай холбоотой юу?
-Үүнтэй санал нийлэхгүй. Миний охин хүүхдийн зохиолч, Бат-Эрдэнийн Ганчимэгийг мэдэх хүмүүс нь хэлэх л байх. Охин маань шантрахгүй бичдэг. Гагцхүү бидний араас түрэн орж ирж буй залуу үеийн зохиолч цөөн байна. Овоо бичиж байна уу даа гээд харахаар, нас нь тэгж таараад байна уу, хайрын номонд “урвачихдаг”. Шүлэг яруу найргаа түлхүү бичээд хүүхдэд зориулан туурвих нь цөөрсөөр байна. Ер нь манай хүүхдийн зохиолчид “цус сэлбэх” шаардлагатай харагддаг. Гэхдээ энэ чиглэлээр бичдэг залуучууд тун цөөн байгаа. Амарзаяа, Т.Энхтуяа, Найгалмаа, П.Наранбаатар гээд яг одоо идэвхтэй сайн бичиж байгаа нь бий.
-Хүүхдийн зохиолуудыг ажиглахад хүүхдийн “хэл”-ээр хэр сайн бичигдсэн байдаг юм бол?
-Хүүхдийн хэл гэдэг нь нэг өөр зүйл. Үүнийг зарим хүн энгийн хар ярианы хэл гэж ойлгоод байгаа юм. Бас гаднаас орж ирж байгаа орчуулгын номуудын талаар ч хэлэх зүйл их бий. Тухайлбал, нэгэн хэвлэлийн компанийн оруулж ирж, орчуулан хэвлэдэг, “Таши” гэдэг цуврал ном бий. 14 билүү 16 дугаар цувралд нь “Хүний ясаар хийсэн хашаатай, хүүхдийн толгойны гавлын ясыг хашааныхаа шон дээр өлгөсөн” гэсэн өгүүлбэр байсныг би уншиж байсан. Хүүхэд өдөр бүр түүнийг нь уншаад байвал хүнийг үгүй хийчихээд, ясаар нь хашаа хийх бол ердийн үзэгдэл гэж ойлгох нь байна шүү дээ. Тиймээс хүүхдэд зориулан гаргаж буй зохиол бүтээлийн үг хэллэг дээр нь анхаарах хэрэгтэй. Манай хуучны зарим нэг ардын аман зохиол дээр ч бас гардаг. Гагц одоо цаг дор түүнийг зөөлрүүлж, хүүхдэд хүчирхийллийг үзүүлэхгүй, сонсгохгүй байх хэрэгтэй. Ахмад хүний хувьд ном бол сургамжтай, хүүхдийг хүмүүжүүлэх ёстой. “Таны бичсэн ном уншигчаасаа хоёр насаар ах байх ёстой” гэж энэ удаагийн семинарт хэлж байсныг санаж байна. Тэгэхээр бид уншигчдаасаа дор хаяж 2-5 жилийн урд явах шаардлага тулж ирээд байна. Мэдлэг, мэдээлэл гэдэг тэс ондоо хоёр зүйл. Зурагтаар бидний үзэж, хараад байгаа зүйл чинь мэдээлэл болохоос мэдлэг биш. Гэтэл эцэг эхчүүд үүнийг мэдлэг гэж андуураад зурагтаар хангалттай гарч байгаа зүйлээр хүүхэддээ мэдлэг олгочихлоо гэж бодоод байна. Энэ бол эндүүрэл юм.
-Хүүхдүүд компьютерт их донтож байна. Магадгүй тэдэнд унших зүйл хангалтгүй байгаад байна уу эсвэл байсан ч түүнийг нь бид анзаарахгүй байна уу?
-Унших зүйл хангалттай байгаа. 1960-1970 онд МАХН-ын Төв хорооны 43 дугаар тогтоол гарч үйлдвэрийн ажилчдыг олноор нь сонгодог урлаг үзүүлж, түүгээр нь тэмдэглэл бичүүлж, сонгодог урлагийн үзэгчдээ бэлтгэсэн түүх бий. Яг үүн шиг бид 1990-ээд оноос хойш нэг хэсэг уншигчдаа алдчихсан шүү дээ. Тэр үед уншаагүй хүмүүс өнөөдөр ээж аав болчихсон. Тэд өөрсдөө уншаагүй болохоор хүүхдээ уншуулж чадахгүй байна. Хамгийн гол нь хүүхдийг “Унш, унш” гээд чичлээд байх биш. Эцэг эх өөрөө тэр уншилтыг гэртээ зохион байгуулах ёстой. Ингэж зохион байгуулахын тулд өөрөө сайн уншигч байхыг амьдрал шаардаж байна.
-Хүүхдээ номонд дуртай болгоё гэвэл бид юу унших вэ?
-Яг тэр ном гэж хэлэхэд их бэрх. Жишээлбэл, бидний уншиж өссөн дэлхийн сонгодгуудыг унш гээд хэлэх гэхээр хуучны хэвлэл нь байхгүй болчихжээ. Шинэ хэвлэлүүдийг нь аваад уншъя гэхээр тухайн үедээ 500 хуудастай гарч байсныг одоо хэвлэхдээ 200-300 хуудастай болгоод “цомхотгочихсон” байна. Тухайн номыг редакторласан, эрхлэн гаргаж байсан хүмүүс өөртөө таагүй үг, өгүүлбэрүүдийг орхигдуулаад эсвэл онцын чухал биш гэж үзээд базаад хэвлэчихсэн. Гэтэл тэр хаягдсан санаанд нь өнөөх номын хамгийн чухал хэсэг нь орхигдчихсон байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр миний харж байгаагаар хамгийн сүүлчийн зөв шийдэл нь эцэг эх өөрөө эхлээд сайн унших хэрэгтэй. Уншсан хүн багцаа, баримжаатай болохоос гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын заавал унших номын жагсаалт гээд нэг зүйл гарчихсан байдаг. Тэр нь олон жил багшилсан багш нарын дадлага, туршлага, мэдлэг дээр тулгуурлан гаргасан жагсаалт гэж харж байна.
-Сүүлийн үед электрон ном унших нь зүйтэй гэж сурталчлах боллоо?
-Тийм байна лээ. Номын аппликейшн татаж аваад уншаад байвал таны хүүхэд номонд дуртай болно гэж байна. Ингэж уншсан ном хэзээ ч хүний тархинд тогтдоггүй юм. Цаасан дээр харсан үг хүний тархинд тогтож үлддэг. Цахим номноос татгалзаад цаасан ном руугаа орох хэрэгтэй.
-Хүүхэддээ хэдэн наснаас нь ном уншиж өгвөл зүгээр юм бол. Заавал хэлд орохыг нь хүлээх үү?
-Ой хүрсэн хүүхдэд үлгэр яриад өгөхөд л ойлгоод, инээдэг. Тэр үеэс нь ярьж өгөх хэрэгтэй, өөрөө ч бас унших хэрэгтэй. Жаахан том болоод ирэхэд нь гэр бүл дотроо ном унших уур амьсгалыг бий болгох хэрэгтэй. Эцэг эх нь ном уншдаг айлын хүүхэд заавал ном уншдаг. Мөнгөгүй боломжгүй байлаа ч номын санд хүүхдээ аваачаад ном уншуулж байгаа эцэг эх байна. Мөнгөтэй хэр нь өнгөлөг, гоё хавтастай номоор тавилгаа чимэх үзмэр болгох гээд цуглуулж байгаа бэл бэлчинтэй хүмүүс ч байна. Ном бол оюуны хэрэглээ болохоос биш эдийн хэрэглээ биш.
-Таныхаар ном уншиж сурсан хүнд бий болдог хамгийн том давуу тал нь юу юм бол?
-Ерөөсөө л хүн болдог. Ном уншсан хүн ертөнцийг олон нүдээр харж чаддаг. 50 жилийн өмнө би жаахан хүүхэд байхдаа “Монте Кристо гүн” номыг уншиж байсан. Тэр үед зурагт ч байсангүй. Номонд Иф цайз гэж гардаг. Далайн дунд саарал, хүйтэн чулуун ханатай, аймшгийн цайз байдаг. Тэр нь цонхгүй гээд л төсөөлж байлаа. Харин одоо тухайн номоор хийсэн баримтат кино, уран бүтээлүүдээс харахад тэр нь яг л үнэн байна. Тэгэхээр хүүхдийн төсөөллийн чадварыг сайн нэмэгдүүлдэг. Ном их уншсан хүүхэд үг, үсгийн алдаагүй бичиж сурна. Ном уншиж сурсан хүүхэд сууж сурсан байдаг. Сууж сураагүй хүн судар сурдаггүй гэж хуучны үг бий. Энэ мэтчилэн ном уншихын давуу тал олон.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.5.3 Баасан №92 (6059)