Ц.БАЯР
Монгол Улсын нүүрсний салбарын ууган үйлдвэр болох Орон нутгийн өмчит “Тавантолгой ” ХК-ийн энэ оны хувьцаа эзэмшигчдийн хурал дөрөвдүгээр сарын 29-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багт боллоо. “Тавантолгой” компани өнгөрсөн онд 1.8 сая тонн нүүрс борлуулсан байна. Энэ нь өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч 52 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Улс төр болон бусад гадаад дотоод орчны нөлөөлөлд өртөж ашиг, орлого бууралттай байсан ч 53 жилийн туршлагаар цаг үеийн хүндрэлийг давж, хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараасан хэвээр байна. Мөн орон нутаг болоод улсын төсөвт өнгөрсөн онд 173 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж ногдол ашиг тараажээ. Үүнээс Өмнөговь аймгийн төсөвт 65 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, бүтээн байгуулалтад зориулагдаж үр шимээ өгсөн байна. Түүнчлэн сүүлийн таван жилийн хугацаанд тус компани төсөвт 830.2 тэрбум төгрөг төвлөрүүлснээс 423 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараажээ. “Тавантолгой” ХК нь 23 улсын хувьцаа эзэмшигчтэй олон улсын нээлттэй компани билээ.
Хурлаар компанийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа тавьсан юм. Тайланд хийсэн ТУЗ-ийн дүгнэлтийг ТУЗ-ийн дарга С.Мөнхбаяр танилцууллаа. 2017 оны ногдол ашиг хуваарилалтын тайлан, 2018 оны ногдол ашиг хуваарилах ТУЗ-ийн шийдвэрийн тухай түүнчлэн 2019 оны ТУЗ-ийн төсвийг батлах гишүүнийг сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм.
“Тавантолгой” ХК 2018 оны ногдол ашгийг нэгж хувьцаанд 853 төгрөг байхаар ашгийн 85 хувь хүртэлхийг хувьцаа эзэмшигчиддээ хуваарилахаар шийдвэрлэжээ. Түүнчлэн компанийн засаглалын үндэсний зөвлөлтэй хамтран “Сайн засаглал” хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан юм. Энэ онд эднийх 6.0 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж:www.polit.mn