С.УЯНГА
Монгол Улсын Засгийн газрын үүрэг чиглэлийн дагуу ОБЕГ, НЗДТГ хамтран Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтыг энэ сарын 24-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтын үеэр иргэдийг аюулгүйн талбайд гаргахаас гадна төрийн байгууллагуудын удирдлагуудыг чадавхижуулах команд штабын сургуулийг зохион байгуулсан нь үр дүнтэй байсныг ажлын хэсгийнхэн онцоллоо.
Мөн бүх шатны гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгох, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор төвийн зургаан дүүрэгт газар хөдлөлтийн нурангиас аврах ажиллагаа, Хүй долоо худаг “Монгол наадам” цогцолборт Улсын I, II, III эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвүүд хээрийн хүн эмнэлэг дэлгэх үзүүлэх дадлага сургуулиудыг зохион байгуулсан нь гамшгаас хамгаалах сургуулилтын цар хүрээ, үр өгөөжийг илтгэнэ.
Тэгвэл гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтын ач холбогдол өндөр, үр дүнтэй байсан ч цаашид анхаарах асуудал цөөнгүй байгааг НЗДТГ болон ОБЕГ-аас мэдээллээ. Тухайлбал, хээрийн эмнэлэг дэлгэх зэрэг зарим нүүлгэн шилжүүлэлтийг хувийн эзэмшлийн талбайд хийжээ. Тиймээс нүүлгэн шилжүүлэлт, түр цугларалттай холбоотой газрын асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Мөн дуут дохиог нэмж байршуулах, түр цугларах 111 талбайг нягтлах шаардлагатай гэдгийг Хотын дарга С.Амарсайхан хэллээ. Тэрээр “Иргэдийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед хариу арга хэмжээ үзүүлэх, бэлэн байх мэдлэг чадварыг дээшлүүллээ. Анх удаа зохион байгуулагдсан ч маш сайн үр дүнтэй байсан гэж Хотын удирлагууд дүгнэсэн. Цаашид гамшгаас хамгаалахтай холбоотойгоор төрийн байгууллагуудын бааз суурийг бэхжүүлж, чадавхийг дээшлүүлэх шаардлагатай. Гамшгаас сэргийлэх дадлага сургуулилтыг нэг удаа хийгээд орхих биш уламжлал болгон зохион байгуулах хэрэгтэй. Түр цугларах, хээрийн эмнэлэг дэлгэхтэй холбоотойгоор газрын асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна. Урд өмнө анзаараагүй олон зүйлийг мэдэж, мэдлэг мэдээлэлтэй болсон. Гамшгийн бэлэн байдлыг хангахтай холбоотой тусгай төсөв, хөтөлбөр баталж хэрэгжүүлдэг байя” гэсэн юм.
Харин ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Засгийн газрын тогтоолоор анх удаа 29 жилийн дараа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтыг зохион байгууллаа. Сургуулилтын гол зорилго бол эхний ээлжинд иргэдийг гэрээс нь гаргаж аюулгүйн талбайд цуглуулах байсан. 420 мянган иргэн хамрагдана гэдэг чамлалттай тоо биш. Сургуулилтын онц сайн хэмжээнд зохион байгуулахад хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо өндөр байлаа. Хэвлэл мэдээллийн байгууллага ямар хүчтэйг олон нийт харлаа. 900 гаруй төрийн удирдах албан тушаалтнууд команд штабын сургуульд идэвхтэй оролцож мэдлэг мэдээллээ тэллээ. Хамтран ажилласан маш олон байгууллага бий. Эдгээр байгууллага болоод ард иргэддээ талархал илэрхийлье.
Сургуулилтын үеэр анзаарагдсан зүйл бол бүх шатны байгууллагад нөөц бүрдүүлэх хэрэгтэй. Хээрийн эмнэлэг дэлгэх болон нүүлгэн шилжүүлэхдээ зарим үед хувийн эзэмшлийн газар дээр зохион байгуулсан. Тиймээс газар болон түр орогнох байрны асуудлыг анхаарах хэрэгтэй юм билээ. Байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог хэрхэн сайжруулахыг олж харлаа, бичиг баримтуудаа эргэж сөхлөө. Хөгжлийнхөө бодлогод гамшгаас сэргийлэх, эрсдэлийг бууруулахтай холбоотой асуудлыг тусгах зорилт тавилаа. Олон жилийн дараа зохион байгууллаа. Алдаа оноо бий байх. Шударга шүүмжлэл бүрийг хүлээж авна” гэсэн юм.
Иргэдэд тохиолдож болзошгүй аюул, осол, гамшгаас өөрийгөө болон гэр бүлээ авран хамгаалах мэдлэг, дадлыг олгох зорилгоор нүүн шилжих дадлага сургуулийг НИТХ-ын 2016 оны тогтоолоор батлагдсан аюулгүй 111 цэгт зохион байгуулахад нийслэлийн 3200 гаруй нийтийн орон сууц, 120 гаруй мянган өрхийн 420 гаруй мянган иргэн оролцлоо. Мөн иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулж, 3000 гаруй иргэнийг хамруулсан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.4.30 № 89 (6056)
Б.Ууганбаяр: Зарим нүүлгэн шилжүүлэлтийг хувийн эзэмшлийн талбайд хийсэн
2019-04-30
Нийтэлсэн: Админ
 1 мин