Б.НАМУУНТАМИР
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIV хуралдаанаар зарим журмыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргасан. Хурлаар хэлэлцсэн дээрх журмуудын үндэслэл болгосон хууль нь хүчингүй болсны зэрэгцээ тухайн харилцааг өөр эрх зүйн хэм хэмжээний актаар зохицуулж байгаа юм байна.
Нийслэлийн ИТХ-аас 2015 онд баталсан эл журмыг боловсруулахдаа 2005 оны Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг үндэслэл болгосон байдаг. Гэвч үндэслэл болгосон уг хуулийг холбогдох албанаас хүчингүй болгож, 2017 онд Ахмад настны тухай хуулийг баталсан байна. Эдүгээ мөрдөж буй энэ хуулийн 8.2-т “Ахмад настны нийтийн тээврээр төлбөргүй зорчих журмыг Засгийн газар батална” хэмээн заажээ. Ингэснээр нийслэлийн ИТХ-аас баталсан дээрх журам шаардлагагүй болж байгаа аж.
Энэ хүрээнд Засгийн газраас 2017 онд 197 дугаартай тогтоол баталж, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих журам”-ыг баталсан юм. Үүний дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам журмын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаа байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн ИТХ-аас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих үйл явцыг зогсоогоогүй байна. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиж байгаа юм.
Эх сурвалж: www.polit.mn