
Б.БАЯР
“Ухаахудаг” бол улс доторх улс юм. Энэ товч бөгөөд тодорхой нэрэндээ яг тохирно. Тэдэнд байхгүй зүйл алга. Яг л улс шиг бүх бүтэц тэнд ажилладаг байжээ.
Улс шиг УИХ-ын гишүүдтэй.
Улстай адилхан улс төрийн намуудтай.
Улстай адил армитай.
Улстай ижил Тагнуулын албатай.
Улс шиг өөрийн иргэдтэй. “Ухаахудаг улс”-ын тэдгээр иргэн тэдний босгосон Туулын эрэг дэх тансаг зэрэглэлийн байранд түрээс төлж, тагт залгаа амьдардаг.
“Ухаахудаг”-ийнханд Монгол Улсын хууль үйлчлэхгүй, эрх зүйн тусдаа орчинд амьдардаг. Тухайлбал, татварын таатай орчинд амьдардаг.
“Ухаахудаг”-ийн босс нь Улсын Ерөнхийлөгч байсан хүн рүү залгаж загнаад л пост бичүүлдэг.
“Ухаахудаг”-т хэнийг ч “хог болтол машиндах” хүчтэй PR баг байдаг.
“Ухаахудаг” бас “Улс төрийн ТУЗ”-тэй. Энэ “ТУЗ” Тавантолгойн нүүрсний ордыг төрд авснаас эхлээд олон үйл явдлын үндэс шалтгааныг шийдэж иржээ. Жишээ нь, “2009 онд Ерөнхий сайд яагаад солигдсон бэ” гэдэг Ухаахудагтай л холбогддог.
Ийм хүчтэй. Ямар сайндаа л “НҮБ-д элсэхээс бусдаар улс болчихож” гэх вэ дээ. Гэхдээ энэ бол тоглоом биш. Шоглоом гэсэн ч зөөлдөнө.
Сая “Ухаахудаг” гэж яригдахад л Монгол Улс доргиж байна. Уг нь бид “Ухаахудаг”-ийнханд өөрийнхөө, үр хүүхдийнхээ ууж идэхийг алдчихаад, ухуулаад байж байдаг. Гэтэл “Баялаг бүтээгчид рүү дайрлаа” гэх хүн цөөнгүй гарч ирж, тийм PR ч хүчтэй явж байна. Сангийн сайдаар 20-иод жилийн өмнө ажиллаж байсан нөхөр хүртэл “Газрын дор байгааг байгалийн нөөц гэнэ. Гаргаж ирээд баялаг болно” гэсэн захиалгат ухуулгыг зогсоо зайгүй хийж байна. Газар доорх алт гарч ирэхээрээ алт биш болчихгүй биз дээ. Хаана ч нэг л чанараараа байдаг. Нүүрс ч адилхан. Ер нь бол, Ухаахудагийг авсан эзэд юуных нь баялаг бүтээгчид байх вэ дээ. Тавантолгойн ордыг 1999 онд “Майн инфо” ЗБН аваад, 2000 онд “Энерго ресурс” ХХК-д шилжүүлсэн. “Энерго ресурс” ХХК нь 2002 онд талбайгаа төрд шилжүүлж, “Ухаахудаг” нэршилтэй хоёр лиценз бүхий талбайг авч үлдсэн. Ингээд “Энержи ресурс”-т 2005 оны хавар шилжүүлсэн. “Энержи ресурс” нь 2007 оны нэгдүгээр сарын 23-нд Ухаахудаг нэртэй 1011 гектар талбай бүхий 11952А дугаартай ашиглалтын лицензийг 30 жилийн хугацаатай эзэмшиж эхэлсэн. Ухаахудагтай “Хасвуу”, “Спейшл холдинг лимитед”, “Минтек минералс”, “Алтай холдинг”, “Тугсан”, “Майн инфо”, “Вектор-интернэшнл”, “Интернэшнл финансиал групп” зэрэг аж ахуйн нэгжийн эзэд янз бүрийн цаг хугацаанд ямар нэг байдлаар холбогддог. Хамгийн гол нь Ухаахудагийг төрийн ямар ч шийдвэргүй хувьчилсан. Ийм байхад л “Хөөрхий, баялаг бүтээгчид минь” гэж өмөөрч, өмөлзөөд сүйд бологсод цөөн бус байх юм. “Нохой зассан эзэндээ янаг” гэдэг л энэ биз ээ. Харин тэдний хажууд нарийн боовны цех, оймсны үйлдвэрийн эзэд жинхэнэ баялаг бүтээгчид шүү дээ.
Түүнчлэн хэд хоногийн өмнө “Ухаахудагийн Тагнуулын алба” гэгж нэрлэгдээд байгаа хамгаалалтын албаныхантай холбоотой дуулиан гарлаа. Тэдний талаар анх “Ухаахудагийг эзэмшдэг гол компанийн харуул хамгаалалтын албаныхан хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулж байсныг хууль хяналтын гүйцэтгэх албаныхан илрүүлжээ. Тодорхой тооны автомашин болоод ресторан, зоогийн газруудад гүйцэт¬гэх ажиллагаа явуулдаг тоног төхөө¬рөмж байршуулсан байжээ. Тэд ингэж тоноглосон авто¬машин, ресторандаа гүйцэтгэх ажил¬лагаа явуулдаг байж болзошгүй нөхцөл илэрсэн байна. Мөн утас чагнах төхөөрөмжүүд ч илэрсэн аж. Түүнчлэн уг хэргийг илрүүлэх үед нэр бүхий шүүгчдэд байр, машин лизингээр өгдөг баримтууд гарч ирлээ” гэх мэдээлэл цацагдсан. Одоо нэмээд, “Хэрэглэгчдийн утсыг түүвэрлэн чагнадаг байж болзошгүй”, “Тансаг байрны түрээслэгчдийн мэдээлэлд камерын системээр дүгнэлт хийдэг байж болзошгүй”, “GPS-тэй автомашинаар ажилтнуудынхаа болон бусад иргэдийн байршлыг тогтоож хянадаг байж болзошгүй”, “Шүүх хурлын танхим болон бусад обьектуудыг тоноглож мэдээлэл авдаг байж болзошгүй”, “Хууль хяналтынбайгууллагуудын ажилтнуудыг элсүүлэх замаар нэр бүхий албан тушаалтнуудын байршлыг тогтоож, уулзалтуудын мэдээллийг авдаг байж болзошгүй” гэж яригдаж байна. Энэ бүгд үнэн, эсвэл худал нь цагаан сар өнгөрүүт ил тодорхой болох биз ээ. Нөгөөтэйгүүр, “Ухаахудаг” хэмээх улс доторх улс мэт, бүх түвшинд бяр хүчээ үзүүлээд нэг л биш байна шүү. Тиймээс, нэгэнт л хууль нь батлагдсан Үндэсний баялгийн санд стратегийн ордууд байх ёстой бол Ухаахудаг ч багтах л учиртай. Төр хийхээ хийж, стратегийн орд эзэмшигчид өгөхөө өгөх л ёстой гэсэн үг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 37, 38 (7533, 7534)