Т.БАТСАЙХАН
Монголын багш нарын VII их хурал өчигдөр Төрийн ордонд эхэллээ. 1935 онд анхдугаар хурлаа зохион байгуулж байсан бол хамгийн сүүлд 1996 онд ингэж олноороо чуулан алдаа оноогоо дэнсэлж байсан удаатай. Энэ удаагийн чуулган түүнээс хойш 23 жилийн дараа болж буйгаараа онцлог байв. Мөн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн ажлаа аваад хамгийн түрүүнд зохион байгуулсан томоохон чуулга, уулзалт байсан юм. Чуулганд Монголын өнцөг булан бүрээс 800 орчим төлөөлөгч оролцлоо. Тэд хууль эрх зүйн шинэчлэл, сургалтын бодлого, багшийн хөгжил, ёс зүй, багшийн үнэлэмж гэсэн сэдвээр ярилцаж тодорхой шийдлүүдэд хүрэх зорилготой юм.
Г.Лхаахүүд Ардын багш цол хүртээлээ
Багш нарын чуулган өчигдөр Төрийн ордонд өглөө 09.00 цагаас эхэлсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ахмад багш нарын төлөөлөл чуулганы үйл ажиллагааг нээлээ. Түүнчлэн нээлтийн үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигийг сонордуулж, МУБИС-ийн Багшийн сургуулийн зөвлөх багш Г.Лхаахүүд Ардын багш цол хүртээлээ. Түүнчлэн Нийслэлийн Тусгай боловсролын 55 дугаар сургуулийн багш Ч.Ганбилэг, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын багш Г.Гүндэгмаа, ахмад багш П.Дулмаа, Г.Дуламжав, Мэргэжлийн боловсролын сургалтын үндэсний арга зүйн төвийн захирал С.Цээпил, Архангай аймгийн Эрдэнбулган сумын хүмүүн цогцолбор сургуулийн багш М.Шагдарсүрэн, ШУТИС-ийн Мэдээлэл, холбоо технологийн сургуулийн багш А.Эрдэнэбаатар нарт Монгол Улсын гавьяат багш цол хүртээснийг Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгсөн юм. Үүний дараа Ардын багш Ц.Өнөрбаян багш нараа төлөөлөн үг хэлж, Ардын жүжигчин Б.Зангад багш нарын сүлд дуулал болсон “Багшаа дуулъя” дуугаа өргөж чуулганы үйл ажиллагаа үргэлжилсэн.
У.Хүрэлсүх: Жирийн нэгэн багшийн хүсэлтээр чуулганыг зохион байгуулж байна
Багш нарын VII чуулганыг Ерөнхий сайдын захирамж гаргаж, БСШУС-ын сайд, ХНХ-ын сайдын хамтарсан тушаалаар бэлтгэл ажлыг хангаж, Багш нарын холбоо, Ахмад багш нарын холбоо, Залуу багш нарын холбоо, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран зохион байгуулж байгаа юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх багш нарт хандан “Ирээдүй хойч үеэ хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж чадахуйц эрдэм боловсролтой, Эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй иргэн болгон төлөвшүүлэхэд багш хүн бүрийн үүрэг, хариуцлага нэн чухал билээ. Монголын үе үеийн багш нар нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, ард иргэдээ соён гэгээрүүлэх их үйлст үнэнчээр зүтгэн хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарьж, ард тvмнээ хөгжил дэвшлийн замд хөтөлсөөр ирсэн түүхтэй. Ерөнхий боловсролын сургуулийн жирийн нэгэн багш надад хандаж, Монголын Багш нарын их хурлыг зохион байгуулж, боловсролын шинэчлэл, багш нарын өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцүүлж өгөхийг хүссэн захидал ирүүлснийг миний бие дэмжиж талархан хүлээж авсан юм” гэлээ.
“Багшийн хөгжил-Өчигдөр, Өнөөдөр, Маргааш” илтгэлийг хүргэв
Үүний дараа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Багшийн хөгжил-Өчигдөр, Өнөөдөр, Маргааш” сэдвээр үндсэн илтгэл тавилаа. Тэрээр их хурлаас үр өгөөжтэй, холын хараатай шийдвэрүүд гарна гэж итгэж байгааг онцлов. “Багш нарыг багшлах үндсэн ажлын чиг үүргийн бус захиргааны болон бусад ажилд дайчилдаг, элдэв цаасан тайлан тооцоо, мэдээлэл гаргах ажлаар дардаг байдлыг зогсоох, тэднийг төрөл бүрийн орон нутгийн болон байгууллагын чанартай уралдаан тэмцээн, олимпиадад дайчилж, сурагчдыг зохион байгуулалттай оролцуулахыг даалгадаг, тэдгээр уралдаан тэмцээний үр дүнгээр багшийн ажлыг дүгнэдэг зарчмын бус байдлыг таслан зогсооно гэсэн юм. Түүнчлэн Улсын хэмжээнд нийт 28 сургуулийн 8451 хүүхэд гурван ээлжээр хичээллэж байгааг 2019 оны улсын төсвийн хөрөнгөөр 12440 хүүхдийн хүчин чадалтай 22 сургууль, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 3440 хүүхдийн хүчин чадалтай дөрвөн сургууль, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 640 хүүхдийн хүчин чадалтай нэг сургууль, Япон улсын буцалтгүй тусламжаар 1400 хүүхдийн хоёр сургуулийг ашиглалтад оруулснаар улсын хэмжээний бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэх боломж бүрдэж байгааг мөн дуулгасан.
Хамгийн ахмад нь 91, залуу нь 20 настай
Чуулганыг зохион байгуулагчдын мэдээллэснээр их хурлын төлөөлөгчдийн 20.6 хувь нь эрэгтэй, 79.4 хувь нь эмэгтэй багш байв. Түүнчлэн хамгийн ахмад төлөөлөгч гавьяат багш Ц.Балхаажав өдгөө 91 настай бол хамгийн залуу төлөөлөгч Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн багш 22 настай Г.Тэгшсүрэн хүрэлцэн ирсэн байв.
БСШУС-ын ТНБД Б.Баярсайхан: Манай улс хөгжмийн багшийн дутагдалтай байна
Багш нарын VII чуулганд оролцогч, зохион байгуулагчдын байр суурийг хүргэж байна.
- Боловсролын тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн ололт, амжилт, сургамжийг нэгтгэн дүгнэх, Боловсролын салбарын хууль, эрх зүйн орчинд хийгдсэн шинэчлэлийн хэрэгжилт, багшийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэж байна. Засгийн газраас 23 жилийн дараа зохион байгуулж буй энэ хуралд маш их ач холбогдол өгч байна. Энэ хурлын үр дүнд тодорхой шийдвэр, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Багш нар маань одоогоор нэг, тав, арав дахь жилдээ багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагддаг. Одоо яамнаас олон улсад багш нараа сургалтад хамруулах асуудлыг ярьж байна. Түүнчлэн багш нарын үнэлэмж гэдэг зөвхөн нэр хүндийн асуудал биш багшийн ажил ямар чухал вэ гэдгийг төр нь олон нийт нь ойлгодог болгох бодлого баримталж байна. Мөн тусгай хэрэгцээт, боловсрол болон хөгжмийн багшийн эрэлт хэрэгцээ нэлээд байна. Ялангуяа хөгжмийн мэргэжлийн багш улсын хэмжээнд 1000 гаруй орон тоо дутагдалтай байна. Энэ 20-иод жилийн өмнө энэ чиглэлийн сургуулийг нь татан буулгасантай холбоотой. 2016 оноос яамнаас санаачлан сургуулийг нь эргүүлэн нээсэн ч сүүлийн 10 жилд эрэлт хэрэгцээг нөхөж дийлэхгүй байна.
Академич Б.Жадамба: Багш бол улсын хөгжлийн үндэс юм
- Өнөөдөр энэ зааланд гурван үеийн багш нар сууж байна. Ахмад үеийн багш нар боловсролын салбарт маш их зүйл хийсэн. Тухайн үед сургалтын хөтөлбөр төлөвлөгөө тогтвортой байлаа. Сурах бичиг чанартай, багшаа сонсдог байлаа. Тэр үеийн багш нар эрдэмшиж, мэргэжихийн төлөө үнэн сэтгэлээсээ хичээдэг байсныг онцолмоор байна. Харин өнөөдөр багш нар сайн муу их хэлүүлэх юм. Гэхдээ бид ихийг бүтээж байгаа гэдгийг хүний хөгжлийн индекс харуулж байгаа юм. Багш бол улсын хөгжлийн үндэс. Багш нарын зүгээс нэгдүгээрт эрүүл байх, хоёрдугаарт амьдралын баталгаатай болох, гуравдугаарт, тэтгэвэртээ гарчихаад бололцоотой амьдармаар байна.
Дархан-Уул аймгийн багш Д.Амгалан: Багшийн асуудал зөвхөн цалин нэмэхээр хязгаарлагдахгүй
- Багшийн мэргэжил дээшлүүлэх асуудлыг ярихын тулд зөвхөн цалин яриад шийдчих асуудал биш. Төрийн маш том бодлогоор шийдэх ёстой. Тэр тусмаа багшийн сургуулиудын багш нарын чанар, чадавхид өөрчлөлт хийх, хөтөлбөрийг нь шинэчилж өөрчлөх шаардлагатай. Тэр дундаа орон нутагт байгаа багшийн сургуулиудын чадамжийг сайжруулах хэрэгтэй. Үүнд төрийн сургуулиуд хамтарч оролцох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, ЭЕШ өгсөн хүүхдүүдээс нэлээд доогуур оноотой хүүхдүүд багш бэлтгэдэг сургуульд элсч байна. Энэ нь багш бэлтгэх үйл явцыг хүндрүүлж байна. Түүнчлэн шинээр бэлтгэгдэж гарсан багш нарыг мэргэжлийн ажилд нь дур сонирхолтой болгох нь маш чухал. Түүний цаана багш хүүхдийг хайрладаг, хүүхдэд өгч байгаа мэдлэгээ сайжруулах гэж үргэлж мэрийдэг болдог. Тиймээс энэ асуудлыг багш бэлтгэдэг сургуулиудын хичээлийн хөтөлбөрт тусгаж өгөх ёстой.
Өмнөговь аймгийн багш Ж.Соёл-Эрдэнэ: Боловсролын хувьд тэгш оролцоо чухал байна
-Би Өмнөговь аймгийн Тусгай сургалттай цэцэрлэгийн багшаар ажилладаг. Тусгай боловсролыг хүүхдүүдэд олгоход тулгамдаж буй маш олон асуудал байна. Тухайн хүүхдүүдийн материаллаг орчин, сэтгэл зүйн орчин дутмаг байна. Яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хэрэгцээний зүйлс ховор. Нийгэм энэ хүүхдүүдийг ойлгож хүлээн авахгүй байна. Ялгаатай байдлыг сайн ойлгодоггүй. Боловсролын хувьд тэгш оролцоо чухал байна. Эдгээр хүүхдийг нэг газар, нэг бүлэгт хорих биш нийгэмд оролцоотой байлгамаар байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.4.12 № 75 (6042)