Х.ОЮУНБОЛД
Энэ сарын 6-16-ны хооронд Ази тивийн гурван бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн анх удаа Монгол Улсад болох гэж байна. “Шатрын холбоо”-ны ерөнхийлөгч Ц. Сайнбаяр “Манай холбоо дөрөв дэх жилдээ олон улсын тэмцээнийг зохион байгуулахад бэлэн болоод байна. Энэ тэмцээний онцлог нь Азийн аварга шалгаруулах тэмцээний дараа ордог, чансаа өндөртэй. Ес хоног үргэлжлэх тэмцээнд найман орны тамирчин өрсөлдөх бөгөөд гадаадын 45 тамирчин, манай 60 гаруй тамирчин тамирчин оролцохоор бүртгүүлээд байна” гэв. Тамирчдаас онцолбол Филиппин улсын тамирчин Азийн анхны их мастер Эугенио Торре, Индонез улсын тамирчин, их мастер Сусанто Мегаранто тэргүүтэй шатарчид иржээ. Харин манай улсаас их мастер Б. Хатанбаатар, Б.Гүндаваа, Ц.Батчулуун, Б.Мөнгөнтуул тэргүүтэй олон улсын мастерууд оролцох юм. Ази тивийн гурван бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахын гол ач холбогдол дэлхийн цомын эрх авч, цаашлаад монгол шатарчидаа дэлхийд өрсөлдөх гүүрийг бий болгор зорилготой юм. Тэмцээнийг өрөг, видео, анализ гэсэн гурван төрлөөр шууд дамжуулах юм байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Г.Оюунчимэг ажиллах бол олон улсын шүүгчээр Жэми Кенмуре тэргүүтэй 11 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллах аж.
Эх сурвалж: www.polit.mn