![](http://resource4.sodonsolution.org/polit/image/2025/02/12/t972mhngtnu1l8ps/Сайд нарын хуулиас давсан тушаалуудыг цуцалж эхэлжээ.jpeg)
Т.САЙХАН
Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа сайд нар Зөвшөөрлийн тухай хуулиас давсан тушаал гарган хэрэгжүүлж байгааг болиулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өгөхдөө "Сайд нарын тушаалаар баталсан зөвшөөрлийн шинжтэй актууд байдаг. Маргааш Зөвшөөрлийн зөвлөлийг хуралдуулж Зөвшөөрлийн тухай хуулийг давсан хэм хэмжээ бүхий шийдвэрүүдийг цуцлах үүргийг яамдад өгнө. Үүнээс болж төрийн хүнд суртал, олон шатны дамжлага бий болж байна. Бизнес эрхлэгчид зөвшөөрөл авахад цаг хугацаа алдаж байна. Үүнтэй холбогдуулан "Бизнест ээлтэй Монгол" санаачлагын хүрээнд Ерөнхий сайдаар ахлуулсан шуурхай штаб долоо хоног бүрийн даваа гаригт бизнес эрхлэгчидтэй уулзаж тулгамдсан асуудлыг нь сонсоно. Улмаар тухайн долоо хоногийнхоо Засгийн газрын хуралдаанаар асуудлыг нь хэлэлцэнэ" гэсэн юм.
Засгийн газрын дээрх шийдвэрийн дагуу яамдууд хуулиас давсан сайдын тушаалаа хүчингүй болгож эхэллээ. Тухайлбал, Байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зарим журмуудыг хүчингүй болгосон талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд 10 журмыг хүчингүй болгохоор Хууль зүй дотоод хэргийн яаманд албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичгээр Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд болон Зөвшөөрлийн зөвлөлийн дүгнэлтийн дагуу байгаль орчны салбарын тусгай болон энгийн зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэхтэй холбогдсон журмыг хүчингүй болгож байгаа юм байна. Тухайлбал, 2023 оны есдүгээр сарын 01-нд А/428 дугаар тушаалаар батлагдсан Ойн мэргэжлийн байгууллагын ажиллах журам, 2024 оны зургадугаар сард А/451-р тушаалаар батлагдсан Ойгоос мод бэлтгэх журмыг хүчингүй болгож байгаа ажээ.
Мөн Хот байгуулалт, барилга, оронсууцжуулалтын яам 2021 оны арваннэгдүгээр сарын 18-ны 245 дугаар тушаалаар баталсан Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг аж ахуй нэгж, байгууллагад олгох, түүнд хяналт тавих, 2021 оны зургаадугаар сарын 25-ны 147 дугаар тушаалаар баталсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журмаа хүчингүй болгожээ.
Эх сурвалж:www.polit.mn