Т.САЙХАН
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр “Цензургүй ярилцлага” нэвтрүүлэгт оролцож, байр сууриа илэрхийлсэн . Түүний ярилцлагаас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэлсэн эшлэлүүдийг онцлон хүргэж байна.
- “Эрдэнэт”-ийн 49 хувийн луйвартай М.Энхболд гэдэг хүн холбоотой болох нь ил болсон. Түүнийг УИХ-ын дарга байхад 23 дугаар тогтоол гэж гарсан нь үнэн. Үүнийгээ зөвтгөх гэж үздэг. Гэхдээ УИХ-ын дарга зүгээр л хурал даргалагч. Ганцаараа шийдвэр гаргаж чадахгүй. -Тэр УИХ-ын гишүүдийн олонх нь “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудалд эсрэг байр суурьтай байсан. Түүнийг зохицуулах гэж М.Энхболд үзсэн юм билээ. Гэхдээ чадаагүй, тийм тогтоол гаргасан юм билээ. М.Энхболдтой, М.Энхболдгүй парламент олонхоороо шийдсэн асуудал. -“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг ярихаас өмнө ХХБ-ны хувьчлалын луйврыг ярих нь зүйтэй. Энэ асуудлаар М.Энхболд миний өрөөнд орж ирээд та үүнийг дэмжчих л дээ. “Та хувь ав” гэж хэлж байсан юм. -Мөн Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёр Эрдэнэтийн 49 хувийн асуудалд гар нийлчихсэн нь мэдэгдээд байгаа юм. Тэд нэг баг учир өмчөө хамгаална шүү дээ. Харин өмчийнх нь луйвар булхайг яриад байгаа Н.Энхбаярыг шоронд хийх шаардлага гарч байгаа биз. -Хэрэв би тухайн үед М.Энхболдоор дамжуулж хэлсэн хувийг нь авчихаад нэг баг болоод сууж байсан бол 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогдож, өнөөдөр 49 хувийг өмөөрөөд сууж байх нь байна шүү дээ. Би эсэргүүцсэн учраас Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан. - Монгол Улс ХХБ-ны мөнгө угаасныг тогтоож, “Эрдэнэт”-ийн 49 хувийг буцааж авах хэрэгтэй. Хууль шүүхийн байгууллагын ялзралыг засах хэрэгтэй. -ХХБ-ны хувьцааг гадаадад бүртгэлтэй 5-6 компани эзэмшиж байна. Тийм банкаараа “Эрдэнэт”-ийн 49 хувийг авчихаж байгааг Монголд ирсэн гэж харж болохгүй. -Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн нэг алдаа нь бүх буруу Оросууд руу чихдэг. Яг судлаад үзэхээр оросууд маш болгоомжтой хандсан байна лээ. Хоёр улсын хоорондын гэрээгээр аль нэгэн давуу байдал эдэлж байгаа улсдаа хувьцаагаа зарахдаа заавал санал тавьдаг. Нөгөө тал нь татгалзвал гурав дахь этгээдэд зарна гэсэн байдаг. Оросууд үүнийг мэдэж байгаа учраас Монголын Засгийн газарт “Хэрэв та нар энэ гэрээг дэмжсэн гэсэн шийдвэр гаргавал бид зарна”. Энэ үгнээс гэхдээ арай дэмжихгүй байлгүй дээ гэсэн өнгө аяс мэдрэгддэг. -Гэтэл Ч.Сайханбилэг Оросын Засгийн газар тэгж асуугаагүй, гэх маягаар ойлгуулж, “Монголын зэс”-д “Эрдэнэт”-ийн 49 хувийг өгөхийг шууд зөвшөөрсөн байдаг. Эх сурвалж:www.polit.mn